Та хэзээ нэг цагт бясалгагчидтай халуун дотно ярилцаж хамт хооллож байсан уу? Би сүүлийн үед ийм л найз нөхөдтэй болоод байна. Тэдэнтэй ярилцахад амар, ойлголцоход хялбар байдаг. Тэр бүү хэл хамтарч ажиллахад түшигтэй, хэзээ ч хуурч хулхидахгүй, урдуур хойгуур гүйгээд байхгүй цаанаасаа л найдвартай хүмүүс. Саяхан би нэг шинэ төсөл эхлүүлэх болов оо… Хуучин туршлагаас минь огт өөр чиглэлтэй байсан болохоор мэргэжилийн хүнээс тусламж хүслээ. Олны амнаас маш чадварлаг гэх нэгэн залууг сонгоод учир явдлаа хэлэв. Тэрбээр нэн уриалгахан сонсоод миний ажлыг нүд ирмэх зуур хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Өгөө аваагаа ч тохиров. Үнэхээр л ажил хэрэгч залуу шиг санагдаад харимагцаа хамаг ажлаа бэлдэж маргааш нь нөгөө залуутайгаа уулзах гэхэд утсаа салгаад таг алга болсон билээ. Хэд хэд залгаж үзээд хоосон, хуумгай нэгэн байсныг ойлгосон. Өөр нэгнээс ч сонсов. Ингээд яахав дээ, толгойгоо салаавчлаад л байж байтал эгч маань надад нэгэн бясалгагч эмэгтэйг санал болгосон юм. Ёстой огт өөр бүсгүй байв. Би ажлаа даалгаад л үлдээнэ. Тэрээр яг сууж нухаж байгаад эцэслэнэ. Хэзээ ч “чадна чадна, амархан амархан” гэдэг үг унагахгүй хэрнээ нухацтайгаас нухацтай нэгэн аж. Бидний ажил дуусаагүй байгаа ч бясалгагчид, махан хоол хүнснээс татгалзагчид нэг л өөр байгаад байх юм. Олон зүйл дээр ажигласан. Гэхдээ ганцхан жижиг жишээг л энд бичлээ.
Технологийн хөгжил ч үнэхээр гайхам шүү. Хүссэн мэдээллээ ганц товч дараад л авч болж байна. Өөрийн чинь төрсөн өдрийн баярын тухай ч Нүүрномноосоо \facebook timeline\ мэдсэн. Нартад мэндэлсэн сайхан өдрийн тань мэнд хүргэе. Хэдэн нас хүрчихэв ээ?
-Баярлалаа \инээв\ Гучин нас хүрсэн.
Бидний цаг хором бүр өөр юм даа… Төрсөн өдрийн баяраа нохой гурав харагдтал наргиж өнгөрүүлдэг хүн байхад, та Loving Hut олон улсын сүлжээ цагаан хоолны газрын нэг салбарыг шинэчлэн нээж тэмдэглэсэн байна билээ. Одоо ямар, ямар ажил хийж байна вэ? Дөнгөж гучин насны босго давсан ч олон ажил хийж байх шиг…?
-\инээв\ Одоохондоо гэр бүлгүй учраас ажлаа л амжуулж байна. Яахав ургамалан хүнсний \vegan\ төрлийн байгальд ээлтэй \eco\ бизнесүүд байна л даа. Дөрвөн чиглэлээр ажилладаг гурван компани бий. “Веж арт натуралс” \Veg Art Naturals\ гээд сонсож байсан байх… Зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани юм. “Бурхдын зоог” гээд мах орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэг компани байна. “Фүүди” \Foody Mongolia\ гээд эрүүл хоололтыг нэвтрүүлэх зорилготой группийн чиглэлээр ажиллаж байгаа бас нэг компани бий. Цаашдаа сүлжээ \franchise\ болох зорилготой юм. Одоогоор Шангрила, Имарт-д салбараа нээгээд байна. Бас “Loving Hut” цагаан хоолны газар байна. Хоорондоо уялдаатай, нэг нэгнээ дэмжсэн газрууд л даа.
Манай Монголчууд зохицуулах хүнс, эрүүл хооллолтын талаар дэлхийтэй харьцуулахад нэлээд хожуу буюу сүүлийн жилүүдэд л эрчимтэй сонсч байна л даа. Харин та эрт мэдэрсэн шиг билээ. Анх хэдэн онд бизнесээ эхэлсэн бэ?
Махнаас татгалзах нь хүн төрөлхтөний ёс зүйтэй сонголт юм байна. Хооллолт бол хүнд хүч өгөх л зорилготой болохоос гэдэс дүүргэх зорилгогүй гэдгийг цагаан хоолонд ороод л мэдэрсэн. Амьдралын ийм хэвшил хүний биед, оюун санаанд, байгальд, амьтдад хамгийн ээлтэй юм байна гэдгийг гүн бат ойлгосон. Энэ гоё мэдрэмжээ ганц өөрөө мэдрэх биш бусаддаа ч мэдрүүлэх юм сан гэсэндээ эхлүүлж байлаа. Анхны сэдэл бол энэ. Тэр үед би харьд оюутан байсан. Манай найзууд “Loving Hut” олон улсын сүлжээ хоолны газрыг нээсэн юм. Тэнд ажилладаг байлаа. Тэгээд л энэ бол байж болох хувилбар юм байна гэдгийг ойлгосон. Орост очиод “Loving Hut”-ыг нээж хоёр жил ажиллуулсан. Сүүлдээ энэ ажлаа Монголдоо үргэлжлүүлэх юм сан л гэж бодогдоод байлаа. Тэгээд л хийгээд явж байна даа.
Яагаад махан хоолноос татгалзсан бэ? Хэдэн жил цагаан, ногоон хоол идэж байна вэ?
2004 оноос хойш мах идээгүй ээ. Бараг 15 жил болжээ. Тэр үед би яг шилжилтийн насандаа байсан. Энэ насан дээрээ хүүхдүүд маш олон зүйл боддог шүү дээ. Би яагаад төрсөн юм бол гэдэг ч юм уу? \ инээв\ Энэ асуултууддаа хариу олохын тулд янз бүрийн, тэр дундаа оюун санаа, гарал үүсэлийн тухай ном их уншдаг байсан л даа. Тэгээд л дотоод сэтгэлээсээ ойлгосон шиг байгаа юм. Мах гэдэг чинь хүний өдөр тутмын, заавал ч үгүй хэрэглээ биш юм байна. Тасралтгүй идээд байх зүйл мөн үү…?, үгүй юу…? гэдэгт дүгнэлт хийж ойлгоод, махнаас татгалзаж эхэлсэн. Дараа нь Европ, Орос, Азийн улс орнуудад амьдарч байхдаа залуусынх нь амьдралын хэв шинжид татагдаж эхэлсэн. Асар эрүүл, чөлөөтэй, ёс зүйг дээдэлдэг болохоор нь тэр юм. Ургамалан хоол \vegan, veganism\ бол зөвхөн хооллолтын хэв маяг биш амьдралын хэв шинж юм байна. Энэ хэв шинжийг залуус их даган дуурайдаг юм байна. Олны танил хүмүүс ийм сонголт их хийсэн байдаг ч нэг их зарлаад байдаггүй юм байна. Хүнд гаднаас авах эрчим их чухал байдаг юм байна гээд олон зүйлийг тэднээс ойлгосон.
Та 15 жил мах идээгүй аж. Гэтэл, Монгол хүн махнаас татгалзаж болохгүй. Наандаж л мах орлуулах бүх бүтээгдэхүүн Монголд байхгүй, өөх иддэг учраас л бид зөнөх өвчнөөр өвддөггүй гэх мэт махны хэрэглээг дэмжсэн ойлголт их байдаг шүү дээ. Манай бага хүү огт мах иддэггүй. Гэтэл саяхан А бүлгийн цус багадалттай гэж гарсан. Энэ нь мах иддэггүйтэй холбоотой гэж хэлэх хүн олон байна. Учрыг нь олохгүй юмаа…
Би багадаа бие султай хүүхэд байсан. Хоолойны гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй. Тэр нь зүрхэнд нөлөөлдөг гээд л амаргүй байлаа. Биеийн тамирын хичээлдээ ч ордоггүй байлаа шүү дээ. Тэгсэн цагаан хоолонд орсноос хойш биеийн байдал асар хүчтэй өөрчлөгдсөн. Мах иддэггүй хүн даарамтгай байдаг гэж манайхан ойлгодог. Гэтэл эсэргээрээ шүү дээ. Би өвөл ханиад хүрч үзээгүй. Манай дүүгийн хүүхэд бас цагаан хоолтой. Цэцэрлэгийнхэн нь өвөл заавал ханиад томуу хүрдэг. Гэтэл манай дүүгийн хүүхэд эсэргүүцэл сайтай, маш бага өвддөг,бие нь ч өсгөлүүн… би 15 жил ганц ч ханиад хүрч эмнэлэг домнологын газраар явсангүй. Хоол бол амьдралын нэг хэсэг. Гэхдээ маш том хэсэг. Эрүүл байхын тулд хоолоо зохицуулахаас гадна эрчимээ \energy\ цэвэр ариун байлгах ёстой. Би эрчим \energy\ устаж үгүй болдоггүй гэдэгт итгэдэг. Нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжээд мөнхөд оршдог. Тэгэхлээр хоол идэх гол шалтгаан бол биедээ эрч хүч нэмэх зорилготой л юм. Тухайн хоолны эрчим их чухал байдаг байна. Ганцхан бие, матери гэх мэт бодит физик шинжээс гадна тухайн хүний эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэлзүйд нөлөөлдөг учраас бүх талаараа сайхан эрчим агуулсан байх ёстой. Ээжийн хоол гэж манайхан их яридаг. Эх хүний эрчим шингэсэн учраас л сайхан байгаа юм. Гэтэл амьтны гаралтай хоолонд хамгийн наад зах нь айдсын эрчим шингэсэн байдаг. Алуулах үедээ аз жаргал мэдэрдэг амьтан гэж байхгүй шүү дээ … Мах идсэн хүн шөнөдөө зүүдэлдэг гэдэг шиг л … Энэ бүхнийг гүн бат мэдэрсэн хүн чинь мөр замдаа бүрэн итгэлтэй болдог юм байна. Миний биед хамгийн зохистой байгаа хоол бол ургамалан хоол. Олон жил энэ хоолоо идчихээр идээ ундаа маань амар, хөнгөн болчихдог. Элдэв маягийн хоолноос бүр мөсөн татгалздаг. Боловсруулалт багатай, амтгүй хоолнуудыг л сонгодог болдог. Хоолноос хараат байдал улам л багасдаг юм байна. Хэрэглээ гэж л ханддаг болдог юм байна. Идэхдээ сайхан таашаагаад, талархаад иддэг болжээ. Учиргүй өлсөж цангахын зовлонгүй болж байна. Цагаан хоолонд ороод амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн найз нөхөд байна. Тэд маань эртхэн эхлэхгүй яав даа гэдэг. Мэдээлэл дутуу, мэдэж байгаадаа эргэлзэж буй хүмүүс л биед нь жаахан өөрчлөлт гарахад мах идээгүйгээс боллоо гэж боддог байж болох юм. Энэ нь сэтгэлзүйгээрээ бүрэн ойлгож чадаагүйн л үр нөлөө байх. Тэрнээс энэ бүхэн эерэг л нөлөө үзүүлэхээс биш хэзээ ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Манай компаниудын хувьд овъёос, самар, шош, маалингын гурил, хатаасан жимснүүдийг ОХУ-аас, бүхэл үрийн гурил болон байгалийн зэрлэг жимсийг эх орноосоо, бор элсэн чихрийг Өмнөд Солонгос улсаас, какао, кокос зэргийг Герман улсаас оруулж ирдэг. Веж Арт Натуралсын \VegArt Naturals\ бүтээгдэхүүнд Хятад орц огт ордоггүй. Чацаргана, улаан манжин гээд бүх жимс, ногоо эх оронд маань ургадаг болохоор гол түүхий эд болж байна. “Бурхдын зоог” брэндийн хувьд шошнуудаа ОХУ-аас авчирч Монгол буурцагтайгаа хамтруулан дээд зэргийн бүтээгдэхүүн гаргадаг. Монголоос олдож болох хамгийн чанартай, шим тэжээлтэй орцуудыг зөв зохицолтойгоор хэрэглэдэг. Манай бүтээгдэхүүнд бүрэн итгэж болно доо.
Монголчууд бид махан хоол иддэг болохоороо л хүчтэй байдаг. Японы сумод илүүрхдэг нь үүнтэй л холбоотой гээд л яридаг. Тэгэхээр мах нь биеийн хүчинд нөлөөлдөг байж болох юм. \инээв\ Тэгвэл махнаас татгалзахаар сэтгэлзүй, оюун санааны хувьд өөрчлөгдөх үү?
Оюун санааны хувьд илүү тунгалаг болж байна шүү дээ. Урд нь надад амьтад хөөрхөн л санагддаг байснаас одоогийнх шиг гүн гүнзгий хайрладаггүй байсан. Цагаан хоолтой болохоор хүний хайрын чанар нэмэгддэг шиг байгаа юм. Саяханыг болтол хүнийг ганц оюуны чадамжаар \ IQ- Intelligence quotient \ нь үнэлдэг байсан бол одоо оюуны чадамж, \IQ- Intelligence quotient \, хайрын мэдрэмж \LQ-loving quotient\, сэтгэлийн хөдөлгөөнөөр нь \EQ-emotional quotient\ үнэлдэг болсон байна шүү дээ. Тэгэхээр цагаан хоол идэхээр хайрын мэдрэмж нэмэгддэг шиг байгаа юм. Одоо бол би зүгээр л “хөөрхөн юмаа” гээд өнгөрөх биш, “яаж энэ амьтдыг сайхан байлгах вэ? би юу хийж чадах вэ” гэж маш нуцахтай боддог болсон байна. Ер нь орчноо харах мэдрэмж маш өндөр болдог. Жишээлбэл: Нар манддагаараа мандана, сар гардгаараа гарна. Гэхдээ хайрын мэдрэмж өндөр хүмүүс аливааг үзэсгэлэн төгөлдөр болгож хардаг. Энэ бол оюун санааны дэвшлээс гадна зүрх сэтгэл нээгдэж ариусч буйн бодитой жишээ байх. Сэтгэл нь дүүрээд, хангалуун болоод ирэхээр хүн чинь илүү уучламтгай, өргөн дэлгэр, тайван дөлгөөн болдог. Тэгэхээр л аливаад хандах хандлага, наад цаадыг ялгах мэдрэмж, амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөж тэлдэг. Үүнээс харахад оюун санаанд маш их өөрчлөлт ордог юм байна.
Зөвхөн жимс ногоо идэж байна уу эсвэл малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн бас хэрэглэж байна уу?
Миний хувьд зөвхөн ногоо иддэг. Тэр байтугай боловсруулалт багатай түүхий ногоо хэрэглэж байна. Би 2004 онд цагаан хоол идэж эхэлсэн. Тэр үед бол сүүн бүтээгдэхүүн иддэг байсан. Жаахан байсан болохоор яг ургамалан хүнс \vegan\ гэдэг гол ухаанаа мэдэхгүй байлаа. Олон төрлийн ном судар уншиж байгаад л дотоод сэтгэл ухамсраа дагаж энэ сонголтыг хийсэн байсан юм. Гэхдээ сүүлдээ илүү судлаад, гадагшаа явж нүд нээгдээд сонголт маань өөрчлөгдөж эхэлсэн. Сүүний аж ахуй бол махныхаас дутахгүй байгальд хортойгоос гадна сүүн бүтээгдэхүүн ч хүний биед сөрөг нөлөөтэй гэдгийг мэдсэн. Бид нийгмийн болоод эдийн засгийн маш том тогтолцоонд амьдардаг. Тогтолцоог атгадаг дэлхийн том том компаниуд сүүний болон махны бизнес рүү орчихсон байдаг учраас хүмүүсийн тархи оюуныг сурталчилгаагаараа \marketing\ барьж байдаг. Сүү бол хүний биед зайлшгүй хэрэгтэй гэж тэд олон жилийн турш тасралтгүй сурталчилж ойлгуулсан. Гэтэл бүх зүйл эсэргээрээ байна. Веган хүмүүсийн шимтэн уншдаг “Хятад ухаан” \China study\ гээд маш том ном бий. Веган хүмүүс бүгд уншсан ном. Тэр номонд сүүн бүтээгдэхүүн их хэрэглэдэг улс орнуудад чихрийн шижин, зүрх судасны өвчлөл их байгаа нь судалгаагаар батлагдсан тухай баримт бий. Сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг Япон, Хятад, Солонгос улсуудад дээрх өвчин багаас гадна хүн амын дундаж наслалт өндөр байгаа нь нотлогдсон байдаг юм. Бид маш сайн судлаж байж л өөрийн биед хэрэгтэй, шимтэй хүнсийг хэрэглэх ёстой. Тэрнээс, томоохон компаниудын тархи толгой эргүүлэлтийн золиос болж болохгүй ээ. Дэлхийн хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний биед болон байгальд хор нөлөө ихтэй гэсэн ойлголт хүчтэй давалгаалж байна. Насанд хүрсэн эрэгтэйчүүд түрүү бучирхайн өвчнөөр өвчилөхөд сүү нөлөөлдөг гэдэг нь батлагдсан. Учир нь сүү хүний биед исэлдэлт бий болгодог. Би хүнсний аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа учраас мэдээд байна л даа. Тэгээд ч шинэ үеийнхэн \z generation, millennium generation\ маш хариуцлага, анхаарамжтай болжээ. Сонголт хийхдээ, энэ бүтээгдэхүүн хүн байгальд яаж нөлөөлж байна вэ гэдгийг тун их анхаардаг. Гэтэл мах сүүний үйлдвэрлэл байгаль орчин болоод амьтны эрх талдаа ч зүй бус шүү дээ. Даан ч манай Монголд зөв мэдээлэл байдаггүй. Одоо л бид махнаас татгалзах тухай ярьж эхэлж байна. Гэтэл дэлхийн чиг хандлага, хүнсний үйлдвэрлэлийн ирээдүйг харахад махнаас аль хэдийнээ татгалзаад сүүний зохистой хэрэглээний тухай ярьж эхэлсэн байна шүү дээ. Хорт хавдар үүсгэгч нь тамхи гэж үздэг байсан бол дараа нь махны хэрэглээ харин одоо сүүний хэрэглээ орж байна. Энэ талын бизнесүүд дэлхийд байна. Тухайлбал: “Тайсон” гээд махны том үйлдвэр веган махны чиглэлд хөрөнгө оруулалт хийгээд ороод ирчихлээ. Биёнд миит \Beyond meet\ гээд ургамалын эснээс гаргаж авсан махыг орлох бүтээгдэхүүн байна. Хөрөнгө оруулагчид нь Жемс Камерон, Лионардо ДиКаприо, Серена Вилиамс \James Cameron, Leonardo DiCaprio, Serena Williams\ жиргээний \Twitter\ эзэн хүртэл байна билээ. Энэ нь ёс зүй талаасаа мэт боловч ерөөсөө дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж байна. Дэлхий бидний хэрэглээг даахгүй гэдэг нь батлагдсан учраас ингэж өөрчлөгдөөд, бизнесүүд ч хөрөнгө оруулалтаа энэ чиглэлд хийж байна. Хүнсний үйлдвэрлэл маш том өөрчлөлтөнд орж байна.
Бизнес эрхлэгчдийн ганц хүсэл бол бизнесээ тогтворой авч явах л байх. Гэтэл тогтвортой бизнес гэж; Хүнд, байгальд, ажилчиддаа ээлтэй бизнесийг хэлнэ гэж дэлхий дахинд үзэж байна. Ийм бизнес л өргөжнө гэж гадны сургуулиудад заах болсон гэсэн.
Тийм тийм тийм. Ерөөсөө энэ хандлагагүйгээр цааш явах боломжгүй болчихсон л доо.
Яагаад гэвэл хэрэглэгчид нь маш ухамсартай болчихоод байна тийм үү?.
Яааг үнэн. Тухайн бүтээгдэхүүн бий болох эхний цэгээс эцсийн цэг хүртлэх бүх үйл явц нээлттэй байхыг шинэ үеийн хэрэглэгчид шаардаж байна. Нууц байх л юм бол асуудалтай гэж үзэн хэрэглэхээс татгалзна. Тэгэхээр л тухайн бизнес тогтвортой байж чадахгүй. Учир нь шинэ үеийнхэн болон тэдний дараах бүх үеийнхэн ухамсартай сонгогчид. \z,millenium generation\ Дээрээс нь дэлхий маань уур амьсгалын өөрчлөлтөд орчихлоо. Хүн төрөлхтөний хэрэглээг даахаа болилоо. Иймээс сонголтоо л өөрчлөхөөс өөр аргагүй. Сайн дурын хэрэг биш. Зайлшгүй хийх ёстой үйлдэл болоод байна л даа.
Зөв амьдрал гэж их ярьдаг. Гэтэл зөв амьдралын нэгээхэн хэсэг нь л хоололт юм. Бусад тал, хэсэг гэвэл юуг хэлж болох вэ?
Хамгийн нэгдүгээрт хэрэглээнээсээ л эхэлнэ. Сүүлийн үед хог хаягдалгүй амьдралын хэв хэвшил \ minimal, zero waste\ гэх мэт аж төрөхүйн олон хэв шинж гарч байна. Энэ нь ухамсрыг даган хэрэглээ, сонголт өөрчлөгдөж байгаа хэрэг. Чухамдаа хүний ухамсар хэрэгцээгүй тансаглал, шаардлагагүй бүхнээс татгалзаж байгаа юм. Сэтгэлгээний код өөрчлөгдчихөөр хүнсний, гоо сайхны гээд хэрэглээний бүх зүйл өөрчлөгдөж байгальд ээлтэйг сонгож эхэлж байна. Ядахдаа л байгаль дэлхийд хор хөнөөл ихтэй хуванцар болон гялгар уутнаас татгалзах чинь зөв амьдралын эхлэл болчихож байгаа юм л даа. Ер нь өөрийгөө хайрласан тэр сэтгэлээрээ бусдыг, байгалиа хайрлах юм бол сонголт өөрчлөгдөнө л дөө. Шинэ үеийнхэн чинь их айхтар байна шүү дээ. Ямар ч савгүй шампунь сонгож байна. Энэ бүхнийг загвар гэж ойлгож болохгүй. Харин амьдралын хэвшил юм. Ухамсарт сонголт юм. Гэхдээ бид мэдлэг мэдээлээ тэлэхгүй бол, наандаж л мэдээллийн эх үүсвэрээ олон болгохгүй бол тархи толгой өөрчлөгдөхгүй л дээ. Нөгөөтэйгүүр биднийг зохицуулагч бас нэг хүч байдаг юм болов уу? гэж эрхгүй бодогддог. Хүн төрөлхтөн 20-р зууныг дуустал аз жаргалын дээд нь эд хөрөнгө юмаа гэдэгт бат итгэн түүндээ тэмүүлж явтал тэр бүхэн эргэчихлээ. Нэг талаар хүн төрөлхтөний оюун санааны хөгжил гэж харж болох ч нөгөө талаар бас нэг дохио юм шиг санагддаг. Ер нь бол эд материалд шүтэх чинь үеэ өнгөрөөчихсөн шүү дээ. \ инээв\ Асар бүдүүлэг ойлголт байхгүй юу. Бид чинь дэлхий ертөнц, одон гариг гээд маш том ертөнцийн нэг хэсэг. Хоорондоо асар хамааралтай амьдарч байна. Ерөнцийн зүй тогтол чинь эрвээхийний далавчнаас эхэлж байна гэдэг шүү дээ. Нэг эрчим, эргүүлгэнд амьдардаг учраас бусдаасаа шууд хамааралтай. Дангаар орших боломжгүй гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй байна. Ер нь ухамсрын дээд түвшин ирэх цаг нь болчихсон. Хэлтэй л бол гүүглдээд асар их мэдээлэл авч болж байна. “Дэлхий яаж өөрчлөгдөж байна? Бид хаана байна” гэдгийг шууд л уншиад судлаж болж байна. Зүгээр л нэг хийсвэр, хоосон ойлголт биш гэдгийг бэлхнээ уншиад мэдэж болно. Гүүгл бол бурхан \google is god\ гэдэг шиг л байна шүү дээ. \инээв\ Гэхдээ хамгийн чухал өөрчлөлт та бидний дотоод сэтгэл зүрхэнд эхлэх ёстой. Миний эргэн тойронд ч гэсэн дотоод ертөнцдөө өөрчлөгдөж сэрсэн хүмүүс олон байна. Хуучин өнөө маргаашдаа, нийгмийн сэтгэхгүйдээ дарлуулаад архи тамхи гэх мэт муу зуршилд татагдах нь их байсан шиг байдаг. Гэтэл одоо дотоод мэдрэмжрүүгээ тэмүүлж байна. Энэ бүхэн л зөв тийшээ хөтөлнө шүү дээ.
Дотоод сэтгэлээ сэрээнэ гэдгийг зарим хүн ер хүлээж авахгүй л байх даа. Тэр тусмаа прагматик, хуучин зууны харь соёлын нөлөөнд сурч хүмүүжсэн хүмүүс огт хүлээж авч чадахгүй байх шиг анзаарагддаг. Гэтэл шинэ үеийн сэхээтэн, бизнес эрхлэгчид \intreprenuer\ бясалгал хийж байна. Өөрийгөө сэрээх, дотоод ертөнцөө таних гол түлхүүр бол бясалгал гэж үздэг. Та бясалгал хийдэг үү?
Тийм шүү дээ. Би бясалгал хийдэг. Хүн бодлоороо амьдардаг. Одоогийн амьдралын хэмнэл, хөгжлийн хурд биднийг гадна талдаа төвлөрч анхаарахыг л шаардаад байна. Гэтэл хүний хүч чадал дотоод сэтгэлд байдаг. Бясалгал хүнийг төвлөрүүлж өөрийнх нь дотоод ертөнц рүү хандуулдаг юм л даа. Нэг тийм амар амгалан, чөлөө учрал өгдөг юм. Тэгэхээр бясалгал хийж байж хүн хором мөчөө мэдэрч, хүчтэй болдог. Дотоод хүчгүй, нэг тийм хөнгөн нимгэн хүн бол амархан ядрахаас эхлээд түгжигдэнэ. Хүн байнга энергийн солилцоонд ордог. Өгч авахын ухаан юм болов уу даа… Яг л урсгал ус тунгалаг, тогтмол ус бохир байдаг шиг… Тиймээс бяслагал бол бүх л хүнд хэрэгтэй гэж би боддог. Унтах ёстой, хоол идэх ёстой гэдэг шиг бясалгах ёстой гэж ойлгодог. Магадгүй оюун санааны дээд түвшинд хүрсэн тохиолдолд бол яг сууж төвлөрөх гэх мэтээр бясалгадаггүй үе ирэх байх. Одоогийн тогтолцооны үед бол бид хүчээр сууж байж л өөр дотогшоогоо орж байна шүү дээ.
Ямар бясалгал хийж байна бэ?
Би аръяабалын бясалгал хийдэг. Тэр нь гэрэл аялгууны бясалгал юм. Өдөрт 2.30 минут бясалгадаг. Хоногийн 24 цагийнхаа 10%-д бясалгадаг гэсэн үг юм. Өглөө оройдоо л хийнэ. Бясалгал хийсний дараа нэг их гоё хөнгөрөөд унтсанаас ч илүү их эрч хүчтэй болдог.
Випашня, аръяабал, ошо гээд олон бясалгал байна. Мөн чанар нэг ч арга нь өөр байдаг. Энэ бүхнээс яаж өөрт тохирох бясалгалыг сонгож авсан бэ? Бас л хүндхэн аялал шүү дээ.
Би чинь олон янзын бясалгал үзэж харсан. Эцсийн эцэст хүн дотоод сэтгэл зүрхнээсээ л мэдэрдэг шиг билээ. Аан заа энэ л надад тохирох юм байна даа гэж… Хүн бүрийн сонголт өөрт нь байдаг ч дотоод сэтгэл зүрхний дуудлага гэж байдаг. Бясалгал болгон цагаан хоолыг хатуу тулгадаггүй. Бясалгалын үед цагаан хоолоо идээд бусад үед махыг зохистой хэрэглэж болно гэж үздэг нь ч бий. Гэтэл миний хийдэг аръябалын бясалгал бол бясалгалаас өмнөх Золоогийн мэдэрсэн, ойлгосон, өөрийн болгосон ёс зүйн хандлагатай хамгийн их тохирсон юм. Анх махнаас татгалзаад байх үедээ оюун санааны зам мөр хайж эхэлсэн шиг байгаа юм. Тэгсэн, чи үнэхээр бусдыг нигүүлсэе гэж байгаа бол ядаж махнаас татгалз гэсэн эхний шалгуур нь нийцтэй санагдсан. Бясалгаад 10 жил болж байна. Энэ 10 жилийн хугацаанд, оюун санаа тайван амгалан, сэтгэл дүүрэн болжээ. Миний зам мөр ойлгомжтой, зорилго тодорхой, ямар ч эргэлзээгүй болсон болохоор аль хэдийнээ өөрийгөө олчихсон юм шиг санагддаг. Хүн “хэн бэ” гэдгээ мэдээд ойлгочихоор хамаагүй амар амгалан болдог юм байна лээ л дээ. Хамгийн нааддаа л гэхэд нэг мэдээлэл сонсонгуутаа л дагаж намираад байхгүй, нэг үг сонсонгуутаа л эмзэглэж гуниглаад байхгүй болдог. Энэ нь л бясалгал таны оюуны зам мөрийг тэлж, сэтгэлийн хаттай болгожээ гэсэн үг юм гэж ойлгодог. Оюун санаа нь дэвшсэн тохиолдолд аливааг ухаарч ойлгодог болдог. Сэтгэл хөдлөлөөр хандах нь бараг үгүй. Учир шалтгааны үүдээр аливаа юмны наад цаадыг ойлгох түвшний оюун санаа сэргэнэ гэдэг бол огт өөр зүйл юм л даа… Бясалгал надад их сайхнаар нөлөөлж байгаа. Улам л дэвшиж, илүү сайхан болж байгаагаа цаг үргэлж мэдэрч байна. Тэгэхээр үр дүнтэй л байна гэж боддог. Би ер нь хаалттай байхыг хүсдэггүй, хэт туулшрахыг хүсдэггүй. Хийж буйгаа л чанартай хийхийг хүсдэг. Бүхний хэмжүүр бол аз жаргал шүү дээ. 100 хувь асуудалгүй амьдарна гэж байхгүй. Санаа зовох зүйлс байна. Гэхдээ асуудлынхаа гүнд ороод ухаан санаагаа алдан сэтгэлээ эмтэлдэггүй л дээ.
Аливааг хөнгөхөн хүлээж авна. Айхтар шаналахгүй, хөөрч догдлохгүй гэсэн үг үү? Зарим хүн ч ойлгохгүй байх даа…? Сэтгэлийн хөдөлгөөнөө нуугаад бөглөрч, багтарч амьдраад яах юм? Машинаас ялгаагүй болох биш үү? гэх үгийг ч сонсож л байсан…
Учир шалтгааны үүднээс нь хардаг болдог. “Аан, ийм учраас л энэ зүйл болсон байх. Ийм л шалтгаантай байх” гэдэг ч юм уу? “Надад ирж байгаа сургалт юм байна” гэдэг ч юм уу? Ер нь эцсийн дүндээ “яаж нэг тус болох билээ?” “Яаж хайрлах вэ” гэдэг талаасаа л ханддаг болдог юм билээ л дээ. Энэ нь бясалгал дотоод сэтгэлийг чинь цэнэглэж өглөө гэсэн хэрэг юм. Тэгэхээр бясалгал миний хувьд хамгийн чухал.
Өөрийгөө олно гэдэг бас амаргүй л дээ… Бид чинь нэг их улс төр, гадаад ертөнц, дэлхий гараг, нобелийн шагналтнуудын бүтээл гээд л судлаад байхаас биш, өөрийнх нь бие яг хэдэн цагт унтвал бүрэн амардаг вэ гэдгээ ч мэддэггүй хүмүүс шүү дээ үнэн дээ…?
Тийм ээ… Би гучин нас хүрлээ. Урд нь төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүй л дээ. Гэхдээ надад 30 нас хүртлээ хийж бүтээх тодорхой зорилго байсан. Эргээд харсан чинь тэр зорилгынхоо тодорхой хувийг биелүүлсэн байна. Хамгийн том өөрчлөлт миний дотоод сэтгэл зүрхний ертөнцөд гарчээ. Эмэгтэй хүн болохоор өөртөө сэтгэл хангалуун биш байхын зовлонгоос эхлээд олон даваа нугачааг давсан байна. Харин одоо өөрийгөө маш их хайрладаг болсон төдийгүй өөрийн зам мөртөө итгэлтэй болчихсон байна. Ер нь өөрийнхөө учрыг олчихоод байна. Биеийн хувьд, сэтгэлзүйн хувьд өөрчлөгджээ. Ёстой нөгөө биенийхээ учрыг олчихоод байна.\инээв\ Өвдөхгүй байна гэдэг чинь биенийхээ учрыг олсон гэсэн үг бид дээ? Юу идвэл таарах вэ гэдгээ мэднэ гэдэг сэтгэл болоод дотоод ерөнцийнхөө учрыг багахан ч болов ухаарч байна гэсэн хэрэг байх. Ямар хүнтэй ойр байвал тухтай байдгаа мэдэж байгаа нь бас л өөрийгөө таниж буйн нэг илрэл байх л даа. Би хэдийд хамгийн гоё үзэсгэлэнтэйгээр өөрийгөө мэдэрдэг вэ гэдгээ ч мэддэг болчихсон. Ямар нэг трэнд дагаж намирахгүй. \инээв\ Өөртөө бат суусан маань өнөөдөртөө өөрийгөө мэдэж буйн илрэл гэж бодоод байна л даа. Тэрийгээ л өөрийгөө олох гэж хэлээд байгаа юм шүү. Сүнсний гэгээрлийн хувьд бол маш урт зам байгаа байх аа.
Өөрийгөө олохын тулд олон аялал, туршилт хийх ёстой шиг санагддаг. Наанадаж л ямар хувцас өөрт тохирох, биед таатай байхыг мэдрэхийн тулд өмсөж үзэх хэрэг гарна. Ингэж байж л сонголтоо хийдэг. Нэг үеэ бодвол эцэг эхчүүд үр хүүхдээ гадаад дотоод явж юм үз гэдэг болжээ. Ер нь хүүхдийг багаас нь бие даалгавал өөрийгөө олох зам нь эрт нээгддэг шиг. Айхтар бөөцийлж, хажуунаасаа салгахгүй нам суулгах нь бараг хор ч юм уу?
Яааг үнэн. Миний аав ээж хоёрын надад өгсөн хамгийн том өв бол эрх чөлөө гэж боддог Үнэхээр … бүхнийг миний гарт өгсөн. Хайраар дутаагаагүй. Гэхдээ бүх сонголтыг надад өөрт минь өгсөн. Сургуульд орох, хоолны сонголт, гадаад дотоод явах гээд бүх зүйлд “Чи өөрөө л мэд” гэдэг байлаа. Энэ дадал, ухаан одоо бизнесд хамгийн их хэрэг болж байна. Маш олон эрсдэл туулж байгаа ч асуудлыг шийдээд явж байна. Гадаад дотоод явахад хүний нүд аргагүй нээгддэг. Дэлхий хавтгай болчихсон, дэлхийшчихсэн гэдэг шиг дэлхийн нэг хэсэг гэдгээ ойлгодог юм билээ. Би дүү нартаа “Чи бол дэлхийн иргэн” \“You are global citizenship\ гэж хэлдэг. Өөрийгөө дэлхийн нэг хэсэг гэдгээ ойлгож мэдэрнэ гэдэг бол маш том зүйл юм. Өөрийгөө тэгж мэдэрч ойлгож, таниж байж л бусдыг хүлээн зөвшөөрч өөртэйгөө адилаар хайрлаж эхэлдэг юмаа. Ялгарал байх нь ойлгомжтой. Оюун санаа \mentality\ болон соёл өөр байж болно. Гэхдээ оюун санаандаа дэлхий иргэн гэдгээ мэдэрч ойлгох ёстой. Аливаа юмны нэг хэсэг гэдгээ мэдэрч ойлгож байж л бусдыг ойлгож хайрлана. Тэрнээс биш би л болно. Би л бусдаас өөр гэж бодох юм бол тогтмол ус шиг бохирдож үгүй болно оо л гэсэн үг. Бизнесийн зарчим ч тийм болсон. Удирдлагын арга барил ч өөрчлөгдсөн. Аливаа юмны нэг хэсэг, \part of\ нийгмийн сүлжээн дэх манлайлагч \social enreprenuer\ гээд олон олон шинэ ойлголтууд бий болчихсон, компаниуд өөрөө интеграчлагдсан байна. Манайх англи хэлээр яридаггүй бас хоёр том гүрний дунд байдаг болохоор дэлхийд гарч байгаа өөрчлөлтүүдийг төдийлөн сайн мэдэхгүй байх шиг санагддаг. Гэтэл Азийн бар улсууд болон Европын орнуудаас дэлхий хавтгай юм байна, дэлхийшиж байгаа юм байна гэдгийг маш сайн мэдэрсэн. Ингэснээр бид дэлхийн иргэд \global citizenship\ гэдгээ ойлгож түүний цаадах даян дэлхийн хариуцлагаа мэдэрч байгаа юм л даа. Тиймээс хүүхдүүдийг багаас нь өөрийгөө нээж танихад нь туслах ёстой. Гаднаас дарамталж шахахаас илүү аль болох орчинтой нь танилцуулж хөгжих боломж олгох нь хамгийн зөв гэж боддог.
Дэлхийн хүн \global citizenship\ гэж ярьж байна. Гэтэл манай өнөөдрийн нийгэмд, “Монголчууд бол өөр, тэнгэр шүтээнтэй, тэнгэрээс тамгалагдсан” гэдэг ч юм уу огт өөр хандлага хүчтэй байна. Бусадтайгаа найрсаж биш дайсагнаж өөрийгөө тодотгох хандлага л давамгайлаад байх шиг… Дамаа Монгол, Хятад хүн гэх ойлголт, хандлагын тэнгэр газар шиг ялгаа…? Тэгэхээр таны ярьж буйтай эсрэгцээд байна уу даа?
Мэдэхгүй юм аа. Ямартай ч миний анзаарч буйгаар маш сайн дэлхийн Монгол хүнийг л бэлдэх ёстой… Тийм хүмүүс л Монголд хамгийн хэрэгтэй гэж бодож байна. Монгол гэдэг бол хэсэг хүмүүс газар нутагтайгаа, өөрийн соёлтой л амьдарч байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр соёлыг ойлгож хүндэтгэдэг, дэлхийд хэрэгтэй бол ашиг тусыг нь таниулж сурталчилан түгээдэг, хүмүүсийг нь сайн сайхан амьдруулахыг хичээдэг, боломжийг нь олгодог тийм л хүмүүсийг бэлдэх ёстой.. Тусгаар Монгол улсын иргэн байгаадаа үнэхээр баярлаж хайрладаг. Гэхдээ бид хэзээ ч дангаараа амьдарч чадахгүй нь үнэн. Энэ бол баримт, бодит байдал \that is a fact\ байхгүй юу. \инээв\ Дэлхийтэйгээ хамтдаа сайхан амьдрах боломжийг л олж харах нь хамгийн чухал ойлголт юм л даа. Бид нар Хятад Хятад гээд л үзэн ядаад байна. Гэтэл улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч Хятадаас хамаатай л байна шүү дээ. Тэгэхээр хамтдаа яаж зөв хөгжих вэ? Хэн хэндээ хэрхэн ашигтай байх вэ гэдэг л чухал болохоос соёл дангаараа үндэстний дархлааг тогтоож чадахаасаа өнгөрчихсөн шүү дээ. Маш сайхан өмөрмөц соёлтой хэрнээ тэрнийгээ ойлгуулж, баталгаажуулж чадахгүй бол нэмэргүй байна л даа. Энэ бүхнийг нэгтгэх гол арга бол технологийн дэвшил юм. Бид харин ч эсэргээрээ дэлхийгээс хамааралтай байх ёстой. Цөөн улсаас хамаарах юм бол аюул. Нэг талруу нь явж магадгүй юм. Ойлгож байна. Надад ч гэсэн тийм айдас байсан. Энэ бол жижиг орны зовлон л доо. Бидний айдсаар тоглоод байна. Монгол маань дэлхийд маш нээлттэй, олон оронд хамаатай, залуучууд нь өндөр боловсролтой, нээлттэй, дэлхийд хэрэгтэй, газар нутгийн биш мэдээллийн олон гарцтай орон болчих юм бол жинхэнэ дархлаа тэр билээ. Харин үүнийхээ дараа өвөрмөц сайхан соёл гэх мэт гайхуулах бүхнээрээ гайхуулаад явж болно. Окэй шүү дээ. Гэхдээ гэр бүл бол нийгмийн хэсэг, бие хүн бол гэр бүлийн нэг гишүүн, улс үндэстэн дэлхийн нэг булан гэдгээ мэдрэх нь хөгжлийн үндэс бас хариуцлага юм. Монгол гэдэг айлын хүүхэд ч гэлээ дэлхийн соёлыг таньж ойлгож мэдэрч байж биеэ зөв авч явна. Учир шалтгааны талаас бодсон ч тэр шүү дээ.
Хүний оюун санаа цэвэр тунгалаг болж байж л үйл хэрэг ариун цагаан болдог. Нэг үе Европ соёлыг дагасан, дуурайсан. Гэтэл нөгөө дагуулж байсан хэд маань аз жаргалын үндэс бол эд хөрөнгөнөөс хараат бус байх юм гээд нүүдэлчин бидэн рүү эргэж байх шиг. Үнэхээр нүдэлчин соёл бол хамгийн минимал байжээ. Нэг гэрт амьдарна. Гэрийн бүх эд зүйл хэрэглэгдэнэ. Нүүхдээ тэмээндээ ачаад л явчихна. Ямар ч хог гарахгүй гэх мэтээр… Тэгэхээр бид өөрсдийн өв соёлоо хуваалцах, бараг багшлах боломж байх шиг анзаарагддаг.
Тийм тийм. Хүүхэд бүр гэр бүлдээ нэг үүрэгтэй байдаг шиг улс үндэстэн бүр хүн төрөлхтөний түүхэнд оруулах үүрэгтэй байдаг байх. Аливаа зүйл учиртай гэдэг. Монгол бол маш том соёлын ялгаатай. Энэ соёл дэлхийд ямар нэг байдлаараа хэрэгтэй л байж таарна. Байгаль орчинд ээлтэй амьдрал бол яалт үгүй нүүдэлчдийн амьдралын уг үндсэнд бий. Мэдээлэл ийм хурдан нээлттэй байхад бид заавал барууныхны араас тэмтчиж бүхнийг биеэр үзэх гэх хэрэггүй шүү дээ. Гэхдээ оюун санаагаараа учир зүйгээ олоогүй тохиолдолд социализм байна уу, капитализм байна уу аль нь ч бай ерөөсөө ямар ч сайхан зүйлийг хүлээж авч чадахгүй. Гэтэл миний харж байгаагаар дэлхий нийтээрээ сэрж байгаа энэ үед бид эхлээд өөрсдийнгөө зөв ухаарч ойлгох хэрэгтэй. Үүнийхээ дараа дэлхийд өөрсдийгөө зөв таниулж чадах юм бол хэрэгтэй байлгүй яахав. Зул асаах чинь гэрэл асааж харанхуйд мэдлэг түгээх гэсэн мөн чанартай, философитой шүү дээ. Гэтэл манайхан бүр нэг шашны зан үйлийн, мухар сүсэг маягаар хандаж төвөгтэй болгоод байна. Энэ чинь өнөөгийн амьдралд нийцэхгүй шүү дээ. Мэдээлэл технологийн эрин зуун болохоор зөвхөн монгол гэлтгүй дэлхийн хаана л хамгийн зөв, сайн сайхан хандлага, соёл, туршлага байна тэр бүхнийг судлаж амьдралдаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой болчихсон шүү дээ. Дэлхийн иргэд одоо нэг газраа амьдрахаа больчихсон шүү дээ. Нүүдэлчид болчихсон. Бидний үеийнхэн зүгээр л нүүж байна. Компютерийнхээ араас л ажлаа хийчихдэг шүү дээ. Нүүдэлчид учраас бие биенийхээ соёлоос суралцаж байна. Тэгэхээр бид эхлээд өөрсдийгөө, монгол соёлоо, мөн чанараа зөв таниж, тодорхойлох ёстой. Монгол соёл бол өвөрмөц. Ойлгож байна. Гэхдээ энэ нь амьдралтай байх ёстой. Бид өөрсдийгөө эхлээд өөрсдөө сайн мэдэж сурч судлах хэрэгтэй. Юугаараа өвөрмөц юм бэ гэдгээ таних ёстой Тэгэх л юм бол тэртээ тэргүй нүүж байгаа дэлхийн шинэ үеийнхэн биднийг олж аваад л суралцаад эхэлнэ. Технологи, интернет, мэдээлэл гэдэг бол хүн төрөлхтөнийг нэг шат ахиулж байгаа гайхамшиг. Тиймээс бид энэ гайхамшгийг ашиглаад өөрсдийгөө дэлхийд зөв таниулж ойлгуулах хэрэгтэй. Зөвөөр илэрхийлэхийн тулд тэр соёлоо, монгол хүний мөн чанараа өөрсдөө эхлээд ойлгох ёстой шүү дээ. Гэтэл нэг л замбараа алга. Улс орон бүр өөрийн өвөрмөц соёлтой. Соёлоо дэлхийд яаж таниулах вэ гэдэг ноу хау байх ёстой шүү дээ. Бид эхлээд өөрсдийгөө бүрэн таниж тодорхойлох хэрэгтэй байна. 13-р зуунд оюун санааны ямар нээлт, дэвшил байсан юм бол? Одоо яаж түүнийгээ сэргээх билээ гэдэг ч юм уу? Эхлээд өөрсдөө учраа олохгүй болохоор тэртээ үеийг энэ цагтаа авч ирэх гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг нэг тийм бүрхэг байгаа нь утгагүй юм. Ер нь миний ойлгосноор улс үндэстний хөгжил хэзээ ч эдийн засгаар хэмжигддэггүй. Харин оюун санааны хөгжлөөрөө л ялгарч эрэмбэлэгддэг л дээ.
Улс үндэстэн бүр нэг даалгавартай байх гэж хэлсэн. Хүн ч гэсэн нэг даалгавартай байдаг болов уу гэж боддог. Золжаргалд өгсөн даалгавар юу вэ?
\инээв\ Одоодоо төвлөрөх юм бол тантай ярьж байгаа энэ мөч л юм. “Эрүүл энэрэнгүй амьдралын хэв хэвшлийг түгээн дэлгэрүүлэх” л миний зорилго. Энэ зорилгодоо хүрэх, даалгавараа биелүүлэхийн тулд л өдий хүртэл явсан байна. Зорилго маань тодорхой харагдаж байгаа болохоор л бид уулзаж ярилцаж байгаа байх… \инээв\ Манай брэндийн бүтээгдэхүүнүүдэд зорилго маань бичээтэй байдаг. Ганц “Эрүүл амьдралыг дэлгэрүүлэх” гээд биччихвэл хэт бие физиологийн тал руу нь ойлгох учраас “энэрэнгүй” гэдэг үгийг заавал оруулсан. Ер нь хүн энэрэнгүй байж л эрүүл орших боломжтой юм л даа. Хүн ганцхан бие мах бодийн таван цулаас бүтсэн амьтан биш. Оюун санаатай, сэтгэл зүрхтэй юм. Сэтгэл зүрхээрээ сайхан байж өөрийгөө эмнэдэг тийм л амьтан болж байна. Тэгэхээр энэрэнгүй байхаас гадна эрүүл биеэ шимт хүнсээр тэтгэх хэрэгтэй. Би түүнд л тусалж оролцож байгаа юм даа. Энэ л надад өгсөн даалгавар болов уу л гэж одоо бодож байна. \инээв\
Хүн сэтгэлийн амгалангаа хадгалахын тулд суралцах ёстой. Наанадаж л найдлага тээх ёсгүй. Хүлээхгүй болохоор гомдол тээхгүй. Ялгаж ангилах ёсгүй. Хүнийг байгаагаар нь хайрлаж хүндлэнэ гэдгээс эхэлнэ л дээ… Бясалгагчид барагтайд ховхорч өгдөггүй хүмүүс шиг анзаарагддаг юм болов уу? Аминчхан гэж ойлгогдох нь байдаг.
Яахав гаднаас нь харахад тэгж анзаарагддаг байж болох юм. Бурхны номонд зовлон, жаргалын шалтгаан нь хүн өөрөө юмаа гэсэн байдаг даа. Хүний амьдралд олон асуудал гарна. Энэ бүгдийг хүн өөрөө шийдсэн нь хамгийн зөв гэж боддог. Жишээлбэл: Би өөрийн асуудалдаа бусдыг оруулах дуртай биш. Шийдвэрээ өөрөө гаргадаг. Буруу байсан ч өөрийгөө л буруутгана. Алдсанаасаа суралцана. Эцсийн дүнд хүн ганцаараа л ирсэн. Ганцаараа л буцна шүү дээ. Хүний өнөө маргаашийн шийдвэр, гэр бүлийн асуудалд оролцож хувийн орон зайд нь халдахаасаа илүү аливаад ухамсартай хандах сонголтонд уриалж, өөрөө манлайлж, халамжилж байна. Тэгэхээр бясалгагчид бүр ч энэрэнгүй биш гэж үү? Ямар нэг зөвлөгөө өгвөл тэд их зөв зөвлөгөөг өгч чадах байх. Оюун бодол нь цэвэр, сэтгэл зүрх нь нээлттэй байгаа шүү дээ. Аливаа зүйлийн учир шалтгааны цаад мөн чанарыг олж хардаг байх гэж бодож байна. Би өөрийгөө амин хувиа хичээгч гэж бодохгүй байна. Учир нь хийж буй үйлдэл бүхэн минь бусдын сайн сайхны төлөө гэсэн сэтгэл шингэсэн байдаг. Гэхдээ мэдрэмжтэй байх ёстой. Сэтгэлдээ зөрчил үүсгэхгүйгээр л асуудалд хандах хэрэгтэй юм шиг санагддаг. Асуудлыг хэт дотоод ертөнцрүүгээ оруулчихаар хана босгох магадлалтай. Тиймээс хэн нэгнийг уучилсан бол хамгийн түрүүнд өөртөө уучилсан гэдгээ бат нот хэлэх ёстой юм гэдгийг ойлгосон. Тэгэхээр л миний зүгээс нөгөө хүнийг харах өнцөг өөрчлөгддөг. Цаад хүнээс ямар ч хандлага ирсэн ойлгох чадвар бий болдог. Тэгээд л эцсийн дүндээ бол хайр, энэрэл л хүнийг амар амгалан байлгадаг юм аа.
Миний хувьд шинэхэн бясалгагч. Бас хоёр орчим жилийн өмнөөс л махан бус хоол идэх сонирхолтой болсон. Гэтэл найз нөхдийн зүгээс энэ өөрчлөлтийг хүлээж авахдаа хойрго, ойлгохгүй шоглох хандлагатай. Гэр бүлийнхэн болохоор над шиг махгүй хоол идэх үү? эсвэл махтайг идэх үү? гээд л асуудал үүсдэг. Нэг ширээнд суугаад хамт хооллох нь ч багасч байна л даа. Энэ бүхнийг яаж ойлгож зохицуулах ёстой юм бол оо?
Өөрийгөө олно гэдэг л энэ юм билээ. Ийм тохиолдолд хүн хэзээ ч гуйвдаггүй. Өөрөө бат бэх ойлголт, ухамсартай болчихсон хүн харин ч эсэргээрээ бусаддаа нөлөөлдөг юм билээ. Би эргэн тойрондоо нөлөөлсөн. Ээж, ах эгч, дүү нар маань мах иддэг байснаа больсон. Ургамалан хоолны ач тусыг авч байна. Найз нөхдөөс сөрөг хандлага ирж байсаан. \инээв\ Гэсэн ч би өөрчлөгдөхгүй нь тодорхой болохоор тэд маань эрхгүй зөвшөөрнө л дөө. Гэхдээ бие биенээ хүндэлж хайрлаад, орон зайг нь хүндэтгэсэн тохиолдолд мах иднэ үү, ногоо иднэ үү хамаагүй л дээ. Дэндүү жижигхэн асуудал болчихно. Манай аав мах иддэг. Гэсэн ч бид хэзээ ч бие биенийхээ хоолны талаар бодож байсангүй ээ. Аав бидэнд хааяа цагаан хоол хийж өгнө. Бид аавдаа махтай хоолыг нь хийгээд л өгчихдөг.
Нийгмийн ямар асуудалд хамгийн их эмзэглэж, өр өвддөг вэ?
Бүх юмны түгжээ нь ухамсар л юм байна. Хүмүүс сэрчихвэл аз жаргалтай л болчихно. Би л тэгж боддог. Хүнд нэг их олон юм хэрэггүй. Эцсийн дүндээ өөрийн дотоод гэрэл гэгээгээ л сэрээчихвэл учраа олчихно доо. Оюун санаат хүн шүү дээ.
Үүний тулд авдаг мэдээллээ өөрчлөх ёстой байх даа…?
Тийм. Бас дотоод сэтгэлээ сонсох. Бясалгал хийх. Энэ л хамгийн чухал зам.
Уурлаж бухимдах үе байдаг уу? Яаж тайвширч тайтгардаг вэ?
\инээв\ Байлгүй яахав. Манайх чинь 50 гаруй ажилтантай шүү дээ. Тогтолцооны алдаанаас болж зовиноц \stress\ үүсэх нь байдаг. Гэхдээ тухайн үеийн байдлыг зүгээр л хандлага гээд томъёолох нь зөв болов уу… Тэрнээс биш дотроо айхтар уурлаж гомдоод байх нь харьцангуй гайгүй. Итгэл алдах үе байдаг ч удаан үргэлжилдэггүй. Инээхтэй адилхан түрхэн зуурын өнгөц сэтгэл хөдлөл л байдаг. Сэтгэл хөдлөлгүй бол хүн чинь машинаас ялгаагүй болно шүү дээ.
Монголд бизнес хийх, тэр дундаа залуу бүсгүй шинэ тутмын бизнес эрхлэхэд орчин ямар байна вэ?
Ер нь бол жаахан төвөгтэй талдаа шүү. Бүх зүйл нь боловсронгуй биш байна. Энэ их төвөгтэй. Жишээлбэл: Хүнд үйлчилж буй хүн харилцааны өндөр соёлтой байх ёстой. Гэтэл тэр суурь нь хүртэл байдаггүй. Санхүүгийн хувьд гэвэл бизнесийн зээлийн хүү маш өндөр байдаг. Зээлнээс зээлийн хооронд л явдаг. Миний зорилго мөнгөтэй болоход байсан бол ийм нөхцөлд, ийм орчинд энэ төрлийн бизнес хэзээ ч хийхгүй. Тэгснээс гадны оронд бизнес хийе гэж бодох байсан байх. Зорилго маань хайрын хүнсийг Монголчууддаа түгээх болохоор урагшлаад байна л даа. Монголчуудын маань гурван хүн тутмын нэг нь өвчтэй байна. Гуч гараад л элдэв өвчин хэлж байна. Тэр өвчин нь дандаа амьдралын буруу хэв зуршлаас болсон байдаг. Ингээд л бодонгуут өр өвдөөд байна. Хийхээс өөр арга байхгүй. Хийхдээ сайн сайхан, үзэмжтэй хийх ёстой, өндөр зээлийн хүүгээ төлөх хэмжээнд гүйцэтгэх ёстой гэхээр л сайн дурын биш бизнес болж байна. Шат шатандаа хүндрэлтэй. Гэхдээ нэг сайхан нь юм бүхэн хийгдээгүй байгаа учраас юу ч хийгээд тавичих боломжтой байна. \инээв\ Харин залуу эмэгтэйн хувьд гэвэл айхтар хар сурталд \pr\ суурилсан ч юм уу том бизнесгүй учраас жижиг дунд бизнесүүдэд л тулгардаг бэрхшээлүүдийг мэдэрч байна. Хэрвээ гэр бүлтэй байсан бол үр хүүхдээ асрахаас эхлээд багахан асуудал байх нь магад санагддаг.
Цаашдаа юунд зорьж байна…?
Шинэ бүтээгдэхүүнүүд гаргахаар төлөвлөж байна. Олон нийтийн хүртээл болгомоор байна. Фүүдийгийн \Foody Mongolia\ шинэ салбарыг И Март-д нээх гэж байна. Маш олон зүйл төлөвлөж байна. Хүний биед хэрэгтэй гэсэн бүхнийг л бүтээгдэхүүн бүрийн орц найрлаганд тун хэмжээг нь тохируулан хийдэг. Жимсийг хүртэл нягт нямбай халислаж нухаж хийдэг. Бүтээгдэхүүнээ үнэртээд үзэхэд л мэдэгддэг дээ. Веж Арт Натуралс \VegArt Naturals\ брэндийн бүтээгдэхүүний цаасан боолтон дээр хүний эд эрхтний зураг бий. Эрүүл, гоо сайхан байхын тулд эд эрхтэн эрүүл байх ёстой гэдгийг ойлгуулах гэсэн санаа юм. Цаашдаа бүтээгдэхүүний сав баглаа боодлоо ч буцааж авдаг, дахин ашигладаг чиглэлд ажиллана. Бид Монгол хүнийг эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсээр хангахаас гадна хайр түгээх, оюуны болон ухамсрын өөрчлөлт гарч сэрэхэд нь дэм болохын төлөө л ажиллана.