1998 оноос хойш Монгол улсад амьдарч байгаа ноён Гаррет Вилсонтой ярилцлаа. Учир нь түүнийг бид Вагнер Ази Автоматив компаний гүйцэтгэх захирал байсан гэдгээр нь л мэдэхээс биш минимал амьдралыг сонирхогч, байгаль дэлхийн бохирдол, Монгол улсын хог хаягдлын асуудалд чамгүй сэтгэл зовдог гэдгийг мэдэхгүй билээ. Брэндээс татгалзаж, овортой тавилга, үнэтэй авто машин унахаас ичдэг түүнээс суралцах зүйл их байдаг тул энэ удаагийн зочноороо урьлаа.
– Дийлэнх Америкчууд том байранд том тавилга тавьж амьдардаг. Хоолны хэмжээ нь ч том. Гэтэл танай гэрийн эд зүйл маш цэгцтэй, цөөхөн модон эдлэлтэй бас цэцэгтэй юм. Энэ бол минимал амьдралын эхлэл. Та яаж өөрийн өссөн соёлоосоо тэс өөр амьдарч чадаж байна вэ?
– Минимализм бол Америкчуудын дийлэнхийн амьдралаас тэс ондоо шүү дээ. Манай аав ээж хоёр баян биш ч гэлээ бусдын адил том байшинд эд зүйлсийг цуглуулж хадгалдаг. Илүүдлээсээ салдаггүй. Олон жилийн турш огт хэрэглээгүй зүйлсээ ч хадгалаад л байдаг. Би тэдний гэрт очиход яагаад ч юм сэтгэлийн дарамттай болдог болсон байна билээ. Мэдээж сайхан цэвэрхэн л дээ. Би ийм л соёлтой нийгэмд өссөн юм. Гэтэл одоо тавилга, эд хэрэгсэл миний сэтгэлийг татахаа больжээ. Би сүүлийн үед хэд хэдэн удаа нүүсэн. Нүүх бүртээ тавилга эд хэрэгслээ өөрөө боож тавина. Энэ үеэс л өөрөөсөө “ Надад энэ их эд хогшил үнэхээр хэрэгтэй юу? Ямар хэрэгтэй юм бэ” гэж асуудаг болсон. Урд нь би зайсанд 220мкв байранд амьдарч байлаа. Нэгдүгээрт цэвэрлэхэд хэцүү, тэгээд ч замын түгжрээнээс залхаад хотын төвд хоёр өрөө байранд амьдрахыг илүүд үзэж нүүж ирсэн юм. Ингэснээр эмх цэгцтэй байх, хэмнэлттэй амьдрах, хамгийн гол нь өөрөө гэрээ дор бүр нь цэвэрлээд байх боломжтой болсон. Би минимал амьдралыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа ч нэг үеэ бодвол эд зүйлсээс харьцангуй татгалзаж чадсан. Одоо өөрт чухал хэрэгтэй гэснээ л хадгалдаг. Анх Монголд 20 тоннын контейнэр дүүрэн ачаатай ирж байлаа. Тэр бол эд зүйлсийнхээ тодорхой хувийг онлайнаар зарсны дараа үлдсэн хогшил минь байсан юм шүү дээ. Тэгээд дахиад нэг контейнэрт машинаа хийгээд, машинаа бас дүүргээд ирсэн. Тийм их зүйл хэрэглэнэ гэж хадгалдаг байжээ. Гэхдээ одоо өөрчлөгдсөн байна. Хоёр жилийн өмнөөс л жаахан ухаан сууж, ойлгоод \инээв\ мэддэг хүмүүсээс суралцаж эхэлсэн. Ер нь бол Улаанбаатар хот маш их дарамттай нийгэм. Энэ нийгэмд дасан зохицохын тулд хийж буй үйлдлүүд минь эрхгүй минимал амьдралыг сонгоход хүргэж байна уу даа гэж сая бас бодогдож байна.
– Эд хогшил ихтэй байх, минимал амьдрах хоёрт ялгаа байна уу? Тухайлбал, дотоод хүнд нөлөөлөх юм уу?
– Эд зүйлсээс илүү мэдлэг, ухаан, дурсамж үнэтэй гэдгийг хамгийн сайн ойлгож мэдэрч байна. Материаллагийн хойноос хөөцөлдөх нь хүн төрөлхтөний сүйрэл гэж боддог. Зүрх сэтгэлд их гуниг хурдаг. Би өөрийн мөн чанараа алдмааргүй байна. Бусдыг энэрч хайрлах мэдрэмж чанараа алдмааргүй байна. Учир нь материаллаг байдал хүний нүдийг сохлож, сэтгэл зүрхний нандин халуун чанарыг алдуулдаг шиг санагддаг.
– Эд материалын өндөр хэрэглээ түүнд татагдах чанар нь хайрлахад саад болдог гэж үү?
– Тэгэлгүй яахав. Би бол үнэтэй машин, эд зүйл хэрэглэхээсээ ичдэг болсон. Яагаад гэвэл бидний эргэн тойронд талхныхаа мөнгөө олох гэж чармайн хөдөлмөрлөж байгаа, хүүхдээ цэцэрлэгт оруулж чадахгүй байгаа олон хүн байна. Энэ байдлыг нүдээрээ харж, дотор нь амьдарч байж 400 сая төгрөгний машин унаж чадахгүй. Ичиж байна. Тэгснээс тал мөнгөөр нь нийгэмдээ хэрэгтэй ажил хиймээр байна.
– Хэнд ашигтай юм бэ? \ давтаж хэлэв\ Үр дүнг нь хар л даа. Чинээлэг айлын хүүхдүүдэд бүх зүйл байдаг учраас амьдралаас таашаал авахын тулд бурууд татагдаж, мууд донтох тал ажиглагддаг. Царайнаас цаашгүй, инстаграмын од байхаас цаашгүй. Хоосон амьдралтай…Мэдээж цөөхөн хэд нь аав ээжийнхээ босгосон амьдралыг өргөж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ би бол үр хүүхдүүддээ тийм амьдралыг санал болгож, төлөвшүүлэхгүй ээ. Хүн өөрийн амьдралаа өөрөө босгож, шударгаар хөдөлмөрлөж бусаддаа сайн сайхныг түгээж амьдрах ёстой гэж боддог. Би аавынхаа насаараа хөдөлмөрлөж босгосон компанийг өөрийн олсон мөнгөөрөө худалдаж авч байлаа. Үр хүүхэддээ чинээлэг амьдралыг өвлүүлэх нь үр хойчоо эрхийн балай болгож байна л гэсэн үг. Би бусдаас ялгаагүй баян болох хүсэлтэй. Гэхдээ миний хүсэл шударга замаар явж биелэх ёстой. Хэрвээ баян болчихвол бизнесээ хөгжүүлж, олон ажлын байр бий болгож, нийгэмдээ хэрэгтэйг хиймээр байна. Монголын нийгмийн асуудлыг шийдэхэд бага ч болов хувь нэмрээ оруулмаар байна. Тэрнээс биш тансаг эд хогшил, үнэтэй машин, хувцас хэрэглэл миний зорилго биш.
– Та баян болвол гэж ярьж байна. Хэдэн сая доллартай болчихвол өөрийгөө баян боллоо гэж хүлээн зөвшөөрөх юм бэ?
– \инээв\ Харьцангүй ойлголт юм л даа. Тогтсон ойлголт байхгүй… Хөрөнгө мөнгө хэрэгтэй ч мэдлэг, туршлага, хандлага, сэтгэлээр баян байх нь хамгийн чухал. Эд хөрөнгөөр элбэг дэлбэг байх нь баян гэх ойлголтын зөвхөн нэг тал нь юм. Хэт их хөрөнгө мөнгө цуглуулах нь урвуу нөлөөтэй байж болох юм. Тэнцвэрээ алдсаны л нэг илрэл байх. Амьдралын тэнцвэрээ олсон хүнийг л БАЯН хүн гэж хэлж болох юм. Би зөвхөн ажлаа, зорилгоо, карераа хичээгээд хүүхдүүдээ орхивол тэнцвэрээ л алдсан гэсэн үг. Тиймээс би оюун санаа, эрүүл мэндээрээ баян байхыг илүүд үзнэ. Мөнгөтэй хэрнээ сэтгэл нь тайван бус эсвэл өвчтэй хүнийг баян гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Наандаж л хүн өөрийн амьдарч буй орчноо эрүүл цэвэр байлгахад анхаарч, хичээж, хэрэгжүүлдэг байх ёстой. Тиймээс ч би эргэн тойрноо цэцгээр дүүргэж, гялгар уут хуванцраас татгалзахыг хичээж байна. Энэ бол бие эрүүл, баян байхын эхлэл шүү дээ.
– Таны ажлын өрөө, гэр цэцгээр дүүрэн. Монголд цэцэг ургуулах амаргүй шиг санагддаг. Цэцгээ яаж арчилж байна вэ?
– Би анх цэцэг биш ногоо тарьж байлаа.1998 онд сүмийн номлогч байхдаа Монголд ирээд Налайх болон Гордокт бүх төрлийн ногоо тарих төсөл хэрэгжүүлж ажилласан юм. Тэгсэн нэг өглөө буюу наймдугаар сарын дундуур ногоон талбайдаа очсон чинь бүх ногоо хяруунд цохиулаад үхчихсэн байсан. Наймдугаар сарын дундуур шүү дээ. Төрөл бүрийн хүнсний ногоо тарьсан байсан юм. Тэр надад маш их туршлага болсон. Монгол орны цаг уурыг мэддэг байх, хүлэмжтэй байхын чухлыг ойлгосон. Уг нь би багаасаа ногоо тарьдаг байсан юм. Тухайлбал манай өвөө, ашиглаж эхлээгүй байгаа хоосон газруудын эзэдтэй нь тохироод ногоо тарьдаг байлаа. Өвөө маш олон газарт ногоо тавьсан. Яг өөрийн гараараа хагалж, бордож, усалж, арчилж өдөр шөнөгүй хөдөлмөрлөсний хүчинд гэр бүлийнхээ ногооны бүтэн жилийн хэрэгцээг хангадаг байлаа. Гэхдээ илүү гарсан ногоонуудаа зүгээр л бусдад өгдөг байсан юм. Нэг удаа өвөөтэйгээ ачааны машин дүүрэн эрдэнэ шиш тарааснаа санаж байна. Ямар ч үнэгүй.
– Тэр үед та хүүхэд байсан шүү дээ. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөж ургуулсан ногоогоо зүгээр л тараах нь ямар санагдаж байсан бэ?
– Байдаг л юм гэж бодож байсан. Ингэх л ёстой гэж бодож байсан. Гэхдээ одоо бодоход энэ бол маш том хүмүүжил, амьдралын ухаанд сургаж байжээ. Шударга хөдөлмөрөөрөө бүтээх, нөөц бололцоогоо зөв ашиглах гэдэг нь энэ юм. Өөрийн гэсэн сөөм ч газаргүй хэрнээ ойр орчмынхоо арчилгаагүй газруудын эзэдтэй нь тохирч ногоо тарьна гэдэг бол ухаан юм. Эзэд нь ч дуртай байдаг байлаа. Учир нь үржил шим муутай, арчилгаа бага, хоосон газарт нь хэн нэгэн ажиллаж сэргээж өгье гэх нь эздийн хувьд ашигтай шүү дээ. Харин олон нийтийн хувьд ногоон байгууламж нэмэгдэж өнгө үзэмжтэй, манай өвөөгийн хувьд ногоотой болох гэсэн бүгдэд ашигтай ажил байлаа. Хамгийн гол нь илүү гарснаа бусаддаа үнэгүй тараачихдаг байсан нь сайхан. Энэ бол жинхэнэ нийгмийн зөв хариуцлага юм гэж одоо боддог. Би ийм л гэр бүлд өссөн. Өвөө, ааваасаа ийм л хүмүүжил олсон учраас цэцэг, ногоо тарих дуртай. Харин энэ тасалгааны цэцгүүд бол миний өргөмөл хүүхдүүд л гэсэн үг. Надад маш их хань болдог. Ажлаасаа ирээд цэцэгнүүдээ усалж, хайчлаж тордно. Энэ нь бас л хэн хэнд минь ашигтай. Намайг тайвшруулдаг бас хүчилтөрөгч бэлэглэнэ.\ инээв\
– Цэцэгтэйгээ ярьдаг уу?
– \инээв\ Яг ч ярьж байгаагүй ээ. Гэхдээ амьд бүхэн сүнстэй гэдэгт итгэдэг болохоор их л хүндэтгэлтэй ханддаг шүү. \ инээв\ Заримдаа өвдсөн байхыг нь хараад сэтгэл өвддөг үнэндээ.
– Хэдэн цэцэгтэй вэ?
– Надад 80 гаруй цэцэг байсан. Яармагт нэг шинэ сургууль байгуулагдахаар нь ихэнх цэцгээ бэлэглэсэн. Агаарын бохирдол ямар байгаа билээ дээ…!!! Надаас илүү тэдэнд хэрэгтэй гэж бодоод нүүхдээ өгсөн. Одоо манай гэрт дөрвөн төрлийн цэцэг байна.
– Энэ их ач холбогдолтой. Нэгдүгээрт байгальд ээлтэй. Байгалийн сэргээгдэх нөөцийг ашиглаж хийсэн. Ямар ч хортой будаг байхгүй. Зундаа маш гоё үнэртдэг. Хоёрдугаарт энэ бүгдийг Ганбаа гэдэг Монгол мужаан хийж өгсөн юм.
– Эрүүл амьдралын хэв маягийг сонгосон хүмүүсийн хоол хүнсэнд хандах байдал бас их өөр байдаг. Та хүнсээ хаанаас цуглуулдаг вэ?
– Сүлжээ дэлгүүрүүдээс цуглуулдаг. Монгол ногоо худалдаалдаг “Грийн липс”-ээр үйлчлүүлэх дуртай. Ер нь Монгол ногоо авах дуртай. Хадгалах хугацаа нь урт л байвал эрүүл хүнс биш гэдгийг мэдэх болохоор аль болох хэрэглэхгүйг хичээдэг. Гадуур хооллох дургуй. Эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй нөхцөлд үйлчилгээ явуулдаг гэдгийг мэдсэн. Манай байрны доод талын ресторанууд махаа яаж оруулж байхыг цонхоороо харж байлаа. Тэд машиныхаа багажнаас гулуузаар нь гаргаж ирээд л чирээд оруулчихдаг юм билээ. Энийг хараад л би гадуур хооллох дуруй болсон. Тэдний зарим нь ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын зарчмыг мэдэхгүй байна. Тиймээс маш найдвартай дэлгүүрээс махаа худалдаж аваад өөрөө угааж бэлдээд хэрэглэдэг. Би урд нь хоол хийж чаддаггүй байсан. Одоо бол сайн хоол хийж сурах зорилго тавиад байна. Амттай, эрүүл сайхан хоол бол амьдралын нэг жаргал. Гэр бүлдээ сайхан хол хийж өгдөг баймаар байна. \инээв\ Гэхдээ би амттанд дуртай. Энэ дуршлаа аль болох эрүүл хатаасан жимс, ааруул идэж дардаг гэх үү дээ.\инээв\ Гэхдээ долоо хоногт нэг юм уу хоёр удаа л иддэг. Хүмүүс маш их чипс идэх юм. Энэ бол үнэхээр эрүүл биеийн дайсан шүү дээ. Пицца таргалуулдаг учраас сардаа нэг удаа ч юм уу ховорхон иддэг дээ.
– Та нэг удаагийн хэрэглээний талаар ямар бодолтой байдаг вэ? Одоогийн байдлаар дэлхийн 80 гаруй орон нэг удаагийн хэрэглээнд тодорхой байдлаар хориг тавьсан байна. Манай улс ч гэсэн 2019 оны 3-р сарын 1-ээс хорьж байна.
– Маш зөв. Би харьцангуй хожуу ухаарч энэ давалгаанд нэгдсэн. Одоо цүнхэндээ байнга л даавуун ууттай явдаг. Гэхдээ төлөвлөөгүй дэлгүүр орсон тохиолдолд аргагүйддэг. Тиймээс даавуун уутнууд халаасанд хийсэн ч мэдэгдэхээргүй маш нимгэн байгаасай гэж боддог. Яг дэлгүүр явж хүнсээ цуглуулахдаа бол заавал даавуун тороо авч явна. Би дөрвөн жилийн өмнөөс л даавуун тор хэрэглэж хэвшсэн. Гэхдээ л манайхаас гялгар уутны хог гараад л байна. Бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна аа үнэндээ…
– Таныг Улаанчулуут орчмын айл өрхийн хүүхдүүд явдаг “Нарны Хүүхдүүд” цэцэрлэгийнхэнтэй сүүлийн таван жил хамтарч ажиллаж байгаа гэж сонссон. Энэ цэцэрлэг бол хогийн цэг орчим байдаг ганц цэцэрлэг. Анх хамтарч ажиллах гэж байхдаа мэдээж судалгаа хийж байсан байх. Ер нь Монголын хогний асуудлыг шийдэх шийдэл танд байдаг уу?
– Улаанчулуутын хогийн цэгт очиод сэтгэл шимширч байсан. Хаа сайгүй гялгар уут, хуванцар хийсэж байхыг хараад тэр өдрөөс л гялгар уут хэрэглэхгүй байхаар шийдсэн. МУ-ын Засгийн газар гялгар уутыг хорьсон нь сайхан мэдээ. Гэсэн ч Монголд хуулийн хэрэгжилт муу учраас ганц үүнд найдаад сууж болохгүй. Хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж, өөрсдөө ухаарч татгалзах нь л хамгийн зөв арга. Хогийн цэгт хүмүүс гараараа хог түүж байхыг хараад цочирдсон. Болдогсон бол тэдэнд илүү сайхан ажил санал болгохсон. Тэдний ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн, бичиг баримтгүй иргэд байдаг. Бас архины хамааралтай байх нь элбэг. Тиймээс Жулия Велүү хүүхдүүдэд нь зориулаад цэцэрлэг байгуулсан тул бид тусалж хамтарч ажилладаг байсан. Гэхдээ энэ бол өвчний зовиурыг түр зуур л намдаах арга юм. Бүтэн хавдрыг нь авахын тулд шалтгааныг зөв тодорхойлж ажиллах ёстой. Өнгөрсөн жил манай Вагнер Ази компани тэр хавийн 18 хүнийг хүнд даацын авто машины жолооч операторын дамжаад суулгаж мэргэшүүлээд ажилтай болгосон. Бүгд ажилд орсон. Энэ мэтээр бид бага багахан туслаж болох ч хогоо бүрэн ангилдаг боловсруулдаг болохгүй л юм бол жижиг жижгээр энд тэндээс нь мэрээд нэмэргүй л дээ.
– Та хамгийн анх Вагнер Ази компаний “Нийгмийн Хариуцлагын Хороо”-г удирдан ажиллаж байсан. Бидний хувьд нийгмийн хариуцлага, компаний хариуцлага гэх ойлголтыг нэг л сайн ялгаж салгадаггүй юм шиг санагддаг.
– Компаний үндсэн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлага хоёр тусдаа гэдэг бол хоцрогдсон ойлголт. Би өнгөрсөн хугацаанд нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Ямар ч компаний үйл ажиллагаа нийгмийн хариуцлагат суурилсан байх ёстой. Бүх үйл ажиллагаа нь нийгэмд, байгальд ээлтэй байх ёстой. Нийгмийн хариуцлагатай компани гэж ямар компанийг хэлэх вэ гэвэл нэгдүгээрт шударга үйл ажиллагаа явуулдаг, хөдөлмөрийн хуулийг дээдэлдэг, ажилчдын эрхийг хамгаалсан, байгаль орчинд ээлтэй байх ёстой. Жилдээ нэг удаа хандив өгөхөө нийгмийн хариуцлага гэж байгаа бол энэ маш залхуу арга. Үр дүн бага. Сонгуулийн өмнөхөн улс төрч нүүрс, будаа, бэлэг тарааж хуурдгаас ялгаагүй. Нэг уул уурхайн компани байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлт хийдэггүй хэрнээ наадмаар нутгийн иргэдэд бэлэг өгөх нь шударга явдал гэж үү? Энэ бол хуурмаг арга. Тиймээс компаний бүх ажилтан, бүх менежер нийгмийн хариуцлагын ойлголттой байх ёстой. Хог хаягдлаа зөв ангилаад, дахин боловсруулах үйлдвэрлүү явуулахыг мэддэг, ойлгодог байх ёстой. Үйлчилгээний газрууд л гэхэд автомашины зогсоолтой байх ёстой. Энэ бас нийгмийн хариуцлага шүү дээ. Зогсоолгүйгээс болоод үйлчлүүлэгчид авто замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьж бусдад саад болж байна. Энэ бол хариуцлагатай компаний үйл ажиллагаа биш. Тиймээс анх компаниа эхлүүлэхдээ л бүхнийг бусдын төлөө байхаар төлөвлөж, нийгмэд эерэгээр нөлөөлөх үйл ажиллагааг л үндсээ болгох ёстой юм. Харин энэ бүгдийн дараа ямар нэг хандивын арга хэмжээ зохион байгуулж болох юм. Гэхдээ энэ нь ч гэсэн нэг удаа бэлэг өгсөн болоод өнгөрөх биш удаан хугацаанд үр ашгаа өгөх тийм л хандив байх ёстой юм. Бид өнгөрсөн хугацаанд энэ л зарчмаар ажиллаж ирсэн. Монголд нийгмийн хариуцлагаа маш сайн ойлгож хэрэгжүүлдэг олон компани байдаг.
– Таны амьдралыг харахад бусдад ямар нэг зүйл өгөхийг их чухал үйл гэж ойлгодог шиг санагддаг. Наанадаж л та, их ажлынхаа хажуугаар онч мэргэн үгс орчуулаад, чухал хэрэгтэй үгсийг хөрвүүлж нүүр номоороо түгээдэг. Үүнд бас л сэтгэл, зүтгэл, цаг орно шүү дээ. Ер нь хүн АВАХ ӨГӨХ гэсэн товчхон хэрнээ гүн агуулгатай үгсийн алинд нь илүү ач холбогдол өгөхөөс олон зүйл шалтгаалж байх шиг анзаарагддаг шүү…
– Дэлхийн хоёрдугаар дайны үед Английн ерөнхий сайд байсан Винстон Черчиль хамгийн оновчтой үг хэлсэн байдаг. “Авахад амьдрал залгуулдаг бол Өгөхөөр амьдралаа бүтээдэг” гэж. Энэ бол ямар ч нөхцөлд, ямар ч нийгмэд туйлын үнэн гэдэгт итгэдэг. Үүнийг аав болоод би хамгийн сайн мэдэрсэн. Америкчууд зул сарын баяраар хүүхдүүддээ бэлэг авч өгдөг шүү дээ. Хүүхдүүдийн хувьд бэлэг авах хамгийн гоё. Тэднийхээ бэлэг аваад баярлаж байхыг хараад өгсөн би тэднээс илүү баярлаж билээ. Энэ бол өгөхийн жаргалыг хамгийн тод мэдрүүлсэн анхны мэдрэмж байсан. Бас сүмийн сайн дурын ажилтан байлаа. Тэгэхэд, аминч үзэл буюу өөрийгөө хэт дөвийлгөж бодох нь хүнийг хөгжихөд асар их саад болдог гэдгийг ойлгосон. Би бол бусдад тусалснаараа өөрийнхөө сэтгэлзүйн тогтвортой байдлыг олж чаддаг. Бусдад цаг гаргаснаар өөрийгөө ч хөгжүүлж байгаа юм. Энийг замын хөдөлгөөнтэй зүйрлэж болно. А цэгээс Б цэг хүртэл хамгийн хурдан очихыг хүсвэл нийгэмд амьдарч байгаа хэн ч бай дүрмээ дагах ёстой. Гүйцэж түрүүлээд л, өөрийгөө сэргэлэн гэж бодоод урдуур дайрах юм бол замбараагүй байдал үүсэж нам зогсоно. Тиймээс бусдыг хүндлээд шударгаар дүрмээ дагаж, зарчмыг зөв хэрэгжүүлээд өрсөлдөх ёстой. Бусдын төлөө сэтгэл, цаг гаргах нь надад таашаалтай байдаг. Хэн нэгэнд туслаад хохирсон тохиолдол байхгүй. Гэхдээ би төгс хүн биш шүү. Надад алдаа оноо маш их бий… Уг нь бусдад туслах хамгийн эхний алхам бол үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх л юм. Тереза эх “Хэрэв энэ дэлхийг өөрчилмөөр байгаа бол гэртээ хариад хүүхдээ хайрла” гэсэн байдаг. Энэ л хамгийн чухал. Ингэж чадвал нийгмээ өөрчилж, сайн сайхныг бүтээж чадах үндэс бүрдэх юм гэж боддог.
-Та Америк хүн. Тэгсэн хэрнээ Монгол улсыг хөгжихөд оролцмоор байна. Амьдарч байгаа нийгмээ хөгжүүлмээр байна гэж их ярьдаг. Гэтэл бидний дунд Монгол болохгүй байна ерөөсөө гадаадад гарч амьдаръя гэх хандлага их байдаг.
– Ихэнх нь эдийн засгийн дүрвэгчид байгаа байх. Бүх хүн адил байх албагүй. Зарим хүн харьд амьдарч өөрийгөө олъя гэсэн зорилготой байж болно. Тэднийг буруутгаж болохгүй. Гэхдээ нэг л зүйлийг хэлмээр санагддаг юм. Газар дэлхий дээр диваажин байгуулна гэдэг хоосон горьдлого ч гэлээ бид хичээж, диваажинд дөхүүлж болно. Гуравхан сая хүн амтай Монголын нийгэмд зөв зарчим, хандлагыг төлөвшүүлэхэд Америкийн 350 сая хүн амд төлөвшүүлэх гэж хичээхээс амархан. Цөөхөн хүн амтай байх тусам нийгмийн давалгаа хүчтэй байхаас гадна амархан түгэж дэлгэрдэг. Тэгэхээр Монгол хүн бүр өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Хүн ам цөөхөн болохоор нэг хүний эзлэх хувь илүү байдаг. Өөрийгөө голохгүй л эхлэх хэрэгтэй байна. Монгол хүний хувь нэмэр далайд дусал биш бараг хувингаар цутгахтай дүйнэ. Гэтэл Америк, Хятадад нэг хүний үг үйлдэл ёстой хагас дусал ч хүрэхгүй шүү дээ. \ инээв\ Өнөөгийн Монголын нийгэмд хүмүүсийн сайхан сэтгэл, зөв хандлага үнэхээр хэрэгтэй байна. Тиймээс би Монголд амьдрах дуртай. Монголын нийгмийг өөрчлөхөд өөрийн чадлаараа оролцмоор байна.
– Та өөрчилье гэж олон удаа хэллээ. Өөрчлөхийн тулд юунаас эхлэх вэ
– Өөрөөсөө л эхэлнэ л дээ. Мэдээж би бусдын адил өөрийгөө боддог. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд хэн нэгнийг хохироохыг хүсэхгүй байна. Хэн нэгнийг даврааж, шударга бус байдлыг гааруулахыг хүсэхгүй байна. Ямар ч үйлдэл хохирогчтой байж болохгүй. Санамсаргүй үйлдлээсээ болоод байгалийг хохироож болохгүй. Ирээдүйгээ хохироож болохгүй. Хог хаягдлаа хамаагүй хаямааргүй байна. Энэ утаа бас их асуудал болж байна. Энэ бүхэн бас миний буруу сонголтоос болж байгаа гэдэгт дүгнэлт хийх ёстой. Тиймээс ч би автомашины хэрэглээг эрс бууруулсан. Бас нэг бохирдлуулагч баймааргүй байна. Өөрийн үйлдэлдээ хариуцлагатай байх ёстой. Бүх бурууг бусдаас хайх биш өөрөөсөө эхлэж өөрчлөх хэрэгтэй.
– Та ямар машинтай вэ?
– Хэлэхээс жаахан ичиж л байна. \ инээв\Америкаас оруулж ирсэн Мазда маркийн машинаа унаж байгаа. Бензин зарцуулалт болоод бусадэд анги нь муудаагүй, миний хэрэгцээг хангаад л байдаг бас би их гамтай хүн болохоор солихгүй 10 гаруй жил унаж байна. Гэхдээ он нь хуучирсан учраас байгаль орчинд ээлтэй байх талаасаа солих цаг нь болсон. Яваандаа цахилгаан машин сонирхож байна. Цэнэглэх цэгүүд олноор байгуулагдчихвал сонирхоно гэж бодож байгаа.
– Хүний үзэл бодол тогтоход суурь хүмүүжил, өссөн орчин аргагүй л нөлөөлсөн байдаг. Та мормон шашинтай. Танай шашинд байгаль орчинг хайрлаж, хамгаалах талаар юу гэж сургасан байдаг вэ?
– Бүгдийг багтааж хэлэх боломжгүй юм. Гэхдээ үндсэн ойлголт бол хүн төрөлхтөн, байгаль дэлхийг бурхан бүтээж өгсөн.Бурхан хүн төрөлхтөнд байгалийг хариуцуулж өгсөн. Энэ хариуцлагаа хэр ухаарч, ойлгож, хэрэгжүүлж байгааг бурхан харж байдаг. Бидний амьдрал бол сорилт, шалгалт. Буух эзэн буцах хаягтай гэсэн үг юм. Бид ирсэн газартаа буцаж очиод шүүлтийн тавцанд гардаг.Энэ амьдрал бол зорилготой амьдрал. Биднийг зүгээр ч нэг эзэн болгож тавиагүй гэж заадаг. Бас хүмүүсийг бурхан бүтээсэн учраасхэдий шашин шүтлэг, арьс үсээр ялгаатай ч бүгд ах дүү, нэг гэр бүл гэж манай сүмд заадаг болохоор өөр хоорондоо дайсагнаж болохгүй бүгдийг хайрлаж хүндэх ёстой гэж сургадаг. Амьд бүхэн сүнстэй учраас бүрхны бүтээл гэж хүндлэх хэрэгтэй гэж заадаг. Бие мах бодь хамгийн ариун байх ёстой учраас архи, тамхи, хар тамхи хэрэглэхийг эрс хорьдог. Би шашнаасаа сүүлийн жилүүдэд хөндийрсэн ч гэлээ үндсэн ойлголтоос гаждаггүй ээ. Зөвхөн манай шашин ч биш бүх л шашинд бусдыг хайрлаж энэрэх тухай байдаг. Тиймээс бүх л шашнаас суралцаж, хүлээн зөвшөөрч энх тайванчаар амьдрахыг илүү үздэг.
– Зарим хүн архи тамхи амьдралын таашаал гэдэг. Та юунаас таашаал авч, аз жаргалыг мэдэрдэг вэ?
– Хүний аз жаргал бол өөрийн сэтгэлийн тэнцвэрийг олсон үед л хамгийн тод мэдрэгдэх мэдрэмж шиг санагддаг. Хэн нэгнээс хамаарч чиний сэтгэл хөдлөж, гутарч, эсвэл бүр нисэх мэт баярлах нь та өөрийн сэтгэлийн амар амгаланг олоогүй, сэтгэлийн түлхүүрээ бусдад атгуулсан байна аа л гэсэн үг юм. Тиймээс би аз жаргалыг олон зүйлээс мэдэрч чаддаг байхыг илүүд үздэг. Тухайлбал: Хүний амьдрал таашгүй шүү дээ. Юу ч болж болно. Хэн нэгэн хайртай хүн минь осолд орлоо гэхэд би түүнийхээ төлөө шаналж сэтгэлээр унаад үхэх биш харин ч хийгээгүйг нь гүйцээх, хүсэл зорилгыг нь үргэлжлүүлэх гэх мэт илүү хүчтэй болох ёстой гэж боддог доо.
– Та Монгол хэлээр их сайн ярих юм. Гуравхан сая хүн ярьдаг энэ хэлийг сурснаас өөр хэл сурсан нь дээр гэх хүн байдаг. Гэтэл та бүр илүү л гүн суралцаад байх юм. Яагаад?
– Монгол хэлсурахад их хэцүү. Эзэмшихэд бүр хэцүү. Англи хэлийг бодвол асар их үгийн баялагтай. Нэг үгийг магадгүй 5 үгээр тайлбарлаж болдог. Гол нь би бусдыг зөв ойлгож, өөрийгөө зөвөөр ойлгуулахыг хүсдэг. Хүнтэй хоёр дахь хэлээр ярилцахад тархиараа холбогдоно. Төрөлх хэлээр нь яривал ярилцагчийнхаа зүрхэнд хүрч ойлголцож чадна. Монгол хэлээ илүү сайжруулах болно.
– Монголчуудын талаар хэзээ нэг цагт ном бичих үү?
– Бусдад хэрэгтэй, тус болж чадна гэвэл ном бичиж болох юм. Гэхдээ ойрын үед биш.
– Монголчуудын ямар зан хамгийн таашаалтай санагддаг вэ?
– Зочломтгой зан. Энэ сайхан зан заншлаа л бүү алдаасай гэж боддог. Хэдэн сарын өмнө Чингис зочид буудалд уулзалттай байлаа л даа. Тэгсэн хажуу танхимд ахмадуудын уулзалт болж байсан. Тэр ахмадууд биенээ хүндлэн угтаж байгаа нь үнэхээр халуун дотно сайхан санагдсан. Энэ сайхан харилцааны хүндлэл, үнэн байдал, халуун дотно яриа эдгээр ахмадуудаар тасарч байгаа юм биш биз гэж харамсан бодож байлаа. Бидний харилцаанд нэг тийм хүйтэн, хаалт үргэлж байгаад байна. Дандаа хардалт сэрдэлттэй байх нь мөхөхийн л үндэс. Тиймээс Монголчууд энэ зочломтгой зангаа бүү мартаасай гэж боддог. Хоёрдугаарт миний нэг зарчим бол хүндлэл. Бүгдэд хүндлэлтэй хандах хэрэгтэй гэсэн зарчим юм. Огт танихгүй хүнээс ч сурах зүйл байдаг. Архичин, бадарчин байлаа ч миний мэдэхгүйг тэр хүн мэддэг учраас хүндлэх шалтгаан болдог.
– Тантай чамгүй удаан сайхан хөөрөлдлөө. Ярилцлагаа ингээд өндөрлөе дөө. Гэсэн ч таны хэлэхийг хүссэн зүйлийг би асуугаагүй байж магад юм.
Монголчуудын хандлага маш хурдан өөрчлөгдөж байна. Хог хаяхгүй юм шүү гэсэн бодолтой хүн маш их болсон шиг санагдсан. Энэ бол том өөрчлөлтийн эхлэл юм шүү.
-Монголчуудын хандлага маш хурдан өөрчлөгдөж байна. Хог хаяхгүй юм шүү гэсэн бодолтой хүн маш их болсон шиг санагдсан. Энэ бол том өөрчлөлтийн эхлэл юм шүү. Бас байгаль бол бурхны төгс бүтээл. Ганц цэцэг, нэг зөгийг ойроос хараад та гайхан биширнэ дээ. Тиймээс байгаль дэлхийгээ хайрлаж ирээдүйнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэй биелүүлэхийг хичээж хэрэгжүүлцгээе ээ.
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!