Би аминч хүн…
1.”Ганцаархнаа хогоо ангилаад, өөрөө л үрсдээ заагаад яах билээ… Гараад л нэг агаараар амьсгалж, нэг ус ууж, нэг хөрсний үр жимс иднэ”
2. Хогны талаар огт ойлгодоггүй, хэт их хэрэглээтэй охинд хүү минь дурлачихвал яах билээ…😛 ( амьдрал шүү дээ) Насан турш хүүгээ зөв хүмүүжүүлэх гэж хичээсэн хөдөлмөр минь талаар болно. Ингэж л бодож бусад хүүхдэд зааж зөвлөж, мэддэг чаддагаа хуваалцаж эхэлж байж билээ.😆🤣 Үнэхээр аминч үзэл мөн бээз?😭
Гэхдээ юу гээч, өөрийгөө өөрчилж тэр өөрчлөлт чинь бусдын амьдралд сайнаар тусж байгаа бол итгэлтэй урагшлах ёстой гэдгийг ойлгосоон.💚🙏💪
Ердөө 2-хон жилийн өмнө хог ангилах талаар ярихад бүгд шоолдог байсан.( шоолуулж явлаа😝😂) Гэтэл одоо ихэнх нь дэмжиж хэрэгжүүлж байна. Тиймээс амин үзлээс эхэлсэн ч зөв гэж зүтгэж яваа ажлыг минь үргэлж дэмжиж түгээдэг хэвлэлийнхэндээ баярлалаа. Олон хүнд хүрч байж л бодит үйл болно шүү дээ. @Соронз сэтгүүлийн хамт олон, чамбай сэтгүүлч Г.Энх-Одонд баярлалаа.
“Соронз” үргэлж зөв зүйлийг хүмүүст хүргэхийг зорьдог. Тийм ч болохоор бидний зорилготой нэг цэгт огтлолцолсон үйл хэргийг “ Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөний санаачлагч, “Хоггүй Монгол” ТББ-ын үүсгэн байгууллагч, сэтгүүлч М.Бүжинлхам өрнүүлж байгаа билээ. Мэргэжлээрээ ажиллах боломжуудыг үл тоон дуу хоолойгоо сонсож, одоогийн ажлынхаа үрийг тарьсан нь арвин ургац хураах эхлэл болсон аж.
-Сайн байна уу? Таныг TV9 телевизийн сэтгүүлч гэдгээр чинь хүмүүс мэднэ. Гэхдээ ёүүлийн үед “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөний санаачлагч, “Хоггүй Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагчийн хувиар нийгэмд танигдаад буй. Сэтгүүлч бүсгүй яагаад ийм уриалга гарах болсноор яриагаа эхэлье?
-“Гялгар уутгүй Монгол” бол сошиал хөдөлгөөн. Цахимаар хүмүүст мэдээлэл түгээх нь хамгийн зөв гаргалгаа болж чадаж байна. Харин “Хоггүй Монгол” ТББ-г миний бие байгуулсан. Хүн ер нь зөвхөн нэг мэдээлэл уншаад, түүгээрээ амьдарч, хүрээлэлийнхээ хэдхэн хүмүүстэйгээ л уулзаад байхаар хөгждөггүйг олж харсан. Одоогоос 3-н жил орчимын өмнө ажлаасаа гарч, нэг төсөл дээр ажиллаж байгаад Фижи улс руу явах боломж олдсон. Тэнд япон оюутнуудаас их зүйл сурсан. Жижигхэн өрөөнд хоёулаа амьдардаг байсан юм л даа. Тэд ерөөсөө хогоо хаядаггүй цуглуулаад л байдаг. Тийм болохоор хөглөрч амьдардаг. Би эсрэгээрээ бол цэлгэр байх дуртай. Хог байвал шууд л хаячихдаг байсан. Тэднийг хараад яаж ингэж хөглөрч амьдардаг байна аа гэж боддог байлаа. Тэд хүнд номын хавчуурга өгсөн ч хэрэглэсэн бол буцаагаад өгөөрэй гэдэг. Яагаад гэвэл тухайн хүнд эд юмс нь үнэтэй. 2-рт би хавчуургаа хаявал хог болно. Тийм л ойлголттой хүмүүс. Хэрэглэж байсан зүйл нь дуусаагүй байвал бүгдийг нь цэвэрлэж, тал байсан ч хамаагүй дараагийнхаа танихгүй оюутанд “энэ миний хэрэглэж байсан зүйл. Тухтай сайхан хэрэглээрэй” гээд цаасан дээр бичиж үлдээдэг. Ингэснээр хог үйлдвэрлэхгүй байгаа гэсэн үг шүү дээ.
-Хог хаягдлаас гялгар уутыг сонгож авсан нь учир шалтгаантай байх?
-Гялгар уутны хэрэглээ маш их шүү дээ. Манайхан хор хөнөөлийг нь мэддэггүй. 1-рт буруу хэрэглэдэг. Уг нь зузаан гялгар уутыг хүнсэндээ хэрэглэх ёстой. Гэтэл манайхан дахин боловсруулсан маш нимгэн, урд хөршөөс орж ирсэн, тээвэрлэлтийн зориулалттай буюу гутал хувцсаа хийдэг уутанд хүнсээ хадгалдаг. Бүр богино долгионы зууханд хийж халаана гээч. Энэ маш буруу. Өөрийнхөө ам руу халбагаар хор хутган хийж байгаагаас ялгаагүй. 2-рт хөдөө ямар их гялгар уут байгааг та бид мэднэ. Нэгхэн гялгар уут ойр орчимынхоо 70м радиуст шүлтлэг орчин үүсгэж түлдэг. Хөрсний үржил шимтэй хэсэг нь 10-20см байдаг. Нар салхины нөлөөгөөр хөрсний давхрагыг түлж, эцэстээ жижиг жижгээр хуваагдан ургамлын үндэс, цаашлаад ундны усыг хордуулдаг. Амьтад ч бас гялгар уут иддэг гэсэн үг. Гялгар уут амьтанд гоё амттай байдаг юм байна л даа. Харамсалтай нь гялгар уут, хуванцар идээд үхсэн амьтад маш их байдаг. Гялгар уутны хэрэглээнээс татгалзах хамгийн том шалтгаан болсон.
Буруу хэрэглээ нь байгаль дэлхий, ирээдүй болсон хүүхдүүдийг хордуулж байна гэх эмзэглэл нь Бүжээг өөрчилж чаджээ. Тэр одоог хүртэл шантрах гэдгийг мэдэлгүй зүтгэсээр өнөөдрийн М.Бүжинлхамыг бий болгосон аж. Түүний ээж “Бүжээ, чи зөөлөн хэрнээ аливааг хийе гээд зүтгэвэл улайраад явчихдаг шүү” гэж хэлж байсан нь эргэлт буцалтгүй тэмүүлэх хүч өгчээ.
-Дэлхий даяар минимал, zero waste амьдралыг чухалчилдаг болсон. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Минимал хэв маяг бол миний уншиж судалснаар нүүдэлчин монголчуудын цусанд байдаг нэг ёсны код. Монголчууд нэг гэрт амьдардаг, нүүхдээ бууриа маш сайн цэвэрлээд явдаг. Гадас хатгалсан нүхээ бөглөөд явдаг ард түмэн байсан. Сүүлийн үед энэ уламжлал алдагдаж, замбараагүй болж байна. Минимал амьдрал яагаад дэлхий нийтэд түгэж, хүмүүс сонирхоод байна гэхээр 17-20-р зуунд хүн төрөлхтөн эд баялаг, мөнгө л аз жаргалтай болгох юм байна гэсэн ойлголттой байсан. Тэгээд л тэр аз жаргалынхаа төлөө зүтгэж эргээд тэр их баялаг, хувцас хунар, эд хөрөнгө нь сэтгэл зүйг нь тайван байлгаж чадахгүй болохоор яавал аз жаргалтай, тайван, амгалан байх вэ гэж хайж эхэлж байна шүү дээ. Хөгжил гэдэг хүнийг байгалиас холдуулж, дотоод сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг нь хөндөж, сайхан байлгаж чаддаггүй юм байна л даа. Ийм учраас дэлхийн хүмүүс минимал амьдрал руу өөрийн эрхгүй татагдаж байна.
-Гэнэт л таныг гялгар уут ярьж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж эхлэхэд гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авав. Эхлээд гэрийнхнээ “дэгэнд” оруулах гэж нэлээд зүйл болсон байх?
-Би хийж байгаа зүйлээ бусдад зарладаг хүн биш л дээ. Гэрийнхэндээ ч хэлдэггүй. Зүгээр л хийгээд эхэлдэг. Үйлдлээрээ л хэлдэг гэсэн үг. Одоо хогоо ангилахгүй бол болохгүй гээд 2 хүүхэддээ зааж сургаад явж байна. Найзууддаа гялгар уут хуванцрын хог хаягдлын төлөө л би ажилламаар байна гэсэн чинь тоолгүй шоолоод л өнгөрсөн. Анх хог хаягдал улсын хэмжээнд ямар байгаа талаар мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч сошиалаар бичлэгээ цацахад хүмүүс огтхон ч үзээгүй. Тэгэхээр би өөрөөрөө дамжуулан хүргэе гэж бодоод ийм алхам хийсэн. Би үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулж, хортой дэлхийг үлдээхгүйн тулд гялгар уутнаас татгалзсан. Би ажлаасаа гарч, ТББ-ынхаа үйл ажиллагааны шугамаар олон газраар орсон. Ямар ч ашиг орлогогүй, бараг гэрээсээ хөөгдөх нь холгүй жил гаран явсан. Энд тэнд сургалт хийж, тодорхой хэмжээнд хэрэглээгээ багасгасан нь хүмүүст илэрхий мэдрэгдээд ирэхээр өөрийн эрхгүй тэд хүлээн зөвшөөрдөг болсон. Одоо гэрийнхан маань намайг их дэмждэг, зарим нь хогоо ангилаад эхэлсэн. Надад бэлэг сонгохдоо хүртэл “Бүжээд энэ таалагдахгүй байх ” гэдэг болсон байна лээ. Тэгэхээр тэдний сонголт ч бас дагаад өөрчлөгдсөн хэрэг.
-Хүүхдүүдэд зориулж “Хогон мангас” гэдэг ном гаргалаа. Тэдэнд маш их таалагдаж байна гэсэн?
-Уншсан хүүхдүүд ёстой хөөрхөн байгаа шдээ. Ер нь бол улс орон хөгжихийн тулд хүнээ л бэлдэх ёстой. Өнөөдөр нэг хууль гаргаад маргааш хэрэгжүүлнэ гэдэг л бас амаргүй. Тиймээс нийгмийн сэтгэл зүй бэлтгэгдсэн байх ёстой. Бүхнийг торгуулиар шийднэ гэвэл хэцүү. Тийм болохоор өндөр хөгжилтэй орнууд хүнээ багаас нь бэлддэг. Би ч бас хүүхдүүддээ хог хаягдлын талаар ойлгуулах нь хамгийн чухал гэж бодоод 2 жил гаруй сургалт хийсний үндсэн дээр өөрсдөд нь тохиолдсон явдлаас сэдэвлэж бүтээсэн. Миний номыг уншсан зарим хүүхэд чихэр идэхээ больсон жишээ бий. Тэд хогон мангас гэдэг үгийн утгыг их юм хэрэглэхээр их хог гардаг гэж ойлгож байгаа. Мөн хогон мангас гэдэг үг аманд нь орчихсон байсан шүү.
-Энэ номоо жүжиг болгохоор ажиллаж байгаа гэсэн. Таны санаа байсан уу?
-“Creative Bamboo” театрынхан бидэнд санал тавьсан юм. Тэд хэлэхдээ “Бид ийм ном, зохиол хайгаад олохгүй байсан. Ийм зохиол бичсэнд баяртай байна. Бүгдээрээ хамтарч ажиллая” гэсэн. Тэд зөвхөн Монголдоо биш гадны фестивалиудад оруулахаар төлөвлөж байгаа юм билээ. Хүүхдүүдэд зориулсан үлгэр, ном заавал байх ёстой. Гэхдээ жүжиг болгож үзүүлбэл илүү сонирхолтой бөгөөд хурдан ойлгоно. Энэ жүжгээ шинэ жилээс өмнө Монголынхоо хүүхдүүдэд толилуулна. Дараа нь НҮБ-ын төсөлтэй хамтраад зурагт хүүхэлдэй болгох гээд бэлтгэл ажилдаа ороод явж байна.
-Айлууд нохой, муур, загас, яст мэлхий тэжээдэг бол та яагаад чийгийн улаан хорхойг яагаад сонгосон юм бэ. Эмэгтэйчүүд хорхой шавьжнаас их айдаг шүү дээ?
-Миний зорилго бол хогоо багасгах. Хогоо багасгах зорилгоор ийм хорхойтой болсон. Өндөгний хальс, кофе болон цайны шаарыг нунтаглаж хооллодог болохоор энэ төрлийн хог хаягдал гардаггүй гэсэн үг. Эхний үед шавьжинд хүрэхэд их эвгүй. Манай гэрийнхэн бас наад хорхой чинь савнаасаа гараад ирэх юм биш үү, шөнө тагийг нь битгий онгойлгоорой гэх мэтээр таагүй хүлээж авсан. Одоо эсрэгээрээ. Би бүр хайр хүрээд нөгөөдүүл мань яаж байгаа бол гээд байнга усална, хоолыг нь өгнө. Би тэднийгээ яг л гэрийн тэжээвэр амьтан шиг хайрладаг. Амьтан хайрладаг хүн бусдыг хайрладаг гэдэг шүү дээ. Бас л нэг монгол арга ухаан юм уу даа.
-“Богцхон” гэдэг брэндтэй болоод амжжээ. Хэр олон хэрэглэгчтэй болов?
-Гялгар уутнаас татгалзъя гээд яриад л байдаг. Оронд нь юу хэрэглэх вэ гэсэн асуулт гарч ирсэн. Барууныхан бол шош, жимс, ногоо, будаа зэргээ олон удаа хэрэглэдэг уутанд хийдэг. Үүнийг л бид нутагшуулах гэж хичээж байна. Гялгар уут нимгэн, зузаанаасаа хамаараад 100-500-н жил болоход хөрсөнд байж л байдаг. Тийм учраас олон дахин хэрэглэдэг уутыг нэвтрүүлхээс өөр аргагүй. Тэгээд л “Богцхон” брэндээ гаргасан. Богц бол цүнх гэсэн утгатай. Бидний оёдог уут жижигхэн юм чинь “Богцхон” гэж нэрлэе гээд манай багийнхан шийдсэн. Энэ бол ашиг орлого олох гэж үйлдвэрлэл явуулж байгаа хэрэг биш. Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбоотой хамтарч ажилладаг. Тэнд янз бүрийн насны эмэгтэйчүүд, өрх толгойлсон ээжүүд байдаг. Надад хамгийн хямдаар бас чанартай тор оёж өгдөг юм. Мэдээж би тэднийгээ багахан дэмждэг.
Ярилцсанд баярлалаа.
Түүний энгийн хэрэглээ эргэн тойрныхонд нь хүрч чадсан. Тэд ч бас хогоо ангилан хаях талаар мэдлэгтэй болоод зогсохгүй хог бага “үйлдвэрлэх” дадалтай болжээ. Мөн НЗДТГ-тай хамтран 6-н дүүрэгт хог ангилан хаях савнуудыг байршуулж эхэлж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй тэр модон халбага, сэрээ, аягаа үргэлж богцондоо авч явдаг. Үүнийгээ олон хүнд хүрээсэй гэж хүсч явдгаа тэр хэлсэн юм. Мэдээж энэ нь эко хэрэглээ бөгөөд хелико бактерийн халдвар авах эрсдлээс хамгаалах хамгийн том “дархлаа”.
Г.Энх-Одон.