Хаа сайгүй очиж хог түүгээд явж чадахгүй ээ, Би… Учир нь өнгөрсөн хугацаанд олон л байгууллагаас элдэв аян зохиож хэчнээн ч газрын хогийг түүв дээ. Тухайн үедээ л цэмцийв ч хэсэгхэн хугацааны дараа л хогон овоо босдог. Тэгэхээр Батаагийн хаясан хогийг Болдоо,Цэцэгээ хоёр түүж цэвэрлэх нь ямар ч утгагүйгээс гадна үр дүнгүй гэдэг нь тов тодорхой харагдаж байгаа юм. Тиймээс  Батааг хог хаягдаггүй болгоход л бүх талаас анхаарч байж томоохон үр дүн гарна гэсэн ганцхан зам үлдлэж байна. Хандлагыг нь өөрчлөх, бодол санаатай нь ярилцаж ажиллах гэх үү дээ… Бид ийм л ажил хийдэг. Тийм ч учраас   гялгар ууттай холбоотой ЗГ-ын хоригыг лөөлөө болчих вий гэсэн дээ өнгөрсөн хугацаанд бидэнтэй холбогдсон бүх сэтгүүлчидтэй ярилцсан билээ. Доорх ярилцлага л гэхэд Зууны мэдээ өдөр тутмын сонин, www.control.mn, www.polit.mn зэрэг сайтуудад гарсан юм.

“Хоггүй Монгол” ТББ-ын  үүсгэн байгуулагч, “Богцхон”брэндийг санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхамыг ярилцлагыг хүргэе.

-“Хоггүй Монгол”-ын төлөө гэсэн өөрийн чинь санал санаачилгын дараа нийлэг уутнаас татгалзах Засгийн газрын шийдвэр 2018 онд гарч, ирэх сараас хэрэгжих гэж байна. Ийм хөдөлгөөн өрнүүлэх бодол хэзээ хэрхэн  төрөв?

-“Хоггүй Монгол” ТББ-аа 2017 онд байгуулсан. Хувь хүний эмзэглэлд үндэслэж байгуулсан юм. Бид хогондоо дарагдчихсан атал түүнийгээ мэддэггүй. Энэ нь ТББ байгуулж, хөдөлгөөн өрнүүлэх шалтгаан болсон. Эхлээд хүний бодол санаатай тулж ажиллаж байж үйлдэл нь өөрчлөгдөнө үү гэхээс шууд “тэг,ингэ” гэвэл юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс бидний хамгийн түрүүнд тавьсан зорилго нь хүний буруу хэрэглээнээс болж өөрсдөө төдийгүй үр хойчдоо хортой орчныг бүдүүлж байна, үүнээсээ татгалзъя гэдгийг ойлгуулахад чиглэсэн. Постууд бичиж, видео хэлбэрээр сурталж, орчуулга хийж бүх талаар мэдээлэл хүргэсэн. Үүнийхээ дараа хөдөлгөөн өрнүүлэхэд хүмүүс илүү ойлгож, хүлээж авах болов уу гэж бодсон. Ингэж ажилласны дүнд жил орчмын дараагаас олон нийтийн зүгээс эерэг хандлагууд мэдрэгдэж эхэлсэн. Би сэтгүүлчээр ажиллаж байсан учраас үзэг нэгт нөхөд маань нааштай хүлээж авч гялгар уут, хуванцар сав, хогны талаар сурвалжлага, мэдээллүүд бэлтгэн нийтэлж нэвтрүүлж эхэлсэн. Өмнө нь хогны талаар бичдэг сэтгүүлч бус улс төр, тойм, эдийн засгийн мэдээллийн сэтгүүлч мундаг гэдэг байсан бол хандлагын том өөрчлөлт гарсан. Удалгүй БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гялгар уутнаас татгалзах шийдвэр гарсан гэж цахим хуудсаар дамжуулан над руу бичсэн. Энэ бол олон нийтийн ойлголтыг өөрчлөх гэж хийсэн бидний, “Хоггүй Монгол” ТББ-ынхны маань нөлөө юм. Бид хийсэн ажлаасаа маш их урам авсан.

-Санал санаачилга нь нийгмийг өөрчлөх хандлага болтол урт зам туулдаг болов уу?

-Бид эхлээд хүмүүсийн санаа бодлыг өөрчлөхийн тулд мэдээлэл бэлтгэж ирсэн. Нэгэнт санаа бодол нь тогтсон хүмүүст ойлгуулах өөр, шив шинэхэн цав цагаахан цаас шиг байгаа хүүхдүүдэд мэдлэг өгөх бас өөр. Хүүхдүүд улс орны ирээдүй. Бид 20-30 жилийн дараа улс орноо ямар байлгах вэ, тэр орчныг бүрдүүлэхийн тулд эздийг нь бэлтгэх ёстой. Энэ үндсэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 2017 оны өвлөөс эхлэн дунд сургуулийн сурагчдад хичээл зааж эхэлсэн. Яаж хог гаргахгүй амьдрах вэ, яагаад бид хогонд хордоод байна вэ, тэр дундаа хамгийн аюултай хог хаягдал гэж юу вэ. Хог гарсан тохиолдолд яаж ангилж хаявал аюул багатай вэ гэдэг хамгийн энгийн ойлголт өгөх хичээлүүдийг зааж эхэлсэн. 2018-2019 оны хичээлийн жилд 97 дугаар сургуулийн гурван мянга гаруй сурагчид хичээл заасан. Нэг сургуулийн 3000 хүүхдэд хичээл орно гэдэг удирдлага, багш нар, эцэг эхчүүд нь ойлгосон маш том ажил. Бас хүүхдүүдийн дунд “дахивар”-ын уралдаан зарласан. Үүгээр дахиварыг яаж ангилж цуглуулах вэ, цуглуулах ямар ач холбогдолтой вэ гэдэг ойлголтыг өгдөг. Нэг сарын дараа хүүхдүүд дахивараа цуглуулж ирээд шагналаа авдаг. Энэ мэтээр хог биш мөнгө юм шүү гэдэг ойлголтыг өгдөг учраас хандлагыг цогцоор нь өөрчлөхөд дэвшилттэй ажил болж чадсан. Өчигдөр бид БЗД-ийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд хичээл заасан, өнөөдөр уралдаанаа дүгнэнэ.

-Энэ бүхнийг ажил хэрэг болгоход хэн туслаж дэмжив?

-Би ганцаараа энэ бүхнийг хийхэд учир дутагдалтай. Дэмждэг, хамтардаг, тусладаг олон хүн бий. Хоёр төслийг хэрэгжүүлэхэд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбаатар эх оронч санаачилга гаргаж, хотын хөгжилд ээлтэй ажлууд хийе гээд дэмжсэн. Мөн БЗД-ийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлтсийн дарга Гэрлээ санхүүжилтийг нь шийдэж өгсөн учраас энэ ажил хэрэгжсэн.

-Тэгэхээр айл өрхүүд хог бага гаргахын тулд яах вэ. Хог гарсан тохиолдолд  хэрхэн зөв ангилах  вэ?

-Хүн ер нь хог бага гаргахын тулд худалдан авалтаасаа эхлэх хэрэгтэй. Худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн өөрт үнэхээр хэрэгтэй, эсэхийг тооц. Бас хэр удаан хэрэглэгдэх вэ, сав баглаа боодол нь манай улсын хэмжээнд дахин боловсруулагдах уу. Тэр нь шууд хөрсөнд хаягдлаа гэхэд хэр хортой вэ, энэ бүхнийг иргэд мэддэг байх хэрэгтэй. Дараагийн алхам нь яалт ч үгүй, сав баглаа боодолтой бараа бүтээгдэхүүн авсан бол тэр нь манай улсын хэмжээнд дахин боловсруулагдах уу гэдгийг мэддэг байх нь чухал. Манай улсын хэмжээнд өнөөдөр нийслэлд бүртгэлтэй 26 дахин боловсруулагдах үйлдвэр байгаа. Энэ үйлдвэрүүд зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч буй дахиврыг  дахин боловсруулдаг. Жишээлбэл, үүнийг нэг өрхийн хэмжээнд ярья. Түүнээс автомашины дугуй, тос зэргийг  дахин боловсруулах том үйлдвэрүүд бол байдаг. Тэгвэл нэг айл өрхийн хэмжээнд ярихад гялгар уут, хуванцар сав, лааз, шил, ямар нэг шохой, үдээс, скочгүй цаас, бор хайрцагийг манай улс дотооддоо дахин боловсруулдаг. Өдөр тутам их хэмжээгээр гардаг хог хаягдлын ихэнх нь дахин ашиглагддаг. Эдгээрийг хүмүүс хэрэглэсэн тохиолдолд бүгдийг нь цуглуулж цэвэрлэж хатаагаад дахин боловсруулах үйлдвэрүүдэд нь тушааж чаддаггүй юм гэхэд нийслэлийн дүүргүүдэд байгаа 100 гаруй түүхийн эд авдаг цэгт тушааж болно. Энэ тохиолдолд хаягдал дахиврууд бүгд мөнгө болно гэсэн үг. Нэгэнт дахиварт тушааж байгаа бол үйлдвэрүүдэд цэвэрхэн очих ёстойг анхаарах хэрэгтэй. Гялгар уут маш цэвэрхэн хатаасан байх ёстой. Өмхийрсөн, муухай үнэртэй байж болохгүй. Шилэнд наалттай шошгыг авсан байх ёстой. Хувцанцар ч гэсэн ялгаагүй доторыг нь усаар зайлж цэвэрлэсэн байх ёстой. Ундаа, шүүсний савлагааг ч мөн адил дээд талыг нь хайчлан доторхыг нь цэвэрлэж хаттал арчсан байх хэрэгтэй. Энэ мэтчилэн цэвэрлэж, тус тусад нь ялгаж дахиврын цэгт тушаах нь зүйтэй.

-Үүний цаана бас хотоо цэвэр цэмцгэр хоггүй байлгахын сацуу  дотоодын үйлдвэрүүдэд бас бага ч гэсэн түүхий эд нийлүүлж дэмжих санаа бас байна, тийм үү?

– Хүмүүсийг битгий залхуураасай гэж хэлэх байна. Өнөөдөр манайд тээвэрлэх, зөөх үйлчилгээг шийдэж өгөөгүйгээс хүмүүс дахивраа хаяад байна. Тийм үйлчилгээг нь бий болгочихвол хэрэгжээд явчихна. Гэхдээ хэн хийх вэ, тэр бүхнийг. “Болохгүй байна, бүтэхгүй байна”, “Эхлээгүй ажлыг би ганцаараа ялгаад яах вэ“ гэх хүн таардаг, тэгж болохгүй. Би энэ бүхнийг санаачилж, бас өөрсдөө эхлүүлж, орц, байрныхнаа уриалж хэвшүүлсэн. Мөн олон хүнд хүргэхээр сургалт хийгээд явж байна. Нийтээрээ ингэж хэвших юм бол олны хүч оломгүй далай гэгчээр нийгэм маань зөв хандлагаар хөгжинө.

-Өөрөө даавуун уутны “Богцхон” уутыг санаачлагч. Уут хийдэг хувь хүн, аж ахуй нэгж хэр олон бэ?

-Хүмүүс хувиараа их хийж байна. Гэхдээ манайхан нэг хууль тогтоомж гарахаар хуйлраад, өндөр үнэ хэлээд зах зээлээ мэдэхгүй, мэдрэхгүй зүтгэцгээдэг. Эко бүтээгдэхүүн гэхээр 60 мянган төгрөг гэж байгааг би арай хэтэрсэн зүйл гэж харсан. 60 мянган төгрөгөөр уут худалдаж авахгүй шүү дээ. Нэг өрх долоо хоногт 2-3 удаа ногоо, жимс худалдаж авах нь тийм ч олон биш. Дээд тал нь хоёр удаа, 2 кг хүнсний ногоо л авдаг. Ингэхдээ нэг гялгар уутанд хийлгээд авчихдаг. Авсан ногоогоо гэртээ очиж хөргөгчид хийгээд уутыг нь хаядаг. Тэр уутыг олон улсын хэмжээнд 12-хон минут хэрэглэгддэг уут гэсэн судалгаа гаргасан байдаг.Энэ уутыг Засгийн газраас хорилоо. Оронд нь даавуун уут олон төрлөөр гарчээ. Гэхдээ олон улсын байгууллагууд олон дахин хэрэглэгддэг уутыг хэрэглээч гэсэн зөвлөмжийг гаргасан. Цаасыг санал болгож байгаа, Европт. Гэтэл манайхан өөрсдөө цаас хийдэггүй. Хятадаас цаасаа авчраад дотооддоо хийхэд хамгийн хямд нь 1500 төгрөг болдог. Олон дахин ашиглаж чадахгүй учраас дахиад л хог болно. Иймд даавуун уут, нейлон, тааран уутыг санал болгож байгаа. Хамгийн олон хүнд хүрч болох уут нь нейлон уут юм. Барууны орнуудад ийм уутыг өргөн хэрэглэдэг. Миний хувьд хүмүүст санаа өгөх зорилгоор “Богцхон” брэндийг гаргасан. Хүмүүст хүрсэн, үнийн хувьд бид ашиг хараагүй. Аль болох өөрсдөө дууриалгаад оёод авах шийдлийг гаргасан. Цаашид үүнийгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүдтэй хамтран хийгээд явна.

– Эцэст нь асуухад Засгийн газар хорьсноор гялгар уутыг хэрэглээнээс халж чадах болов уу? 

-Өнөөдөр дэлхийн 80 гаруй оронд нийлэг гялгар уутыг хэрэглэхийг хориглоод байна. Энэ нь дэлхий нийт бүрэн хэмжээнд энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа учраас хориг тавьж байна шүү дээ. Японд бол дахиврын 99 хувийг нь дахин боловсруулж чаддаг учраас нийлэг уутыг хорьдоггүй. Гэтэл Евродын холбоо, Өмнөд Солонгос гээд улс орнууд хорьж байна. Бид дахин боловсруулалт хийж чадахгүй учраас хориод явах нь зөв байж болох юм. Гэхдээ хорих байсан уу, татварыг нь нь нэмэх байсан уу гэдэг бодох асуудал. Олон нийтэд давалгаа үүсэхээр төр, засаг шууд хориод эхэлдэг. Би бодохдоо зөв шийдэл биш гэж харж байгаа. Ирэх сарын 1-нээс нийлэг уут хэрэглэхийг хорилоо, цааш яах вэ гэдэгт иргэд ямар ч мэдээлэлгүй байна. Худалдаа эрхэлж байгаа нь ч, худалдан авагч нь ч мэдлэг алга. Гэтэл Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар шийднэ гэж байгаа. Тэр хууль дээр нь Засгийн газрын шийдвэр гэж байхгүй, журам л гэж бий. Прокурор дээр асуудал үүсээд очиход торгох, шийтгэх боломжгүй. Нэг иргэнийг 3000 нэгж буюу 30 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа. Цаад судалгаа, яах вэ, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн шийдэлгүйгээр хүмүүст таалагдах гэж шийдвэр гаргадгийн нэг нь ирэх сарын 1-нээс хэрэгжих нийлэг уутнаас татгалзах Засгийн газрын шийдвэр болчих вий. 2002 онд Г.Батхүү гишүүн хэт нимгэн нийлэг уутыг хориглох тухай хуулийг санаачлан батлуулж  байсан. Гэвч тухайн үед олон нийтийн мэдлэг, мэдээлэл болон хуулийн сурталчилгаа, гааль дээр гялгар уутны нимгэн зузааныг хэмждэг багаж хүрэлцдэггүй байсан учраас хэрэгжээгүй. Түүний дараа Д.Дэмбэрэл гишүүн УИХ-ын дарга байх үед уг  хуулийг цуцласан. Хориглолоо гэхэд оронд нь юу хэрэглэхийг хангаж шийдэж өгөөгүйгээс шийдвэр  нь хад мөргөдөг. 2017 оны тавдугаар сард Хог хаягдлын тухай багц хууль батлагдсан. Энэ нь сайн хууль болсон. Хог хаягдлын тухай ойлголт дахин сэргэсэн, гарц гаргалгаанууд ч бий. Өнөөдрийн байдлаар дэлхийн 80 гаруй улс орон гялгар уут, хуванцарт тодорхой хэмжээний хориг тавиад байна. Цаашид улам л олон болно. Биднээс илүү хөгжилтэй, технологи хөгжсөн улс орнууд яагаад хориод байна вэ. Болохгүй, хэрэглээг дийлэхгүй, бүгдийг дахин ашиглаж чадахгүй байгаа учраас л тэр юм. Тиймээс манай төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн бэлтгэлээ базааж байгаа гэж бодож байна. Олон нийтийн чиг хандлага бол огт өөр болсон шүү дээ.