Тэвчээр шалгасан хорионы өдрүүд дөнгөж дуусмагч бид ДАЯС06 буюу “Дахивар авах явуулын станц”-аа зохион байгуулах ажилдаа шамдав. Би лав гэртээ суух тусам улам залхуу, идэмхий, уумхай болдог амьтан байна билээ. Хорионы өдрүүдэд танай хогийн сав мөн ч хурдан дүүрч байсан гэдэгтэй санал нийлнэ биз ээ? Хог ачдаг ТҮК-ийн ажилчид, ачаад ачаад барахгүй байгаагаа хэлж байсан юмдаг.
Уг нь хольж нийлүүлээд хаядаггүйсэн бол танай хогийн саванд ороод уулын энгэрт булагдаж байгаа хогны 60-70% нь дахиад боловсруулагдаж эдийн засаг, байгаль орчин, ирээдүйн үр хойчид тустай байх байлаа. Харамсалтай нь хольж хаясаар л байв.
Гэхдээ хүн бүр тийм биш. Өөрийн махан биеийг л тэтгэж бусад амьтдын оршихуйг үл тоогчдын тоо улам цөөрч байна. Шинэхэн төрсөн хүүхдүүд үнэхээр өөр хандлагатай байгааг анзаарсан бизээ. Дэлхий дахинд ч хүн төрөлхтөн хөгжлийнхөө шинэ шатанд гарч байна. Бумбын эрин айсуй, хүн материаллагаас биш дотоодоосоо, байгалиас аз жаргалыг мэдэрдэг юм байна гэх хандлага давалгаалж эхэллээ. Homo Deus \Yuval Noah Harari\ номыг та нар минь уншсан биз ээ. Энэ бол ганцхан л жишээ шүү дээ.

Тиймээс сүүлийн жилүүдэд манай Монгол улсын иргэдийн дунд хог хаягдлыг бууруулах, ангилах санал санаачлага хүчтэй дэлгэрч байна. Энэ нь ганцхан ДАЯС буюу “Дахивар авах явуулын станц” эвентээс л мэдэгддэг. Оролцогчдын зарим нь:
Буруу ангилж ирнэ. Саяханаас ангилж эхэлснээ хэлнэ.
Бахархалтайгаар ангилдгаа зарлана.
Үр хүүхэддээ зааж байгаагаараа бахархана.Найз нөхөддөө нөлөөлж чадсанаа хуваалцана.
Хог заваан гэдэг хуучны бодол нь хийсэж одсоныг ярина.
Энэ мэтээр оролцогчдын тоо улам л нэмэгдсээр байна. Тиймээс бид цаашдаа ч ДАЯС эвентээ зохион байгуулсаар байх болно. Төр засаг хог хаягдлын удирдлагын тогтолцоогоо бэхжүүлж, ажиллуулж, хянаж, зохион байгуулж чаддаг болсон тэр цаг хүртэл хийнэ. Биднийг дэмжиж манай эвентийг хамтран зохион байгуулдаг хамтрагчиддаа талархая. Тууштай ангилагчиддаа талархая. Бид өнгөрсөн зургаан удаагийн эвентийн үр дүнд 8957 тонн CO2 агаарт тархахаас сэргийлж чаджээ. Жижиг зүйлийг тогтмол, олуулаа хийхэд том үр дүн гардаг юм байна. Та бүгдээрэ бахархаж байна. .https://www.youtube.com/watch?v=fUM3EflOTLc&t=386s

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Your email address will not be published.