Хогны тухай ярьдаг болсоор жил гаруй болжээ. Энэ хугацаанд, юу ч хэлсэн болохгүй, бүтэхгүй гэж хүлээж авч сөрдөг олон л хүмүүстэй уулзлаа. 20 хүн дотор заавал нэг тийм хүн байдаг юм. Өнөөдөр ч гэсэн нэг эмэгтэйтэй байсан. Юу болсон гэхээр… Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо ТББ-ынхантай Багахангай дүүрэг явлаа. Тэд маань очсон даруйдаа л цай цүү ч үгүй шууд л сургалтаа эхлэв. Харин би, 6 цагт босоод яарч сандран гэрээсээ гарахдаа олигтой ч цайлж амжаагүй болохоор халуун цай, цөцгийн тос, чанамалтай талх л бодоод байлаа. Гэсэн ч ажил бол ажил шүү дээ. Сургалтаа эхэллээ. Холбооныхон хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хууль эрхзүйн орчин, хор нөлөө, шийдэл гээд бүх л талаас нь ярьж байна. Гэтэл тээр цаана суусан эмэгтэй нэг л биш ээ… Сургагч багш юу ч хэлсэн “Наадах чинь бүтэхгүй ээ. Угаасаа худлаа. Шийдэгддэггүй юм” гээд л чанга чангаар хэлээд хичээл үймүүлээд байв. Илтгэгч багш түр зогсоод учрыг нь асуухад:
-Та нар хогоо ангил гээд байх юм. Гэтэл би анилсан ч гадаа бүгдийг холиод ачдаг. Хэдий ялгаж цуглууллаа ч цуглуулсан зүйлсийн \дахиварын\ үнэлгээ бага болохоор угаасаа хотруу аваачна гэж худлаа. Тээврийн зардалдаа ч хүрэхгүй учраас хийх хүн ч олдохгүй. Нөгөөтэйгүүр та нар манай дүүрэгт дахиварын цэг байгуулаад өг. Тэгвэл яахав бид ангилах талаар бодож үзье гэж байна. Тэгсэн сургагч багш:
– “Хаясан хогоо өөрөө л цэвэрлэх ёстой болохоос өөр хэн нэгэн цэвэрлэнэ гэж хүлээх утгаггүй. Бид харилцаа хандлагыг өөрчлөх, шийдлийг санал болгож л яваа болохоос энд тэнд очиод хогийг нь түүгээд, цэг байгуулаад явах боломжгүй юмаа” гээд Хөвсгөлийн жишээг санал болгов. Хөвсгөлчүүд яасан гэхээр… Иргэдийн хурлаасаа айл өрх бүрээс авдаг хогны мөнгөө 3000 болгох тухай санал гаргуулж дээш хүргүүлээд батлуулсан гэнэ. Төвлөрсөн мөнгөөрөө дахиварын цэгүүд байгуулж хотын үйлдвэрүүдтэй гэрээтэй ажиллах шийдэлд хүрсэн тухай байв. Багахангай дүүрэг хөвсгөлийг бодвол нийслэлд ойр учраас бүр ч их боломжтой тухай хэлэхэд нөгөө эмэгтэй:
– Өө манай хурлынхан тийм шийд гаргахгүй. Тэрнээс ч илүүгээ шидэж чадахгүй байхад гээд л түнтэгнэж байв. Энэ үед миний хэл загатнаж ихийг хэлмээр санагдсан ч олигтой хэлж ойлгуулж чадаагүй тул одоо энд бичих гэж байна. Угаасаа үгүйсгэгчид мянга мянгаараа байдаг болохоор бүгдэд нь хариулт болог гэсэндээ энэ билээ.
- Би хогоо ангилдаг. Хэдий хотод ч гэсэн хог нийлүүлж ачдаг хэвээрээ ч хүүхдүүддээ дадал суулгах гэсэндаа хийж буйгаа хэзээ ч зогсоох тухай бодож байсангүй ээ.
- Ангилсан дахивараа ихэнхдээ том хүүгээрээ дахиварын цэгүүдэд тушаалгадаг учраас тэр одоо хогийг заваан биш мөнгө болох боломжтой гэдгийг ойлгосон. Хүү минь Монгол улсын ирээдүйн эзэн. Эздийг нь бид одооноос бэлдэх ёстой.
- Хогоо ангилаад ирэхээр ямар олон хэрэггүй зүйлд мөнгө зарцуулж, юу идэж уугаад байна вэ гэдгээ ойлгож зохицуулах боломжтой болдог.
- Ангилах тусам гэрээс гарах хогны хэмжээ багасдаг.
- Байгальдаа ээлтэй амьдарч байгаагаа мэдэрч өөрөө бахархана
Дээрх шалтгаанууд бол өрхийн болон өөрийн хэмжээнд мэдэрч болох энгийн эерэг мэдрэмж, үр дүн юм. Өөр нэг шалтгаан байдаг.
Монгол хүний дундаж наслалт 65. Энэ хугацаандаа ганцхан удаа гялгар уут хаяад үхэхэд л нөгөө уут чинь дунджаар 500 жил хөрс, ус агаарыг хордуулж байдаг. Гэтэл тэр гялгар уутыг хаясан хүн аль хэдийнээ хальсан байна шүү дээ. Ингээд бид ганц тэр хогоороо л өөрөөсөө хойш 7-8 үеэ хордуулж байгаа юм. Үүн шиг нүгэл гэж юу байх билээ. Бид үр хүүхэддээ хор өгчихөөд үхэх нь сайхан гэж үү? Хог бага гаргахыг хичээх, ангилахад хамгийн их түлхэц болдог зүйл бол энэ билээ.