Интервью сэтгүүлийн Эко булангийн 2019.03 сарын зочин П.Ууганбаярын ярилцлагыг хүргэж байна.

Кино театруудад худалдаалдаг дунд хэмжээтэй эрдэнэ шишийн хайрцгийг мэдэхгүй хүн байна уу? Үгүй л болов уу? Алганд багтах хэжээний жижиг суурьтай, таг ч үгүй цаасан хайрцаг байдаг шүү дээ. Гэтэл тэр жижиг хайрцгийг гэрийнхээ хогийн сав болгочихсон, нөгөө сав нь ч дүүрдэггүй айлд зочиллоо. Энэ бол хог хаягдалгүй амьдралыг эрхэмлэн хэрэгжүүлж яваа “Гуа” брэнгийн үндэслэгч, хатагтай П.Ууганбар юм. Тэрээр: ХОГ БАГА ГАРГАХЫГ ХИЧЭЭХ НЬ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ ХҮНИЙ ҮЙЛДЭЛ. АГУУ МАТЕМАТИКЧ, ЭНГЭРЭЭРЭЭ ДҮҮРЭН АЛТАН МЕДАЛЬТАЙ ХЭРНЭЭ АМЬДРАЛЫН ЭНГИЙН УХААНД СУРАЛЦАХГҮЙ БОЛ БҮДЭРЧ, ГУДАЙХДАА АМАРХАН” гэж хэлсэн юм.

Тантай уулзсандаа тун их баяртай байна. Учир нь би ч гэсэн хог бага гаргахыг хичээдэг, яалт үгүй гарч байгаа хогоо ялгаж дахиварын цэгүүдэд тушаадаг хүн юм. Одоогоор манай улсын хог хаягдлын систем учир дутагдалтай байгаа учраас өөрийнхөө хэмжээнд л шийдэл олсон маань энэ. Гэтэл таныг хоггүй амьдарч байна гэдгийг сонсож, нүдээр хараад бахархаж байна. Хэзээнээс ийм амьдралын хэв маягт хэвшиж, хэрэгжүүлсэн бэ?

Ер нь бол бага залуугаасаа л хэрэглээгээ хянадаг, юмхнаар юм хийх дуртай хүн байлаа. Аж ахуйч гэх үү дээ. Хүүхдүүдийнхээ хувцасыг оёж нэхэж өгдөг, талхаа барьдаг тийм л байсан. Хүмүүс өөх тосоо хаяж байхад би шаргаагаад боорцог хайрдаг байсан. \инээв\ Энэ л өнөөдрийн амьдралын хэв маягруу ороход нөлөөлсөн болов уу? Бүрэн дүүрэн минималист хэв маягаар амьдарч байгаа хүмүүстэй харьцуулахад учир дутагдалтай ч гэлээ хичээж явна. Би дөнгөж 29 настайдаа нөхрөөсөө салсан. Амгалан дахь гэрээсээ хоёр хүүхдээ хөтлөөд, жижиг торонд хувцасаа хийгээд л гарч байлаа. Тэр үед нягтлангаар ажилладаг байсан ч ганц биеэр хүүхдүүдээ өсгөнө гэдэг амаргүй шүү дээ. Цалингаас цалингийн хооронд амьдардаг байлаа. Тэгээд л хэмнэж эхэлсэн. Зарим үед хоёр хүүхдийн сургалтын төлбөр зэрэг төлөх болно. Тэгэхээр чинь хэмнэхээс өөр аргагүй болдог юм. \инээв\ “Хэмнээд яаж амьдрах вэ, багахан цалингаа хэрхэн хүргэх билээ” гэж бодож эхэлсэн нь өнөөдрийн намайг бүтээсэн гэсэн үг. Тэгээд хямгадаж, хурааж, хуримтлуулсаар яг гурван жилийн өмнөөс энэ амьдралын хэмнэлдээ бүрэн орсон. Одоо бол өдөр тутмын хэрэглээнийхээ зүйлсийн ихэнхийг өөрөө хийдэг.

Өдөр тутмын хэрэглээнийхээ юу юуг өөрөө хийж байна вэ?

Саван, шампунь, гоо сайхны тоснууд, уруул өнгөлөгч, угаалгын нунтаг бусад цэвэрлэгээний бодиснуудаа бүгдийг хийдэг. Сүүлийн гурван жил худалдаж аваагүй.

Жишээлбэл угаалгын нунтаг хийхэд юу юу орох вэ?

Хүнсний захаас хаягдал яснууд худалдаж аваад хайлуулж бусад дээд зэрэглэлийн тос, байгалийн бүтээгдэхүүнтэй нийцүүлж саван хийдэг. Энэ савангийнхаа үйрмэг хэсгээр угаалгын нунтгаа шийднэ. Жаахан саван дээрээ лимоны хүчил, баракс, угаалгын сод хольдог. Ямар ч үнэр оруулагч хийдэггүй. Үнэр оруулагч бол химийн бодис шүү дээ. Хамгийн гол нь цэвэрлэх чадвар нь маш сайн. Дэлгүүрээс бол үр тариа будаа, мах ногоо л худалдаж авч байна. Талхаа хүртэл хувиндаа барьчихдаг.

-Аяга шаазан, шил угаагчийг бас өөрөө хийдэг үү? Яаж хийж байна вэ?

Яг л угаалын нунтаг хийдэг шигээ хийнэ.  Хаягдал яснуудаас гаргаж авсан тосоо бусад тостой хольж сайжруулаад савангаа хийнэ. Гэхдээ савангаа хатуу байдлаар нь л хэрэглэдэг. Шингэн төлөвт хадгалахын тулд химийн бодис нэмэх шаардлагатай болдог учраас энэ чигээр нь хэрэглэчихнэ.

 Аяга таваг, тогоо шанага угаахад тостой байдаг шүү дээ. Тос нь хэр арилах вэ?

Янзтай сайхан арилна. Бүх төрлийн хувцасыг хачин сайхан өнгө оуулна. Жорлон баннаа хүртэл энэ савангаараа л угаадаг. Сайхан гялалзуулдаг юм. Би коммет гэх мэт элдэв савалгаатай, гадны химийн бодистой бүтээгдэхүүн хэрэглэх үнэхээр дургуй.

 Угаалгын бодисуудаа ингэж шийддэг байж… \инээв\  Гэтэл хүний хэрэглээ их шүү дээ.  Хүнснээс бас л хаягдал гарна. Та мах, ногоо, үр тариагаа худалдаж авдаг гэсэн. Гэтэл ногоо жимс хэрэглэнэ биз дээ? Хальсыг нь яаж хаядаг вэ?

Би импортын жимс огт хэрэглэдэггүй. \инээв\ Харин аньс, нэрс гэх мэт Монгол жимснүүдээ намар ихээр нь аваад сайхан цэвэрлэж хөлдөөдөг. Тэрийгээ л өвөлжин, хаваржин хэрэглэнэ. Энэ нь хамгийн эрүүл хүнс гэж боддог. Хаягдал ч гардаггүй юм. Одоо таны ууж байгаа цай ч гэсэн аньсны цай шүү дээ. Би өөрөө л хийсэн. \ ивээв\

 Тийм байна аа. Хачин сайхан цай байна. Сайхан цайгаараа дайлсанд баярлалаа.  Ер нь хог бага гаргахын тулд худалдан авалт хийхдээ л “Хаягдал гарах уу, сав баглаа боодлыг нь яаж дахин ашиглах вэ” гэж харж авдаг байх?

Тийм ээ. Би анх гурилаа таван хилээр нь худалдаж авдаг байсан. Тэгээд уутыг нь яаж ашиглах вэ гэж бодоод, бодоод олоогүй болохоороо цуглууж байгаад гэр хорооллынхонд өгсөн. Нүүрсээ болон хогоо хийхэд нь хэрэгтэй байдаг юм билээ. Гэхдээ одоо бол гурилаа цаасан савалгаатайгаар, хилээр авч байна. Цаасан уутыг нь дахиж ашиглаж чадаж байгаа учраас…

 Хүн их уйдамтгай амьтан. Танд хааяа, найз нөхөдтэйгөө уулзаж дарс уунгаа элдэв амттан идэж баярлах юмсан гэж бодогдохгүй юу?

Тэгнэ л дээ. \ инээв\ Гэхдээ тийм тохиолдол маш ховор гарна даа.

 Та ер нь хэр олон найзтай вэ?

Маш цөөхөн. Би 28 жил нягтлан хийсэн. Сүүлдээ их ядраад ажлаасаа баяр баясал гэхээсээ стрэсс зовинол л авдаг болсон. Хэт их өөрийгөө стрэссдүүлж зовоосны үрээр  нэлээд удаан өвдсөн юм.  Өвчтэй байхдаа л найз нөхдийнхөө чанарыг хамгийн сайн таниж авсан даа. \инээв\ Цалин сайтай үед, найзаа, нөхрөө гэдэг байсан хүмүүсийн харилцаа ажилгүй мөнгөгүй болох цагт илт хүйтэрч зүгээр л холдчихдог юм билээ. Энэ бүхнийг эрт ойлгож таньсан нэг бодлын би их азтай хүн шүү… \инээв\ Тэгээд ч олон найзтай байвал цаг завнаас эхлээд л их зүйл шаардагдана. Гараас юм гарахгүй л дээ. Одоо надад цөөхөн чанартай найзууд минь л үлдсэн. Надтай адилхан бодолтой, намайг дэмждэг хэд маань л үлдсэн дээ.

 Яагаад ингэж асуугаад байна вэ гэвэл минимал амьдралыг дэмжигчид, хэмнэгчдийг их аминчхан хүмүүс гэж хэлэх нь байдаг л даа. Би ч ийм үг сонсож л байсан. \инээв\ Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Би өөрийгөө аминчхан гэж хэлэхэд хэцүү байна. Хүмүүсийг эрүүл, эко бүтээгдэхүүн хэрэглээсэй л гэж чин сэтгэлээсээ бодож хичээж “Гуа” брэндээ хийдэг. Энэ бизнес айхтар томроод, цөм цөм ашиг олоод л гэдэг ч юм уу тийм юм хүсдэггүй ээ.  Зүгээр л эргэн тойрныхондоо байгалийн гаралтай бүтээгдэхүүн санал болгох юмсан, бүтээгдэхүүн маань байгальд 100 хувь ээлтэй, хог хаягдалгүй байх ёстой зэргийг л бодож хийж байна. Хог хаяхгүй байхыг хичээж энд тэндээс ашигласан бүтээгдэхүүн олж аваад  дахин ашиглаад байгаа маань энэ сайхан эх орноо үзэсгэлэнтэй хэвээр нь ирээдүйн үрсдээ үлдээх гэсэн чин хүслийн минь бодит үйлдэл гэж боддог. Тэгэхээр минималистууд аминчхан хүмүүс биш. Харин ч эсэргээрээ болов уу… Яахав, хэмнэж байгаа нь зарим хүмүүсд тийм сэтгэгдэл төрүүлдэг шиг байгаа юм. Амиа бодсон гэдэг үгийг сонсож л байсан. \ инээв\

Та хэрэглээнийхээ ихэнхийг гэртээ хийж байна. Талхаа барьчихна. Угаалын болон, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хийчихдэг. Гэтэл таны ярилцлагыг уншсан зарим хүн “ Аан энэ гэртээ суудаг, завтай хүн учраас л  хийдэг юм байна. Би бол ажилтай төрөлтэй завгүй учраас чадахгүй” гэж хэлэх л байх даа…

Хүн хэрвээ эрүүл, зовлонгүй амьдаръя гэвэл идэж ууж байгаа хоол ундандаа хамгийн нэгдүгээрт анхаарах ёстой. Гоо сайхны бүтээгдэхүүндээ ч тэр… Тэрнээс завтай хүний ажил биш юм шүү. Би бас л завгүй. Гоо брэндийнхээ бүх бүтээгдэхүүнийг өөрөө хийхээс гадна зарж борлуулахаас эхлээд яг ганцаараа хийдэг. Өглөө 4,5 цагт босоод л савангаа хийнэ. Зарим үед хоногийн 24 цаг ч ханагалтгүй байдаг. Гэсэн ч би дундуур нь хоол ундаа хийж, идэж уухаа бэлтгэдэг. Ингэх л ёстой гэж боддог. Хэрвээ эрүүл мэндээ боддог бол… Ер нь хүн зорилготой байхдаа үргэлж нөгөө зорилгоо л боддог юм байна. Жишээлбэл би “Яаж бүтээгдэхүнээ илүү сайжруулах билээ? Ямар орц нэмбэл илүү чанартай болох бол” гээд л байнга бодно. Тэгэхээр чинь унтаад байх ч сонирхол байдаггүй. Жаахан сэрвэлзээд ирэхээрээ л “Нойр хүрэхгүй хэцүү юм” гэж бодож шаналаж, хүлээлгүйгээр шууд босоод л ажлаа хийж эхэлдэг. Тийм л болдог юм байна. \ инээв\

Танаас өөр байдлаар амьдардаг мянга мянган хүн байна даа. Амттан шимттэнд дурладаг, брэнд хэрэглэж, элдэв гоёл чимэглэл цуглуулаад байнга бэлэн бүтээгдэхүүн худалдаж авдаг. Ийм хүмүүсийг хараад танд ямар бодол төрдөг вэ?

Хог болохыг нь мэдсээр байж худалдаж аваад байх юм. Нэг их гоё сав баглаа боодолтой бүтээгдэхүүний зардал тэр савандаа л шингэсэн байдаг. Дэлгүүрээс гараад л гэртээ аваачиж хаяхын хооронд тийм их савтай бүтээгдэхүүн авах хэрэг байна уу даа гэж бодогддог.

Одоо хоёулаа таны санаачлан эхлүүлсэн “Гуа” брэдийн талаар ярилцъя аа. Та бүх бүтээгдэхүүнээ гэртээ хийж байна уу? Орж ирэхэд л таны саван шампунь үнэртэж байна билээ…

\инээв\ Би өглөө хийсэн. Одоо хатааж байгаа юм. Гал тогооныхоо өрөөнд л үйлдвэрлэдэг. Тэгээд үнэртэж байгаа байх. Ер нь бүх гарааны бизнес над шиг л эхэлдэг болов уу… Би малын тос өөх шууд хаягдаж байгаад маш их санаа зовдог байсан. Ихэнх айл өрх өөхөө идэхгүй байна шүү дээ. Гэтэл хонины махны бараг тал нь өөх байдаг. Хэдийгээр би өөрөө хаядаггүй байсан ч энэ сайхан бэлчээрийн эрүүл малныхаа өөх тосыг хаяж байгаад эмзэглэж “Энийг л ашиглах хэрэгтэй” гэж бодож өнөөдрийн ажлаа эхлүүлсэн. Одоо 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Цаашдаа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах тал дээр л хамгийн их анхаарч ажиллаж байгаа. Өнжөөд л 100 ширхэг саван хийдэг. Амралтын өдрүүдэд 200 ширхэгийг хийнэ. Сүүлийн үед шампунь их эрэлттэй байгаа болохоор шампуниа бас хийж байгаа. Сая баяраар нэг байгууллагын дарга ажилтнууддаа бэлэг боолгож авсан юм. Бэлгэндээ хоёр шампунь хийлгэсэн. “Таны шампунь их сайн” гэж хэлсэн нь үнэхээр урам өгсөн.

Зах дээл дээр тантай адил малын түүхий эдээр саван үйлдвэрлэдэг олон аж ахуй нэгж, хоршоод байна. Танайх юугаараа илүү вэ?

Хамгийн гол нь чанартай гэж би хэлнэ. Гэхдээ хямдхан. Миний саван хоёр жилийн өмнөх үнээрээ л байгаа. Гэтэл долларын ханш яаж өслөө дөө… Бизнест зарим бүтээгдэхүүн нь ашигтай байхад зарим нь дөнгөж зардлаа нөхөх хэмжээнд байх нь бий. Манай шампунь бол яг л өөрийн өртөг зардлаараа худалдаалагддаг. Эдийн саванд бол малын тос арай илүү орцтой ордог учраас шампуниа бодвол ашигтай. Ийм л байна. Хамгийн гол нь би өдөр тутмын амьдралаа хэнээс ч хамаарахгүй авч явж байна. Өөрийн хүссэн зүйлээ хийгээд, зорилгынхоо төлөө урамтай ажиллаж байна. Энэ л хангалттай. Орой 20 цагт ажлаа тарж ирээд бүтээгдэхүүнийхээ бүх орцыг жигнэж тавьдаг. Өглөө сэрээд хийнэ. Өглөө бүр яг хоёр цаг гучин минутыг бүтээгдэхүүнээ хийхэд зарцуулж байна.

Та хатуу шампунь санал болгодог. Ямар ч савалгаагүй. Гэтэл зарим хүний хувьд савангаар үсээ угаана гэдэг санаанд нь огт буудаггүй шүү дээ. Та хэрэглэгчиддээ яаж тайлбарлаж ойлгуулдаг вэ?

Хатуу шампуниас нэгдүгээрт ямар ч савалгааны хаягдал гарахгүйгээс гадна химийн орцгүй учраас үсэнд хамгийн сайн тэжээл болдог. Гэтэл зарим хүн огт ойлгодоггүй. Энэ чинь үс зунгааралдуулаад, хатуу болгож байна. Ёстой муухай гэдэг. Миний бодлоор энэ нь тухайн хүний үсний гэмтлээс шалтгаалж байх шиг байна. Үсээ их буддаг, хими хийлгэдэг ч юм уу тийм үсэнд зохицохгүй байх шиг байгаа юм. Тэгэхээр нь би хүмүүст юу гэж хэлдэг вэ гэвэл “Та наад хатуу шампуниа дуустал нь тэвчээртэй хэрэглээд үзээрэй. Үр дүн огт өөр мэдрэгдэх вий. Эхний үед органик бүтээгдэхүүний шок гэж байдаг учраас үсээ эрүүл болгоё гэвэл хэрэглээд үзэх хэрэгтэй” л гэж зөвөлдөг. Гэхдээ сүүлийн үед шампунь авдаг хүн их болсон. Хандлага өөрчлөгдөөд байна. Ер нь би бүтээгдэхүүнээ сайжруулах тал дээр л хамгийн их анхаардаг л даа. Орцыг нь нэмж сайжруулаад л байгаа. Хүмүүс ангижруулагч их асуудаг. Би Америкаас органик ангижруулагчид захиж авчруулсан. Гэхдээ их үнэтэй болох юм шиг санагдаад гайхаад л байна. Гэхдээ хийж үзнэ. Ер нь үсийг зөөлрүүлдэг органик бүтээгдэхүүн бол ланолин юм. Нэгэнт хатуу шампунид ланилоноос шаардлагатай орцоороо орж байгаа учраас заавал илүү зардал гаргаж тусд нь ангиржуулагч авах шаардлаггүй л юм уг нь…

 Би бас ангижруулагч их хэрэглэдэг байсан л даа. Ангижруулагч хэрэглэх шаардлагатай гэсэн бодол автоматаар тархинд суусан үе байлаа. Одоо бол ангижруулагчтай, ангижруулагчгүй үр дүн яг ижил байдгийг мэдсэн учраас худалдаж авдаггүй л дээ. Энийг ойлгохын тулд их удсаан. \ инээв\ Тэгэхээр бидний сэтгэлгээнд л байна даа.

Элдэв юм хэрэглэх тусам л тэр хор болдог. Ангижруулах ёстой гээд л химийн болистой бүтээгдэхүүн хэрэглээд байвал үс их гэмтдэг. Хэрэглээд сурчихсан болохоороо л шампунь ангижруулагчийг цуг аваад байгаа юм. Гэтэл энэ бол бас компаниудын бизнес маркетинг шүү дээ.

Та 2 жилийн өмнөөс амьдралын хэв маягаа өөрчилж өөрийн хийсэн бүтээгдэхүүнээ хэрэглэж эхэлсэн. Таны гоо сайханд гарсан өөрчлөлт гэж байгаа болов уу? Бид нэг тийм бодитой өөрчлөлт хүлээдэг улс шүү дээ…

Миний үс бол гайхалтай ургасан. Уулзаагүй хүн хараад гайхаж байгаа юм чинь… Ер нь органик шампуниуд их сайхан ургуулдаг юм. Бас биеийн арьсанд их өөрчлөлт гарсан. Хуучин хар трико өмсөөд тайлахад арьс хуурайшсанаас болоод цагаан хагнууд триконд наалдсан харагддаг байлаа. Тэр үед чинь би гадаадын хамгийн сайн гэсэн тоснуудыг л авч хэрэглэдэг байлаа шүү дээ. Тэгсэн л хуурайшдаг байсан. Энэ магадгүй манай цаг агаараас болдог байж ч болох юм. Гэтэл одоо тийм юм огт байхгүй болжээ. Би сүүлний тос, тэмээний чөмгөө л тосны оронд хэрэглэдэг. Сая л өөрийг чинь хэлэхээр эргэж санаж байна. Бас усанд орсны дараа арьсыг их сайн чигшүүлдэг.

Та бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас авдаг мм бэ?

Баянзүрх зах болон, натур худалдааны төвөөсөө авдаг. Тэгээд л гэртээ ирж чанаж болгоод тосыг нь авдаг. Бусад дээд зэрэглэлийн тосыг АНУ-с захиалдаг даа.

Бүтээгдэхүүний хэдэн хувьд нь Монгол малын тос ордог вэ?

Шампуньд бол манай малын тос их бага ордог. Дийлэнх нь Америкаас захиж авчруулдаг органик тосууд орно.  20% -д нь Монгол тос ордог бол 80%-д нь коконат, кастор, алмонд, усан үзсийн үрийн буюу графсит, олив, эфирийн тос ордог. Тийм болохоор зарим бүтээгдэхүүнийхээ өртөг зардлыг бодох дургуй. Алдагдалтай байгаагаа мэдэх юм бол урамгүй болчих юм шиг санагдаад орхидог.\инээв\ Эдийн савангийн хувьд бол малын гаралтай тос арай ахиу ордог.

Үйлдвэрлэлээс гарсан хаягдлаа яадаг вэ?

Энэ чинь хамгийн их санаа зовоож байгаа асуудал. Би савангийн бизнес эрхлээгүй бол, шил зүсэгчтэй болоод хаягдал шилээр бүтээл хийдэг бизнес эхлүүлнэ эсвэл малын гаралтай хаягдал бүтээгдэхүүн авч хадгалдаг цэгтэй болох байсан байх. Одоо савандаа л анхаараад өөр зүйлд анхаарч чадахгүй байна. Гэхдээ хаягдал яс авдаг цэгтэй болох талаар судалж үзэхэд том хөлдөөгч хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тэгээд хүмүүсийн хаяж байгаа яснуудыг ядаж буцалгаж цэвэрлээд дахин нэг удаа ашиглаж хаявал ойр орчмоо өмхийрүүлж хөрсөнд элдэв нянгийн бохирдол үүсгэхээс сэргийлж чадах юм гэж боддог. Уг нь, ажил олдохгүй байна гээд байдаг сайхан том том биетэй залуус ийм ажил хийвэл болохгүй зүйл алга. Ямар ч ажлыг сэтгэлээсээ, тууштай хийвэл заавал үр ашгаа өгдөг. Хачин сайхан амттай цай чанаад зах дээр зарахад л амьдралаа тов хийлгээд аваад явчихна шүү дээ. Гэтэл төр засгаа буруутгаад л, бусдаас хүлээж гордьдоод суух юм. Бизнес эхлүүлэхэд ч тийм их мөнгө шаардагдахгүй. Зүгээр л өөрөөсөө эхлэх хэрэгтэй.

Нээрээ л бидэнд их асуудал байна л даа. Сая гялгар уутны хориг хэрэгжиж эхлэхэд олон хүн “Орлуулах бүтээгдэхүүнээ дэлгүүртээ зарахгүй байж гялгар уут хорьдог нь буруу” гэж сөргөж байсан.

Харамсалтай нь манайхан гайхалтай бэлэнчлэх сонирхолтой. Хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөхгүй байна л даа… Байгаль орчноо ямар аймаар болгож байна. Хамаг эд баялагаа ухаад л… Хоосорлоо шүү дээ. Уг нь бид өөрсдөө баялийг бүтээх ёстой. Наанадаж л хог бага гаргаж амьдрахыг хичээх ёстой. Тэр даавуун торыг хэн ч оёчихно шүү дээ. Манай Монголчууд уг нь хамгийн энгийн амьдралтай, байгальдаа ээлтэй ард түмэн юм. Даана ч энэ нь социализмаар дуусжээ. Сүүлийн жилүүдэд энэ улс төрчид, сонгуулийн балгаар, ард түмэн гараа хумхичихаад, амаа ангайгаад сурчихсан. Бэлэн юм л тарааж байвал сайн хүн гэж ойлгодог. Гэтэл хүн хэзээ ч бусдад зүгээр юм өгдөггүй л байхгүй юу даа. Сонгуулиар, элдэв баяраар танд бэлэг тарааж байгаа бол тэр бэлгээ хэд нугалж авах зорилгынхоо төлөө л ажилна гэсэн үг. Энэ байдлыг л зогсоох хэрэгтэй.

Хог хаягдал бага гаргана гэхээр зарим хүний хувьд төлөөлшгүй байдаг шиг билээ.

Төсөөлөхгүй л байна л даа үнэхээр…. Баахан хог худалдаж авч байж л нэг таашаал авдаг юм уу даа… Даавуун тор барьчихаар л эмзэг, ядарсан харагдана гэж ойлгодог юм уу? Мэдэхгүй… бараг л тийм байна. \инээв\

Ер нь бид нар өөртөө биш хүнд таалагдах гэж л амьдардаг улс юм болов уу? Сүүлийн үед энэ бодол л хамгийн зөв гаргалгаа шиг санагдах болсон…

Монголчуудын нэг дутагдал тэр байхгүй юу. Бүх насаараа, гадаад байдлаараа хүнд таалагдах гэж л амьдардаг. Учиргүй их үнэтэй булга, минж өмсөөд л байдаг. Гэрт нь хүүхэд нь идэх хоолгүй, үнэтэй машин унасан хэрнээ амьдрах байргүй… Ингэж амьдрах ямар шаардлага байна вэ? Явган явах хэрэгтэй шүү дээ.  Монголчууд биднийг хамгийн их доош чангааж байгаа зан чанар гэж ойлгодог.

Энэ ч зөвхөн Монгол биш ерөөсөө ядуу ард түмнүүдийн л мөн чанар юм шиг… Нэг тийм дутуугийн мэдрэмж гэж байдаг даа… Муугаа, буруугаа, ядуугаа мэдэгдүүлэхгүй гэж байдгаараа хичээх хүсэл… Хамгаалалт ч юм шиг…

Залуудаа их ядруухан байсан хүн нас яваад ирэхээрээ тансаг амьдрах ёстой гэсэн ойлголттой. Тэр дутуугийн мэдрэмжээсээ бодоод л элдэв хог цуглуулж, алт мөнгө зүүгээд байдаг. Гэтэл хамгийн гол нь үр хүүхэддээ л хөрөнгө оруулалт хийх ёстой. Зөв хүн болгож л хүмүүжлүүлэх ёстой. Ядаж л хогоо хаядаггүй, хов ярьдаггүй, тууштай, ажлаа бүрэн дүүрэн сэтгэлээсээ хийдэг, худал ярьж, худлаа хэлдэггүй тийм болгож хүмүүжүүлэхийн төлөө хичээх ёстой.

Энэ бүхнийг хүүхдэд багаас нь заах ёстой. Сургалтын системд оруулж, зааж, сургах ёстой гэж боддог уу?

Би сүүлийн үед наад талаар чинь л хамгийн их боддог болсон. Намайг бага байхад үйлчлэх хөдөлмөрийн хичээлээр, оёдол эсгүүр, хоол хийх арга, мужаан гээд амьдралын ухаан зааж байсан. Хүүхэд  онц сураад сайхан амьдарна гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Математикч хүүхэд хоолоо хийж чадахгүй бол, олимпиадын хэдэн арван медальтай хэрнээ амьдралд бүдрэх тохиол их байна. Тиймээс эх орон ч үзэл, байгаль орчноо хамгаалах, хог бага гарахын учир, арга ухааныг багаас нь заах хэрэгтэй байна аа. Уг нь минималистууд бид аминчхан биш хог хаяж байгаа , бэлэн юм худалдаж аваад л амьдарч байгаа хүмүүс чинь залхуу, хамгийн хувь хичээсэн хүмүүс юм. Тэгэхдээ би, таван жилийн дараа манай Монгол өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг. Үгүй ядаж л варейный шилээ угааж цэвэрлээд тусд нь хаядаг болох байх. Хог хаях стандарт гэж байх ёстой. Жаахан хугацаа хэрэгтэй, төр засгаас бодлогоор дэмжих ёстой. Ингэж байж л өөрчлөгдөнө. Эх оронч үзэл гэж оогт алга. Гадаадыг л шүтэн биширч байна.

Эх оронтой холбоотой таны ойлголт ямар байдал бол?

Эх орон бол ээж минь бас гэр орон минь л юм даа. Ээжгүй, гэр оронгүй хүн ямар хэцүү байх билээ. Бүгдэд хөөгдөөд л… мөнхөд хавчигдаж гадуурхагдана. Тиймээс монголчууд бид энэ сайхан эх оронд төрсөндөө өөрсдөөрөө бахархаж хөгжүүлэх хэрэгтэй байна. Наандаж л бидэнд дайн самуун алга. Энх тайван байна шүү дээ. Төр засгийн энэ самуун бол цаг хугацааны асуудал гэж би хардаг. Одоо хүн бүр л хичээж ажиллах хэрэгтэй байна. Хэнээс ч юу ч битгий хүлээ, хар… Бид л энэ Монголоо хөгжүүлж хог шороноос нь салгах болохоос гадны ямар ч хүн ирээд бидний муу муухайг цэвэрлэж өгөхгүй. Ямар ч хөгжилтэй улс оронд очсон бид нэг л дутууг мэдрэх  болно. Тиймээс энэ сайхан эх орноо, улс гүрнээ хайрлаж, хөгжүүлэх нь бидний нэн тулгамдсан үүрэг юм. Хүссэн хүн бүрт бизнес хийх боломж байна. Хөгжингүй улс оронд бол хэцүү шүү дээ. Хамгийн анх би өөрөө ч бизнес хийгээд энэ хүртэл явна гэж бодоогүй байсан. Дандаа л бэлэнчилдэг энэ сэтгэлгээнээсээ л салах хэрэгтэй байна. Хүн бүр үйлдвэрлэгч, өрх бүр хэмнэгч байх хэрэгтэй байна аа \ инээв\ Тэгэх юм бол бид маш хурдан хөгжинө.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгааны талаар бас асуумаар байна. Монголоо ч харсан дэлхий нийтийг ч харсан эмэгтэйчүүдийн манлайлал их байна. Та ч гэсэн амьдрал ахуйгаа өргөж яваа ганц бие бизнес эмэгтэй шүү дээ.

Эмэгтэйчүүд их дайчин улс юмаа хараад байхад. Манай Монгол эрчүүд их сул дорой болчихсон юм шиг анзаарагдах юм. Ихэнх нь ажилгүй, гэр бүлээ тэжээх чадваргүй болжээ. Сайн сайхан залуус их байгаа ч нийт массд бол эрчүүдийн манлайлал, тэдний ноён нуруу, ухаан дутагдаж байна. Харахад дийлэнхдээ эмэгтэйчүүд л гэр бүлээ авч яваад байх юм. Энэ нь 90-д онд ээж аав нар охин хүүхэддээ их анхаарч сургуульд сургаад хөвгүүдээ сургууль завсардуулсны гор гэж тайлбарлаж байдаг. Магадгүй л юм. Ямар ч байсан эмэгтэйчүүдийн манлайлал илүү байна.

Тиймээ… Арабын ертөнцөд хүртэл эмэгтэйчүүд эрхээ хамгаалж дуугарч эхэллээ. Олон эхнэртэй байхыг зоригтой эсэргүүцдэг болж… Гивлүүрээ авч хаяж байна. Ерөөсөө л хүн төрөлхтөн өөрчлөгдөж байгаа юм болов уу гэж хардаг. Гэхдээ материаллаг бус талруугаа. Сэтгэлийн хөгжил, энэрэнгүй байдал гэдэг ч юм уу… Бясалгалыг сонирхож судалдаг хүмүүс их болж. Нэг үе баясалгадаг хүмүүсийг жаахан гажигтай гэж хардаг байсан бол одоо, шинэ цагийн интерпрёнеруудын өөртөө заавал дадуулж хэвшүүлэх ёстой нэг чадвар бол бясалгал, сэтгэлийн тэнцвэрээ хадгалж сурах гэж үзээд байна. Сэтгэлзүйн хувьд, сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх давалгаа эхэлсэн шиг санагддаг. Гадагшаа биш илүү дотогшоо хандаж эхэлж байх шиг. Дотогшоо хандана гэдэг маань л өөрийгөө таних, ээж, байгаль эх, сэтгэл юм даа.

Тийм байж магадгүй л юм. Чи яг онож хэллээ.

Та эмэгтэй хүний зан байдал, мөн чанарын талаар ямар бодол сэтгэгдэлтэй байдаг вэ?

Эмэгтэй хүн бол хүчтэйдээ хүчтэй, эмзэгдээ эмзэг. Өчүүхэн зүйлд гомдож тунидаг хэрнээ их том зовлон гачаалыг давж чаддаг. Сэтгэлийн тэвчээртэй хүмүүс гэж боддог. Үр хүүхэд бол хамгийн том хөдөлгүүр байдаг. Гэр бүл саллаа гэхэд эмэгтэй нь хүчтэй болсон байхад эрэгтэй нь шат буурсан байхыг олон харсан. Яагаад эмэгтэйчүүд дайчин, мохошүй байна гэхээд үр хүүхдээ л хараад зоригждог.

Та энэ байрандаа их цомхон тавилгатай юмаа. Гэртээ тавилга авалгүй хэр удсан бэ?

Сүүлийн гурван жил гэртээ ганц ч тавилга аваагүй. Тавилга байтугай үнэртэй ус, угаалгын нунтаг ч худалдаж авсангүй. Надад зорилго байна. Энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өөрт байгаа бүх л сэтгэлийн бөгөөд эд материалын хөрөнгөө түүндээ л өгч байна даа. Би бол эд материалд цадсан хүн. Надад элдвийг хувалдаж авах хүсэл огт төрөхгүй болжээ.

Тэгэхээр хүн зорилготой л байх ёстой юм байна. Тэгвэл л элдвийг бодож шаналахгүй, аз жаргалтайгаар зорилгынхоо төлөө тэмцдэг байх нь байна шүү дээ.

Тийм ээ. Хүн зорилготой байх ёстой. Нөгөөтэйгүүр хүн өөрийн дуртай зүйлээ, авъяасаа олж илрүүлэх ёстой. Нэг их том зорилго тавиад түүндээ ямар ч авъяасгүй бол бараг шаналал болох байх… Үр дүн гарахгүй шүү дээ. Би борлуулалтын ажилдаа ч дуртай. Тийм болохоор саван шампуниа аз жаргалтайгаар борлуулдаг даа. \ инээв\ Саван бодох сайхан шүү дээ. Савангийнхаа чанарыг яаж сайжруулах билээ л гэж бодно уу гэхээс  өөр элдэв зүйл бодох ч сөхөө гарахгүй шүү дээ.\инээв\

Мэдээж зорилготой байх түүнийхээ төлөө хийчээх сайхан. Гэсэн ч амьдрал олон өнгөтэй. Сэтгэлээр унах үе гарахгүй гэж үү?

Би 29 хөн настайдаа хоёр хүүхдээ дагуулаад гэрээсээ гарсан гэж хэлж байсан даа. Таксины мөнгө ч байгаагүй ээ. Нөхрөөсөө юу ч аваагүй. Надад ганц удаа ч хүүхдийн тэтгэмж гэж өгөөгүй. Би ч авъя гэж бодоогүй. Хүүхдүүд жаахан байхад амаргүй үеүд байсан. Бага залуудаа ийм амьдрал үзсэн болохоороо ч тэрүү одоо тэр бүр гомдож, туниад уйлж урвайгаад , сэтгэлээр унадаггүй. Нурж унадаггүй. Одоо барагтай юмыг тоодоггүй. Нэгэнт хүүхдүүдээрээ холбоотой хүмүүс хэзээ нэг цагт уулздаг л юм билээ. Одоо бид хааяа уулзаад хамт хоолонд ордог л юм. Надад тэр хүнд гомдох ямар ч сэтгэл төрдөггүй.

Амьдрал бас хатуу юмаа.

Тийм шүү. Хатуудаа хатуу… Гэхдээ одоо бол би өөрөөрөө бахархдаг. Үр хүүхдээ хараад жаргалтай байна. Эмэгтэй хүн бол өөрийгөө золиосолж л амьдардаг юм билээ л дээ. Одоо би өнгөрүүлснээ харахаар өөрөөрөө барахаж, би чадсаан гэж боддог доо. \инээв\

Та юунаас таашаал авдаг вэ?

Үр хүүхдийнхээ сайн сайхан явааг хараад таашаал авч байна. Энэ бол амьдралын баяр баясгалан. Одоо бол би элдвийг бодож гуниглах ч хүсэлгүй. Тийм элдэв таагүй бодол ч орж ирдэггүй. Мэдээж амьдрал олон өнгөтэй болохоор заримдаа гуниглах үе гардаг ч савангаа хийгээд л тайвчирдаг.\инээв\ Тэрнээс хэн нэг найзруугаа утас цохиод л, ууж иддэг үе надаас бүр алсарчээ. Тийм хүмүүсийг би сэтгэл зүй нь тогтворжоогүй байна аа л гэж ойлгодог. Хэн нэгэнтэй мудалцаж арсалдахаа ч байчихсан. Хайран энерги, хүч минь гэж боддог. “ Заа энэ хүн ч ойлгохгүй нь дээ” гэж бодоод дуугуй болчихдог. Эсвэл “Уучлаарай” гээд л хэлчихдэг. Дуугуй болох нь бууж өгч байна гэсэн үг биш шүү дээ. \инээв\ Хүн сэтгэлийн амар амгалангаа манаж чаддаг байх ёстой юмаа. Хийх ажил зөндөө байна. Түүндээ л анхаарах хэрэгтэй. Интернет орчинд сөрөг, аймшигтай, сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл гарч байгаа харагддаг. Би уншдаг үгүй.

Минимал амьдралын хэв маяг хүнд яаж нөлөөлдөг юм бол? Хэдэн жилийн өмнөх Ууганбаяр, өнөөдрийн Ууганбаяр хоёрын дотоодод өөрчлөлт гарсан уу?  

Мэдээж маш их өөрчлөгдсөн. Ер нь би ямар ч ажлыг сэтгэлээсээ хамгаа зориулж хийдэг хүн. Энэ нь дутагдал болдог ч байж магад. Тухайлбал, нягтлан байхдаа ажилдаа ёстой сэтгэлээрээ ханддаг байлаа. Тайлан тооцоогоо шөнө хүртэл зүүдэлнэ. Гэтэл тэр ажлын  үр дүн  нүдэнд шууд ил тод харагддаг ажил биш шүү дээ. Тэгэхээр л хүмүүс намайг ойлгохгүй, дэмжихгүй байгаа юм шиг санагдаад л гутардаг байлаа. Чин үнэнчээр ажиллаж, зүтээд байхад энэ хүмүүс намайг ойлгохгүй, дэмжихгүй байна гэж боддог байсан. Үүнээсээ болоод сэтгэлээр унадаг. Өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй байгаадаа гутардаг байлаа. Одоо бол үгүй. Сэтгэлээ гаргаад ажиллаж байгаа маань өөрт л таашаалтай байгаагаа мэдрэх нь сайхан болохоос бусад хүн намайг ойлгоно уу, үгүй юу? Дэмжинэ үү? үгүй юу огт хамаагүй болсон. Эргээд бодоход ямар жижигхэн зүйлд анхаардаг байж вэ гэж санагддаг. Ер нь эд хөрөнгө элдэв тансаглалаас салаад ирэхээр хүн их тэнүүн, тайван, өөрийнхөө байдалд итгэлтэй, хэнд ч таалагдах шаардлагагүйгээ мэдрээд сэтгэл дүүрчихдэг юм билээ. \инээв\

 Одоо та өөрийн амьдралын хэв маягаа хамгийн зөв зам гэж үзэж байгаа болоод л таатай сайхан амьдарч байна. Дэлхийн чиг хандлага ч минимал амьдралын хэв маягруу орж, хүн төрөлхтөнг уриалж байна. Та энэ амьдралын хэв маягаа бусдад ойлгуулахыг, таниулахыг хүсдэг үү?

Үгүй. Тэгэх л юм бол, горгор, аминчхан, хувиа хичээсэн гэж хэлдэг шдээ. \инээв\ Тиймээс заавал зарлах шаардлага алга. Харин сонирхоод ирвэл сайхан зөвлөж чадна. Байгаль дэлхийдээ ээлтэй байх нь хамгийн буянтай амьдрал гэж боддог. Хүн бүр ирсэн газартаа буцна. Бидний үр хүүхэд л үлдэнэ шүү дээ. Үр хүүхэддээ хогоо үлдээгээд үхэхийг хүсэхгүй байна.

 Заа хоёулаа яриагаа дуусгая даа. Тантай ярилцахад таатай сайхан байлаа.

Баярлалаа