Хүн бүр өөрийн хийж буй үйлдлээ зөв, зүйтээ гэж боддог гэсэн. Би ч мөн адил. Гэхдээ хааяа “Бүжээ чи үнэхээр зөв үү?” гэж өөрөөсөө асуудаг. Өөрийгөө хуурах хамгийн тэнэг шүү дээ. Тиймээс л нийгмийн нөлөөнд хэт автаад замаасаа хазайхгүйн тулд эргэж харан, бясалгасаар байна.

        Гэрийн хогоо ангилдаг минь хэвээрээ ч хүссэн үр дүндээ  хүрэхгүй л байна.

Хогоо ангилдаг болоод гурван жил гаруй болж байна. Эхний үед дахин боловсруулах үйлдвэрүүдийнхээ хүчин чадалд нийцүүлэн хэрхэн ангилах, ангилснаа яаж хүргэх вэ гэдэгт анхаардаг байлаа. Дахивараа цуглуулж байгаад тээврийн “Түвшинсайхан төв”-д хүргэж өгдөг байв. Дараа нь хотоос хэрэгжүүлж буй ангилах сав байршуулах хөтөлбөрт хамрагдаж СӨХ-ийн удирдлага, ажилтнуудтайгаа хамтраад хотхондоо ангилах сав байршуулж чадсан нь цагаа хэмнэхээс гадна олуулаа ангилахад тустай болов.

Гэсэн ч одоог хүртэл манай хотхоныхон бүрэн ангилдаггүй. Зарим нь хогоо хольж хаясаар л байгаа. Гэхдээ, ангилах сав байршуулсан ч ажиллуулж, арчилж, оршин суугчиддаа ойлгуулж чадаагүйгээс хогондоо дарагдан амьдарч байгаа зарим хороллынхныг бодвол мэдээж хамаагүй илүү л дээ. Товчхондоо бол хогоо ангилдаг жишиг СӨХ-үүдийн нэг болсон болов уу гэж найдаж байна.

Одоогоор… Заа манай СӨХ-ийн удирдлагууд асуудлыг хэрхэн шийдсэн бэ гэхээр… Цуглуулсан дахивараасаа мөнгө олох боломжийг харуул ахад өгсөн нь хамгийн зөв шийдэл болсон гэж боддог. Харуул ах оршин суугчдыг дахивараа буруу ялгах, буруу хэсэгт хийх зэрэгт үргэлж санаа тавьдгаас гадна орчноо байнга цэвэрлэж цэгцэлдэг юм. Энэ чинь амаргүй ажил шүү дээ. Айл бүрийн хогтой л зууралдана гэсэн үг. Гэсэн ч манай харуул ах орчноо цэвэрхэн байлгахын тулд бас багахан ашиг харж энэ ажлыг сэтгэлээсээ хийдэг. Гэхдээ бас нэг асуудал байгаа нь үнэ хүрэх буюу арчилгаа тордлогоо бага шаарддаг дахиваруудыг л цэгцлээд байгаа нь анзаарагддаг болохоор би бүх дахиваруудаа доорх зурган дээрхийн адил хаяглаж хийсээр байна.

Санаа бүрэн амраагүй ээ гэсэн үг. Одоо цаашдаа энэ байдлыг яаж 100% цэгцлэх билээ гэдэгт сэтгэл зовж гарц шийдэл хайсаар байна. Хүн үргэлж ахиж байдаг учраас өнөөгийн миний ангилж байгаа байдал, гадаах ангилалтын савны цэвэрлэгээ, үр дүн, миний хэрэглээгээ танасан бүхэн хангалтгүй санагдаж байгаа. Гэрийн зарим гишүүд хог худалдаж авсаар байна. Нэгэнт багаас нь хэвшүүлээгүй учраас хүн удаан өөрчлөгддөгийн жишээг би өөрийн амьдрал дээр харсаар… Мэдээж хамгийн гол асуудал бол нэгэнт гарсан хогийг хааш нь яаж хийх вэ гэж санаа зовох биш хэрэглээгээ л хянах юм. Тиймээс цаашдаа гэр бүлийн гишүүдийн хандлагыг өөрчлөхөд ч анхаарахаар шийдсэн. 

Манай СӨХ-ийнхөн хэрхэн ангилж байгаа талаар доорх холбоосоор нэвтэрч үзээрэй.

https://youtu.be/pIXzF8K96Y0