Амьдралын хэвшил, ажил үйл нь байгальд ээлтэй хүмүүстэй ярилцаж суралцахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Ганц өөрөө мэдээд орхих бус бусаддаа түгээж хамтдаа хөгжих бол миний чин хүсэл билээ. Байгальдаа ээлтэй амьдрахын арвин туршлагатай, хайр дүүрэн сэтгэлтэй хүмүүстэй ярилцсанаа сайтдаа оруулдаг болоод багагүй хугацаа өнөгрчээ. Хүн ямар мэдээлэл авахаас хамаарч үйлдэл нь гардаг болохоор л ийм ажил хийгээд суудаг юм. Ингээд бас нэг сайхан яриа хөөрөөгөө оруулж байна.
Хэдэн зууны туршид АШИГТАЙ байх тухай л онолдож байсан эдийн засагчид одоо, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ байх тухай уриалах боллоо. Ашигтай байхын зэрэгцээ хариуцлагатай байх нь хамгийн тогтворой бизнес гэж онцолж байна. Яагаад…? Яагаад…? Яагаад…? Хамгийн товчхон хариулт бол “Би, бид хөрөнгө мөнгөтэй болсон ч аз жаргалгүй байна” юм. Тэгвэл аз жаргал, амар амгалан хаана байна вэ? Хүн бүр өөрийнхөөрөө хэлэх бизээ. Гэсэн ч дэлхий дахинд, аз жаргалын түлхүүр нь дотоод сэтгэлийн амар амгалан бөгөөд үүнд хүрэх зам нь байгаль гэж үзэж байна. Тиймээс тойргийн эдийн засаг буюу хаягдалгүй, тогтвортой, ногоон бизнесийг дэлгэрүүлэхийг уриалж байгаа юм. Манай улсад ч энэ хандлага хэдийнэ бий болжээ. Бид энэ удаа хүндээ эрүүл, байгальдаа ээлтэй зарчмыг суурь зорилтоо болгосон Монголын анхны хог хаягдлаа ангилдаг ресторан болсон “Route 22 restaurant and Wine lounge”-ийг үүсгэн байгуулагч Route Catering ХХК-ийн захирал Н.Болормаатай ярилцлаа. \Zoma Kitchen and Bar, Fig and Olive Gastropub, Greeno Health food store and café\
Яагаад ногоон бизнесд хүчээ сорих болов оо? Уул уурхай, барилгынхныг бодвол ашиг багатай бизнес шүү дээ?
Би компанийн нийгмийн хариуцлага, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр Энержи Ресурс ХХК-д таван жил ажилласан. Угаасаа өөрөө энэ чиглэлд сонирхолтой. Аливаа бизнес нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөө бууруулж байх ёстой гэдэг үзэл бодол нэлээд эртнээс суусан. Манай кампани байгууллагдаад дөрвөн жил болж байна. Эхний хоёр жилдээ ч ёстой нэг бужигнаад л таарсан. Яг л бусдын адил сураад, алдаж оноод явсан. Тэгээд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбартаа туршлагажаад ирмэгцээ дараагийн алхмаа хийж эхэлсэн гэсэн үг. Үндсэн сонирхлынхоо дагуу байгаль орчинд ээлтэй гэсэн үндсэн зорилтоо шигтгэж өгч байна л даа. Үр удамдаа, ирээдүйдээ юу үлдээж байна вэ гэдэг асуудал надад маш чухал. Бизнесийн хувьд алдагдалтай байна. Цэвэр хүсэл сонихлоороо хийж байна. Гэхдээ яваандаа өөр болох байх.
Манай улсад ногоон бизнес хөгжүүлэхэд бэрхшээл байна уу?
Нэг их бэрхшээл гэх зүйл байхгүй. Тухайн компанийн менежментийн багийн хүсэл зорилго маш чухал. Яагаад байгаль орчиндоо ээлтэй үйл ажил эрхлэх ёстой вэ гэдгээ ажилчиддаа сайн ойлгуулах ёстой. Миний бодлоор ногоон бизнес хүний дадал дээр л тулгуурладаг юм болов уу… Айхтар хэцүү том зүйл биш. Хүн бүр дор бүрдээ дадал зуршлаа л өөрчлөх ёстой. Манай компани одоо 60 гаруй ажилчидтай. Надаас эхлээд л энэ талаар ярьдаг, өөрчлөх гэж хичээдэг байх нь менежментийн багтаа нөлөөлөөд, тэд маань ажилчидтайгаа ажилладаг. Бид нар айхтар бодлогын хэмжээнд ажилладаггүй юм аа гэхэд яг манай 60 хүн муу дадал зуршлаа өөрчилж байгаль орчиндоо ээлтэй болчихьё гэж зорьдог. Дадал зуршлыг өөрчлөхөд жаахан хугацаа орно. Ажилчид маань өөр өөр орчинд, гэр бүлд өссөн учраас төрснөөсөө хойш олсон зуршлыг өөрчлөх л чухал болж байгаа юм. Ажилчдын маань ихэнх нь 25-аас доош насны залуучууд учраас харьцангуй гайгүй байдаг.
Ногоон бизнес гэж ямар үйлийг хэлэх вэ? Манайхан бараа бүтээгдэхүүнийхээ гадна талд эсвэл байгууллагынхаа хаягт ЭКО гэх нэр томъёо оруулчихаараа л ногоон бизнес гэж ойлгоод байх шиг санагдах л юм…?
Хүмүүс янз янзаар л ойлгодог байх. Миний хувьд бол дээр хэлсэнчлэн бизнесийнхээ үйл ажлын үр дүнд гарч буй сөрөг нөлөөллийг бууруулж байгаагаа л хэлж чадах байна. Яг манай бизнесийн хувьд огт нөлөө үзүүлэхгүйгээр үйл ажил явуулахад хэцүү байна. Жишээлбэл, нэг удаагийн хуванцрыг бүр мөсөн ашиглахгүй гэхээр одоогоор өөр шийдэл алга . Аль болох хэрэглээгээ бууруулахыг л хэлж байгаа гэж ойлгодог. 100% ногоон бизнес байна л даа. Дахин ашиглах эрчим хүчний бизнес, хуванцар саваар зам тавих, гялгар уутаар дахин бүтээгдэхүүн хийх гэдэг ч юм уу? Тэр бол үнэхээр ногоон бизнес юм. Гэхдээ ихэнх бизнес ногоон болох боломжтой л гэж хардаг.
Танай салбар бүхэлдээ байгаль дэлхийд ээлтэй болоход төр засгийн ямар бодлого чиг хэрэгтэй байна вэ? Энэ бол улс орны бодлого, хэрэгжилтээс шууд хамаарна. Жишээлбэл, манай улсын хог хаягдлын менежмент бүрэн шийдэгдээгүй байна…
Бид хэд МХХДБҮХ ТББ-тай хамтраад \Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо\ хог хаягдлаа ангилдаг болсон. Ажилчиддаа зааж сургахаас гадна гэртээ ч гэсэн ингэж ангилаарай гээд уриалаад л явж байна. Гэтэл хоолны хаягдлаа яах билээ? Улс орон даяараа шийдэгдээгүй асуудал учраас хэцүү байна. Яг ангилаад дахин ашиглагдаж байгаа дахивар бүтээгдэхүүнүүдээ бол цуглуулаад үйлдвэрүүдэд шууд өгдөг. Хаягдлын менежмент, иргэдийн хандлага бүрэн төгс өөрчлөгдөж шинэчлэгдээгүй ч гэсэн дөрөв таван жилийнхтэй харьцуулахад маш өөр болсон байна.
Хоолны хаягдал бол хүлэмжийн хийг нэмэгдүүлж байгаа гол шалтгаануудын нэг. Гэтэл манай улсын хэмжээнд үүнийг шийдэж чадаагүй байна. Гэхдээ хоол үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж байгаа байгууллагууд дотоод дүрэм журмаараа энэ хаягдлыг багасгах боломжтой санагддаг. Жишээлбэл хоолны хэмжээ болон цэсэнд сонголт бий болгох замаар ч юм уу?
Өмнө нь бид хоолны хачрыг таваглаж өгдөг байсан бол одоо тусд нь өгдөг болчихсон. Их үр дүнтэй арга гэж үзэж байна. Хаягдал эрс буурсан нь анзаарагдсан. Хүмүүс өөрийн идэх хэмжээндээ хачраа сонгож авдаг болсон гэсэн үг. Өмнө нь нэг хоол авахад хоёр хачир дагалддаг байлаа. Энэ нь ихдээд хаягддаг байсан. Шинэ консепцио нэвтрүүлэхэд үйлчлүүлэгчдийн 10% нь цадахгүй байна гэж гомдоллох талтай байсан ч 90% нь идэх хэмжээгээрээ сонгоод авч байна.
Хогоо ангилаад хэр удаж байна вэ?
Хоёр сар гаруй хугацаанд ангилж байна. Манайх хогоо ангилсан анхны жишиг ресторан болж байна. Хаана ямар алдаа дутагдал гарах нь вэ? Яаж сайжруулалт хийвэл болох вэ гэдэгтээ дахин санал солилцоод эцэслэсний дараа бусад ресторанууддаа санал болгох зорилготой байна.
Хогоо ангилсаас хойш хогийн цэг рүү илгээж байсан хог хэдэн хувь буурсан бэ?
Нэлээд буурсан. Өглөө тохижилт үйлчилгээний компанийнхан хог ачдаг. Урд нь хоёр сав дүүрэн хог ачуулдаг байсан бол одоо нэг сав нь ч дүүрэхгүй болсон. Бараг 50-60% буурсан гэсэн үг. Ресторануудын ихэнх хэрэглэл хайрцагтай ирдэг. Тэр хайрцгуудыг ангилж байна. Гялгар уутаа ангилдаг. Манайх хуванцартай ус ундаа хэрэглэдэггүй. Шилтэй эсвэл лаазтай ус ундаа хэрэглэдэг учраас лаазаа ангилаад ачуулчихна. Шилээ үйлдвэрт нь буцаагаад өгчихдөг. Хамгийн хэцүү хаягдал бол хөөсөнцөр байна. Нарийн ногоо болон жимс хөөсөнцөртэй ирдэг учраас аргагүй хаяж байна. Бас импортын хүнсний ногоо болон согтууруулах ундааны шилнүүд шууд хаягддаг. Гэхдээ шилийг дахин ашиглаж бүтээгдэхүүн хийх сонирхолтой хүмүүс байдаг юм билээ. Судалгааны шатандаа яваа гэсэн.
Танай нэг зорилго бол эрүүл хоол хүнсийг түгээх гэж ойлгосон. Хоолонд орж байгаа бүтээгдэхүүнээ хаанаас авч байна вэ?
Эрүүл хүнсний тухай ойлголт янз янз байх л даа… Өвөл хүнсний нарийн ногоо хэрэглэнэ гэдэг маш хүнд асуудал болдог. Яалт үгүй л БНХАУ-аас импортлосон ногоо хэрэглэж таарч байна. Гэхдээ Хятад ногоо гээд идэхгүй байх юм уу эсвэл идэж байх нь дээр үү гэдэг дээр нэлээд судалсан. Би одоо эрүүл хоолны чиглэлд суралцаж байна. \health couching\ Тэгэхээр зохих дүрэм журмын дагуу маш сайн угааж цэвэрлээд хүнсэндээ тодорхой хэмжээнд хэрэглэж байх нь хэрэгтэй. Саяхнаас “Сэлэнгэ органик” байгууллагаас бүдүүн ногоогоо авч эхэлсэн. Өвлийн хүлэмж манай улсад ховор учраас нарийн ногоогоо импортын ногоогоор л орлуулж байна. Махны хувьд шинжилгээний бичигтэй, үйлдвэрийн аргаар нядалсан газруудтай гэрээ хийж авдаг даа. Хуурай хүнсээ импортолж байна.
Нийгэм үе үеэрээ ялгардаг. Адил үнэт зүйлтэй, сонирхол, хүсэл зорилго ойролцоо байдаг шиг…? Шинэ үеийнхний бизнес эрхлэгчдэд тавьдаг шаардлага бас өндөр болжээ. Заримдаа ч бүр бизнесүүдээсээ түрүүлсэн байх шиг санагдах юм. Тэд өөртөө ч эрүүл, байгальдаа ч ээлтэй хариуцлагатай тийм бизнесийг сонгож, дэмждэг болж байна. Энэ тухайд ямар бодолтой байдаг вэ?
Хүний хийж байгаа ажил үнэт зүйлтэй нь холбогддог л доо. Миний хувьд үхэх гээд хэвтэж байх тэр үедээ, “Амьдралын хугацаандаа юу бүтээв? Нийгэмдээ эерэгээр нөлөөлж чадав уу? \legacy\ “ гэдэг их чухал. Тиймээс хэрэглэгчидтэйгээ энэ үнэт зүйлсээрээ холбогдохыг зорьдог. Залуу үеийнхний сонголт их өөр болсон. Тэд тухайн үйлчлүүлж буй газрын гол консепцийг судлаж үйлчлүүлэх болжээ. Нэг үеэ бодвол хэрэглэгчид маань мэдээлэлтэй, шаардлага өндөртэй болчихсон гэсэн үг. Олон ресторан дундаас манайхыг яагаад сонгох вэ гэдэг нь тухайн хүний үнэт зүйлтэй холбогдоосой гэж хүсэж байгаа юм. Тэгэхээр бидний хувьд байгаль дэлхийд ээлтэй байхыг хичээж байгаагаараа бусдаасаа ялгарах юм болов уу?
Дэлхий хавтгай гэдэг нь хором бүр л мэдрэгдэж байна. Сүүлийн жилүүдэд эд хөрөнгөнөөс татгалзах амьдралын хэв маяг давалгаа мэт хүчтэй түрэх боллоо. Хогоо ангилах бол энэ хэлбэрийн нэг тусгал. Гэтэл зарим нэгэн хүмүүс, улс нь шийдээгүй байхад хувь хүн хичээх утгагүй, үр дүн гарахгүй гэж үздэг. Та ямар бодолтой байна вэ?
Асуудал байгаа л бол шийдэх хэрэгтэй гэсэн үг. Хэн ч гомдоллоод л сууж чадна шүү дээ. Манайханд нэг тийм хандлага ажиглагддаг. Би бол “хэрвээ ямар нэг зүйл таалагдахгүй байгаа бол барьж аваад шийдчихээсэй” гэж боддог. Монголд байгаль орчиндоо ээлтэй амьдрахад хэцүү биш. Яахав сав баглаа боодолгүй бүтээгдэхүүн худалдаалдаг, санал болгодог дэлгүүр, үйлчилгээний газрууд цөөхөн л байна. Байгаа нэг нь бодит амьдралтай огт нийцэхгүй үнэтэй байдаг. Тийм байх ёсгүй. Байгаль орчноо хамгаалья гэж уриалах хэрнээ 15.000, 20.000 төгрөгөөр тор зараад зогсож байх нь зөв үү? Тэгэхээр байгаль орчинд ээлтэй амьдрал чинь мөнгөтэй, боломжтой хүмүүсийн л хийх зүйл гэсэн үг үү? Тийм байх ёсгүй. Тиймээс би GreenO дэлгүүрээ гэр бүлдээ, ажилчиддаа зориулаад нээсэн. Ядаж манай 60 ажилчид эрүүл бүтээгдэхүүн хэрэглээд, хог хаягдал багатай амьдаръя гэсэн бодолтой байлаа л даа. Гэхдээ одоо цар хүрээ нь томорч байна. Дээрээс нь бид Монголдоо хамгийн хямд эко бүтээгдэхүүнийг санал болгодог болохыг зорьж байгаа юм. Сойзыг л гэхэд 16.000 төгрөгөөр авах хүн хэд байх бол? Тиймээс Номингийн дэлгүүрүүдэд хуванцар сойз 6000 төгрөг байгаа бол түүнтэй өрсөлдөх хэмжээний үнэтэй сойз байж гэмээнэ хүмүүс дадал хэвшлээ өөрчилнө. Байгальд ээлтэй гэх бүтээгдэхүүн нь хэт үнэтэй байгаа учраас хүмүүс дадлаа өөрчилж чадахгүй байна уу даа гэж боддог.
Та нийгмийн ямар асуудалд хамгийн их санаа зовдог вэ?
Залуучуудын хөгжил юм болов уу…? Аливаа улс орны ирээдүй бол залуучууд. Би гадны улс орнуудад олон жил сурч амьдарсан. Тухайн улсын залуучуудтай Монголынхоо залуусыг харьцуулахад арай л дутуу байх шиг санагддаг. Ямар ч зорилгогүй. Хий дэмий цагаа үрсэн байх юм. Тэр улс орон яагаад тийм мундаг хөгжчихсөн юм бэ гээд бодохоор үнэхээр залуучууд нь үнэндээ маш нарийн зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, наргиж цэнгэлээ ч амьдралаа алдаж ууж иддэггүй байх жишээтэй. Тиймээс манай залуус хөгжих шаардлагатай байна даа гэж бодогддог. Цөөн хэсэг нь аав ээжийнхээ ачаар сайн боловсрол эзэмшиж хөгжиж байна. Гэхдээ орхигдсон бүтэн хэсэг байна.
Залуусын хөгжлийг яаж дэмжих ёстой вэ? Энэ завхралыг хэрхэн засаж залруулах ёстой юм бол…? Залуу үе харалган, бүдүүлэг, боловсролгүй, зорилгогүй байна гэдэг эмгэнэл шүү дээ…?
Бид дараах үедээ нөлөөлөх ёстой байх л даа. Ядаж л өөрсдийгөө хөгжүүлье гэсэн эрмэлзлэл, хүсэл сонирхлыг нь бий болгочих юмсан гэж боддог. Одооны хүүхдүүдийг үглэж загнаад эсвэл хатуурхаад нэг их нөлөөлж чадахгүй болов уу. Тиймээс манай менежментийн багийнхан ядаж л өөрсдөөрөө үлгэрлэх юм сан гэж хичээдэг. Ямар боломж байдгийг өдөр тутмын үйлдэл, сонголт, үг хэлээрээ л харуулахыг хичээж байна. \couching\ Эергээр нөлөөлөх нь урт хугацаандаа үр дүнтэй санагддаг. Чанга аргаар ойлгуулах гэж оролдох нь нөлөө багатай юм шиг байна лээ. Манайх залуу компани учраас анхнаасаа байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд анхаарч байна. Үйлдвэрчний эвлэл гэж байсан даа түүнтэй адил гэмээр юм уу даа… Ажилчдын хөгжил болоод бусад асуудлыг хариуцдаг нийгмийн ажилтанг \employee engagement\ шинээр орон тоо гаргаж авч байна. Олон зүйл туршиж байна.
Таны ажлын гол үнэ цэн юу вэ?
Би наад талаар чинь их боддог. Амаргүй салбар шүү дээ. Жижиг чимхлүүр ажил ихтэй, цаг наргүй, олон хүн ажилладаг, амралт байхгүй… Шантрах үе зөндөө зөндөө… “Ер нь яагаад үргэлжлүүлэх ёстой юм бэ? Больдог ч юм уу…?” гэж бодох үе бас байна шүү дээ. Гэсэн ч эцсийн бүлэгт тунаж үлддэг хариулт бол нөгөө л “Нийгэмдээ оруулах хувь нэмэр, миний эерэг нөлөө юу байж болох вэ? Үлдээсэн өв гэвэл юуг хэлэх бол” гэсэн бодол юм. Хүн нийгэмдээ хэрэгтэй байж, бүтээлчээр хандахын тулд заавал хариуцлагатай алба хаших ёсгүй. Хийж байгаа бизнес, татвар шимтгэлээрээ ч гэсэн хувь нэмрээ оруулахад болох юм. Ажилчдынхаа цалинд сардаа 60 гаруй сая төгрөг тавьж байна. Бэлтгэн нийлүүлэгчдээрээ дамжуулаад зуу орчим сая төгрөг төлдөг. Гэх мэтээр л нийгэмдээ хувь нэмрээ оруулж байна гэж боддог. Манайх “Route Catering” ХХК шүү дээ. Route гэдгийг чиглэл гэсэн санаагаар сонгож өгч байсан. Бид энэ салбартаа залуу ч гэлээ салбараа хөгжүүлье. Босгыг дээшлүүлье гэсэн зорилготой ажилладаг.
Таны ярианд нөлөөлөх, хандлага өөрчлөх гэсэн үгс их орж байна. Хүн хөгжихөд яалт үгүй л хэн нэгэн нөлөө үзүүлдэг. Эсвэл даган дуурайдаг хүн байдаг. \mentor\ Хамгийн ойрхоны жишээг асууя л даа… Танай байгууллага шинэ жилээ хэрхэн тэмдэглэсэн бэ?
Манайхан баярын өдрүүдэд ажил ихтэй байдаг учраас 2020 оны 1-р сарын 02-нд Зома \Zoma\ ресторандаа шинэ жилээ тэмдэглэсэн. Уламжлалыг бүтэн эвдэж чадаагүй ч ширээ засаад, тойрч суугаад, идэж уудаг хэвшлээр баярлаагүй ээ. Бүгд баяртаа оролцож өөрсдөө дуулж бүжиглэсэн. Гаднаас ямар ч хамтлаг, дуучин уриагүй гэсэн үг. Бас хатуу архи хэрэглээгүй. Өөрчлөлтийг аажмаар л хийх ёстой. Хүн гэнэтийн өөрчлөлтийг сөргөөр хүлээж авдаг.
Таны ажлын хамгийн сайхан нь юу вэ?
Бидний гол зорилго бол үйлчүүлэгчдэд хоол, дарс зарах биш. Харин дурсамж, сэтгэгдэл үлдээхийн төлөө л юм. Үйлчлүүлэгчдийн сэтгэл өндөр байхад бүгд баярладаг. Үйлчлүүлэгчийн сэтгэгдэл маш чухал. Харин миний хувьд бол манай залуучууд маань ном уншиад л, хэл сураад л идэвх зүтгэлтэй байхад хамгийн сайхан байдаг. Гадагшаа явахад нь аяны цүнх авч өгдөг. \инээв\
Яг энэ цаг үед нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй, байна. Оролцоо нь ч илүү байх шиг… Тэд л өөрчлөлтийн тухай ярьж үлгэрлээд байх юм. Ямар үед эмэгтэйчүүд зоригжиж хүчтэй болдог юм бол оо?
Бас боддог л юм… Бизнес эрхэлдэг найз нөхөд олон байна. Бид чинь наяад оны дунд үеийнхэн болж таарч байна л даа. Манай үеийнхний дунд “Цөм баяжих юмсан, мөнгө яаж олох вэ” гэсэн хүн байдаггүй. “Яаж хүнээ ажиллуулах вэ? Чадварыг нь хэрхэн бүрэн дүүрэн гаргах вэ?” гэж ярьцгаадаг. Дан ганц мөнгө олох талаар бодож зүтгээд байгаа хүн байхгүй. Үндэсний үзэл суусан байна. “Одоо бид л үлгэрлэх, манлайлах ёстой” гэсэн үзэл хандлага их ажиглагддаг л даа. Үе үеийнхий үзэл бодол, хандлагын ялгаа их байна. Хоёрдугаарт, байгаль орчин , нийгмийн асуудлыг дэлхийн бусад улс орнуудад ч эмэгтэйчүүд л илүү хөндөж, оролцож байна. Үр хүүхдүүдүүдийн маань ирээдүйтэй холбоотой учраас шийдэх гэж хичээдэг байж магад. Энэ нь л түлхэц болдог болов уу…?
Хүүхэддээ ямар нийгмийг, байгалийг үлдээх вэ гэдэг нь аав ээж нараас шууд хамаарч байна л даа. Бас ирээдүйн тэр эздийг ч зөв бэлдэх ёстой. Үүнд мөн л ээжүүдийн оролцоо их… Жишээлбэл хүүхдээ хоггүй, цэвэрхэн Монгол улсад амьдруулахыг хүсэж байгаа бол багаас нь хогны талаар ойлгуулж ангилж сургах хэрэгтэй. Та хүүдээ сургаж байна уу?
Хогоо ангилуулах гэж үзэж байна. Дөрвөн настай учраас одоо л зааж сургах ёстой гэж бодоод гэртээ ангилдаг савнууд хийхээр төлөвлөсөн байна. Гэхдээ бид хоёр харьцангуй минимал амьдарахыг хичээнэ ээ. Илүү дутуу юм авах дургуй. Өмнө нь бол тийм байгаагүй л дээ. Хэрэгтэй хэрэггүй юм цуглуулдаг байлаа. Одоо залхчихсан. Ер нь л минимал амьдарч байна. Эд хэрэглэл, хоол унд ч гэсэн энгийн дээ. Цэцэрлэг, сургуулийн сургалтын тогтолцоонд зөв дадал оруулж хүүхдүүдэд хэвшүүлэх ёстой гэж боддог.
Минимал амьдралын хэв маяг гэж юуг хэлж байна вэ?
Нөгөө л дадалтай холбоотой. Худалдан авахдаа л надад үнэхээр хэрэгтэй юу, байгаль орчинд хэр хор хөнөөлтэй вэ? Дахин ашиглаж болох юм уу гэдэг талаас нь бодож худалдан авалтаа хийхээс эхлэх ёстой байх.
Манайхны дунд өмсөж байсан хувцас эдлэлээ бусдад өгөх нь буянаа барахтай адил гэсэн нэг ойлголт байдаг. Та хуучин хувцас эдлэлээ яаж хаяж байна вэ?
Өө би ёстой хамаагүй шүү дээ. Залуудаа өмсөж байсан хувцас эдлэлээ ажлынхаа охидуудад ч өгчихдөг. Хүүгийнхээ хувцасыг ч өгдөг. Ганц нэг хөөрхөнийг нь л авч үлдэнэ.
Минимал амьдралын хэв маягийг сонгосон хүмүүс шинэ хувцас авдаггүй. Бусдын хэрэглэж байсан зүйлсийг дахиж ашиглах нь байгалийн нөөцийг хэмнэж байна гэж үздэг. Та тэгж байна уу?
Би арай тэр түвшинд очоогүй байна. Амьдралын энэ хэв маягийг сонгоод жил орчим л болж байна. Гүн гүнзгий хэвшээгүй ч ерөнхийдөө хэрэггүй зүйлээсээ татгалзаж чаддаг, худалдан авалтаа бууруулсан шатандаа л явж байна. Ер нь хүнийг багаас нь сургавал илүү үр дүнтэй. Учир нь хүний дадал их удаан өөрчлөгддөг. Гоо сайхны болон угаалгын бүтээгдэхүүнүүдийг өөрийн савандаа хийж авдаг \refill\ аргаар шийдэх гэж хичээж байна. Ресторануудынхаа цэвэрлэгээний бодисуудыг ч энэ байдлаар шийдсэн.
Боловсролын тогтолцооны талаар ямар бодолтой байдаг вэ?
Ер нь сайнгүй л бодолтой байдаг. Засаж залруулах зүйл их байгаа юм болов уу… Нийтээрээ их дээд сургуульд сурах ёстой юм шиг л байдаг. Тэгмээргүй байна. Би олон жил Австрали, Англи улсад сурч, амьдарч байсан. Тэднийг ажиглаж байхад нийгмээ оюун санааны хувьд чиглүүлнэ гэсэн 20-30% нь л их сургуульд ордог. Их сургуульд нь элсэж орох амаргүй. Тэд л нийгэм, оюун санаагаа авч явах, чиглүүлэх ажлаа хийдэг. Гэтэл бид болохоор их сургуульд сураагүй л бол хүн биш гэж үздэг. Мэргэжлийн боловсролоо хаячихсан болохоор ажил олгогч нарт ч хүндрэлтэй байдаг. Тогооч гэхэд л алга. Бид бүх ажилтнаа өөрсдөө сургаж авч байна. Манайд ч гэсэн инженер, маркетинг, бизнесээр сурсан хүүхдүүд байна. Тэдэнд ажил олддоггүй. Одоо тогооч, зөөгч болчихсон явж байна. Анхнаасаа тэр хүүхдүүд зах зээлд илүүдэлтэй мэргэжлээр сурахгүй байж болох байсан. Гэтэл мэргэжлийн боловсролыг боловсрол биш гэх хандлага бий болсон нь эргээд нийгэмд асар хор учруулж байна. Үүнийг зайлшгүй засаж залруулах ёстой. Хэцүү л байх шиг харагддаг. Сургууль цэцэрлэг бол бүр бүтэн өөрчлөгдөх ёстой. Хүүхдүүд ч өөрчлөгдсөн байна. Нэг юмыг яг таг зааж цээжлүүлээд нөгөөхөө асууж, бичүүлж хайрцганд оруулмааргүй байна. Тиймээс хүүгийнхээ цэцэрлэгийн багшид захиа бичдэг. “Хэт их бүү хориорой. Болохгүй гэдэг үгийг олон битгий хэлээрэй” гэж гуйдаг. Ирээдүй бол роботуудын эрин гэж үзэж байна. Тэр үед зориулж хүүхдүүдээ бэлдмээр байна. Роботуудаас илүү сэтгэдэг хүмүүсийг бэлдэхийн төлөө манай боловсролын систем явах ёстой. Миний анзаарснаар хуучнаасаа бүрэн салж чадаагүй л байна.
Хүн байгалийн амьтан уу? Нийгмийн бүтээгдэхүүн үү?
Аль аль нь байх. Мэдээж байгалийн хуулиар төрж байна. Тиймээс байгалиасаа салах аргагүй юм. Гэхдээ бидний үзэл бодол, хүмүүжил нийгмээс хамаарч төлөвшиж байдаг байх.
Тэгэхээр байгаль бидний оршихуйтай холбогдож байна. Гэтэл хүн төрөлхтөн яагаад ийм хожуу ногоон бизнес, байгальдаа ээлтэй байх талаар анхаарч эхэлж байгаа юм бол…? Өмнөх зуунуудад энэ талаар бараг ойлголтгүй байсан байх…?
Ёстой нөгөө эдийн засгийн өсөлттэй л холбоотой байх. Тухайн үед чинь онолын хувьд ч бизнесийн гол зорилго бол ашиг олох гэж тодорхойлж байсан шүү дээ. Одоо тэр ойлголт арай биш юм байна аа гэдгийг хүн төрөлхтөн таниж мэдлээ. Хэтэрхий их үйлдвэрлэл, бүхнийг эдийн засгийн талаас нь харж болохгүй юм байна гэдгийг ойлгож байна л даа. Мөнгөтэй, хөрөнгөтэй боллоо гээд хүн аз жаргалтай болдоггүй юм байна гэдгийг ч олон судалгаа батлаад байна. Хүний амьдралын зорилго бол сэтгэл тайван, амар амгалан л байх шүү дээ. Гэтэл хөгжил дэвшил аз жаргал, амар амгаланг авч ирдэггүй нь нотлогдчихлоо. Улс нь хөгжилтэй ч ард иргэд нь аз жаргалгүй байна. Тиймээс л дэлхий нийтэд нэг тийм давалгаа үүсээд улам том давалгаалаад байх шиг санагддаг. Өмнө нь Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд байгаль орчны талаар ярьдаг ч үгүй байсан шүү дээ. Гэтэл одоо эсэргээрээ байна. Энэ нь эргээд улс орнуудын нэр хүндэд нөлөөлж байна. Тэгж байж л бизнесүүд нь урагшилна гэдгийг ч ойлгодог болжээ. Одоо өөрчлөлт эхэлсэн шиг санагддаг. Зөвхөн мөнгө олох, үйлдвэржих гэсэн тэр үеэ хүн төрөлхтөн давчих шиг боллоо л доо. Энэ өөрчлөлт дэлхий даяар явж байна. Манай монголчууд хоцрохгүй байгаа нь сайхан.
Хүний амьдралын хамгийн чухал зүйл юу юм бол?
Хүн бүрт өөр байх. Миний хувьд хамгийн чухал гурван зүйлсээ дарааллуулж үзэж байсан юм.
- Нийгэмд оруулах хувь нэмэр
- Өөрийн хөгжил, хувь хүний хөгжил
- Эрүүл мэнд, гэр бүл
Гэр бүл нэгт ороогүйд би өөрөө ч гайхаж байсан. Гэхдээ миний хувьд ийм л дараалалтай байдаг. Хүмүүс өөрийгөө олох гэж хэлдэг. Харин би өөрийгөө бүтээх ёстой гэж боддог.
Тантай ярилцсаны дараа итгэл батжиж урамаар дүүрлээ. Ажил үйл тань улам өргөжин дэлгэрэх болтугай