1.Гялгар уутыг юугаар хийдэг вэ?
Полиэтилен, байгальд полимер бүтээгдэхүүнээр хийдэг.
2. Гялгар уут хөрсөнд шингэдэг үү?
Химийн бүтээгдэхүүнээр хийдэг тул задралгүй хөрс болон усанд 100-1000 жил хадгалагдана.
3. Хөрс, усанд хадгалагдаж байх хугацаандаа хүн байгальд хор учруулах уу?
Маш хортой. Хөрсөнд хадгалагдах хугацаандаа эргэн тойрон 70 метр радиуст шүлтлэг орчин үүсгэж өнгөн хөрсийг бүрэн үхжүүлнэ. Шатсан тохиолдолд хүнд металл (хар тугалга) ялгаруулдаг. Далайн амьтдын 56% нь пластик хаягдлыг иддэг гэсэн судалгаа бий. 2014 онд халимны ходоодноос жижиг хэсгүүдэд хуваагдсан олон тооны хуванцар олдсон нь хаягдлыг далайн болон бусад амьтад хоол тэжээлтэй андууран иддэг гэдгийн баталгаа болж олон улсад шуугиан тарьж байсан.
4. Технологийн өндөр хөгжлийн өнөө үед хэрэглэсэн гялгар уутнуудыг дахин боловсруулж яагаад чадахгүй байна вэ?
Эрдэмтэд энэ үеийг пластикийн эрин гэж тодорхойлж байна. Гар утас, компьютерээс эхлээд нойтон сальфетик, сав баглаа боодол бүхэлдээ пластикийн орцтой байгаа нь бүгдийг 100 хувь дахин боловсруулахад саад болдог. Гэхдээ хүн төрөлхтөн хэт материаллагт татагдаж, байгалиасаа шууд хамааралтай гэдгээ мартсантай холбоотой. Дэлхий даяар жил бүр найман сая орчим тонн нийлэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бөгөөд үүний 90% нь далай тэнгист хаягдаж, 8% нь л дахин боловсруулагддаг гэсэн судалгаа бий.
5. Дэлхийн улс орнууд гялгар уутны хэрэглээгээ яаж хязгаарлаж байна вэ?
Өнөөдрийн байдлаар дэлхийн 70 гаруй улс гялгар уутны хэрэглээнд ямар нэг байдлаар хориг тавьсан байна. Тухайлбал: Итали, Англи, Герман, Хятад, Өмнөд Африк, Тайвань, Бангладеш, Австрали, Гүрж, Ирланд гэх мэт.
Улс орон бүр өөрийн нөхцөлд тохируулан хуулиар хориглох эсвэл татвар нэмэх байдлаар хязгаарлах арга хэмжээ авч байгаа ч Ирланд улсын жишээ улс орнуудын сонирхлыг хамгийн их татдаг. Ирланд улс уут бүрт 15 евро центийн торгууль ноогдуулсан нь хаягдлыг 95%-иар бууруулсан. Нэгхэн жилийн дотор худалдан авагчдын 90% нь олон удаа хэрэглэдэг ууттай болсноос гадна тухайн үедээ Ирландын Засгийн газар нийт 75 сая еврогийн хөрөнгийг зөвхөн гялгар уутны торгуулиас хуримтлуулан “Байгаль орчны сан”-д хандивлаж дахин боловсруулах шинэ арга замыг хайхад зарцуулж байжээ.
6. Манай улс жилдээ хэдий хэмжээний гялгар уут импортлодог вэ?
2017 онд импортоор 4000 тонн уут, 500000 ширхэг уутны бэлдэц импортлосон гэж гаалийн мэдээнд дурджээ.
7. Импортлосон гялгар уутныхаа хэдэн хувийг дахин боловсруулсан бэ?
Манай улсад гялгар уутны 4-5 үйлдвэр байдаг ч дахин боловсруулдаг нь хоёр юм. Энэ хоёр үйлдвэр 2017 онд нийт 350 тонн орчим гялгар уутны хаягдлыг дахин боловсруулсан нь нийт хаягдлын 8% орчим болж байна. (Монголын Хог Хаягдлыг Дахин боловсруулах Үндэсний Холбоо)
8. Үлдсэн 92% нь ил задгай хаягдсан гэсэн үг үү?
Ландфиллын аргаар булагдсан нь бий ч тодорхой хувь нь ил хаягдсан тул нийслэлийн хөрсний бохирдол хүлцэх хэмжээнээс хэтэрсэн. Нийслэлд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалганы хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 5 милграмм\дицлитр байна. (Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв)
9. Тэгэхээр Монгол хүүхдүүд гялгар уут хуванцарт хордсон хөрсний ус ууж, хар тугалгатай агаараар амьсгалж байна гэсэн үг үү?
Хот хөдөөд бохирдлын хэмжээ өөр байдаг ч бохирдол нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. (НЭМҮХ 2012 он “Орчны бохирдол судалгаа)
10. Хар тугалгад хордсон хүнд ямар шинж илрэх вэ?
Хүний сэтгэцэд нөлөөлдөг. Түргэн ууртай, тогтворгүй зантай, ой тогтоолт удаан, цаашлаад ургийн гажиг үүсэхэд нөлөөлнө.
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!