Орчин цагт цэгцтэй, тустай мэдээлэл авъя гэвэл найдаж болох суваг нь ПОДКАСТ болжээ. Багахан дата, чихэвчтэй байхад л дэлхийтэй хөл нийлүүлж, даяарын бодож санаж явааг гэр ажлынхаа хооронд явахдаа л сонсож болж байна. Иймд боловсролын подкастыг эрэмбэлэхэд эхний 10-т багтаж чадсан Unlock подкастыг санаачлагч Баасангийн Тэгшбаяртай ярилцлаа.
Та дөнгөж л гуч гарч байна. Гэтэл аль хэдийнээ дэлхийн 50 гаруй орноор аялсан байна. Хамгийн сайхан санагдсан нь аль улс байв?
Улс орон бүр өөрийн онцлогтой сайхан байсан. Гэхдээ Бразил улс хамгийн нээлттэй орон шиг санагдсан. Маш олон үндэстэн холилдсон учраас хэнийгээ ч дорд үзэхгүй. Үндэсний үзэл гэж байхгүй. Өвөө нь хар арьстай байхад ээж нь цагаан арьстай байх жишээтэй. Жинхэнэ холилдсон. Арьс өнгөний үзэлгүй. Америкаас ч илүү нээлттэй орон… Аялалаасаа дэлхий ертөнц ямар том бэ? Би ямар жижигхэн бэ гэдгээ ойлгож авсан даа.
– Дэлхийн улс орон бүхэн өөрийн соёлтой. Япон улс Самурайн, Монгол улс Чингис хааны гэдэг ч юм уу бусдаас ялгарах үндэсний онцлог, үзэл бий. Үүнийгээ л тордож товойлгох ёстой гэж үзэцгээдэг. Гэтэл та дэлхийн хаана ч хүн бүр адилхан. Хэнийгээ ч ялгахгүй, яс үндэс, соёл холилдон байгаа Бразил улс хамгийн нээлттэй, аз жаргалтай улс гэж хэллээ. Тэгэхээр хүн өөрийгөө бусдаас илүү өөр гэж бодох нь зовлон болох талтай, бусадтай адил гэж бодох нь аз жаргалын мэдрэмжийг нэмдэг гэсэн үг үү?
Бразил бол баян ядуугийн ялгаа ихтэй улс л даа. Хүн ам ихтэй. Асуудал ихтэй улс. Гэхдээ тэднийг гаднаас нь ажиж, дотор нь орж хэсэг хугацаанд хамт байхад наандаж л арьс өнгөний үзэл байхгүй, биенээ хүлээн зөвшөөрч амьдарч байгаа нь үнэхээр сонирхолтой сайхан санагдсан.
Тэгэхээр хүн ер нь ямар үед хамгийн аз жаргалтай байдаг юм бол? Хүн төрөлхтөн мөнхөд л аз жаргалыг мэдрэхийн төлөө тэмүүлж хүсэж ирсэн.
Амьдралын наад захын хэрэгцээгээ хангачихвал гэдэг асуудал бий л дээ… Маргааш хоолгүй, дээрээ дээвэргүй байх юм бол хэцүү. Үүнийгээ шийдсэн бол өөрийгөө бусадтай харьцуулаад яахав… Байгаадаа сэтгэл ханамжтай байхад түүн шиг амар амгалан, жаргал гэж байхгүй шүү дээ. \инээв\ Хэчнээн баян байлаа ч илүү баян хүн байж л таарна. Хэчнээн ухаантай хүн байлаа ч түүнээс илүү ухаантан байж л таарна. Өөрийгөө бусадтай харьцуулаад байх юм бол олигтой юм болохгүй байх. Өөрийгөө л зовооно. Яахав дараагийнхаа шатруу алхна гэдэг талаараа ахихыг бодолгүй яахав. Гэхдээ үргэлж өөрийгөө бусадтай харьцуулаад байх юм бол сэтгэл нь хэзээ ч ханахгүй, дундуурхан л байх болов уу?… Улс үндэстэн ч ялгаагүй шиг санагддаг.
Бусадтай өөрийгөө жишиж харьцуулахгүй зөвхөн өөрөөрөө байна гэдэг бас л нэг чадвар шүү дээ.
Өөртөө сэтгэл хангалуун байж сурна л гэсэн үг юм даа. Яах ёстой юм бол оо…? \инээв\
Чухам энэ хандлагыг л минимал амьдралын үндэс гэж үздэг шүү дээ. Та энэ хандлага хэвшлийг өөртөө хэрэгжүүлж яваа хүн. Энэ тухай жаахан тодруулж хэлж өгнө үү?
Өөрт нэн чухал хэрэгтэй зүйлдээ л цаг, хөрөнгө мөнгө, эрч хүчээ зарцуулахыг хэлж байгаа юм. Хоёрын хоёр гар утастай байх ямар ч хэрэггүй. Учир нь нэг утас хэрэгцээ хангаж болж байна. Тиймээс худалдан авалт хийхээсээ өмнө өөрөөсөө “Надад чухал хэрэгтэй юу” гэж асуудаг болсон. Хүн тодорхой хэмжээний л эрчимтэй. Тиймээс найз нөхдөө ч гэсэн үзэл бодол нэг хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. Бүх хүнд эрч хүчээ зарцуулах юм бол ядарч сульдана. Би бүтэн минимал байж чадахгүй байна. Энэ бол удаан хугацаанд төлөвшиж тогтох хэвшил. Гэхдээ хичээгээд л явж байна. Надад аль нь чухал вэ гэдгийг тодорхойлохын тулд хүн өөрийгөө ойлгох хэрэгтэй. Түүнээс л эхлэх байх…
Хэзээнээс энэ хэвшилд сэтгэл татагдаж эхэлсэн бэ?
Гурваас дөрвөн жилийн өмнө Америк болон бусад улс орнуудад минимал хэв хэвшил гэх ойлголт бий болж эхэлсэн. Тэр үед л ойлгож мэдрээд татагдах болсон шиг байгаа юм. Ялангуяа завгүй, их ажилтай үед шүүгээ дүүрэн хувцаснаасаа сонгож зогсоно гэдэг ёстой бүтэхгүй хэрэг… Би урд нь маш олон хувцастай байсан. Амралтынхаа өдрүүдийг зөвхөн хувцас сонгоход зарцуулдаг. Дараагийн долоо хоногт өмсөх хувцасаа өдөр өдрөөр нь бэлдэж тавьдаг байлаа. \инээв\ Муухай их новштой байсан. Сүүлдээ тэр эд зүйлсээсээ болж ядраад, хэрэгтэй юмандаа цагаа зарцуулж чадахгүй байгаагаа ойлгосон. Тэгээд л ихэнх хувцасаа хэв маяг, өнгөний хувьд адилхан болгочихсон. Сонгох ямар ч шаардлагагүй. Шууд л аваад өмсдөг болсон. Их амар. Өглөөд бодох юм байхгүй. “Чи адилхан, нэг л хувцас өмсөөд бай. Хэн ч чамайг анзаарч харахгүй ээ” гэсэн үг байдаг. Үнэн юм билээ. \инээв\
Одоо Америкт амьдарч байгаа гэсэн. Аль хотод төвхнөсөн бэ? Өрөөний зохион байгуулалтаа яаж шийдсэн бэ? Америкчууд том том тавилгатай байдаг даа…?
Нэг ширээ, нэг ор, нэг сандал, орны хажуугийн жижиг шургуулгатай ширээ л бий. Энэ бол миний өрөө.
Хэдэн хувцастай вэ? Зарим минималистууд арвын тоонд багтах хувцастай байдаг шүү дээ…?
Харин тийм. Уг нь Санфранцискод байхдаа гарын арван хуруунд багтах цөөн хэдэн хувцастай байлаа. Хоёр футболк, нэг цамц, алхалтын нэг өмд гэх мэт… Гэтэл Монголдоо ирсэн чинь урд нь өмсөж байсан хувцас хунар гараад ирсэн. \инээв\ Одоо тэр хувцасаа эмхэлж байна.
Брэнд, трэнд, фаст фашн бол өөрийгөө олоогүй хүнд л хамгийн сайхан санагддаг, нөлөөлж чаддаг үгс гэж нэг зочин маань хэлж байсан юм аа. Та энэ тухайд ямар санал бодолтой явдаг вэ?
Тийм ээ. Манай подкастын нэг дугаар “Story of stuff” номны тухай байдаг. Тэр номонд эд юмс нь байгаль орчныг бохирдуулахаас гадна байгалийн нөөцийг их хэмжээгээр барж байгаа тухай маш тодорхой, баримт, судалгаатай бичсэн байдаг юм. Тиймээс би худалдан авалт хийхдээ л сонголтоо зөв хийдэг. Хэрэглэгч худалдан авалтаараа юуг дэмжиж байгаа вэ гэдгээ харуулах боломжтой. Сонгуульд саналаа өгч байна л гэсэн үг шүү дээ. Ганцхан цамц үйлдвэрлэхэд 2600 литр, нэг жинсэн өмд үйлдвэрлэхэд 7600 литр ус зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тэгэхээр би нэг чанартай өмд худалдаж аваад түүнийгээ 10 жил өмсөхийг илүүд үздэг. Сар болгон шинэ жинс худалдаж авснаар байгалийн нөөцийг барахад тэр хэмжээгээрээ нэмэр болоод байна л гэсэн үг шүү дээ.
Б.Тэгшээгийн тухай 10 баримт
Цэцэрлэгт байхдаа өөрөө цагны сэрүүлгээ тааруулж тавиад өглөө сэрмэгцээ дүүгээ хувцаслаж, сугадаад цэцэрлэгтээ явчихдаг байсан. Аав ээж нь унтаж байдаг байжээ.
Япон улсын Засгийн газрын 100% тэтгэлэг авч суралцан улмаар тухайн улсдаа “Эдийн засгийн хөгжил” сэдвээр мастер хамгаалсан.
Англи хэлийг зурагтаас сурсан
Дэлхийн 50 гаруй улс орноор үүргэвчтэйгээ аялсан.
Байгальд чин элэгтэй. Ууланд алхах дуртай
Дэлхийн 80 гаруй оронд салбартай Япон улсын Mitsui & Co., Ltd -д зургаан жил ажилласан.
Минимал амьдралын хэв маягийг эрхэмлэгч
Одоогоор, аялж явахдаа олсон нохойтойгоо амьдардаг.
Бусдад дараа болохгүй байгальд ээлтэй амьдрах нь хамгийн зөв гэж боддог
Бясалгагч
Unlock podcast-ын үүсгэн байгуулагч Б.Тэгшээгийн уншихыг санал болгож буй 10 ном
- Sapiens
- What Happened
- Red Notice
- Emotional Intelligence
- Positive disciple
- how will you measure your life
- Educated
- When breath becomes air
- Becoming
- Algorithms to live by
Хувцас, эд хэрэглэлийн хувьд минималист байхаас гадна сэтгэлгээ болон сошиал хэрэглээний хувьд ч минимал байх хэрэгтэй гэсэн хандлага бий болсон. Энэ талаар ямар бодол сэтгэгдэлтэй явдаг вэ?
Хэрэгтэй хэрэггүй мэдээ их байна. Хүний мэдээлэл авах чадвар хязгаартай. Бүхнийг хамаж хамаа намаагүй сонсож, уншиад байх юм бол боловсруулж чадахгүй. Тийм болохоор таслаад таслаад, зарим мэдээллийг огт унших хэрэггүй. Сошиал медианд донтож болохгүй. Миний хувьд бусадтай холбогдохын тулд фэйсбүүк мэссэжер ашигладаг. Instagram, good reads, google drive л ашигладаг. Ямар мэдээлэл авахаа, юу хэрэгтэйгээ мэддэг байх ёстой…
Мэдээллийн үнэн зөвийг ялгаж салгана гэдэг өсвөр насныхан болоод мэдээллийн нэг эх сурвалжтай хүмүүсийн хувьд амаргүй ээ. Тиймээс наандаж л фэйсбүүкийн группуудад ордог уу? Таныг хэн, ямар группд нэмж байгааг хянадаг уу? гэх мэтээр сошиал хэрэглээнд минимал байх талд хүүхэд залуучуудад зөвлөгөө өгч болох уу?
Би цөөн хэдэн группд байдаг… Аялагчдын групп, zero waste зэрэг… Фэйсбүүк цаанаа алгоритмтой шүү дээ. Найз болсон, хуваалцсан, лайк дарсантай чинь холбоотойгоор л танд мэдээлийг өгдөг гэдгийг мэддэг байх хэрэгтэй.
Сэтгэлгээний минималлизмын талаар ямар бодолтой байдаг вэ? Хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
Манай подкастын нэг дугаар “Power of now” гэдэг номын тухай байдаг. Тэр номонд өнгөрсөн бол өнгөрсөн. Ирээдүй бол ирээгүй. Тиймээс одоодоо төвлөр гэж онцолсон байдаг. Гэхдээ энэ нь ирээдүйгээ бүү төлөвлө гэсэн санаа биш шүү дээ. Хүний амьдрал алдаа оноотой… Танд харамсалтай дурсамж байдаг бол түүнийг дахин давтахгүйн тулд гурван зүйл хийж болно. Нэгдүгээрт орхих мартах, хоёрдугаарт өөрчлөх, гуравдугаарт хүлээн зөвшөөрөх, уучлах юм. Ийм л гурван сонголт байдаг болохоор дээрх гурваас өөрийн хийж чадахаа сонгоод хий. Үгүй бол тэгээд март. Бухимдах хэрэггүй гэж бичсэн байдаг. Энэ бол амьдралдаа хэрэгжүүлж болох, сэтгэлгээгээ цэвэр, минимал байлгахад хамгийн хэрэгтэй зөвлөмж, сайхан санаа гэж боддог. Энэ нь бас бясалгалтай холбогдоно л доо
Орчин үеийн залуус бясалгал их сонирхож байна. Та бясалгал хийдэг үү?
Би Индонезид байхдаа 10 хоногийн Випашня-д явж байсан. Үнэхээр гоё байсан. Сая Санфрацискод байхдаа Зэнгийн бясалгалд явсан. Бясалгах нь наандаж л бухимдахгүй, тайван байхаас эхлээд маш их ач тустай. Гэхдээ Монголдоо ирээд л бухимдах гээд байна. \инээв\ Автобуснаас буухын хооронд л түлхээд байх юм. Хамтдаа л буух байж яагаад тэгдэг байна аа…? Хаалгаар орохдоо хоёр талаасаа л чихэлцээд зүтгээд байх юм. Яагаад аятайхан дараалж болохгүй байгааг ойлгохгүй байна. Зөрөхдөө л мөр шүргээд өнгөрч байна. Ихээ том орон зай байхад шүү… Энэ бүхнээс болоод жаахан бухимдах гээд байгаа. \инээв\ Тиймээс эргээд бясалгалдаа явна гэж бодож байна. ATM- ээс мөнгө авч байхад хүртэл мөрөн дээгүүр хараад байх юм… \инээв\
Бид тогоон дотроо байгаа учраас өөрсдийн алдаагаа сайн харж чадахгүй байх шиг байна. Тогооноосоо гарч хэсэг байгаад буцаж орохдоо муу муухай, булай булхайгаа хамгийн ихээр мэдэрдэг шүү дээ. Үнэхээр болохгүй зүйл их байна аа.
Гэхдээ нэг үеэ бодоход гайгүй ч болчихсон юм шиг санагдаад л байгаа юм. Ялангуяа залуучууд их хүлээцтэй, соёлтой болж байна. Ер нь аль болох эерэг талаас нь харахыг хичээдэг. Даанч манай монголын мэдээнүүдийг уншихад хэцүү. Дан нэг талыг баримталсан байх нь бий. Голчтой мэдээлэл тун ховор. Хоёр хүний хэрэлдсэн тухай мэдээллийг уншиж сонсоод надад ямар ч хэрэггүй болохоор Монгол мэдээгээ бараг уншдаггүй. Асуудлыг хэрхэн шийдсэн талаар ч тодорхой мэдээлэл байдаггүй. Чи мангар, би мангар гэсэн мэдээлэл л их байдаг. Байнга ийм зүйл сонсож харахаар хүн яаж хөгжиж өөдлөхөв дээ… Бодох л хэрэгтэй санагддаг.
Монголчууд бид цөөхүүлээ. Хоёр их гүрний дунд байдаг… Нэг л харанхуй хаалттай, айдастай юм шиг санагддаг уу? Заримдаа ч, Орос Хятад хувааж идэх гэж байна. Хятад эзлэх гэж байна гэх мэтээр цөөн ард түмэнтэй үндэстний онцлогийг ашиглаад айлгаж, улам харанхуй бөглүү байлгах гээд байх шиг санагддаг…
Хувийн салбар нь нээгдэх гэж хичээж байна гэж хардаг. Төрийн байгуулагаас хувийн салбар нь илүү хөгжиж байх шиг. Төрийн сектор нь бусдын адил хөгжиж л яваа байх. Хөгжлийн явц нь л энэ юм болов уу гэж боддог шүү. Энэ бол юу ч биш. Гайгүй байх гэж бодож байна.
Зөв амьдрах ухаан гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
Хүнд дараа болохгүй, байгаадаа сэтгэл хангалуун, тайван, байгальдаа ээлтэй амьдрах л гэж боддог. Юу ч хийхгүй, гэдсээ илээд дээшээ хараад, ямар ч хүсэлгүй хэвт гэсэн үг биш. Хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Хүсэл, шуналын сэтгэлийг ялгаж салгаж ойлгодог байх хэрэгтэй юмаа.
Энэ хандлагыг хүн өөртөө яаж бий болгох ёстой вэ?
Ёс суртахуун, боловсролд анхаарах юм бол алсдаа хэрэгтэй гэж боддог. Гэхдээ би өөрөө бүрэн боловсорч бүтэн болсон хүн биш. Суралцаад л явж байна. Тиймээс заавал тэгэх ёстой, ингэх ёстой гэж том том ярих дургуй. Зүгээр л бусдад дараа болохгүй, өөрийгөө аваад явах чадалтай болох, байгалиа хайрлах сэтгэлтэй байх л зөв амьдралын эхлэл гэж боддог. Би хүн л юм чинь гудамжинд яваад заримдаа уурлана. Гэхдээ хийсэн үйлдэлдээ хариуцлагатай байх ёстой.