Өөрийн түүхээс хуваалцсуу.

Би телевизийн сэтгүүлч байлаа. Зурагтаар гардаг байсан гэсэн үг л дээ. Зурагтаар гарахдаа заавал ганган, хөөрхөн байх ёстой гэж хэн ч надад хэлээгүй. Нэг л мэдсэн тийм хандлагатай болсон байж билээ. Залуу байсан болохоор эргэн тойрныхон нөлөөлсөн шиг байгаа юм. Ганц биедээ өмсөж барамгүй их хувцас цуглуулсан байсан даа. Нэг удаа хувцасны шүүгээгээ янзалсан чинь хэзээ, хаанаас, яаж авснаа ч мартсан олон хувцас гарч ирэв ээ. Өмсөхгүй удсан болохоор нөгөөдүүлээс маань муухай үнэр үнэртэж байв. Тэгээд л ихэнхийг нь хамаатны дүү нартаа өгсөн дөө. Байгалийн шавхагдах нөөцийг ямар аймаар, шунаг  хэрэглэдэг байж вэ гэж одоо харамсдаг.  Харин одоо 2 дээл, хоёр хүрэм, нэг өмд, нэг даашинзаа л ээлжилж өмсдөг болжээ. Ганц хоёр хувцасаа дараа, онцгой үед өмсөнө гэж авч үлдсэн ч ийм сэтгэлээр хандсан хувцас  бараг л хэрэглэгддэггүй юм билээ. 

Хувцас бурхан гэж бодоод их л гангалдаг байсан үеийн зураг минь юм. 

Хувцас үйлдвэрлэлийн салбар нь:
А: Хамгийн их хог хаягдал үүсгэдэг. Зөвхөн Хойд Америкчууд л гэхэд жилд 9,5 сая тонн хувцас хаядаг байна.
Б: Маш их ус хэрэглэдэг. Ганцхан цамц үйлдвэрлэхэд 2600 литр, жинсэн өмд үйлдвэрлэхэд 7600 литр ус шаардлагатай ажээ.
В: Байгаль орчин бохирдуулах хэмжээгээрээ газрын тосны дараа ордог.
Г: Хүлэмжийн хийн 8-10%-ийг дангаар үүсгэдэг байна.

ДҮГНЭЛТ: Шкаф дүүрэн хувцастай хэрнээ өмсөх юм алга гэж бодож байгаа бол та сэтгэлгээндээ өөрчлөлт хийх цаг болжээ.