Хэрэглэж байсан хувцас эдлэлээ яагаад бусдад өгөх ёстой вэ? Хоёрхон шалтгаан дурдъя.
             1. Манай улсын гурван хүний нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Тиймээс танд хэрэггүй болсон ч бусдад хэрэг болдог юм. Тиймээс ялгаж цэвэрлээд буян үйлдэж болох юм.
             2. Хувцас эдлэл нь байгалийн нөөцийг ихээр зарцуулдаг. Жишээлбэл: Нэг жинсэн өмд, футболк үйлдвэрлэхийн тулд нэг хүний 13 жил уух усыг зарцуулдаг байна. Хүлэмжийн хийн 8-10%-ийг зөвхөн хувцас үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг бол энэ хувь хэмжээ олон улсын агаарын тээвэр, усан замын тээврээс ялгарах хүлэмжийн хийнээс ч их хэмжээтэй болохыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайланд дурджээ. Эх сурвалж: Growing Movement Shows Climate Cost of Fashion, VOA (26 Jan, 2020)

Ариг банк

“Ариг” банкны аль ч салбарт очин хэрэглэхгүй хувцсаа сайн дурын хайрцагт хийн хандивлах боломжтой. Тус банкны хамт олон 2016 оноос хойш бүх салбартаа сайн дурын хайрцгийг байршуулжээ. Хайрцагт цугларсан хувцсыг нэгдсэн журмаар цуглуулж “Улаан загалмай” нийгэмлэгт өгдөг байна.

“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ” ТӨВ

“Жавзандамба хутагт” төв 9-11 дүгээр саруудад зөвхөн өвлийн дулаан хувцсыг хандиваар цуглуулдаг байна. Цуглуулсан хувцасаа хороодын хэсгийн ахлагчидтай хамтран эмзэг бүлгийн айл өрхүүдэд тараадаг байна.
ХАЯГ: “Алтжин бөмбөгөр худалдааны төв”-ийн замын эсрэг талд

“МӨРӨӨДЛИЙН ГЭРЭЛ ЭКО ДЭЛГҮҮР”

“Мөрөөдлийн гэрэл эко дэлгүүр” 2019 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хувцас болон эдлэл хэрэглэл хандивлах хүсэлтэй хүн бүрт нээлттэй юм байна. Иргэдээс цугларсан хандивын зүйлсийг хямд үнээр зарж борлуулдаг. Тус дэлгүүрт өрх толгойлсон ээж нар болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг ба дэлгүүрийн орлого ажилтнуудын цалин ба урсгал зардалд зарцуулагддаг байна.
ХАЯГ: Сүхбаатар дүүрэг, 13 хороо, Нуурын 9-13

“ИД ШИДИЙН ОРОН” ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

Та хэрэглэдэггүй хүүхдийн хувцаснуудаа “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвд хандивлах боломжтой. “Ид шидийн орон” төвийн хоёр дахь салбарт ажлын цагаар буюу 09:00-18:00 цагийн хооронд хандив авдаг байна.
ХАЯГ: Сонгино-Хайрхан дүүрэг Баянхошууны зүүн салаа

“ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ”

Тус төв нь орон нутагт 14 салбартай ба гэр бүл хүчирхийллийн хохирогч болсон хүмүүсийг хамгаалах, мэргэжлийн зөвлөгөө өгдөг. 8:30-17:30 хүртэл ажилладаг. Бас хувцас хандивлах хүсэлттэй хүмүүстэй хамтарч ажилладаг. Иргэдээс цугласан хандивын хувцсыг хамгааллын байранд буй хүүхдүүд болон хохирогч эмэгтэйчүүдэд өгдөг аж.
ХАЯГ: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 6-р хороо, 40-р Байр, 03, 06 тоот

“МОНГОЛ ДАХЬ ИХ ХӨЛГӨНИЙ УЛАМЖЛАЛЫГ ХАДГАЛАХ ТӨВ”

“Монгол дахь Их хөлгөний уламжлалыг хадгалах төв” нь 1999 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. Тус төв нь олон улсын байгууллага бөгөөд дэлхийн 200 гаруй улсад салбартай. Хувцас хандивлах хүмүүст нээлттэй ба 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг. Хандиваар цугласан хувцаснуудыг “Амгалан”-д байрлах халамжийн төвийн хүмүүст өгдөг байна.
ХАЯГ: Барилгачдын талбайн урд талд