Харанхуй эхэлсэн ажлын үр дүн буюу манай хамтрагчид
Одоогоос яг жил найман сарын өмнө буюу 2017.08 сард өдрийн хоолны ширээний ард хамт суусан хэдэн найзууддаа би “Хогны сэтгүүлч” болох тухайгаа хэлж байж билээ. Найзууд минь дор бүрээ л “ Харин тийм ээ. Аймаар их хогтой байна тээ? Манайхан ёстой муухай шдээ” гэцгээсэн ч тэр яриа ёстой яваагүй юм. Чихнийхээ хажуугаар л өнгөрүүлчихсэн гэсэн үг. Харин би яг тэр үед л өөртөө бүрэн шийдэж, хурцлагдсан юм даа. Тиймээс өнөөдрийг хүртэл Монгол улсынхаа хог хаягдлын менежментийн салбарт хувь нэмрээ оруулахаар хичээж явна. Хог бага гаргахын тулд юунаас эхлэх вэ? Гарсан хогоо хэрхэн ангилж бүтээгдэхүүн болгох билээ? Ангилах нь ямар ач тустай юм? Манай улсын хог хаягдлын менежмент ямар хэмжээнд байна? Иргэд байгууллагууд яаж дэмжиж оролцож болох вэ? Гадны улс орнууд хог хаягдлаа хэрхэн шийдэж байна вэ? гээд л бүх талаар уншиж судалж байна. Одоо бодоход огт мэдэхгүй салбарлуу дэндүү харанхуй зоригтой орсон байгаа юм. Гэхдээ хүн хүсэж л байдал зоригтой эхлэх л ёстой юм билээ. Учир нь манай ТББ өнгөрсөн хугацаанд 7000 орчим иргэд, сурагчдад “Хоггүй амьдрал, гялгар уут хуванцрын хор нөлөө, ангилалт” сургалт оржээ. Олон ч байгууллагуудтай хамтарч ажилласан байх юм. Тухайлбал: Нийслэлийн захирагчийн ажлын алба, БЗД-ийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, Орхон аймгийн залуучуудын холбоо, БЗД-ийн залуучуудын холбоо, БОСА импекс, Капитрон банк, “Нарны хүүхдүүд” ТББ, Нутгийн шийдэл сангийн Жорлонгоо өөрчилье төсөл, Канадын элчин сайдын яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар буюу WWF Mongolia
Энэ бол зөвхөн эхлэл… Хэдийгээр энэ нь нэг хүний хүсэл, ажил мэт харагдавч байгаль дэлхийгээ хайрлах, ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан ойлгох ухааныг нийгэмдээ түгээх давалгаа юм. Нэг үеэ бодвол бид өөрчлөгдөж байна. Хогоо ядаж хогийн саванд хийх ёстой тухай ярьдаг болсон. Ангилах ёстойг хүлээн зөвшөөрч байна. Хог хаясан, гудамжинд шээсэн, тамхи баагиулан алхах нэгэндээ шаардлага тавьдаг болжээ. Энэ бол их өөрчлөлтийн суурь юм. Энэ хандлагыг л нийгэмд дэлгэрүүлэх гэж ажиллаж байна. Хог ярихаасаа цэрвэдэг биш ангилаад эдийн засгийн эрэлтэнд оруулах тухай боддог, ирээдүйдээ сайхан дэлхийг үлдээх тухай хичээдэг СЭРСЭН ард түмэн, нийгмийг бүтээцгээе.
Дашрамд: Бидэнтэй хамтран ажилладаг та нартаа чин сэтгэлээсээ талархаж байна.