Дахивар авах явуулын станцын эхлэл болон үр дүн, ИРЭЭДҮЙ
Хүнд 3 хэрэгцээ бий.
– Амьсгалах агаар
– Уух ус
– Гишгих газар
Энэ гурав үгүй бол бусад хэрэгцээ угаас орших боломжгүй…
Улаанбаатар хотын иргэд бид жилдээ 1,1 сая тонн хог хаягдал гаргаж байна. Одоогоор энэ бүхнийг зүгээр л хөрсөнд булж байгаа. Гэтэл Азийн сангаас хийсэн “Улаанбаатар хотын өрхийн хог хаягдлын бүтцийн судалгаа”-наас \2019он\ харахад дээрх хог хаягдлын 60 орчим хувийг дахин боловсруулах боломжтой байгаа юм. Учир нь манай улсын хэмжээнд дахин блолвсруулах 20 гаруй үйлдвэр байдаг. Тэд гялгар уут, PET, HDPE, LDPE, PP,PVC хуванцар, аккумулятор, хөнгөн цагаан лааз, зарим төрлийн ундаа жүүс, архи, шар айраг, салат, компот, виноны шил, бичгийн болон дэвтрийн цаас, бор хайрцийг дахин боловсруулдаг. Даан ч эдгээр үйлдвэрүүд үргэлж л түүхий эдээр дутна. Гэтэл айл өрх, аж ахуй нэгжээс гарч байгаа үнэт түүхий эд нь булагдаад л байдаг. Байж боломгүй… Мэдээж энэ бол иргэд хогоо ангилдаггүй, ангилсан дахивар, түүхий эдийг тээвэрлэж үйлдвэрүүдэд хүргэх системгүйгээс л болж байна. Үнэхээр харамсалтай…. Яг л алтан дээр суусан гуйлгачид гэдэг шиг. Хамгийн харамсалтай нь үр хүүхэд минь бидний булаад хаясан хогонд хордсон хөрс, ус агаараар хордоно шүү дээ. Тэднийгээ хорлож байгаа хэрэг…
Тиймээс манай “Хоггүй Монгол” ТББ “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн” фэйсбүүк пэйжид тулгуурлан “Дахивар авах явуулын станцийг 2020 оны 05.23-ны өдөр анх удаа зохион байгуулсан болно. Энэ эвент нь нэгэнт хог хаягдлаа ангилж дадсан иргэдийн урмыг хугалахгүй байх, дэмжих, олон иргэдэд нөлөөлөх болон хог биш мөнгө гэдгийг батлахын тулд хийгддэг эвент юм. Өдөр, цаг товлож зар түгээгээд иргэдээс ангилсан дахиваруудыг худалдаж авдаг гэсэн үг. Цуглуулсан дахиваруудаа үйлдвэрүүдэд өгч түүхий эдээр хангана. Бид ердөө л ангилагч иргэд, дахин боловсруугчдыг холбогч гүүр болдог билээ.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд бид дөрвөн удаа дээрх эвентээ хийсэн. Хамгийн эхлээд дан шил авч байсан бол дараа дараагийн удаа, гялгар уут зарим төрлийн хуванцрыг худалдаж авах гэх замаар дахиваруудынхаа төрлийг нэмсээр 8.16-ны өдөр 16 төрлийн дахиварыг иргэдээс худалдан авч хэрэгтэй газарт нь хүлээлгэж өгчээ. Энэ үеэрээ хуучин хувцас эдлэлийг ч авсан нь бас нэг ахиц байлаа.
Дөрвөн удаагийн эвентийн үр дүнд цуглуулсан дахиварууд:
PET-546.4 кг \ундаа ,усны хуванцар\
Гялгар уут-388.4 кг \зузаан, нимгэн\
HDPE-50,018 кг \нааж хийсэн хуванцар\
Варейный шил- 2242 ш
Газны лааз- 56 ш
Хужиртын шил- 173 ш
Шар айрагны шил- 64 ш
Вакусны шил- 48 ш
Хайш- 1.8кг
Төмөр- 400 грамм
Зэс- 3,6кг
Виноны шил- 20 ш
Архины шил-18 ш
Хөнгөн цагаан лааз-43,4 кг
Энэ бүх дахивар хөрсөнд булагдсан бол хор хохирлыг нь тооцох аргагүй. Гэхдээ бид аюулыг зогсоож чадсан. Хамтарч ажилласан та бүгдээрээ бахархаж байна. Манай эвентийг дэмжиж хамтарч ажилласан ХУД-ийн ИТХ, ЗДТГ, Сан Оргиу ХХК, Төвшин сайхан төв, Газар шим ХХК, Хогоо багасгая фейсбүүк бүлхэм, Царцаа ногоон, Zero Waste Club фэйсбүүк бүлхэм-ийнхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Түүнчлэн ангилдаг болон ангилснаа бидэнд авч ирж өгсөн хүмүүстээ талархаад баршгүй ээ.
Цаашид энэ үйл ажлаа тогтмолжуулах санал их ирж байна. Бид бүх талаар судлаж байгаа. Улс орон даяараа ангилдаг, ангилсныг нь хуваарийн дагуу аваад зохих газарт нь хүргээд өгчихдөг систем бүрэн тогтоогүй энэ цагт өнөөдрийн бидний шийдэл бас нэг зөв үйл болж байгаа нь үнэн тул илүү хичээнэ ээ. Эцэст нь хэлэхэд ДАЯС буюу “Дахивар авах явуулын станц” бол ЭХ БАЙГАЛИА ХОГООР ХОЛДУУЛАХЫГ ҮЛ ХҮСЭГЧДИЙН НЭГДЭЛ, ШИЙДЭЛ билээ.