2018 оны 10-р сарын 5-ны өдөр миний хувьд гайхамшигтай, гэнэтийн бэлгээр дүүрэн өдөр байсан билээ. Өдөр нь нэг их өвөрмөц байгаагүй л дээ. Харин тэр оройг бол мартахын аргагүй юм.

Үдшийн 19 цагийн үед би хоёр найзынхаа хамт хааяахан орж алжаалаа тайлдаг Bojangles нэртэй баранд орлоо. Үргэлж л нам гүмхэн налайж байдаг, тухтайхан газар маань олны  хөлд дарагдсан байв. Буйдхан газрыг сонгож, олноос дөлж байдаг надад таатай санагдсангүй ээ. Гэсэн ч хоол идчихээд л гарцгаая гэж ярилцаад цонхны хажуугийн том ширээнд сууцгаалаа. Үйлчлэгч ирмэгц, яагаад ийм олон хүн цугласан байгааг асуухад:
“Өнөөдөр тусгай ажилтай. “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийнхэнд зориулсан бооцоотой хандивын өдөрлөг хийж байгаа юм гэв. Улаанчулуутын хогийн цэг орчимд амьдардаг хүүхдүүдэд цэцэрлэг барьж өгч, үйл ажиллагааг нь өнөөдрийг хүртэл таслахгүй авч яваа Julia Veloo гэдэг мундаг Канад эмэгтэй энд байгаа гэв.

Нарны хүүхдүүд бол Улаанчулуутын хогийн цэгийн зүүн үзүүрт баригдсан цэцэрлэг билээ. Хог дээр аав, ээж нь ажилладаг хүүхдүүд өдрийг ямар хэцүү нөхцөлд өнгөрүүлдэг талаар урд нь хаа нэгтэйгээс уншиж байсан юм л даа. \ бидний зарим нь төлөөлж ч чадахгүй тийм л орчинд хүүхдүүд амьдардаг юм\ Гэтэл тэр хүүхдүүдэд зориулж цэцэрлэг байгуулж өгөөд зогсохгүй  үйл ажиллагааг нь өргөжүүлсээр яваа эмэгтэйтэй уулзаж танилцана гэдэг хамгийн сайхан бэлэг байлаа. Ингээд ганц хундага дарс ууж биеэ чөлөөлснийхөө дараа уулзаж танилцахаар явсан юм. Гэсэн ч түүнтэй уулзсаныхаа дараа өөрийгөө зоригжуулах ямар ч шаардлагагүй байсныг ойлгосон. Миний Англи хэл түүний Монгол хэлний мэдлэг яг л дүйж байсан тул Англи Монгол холин дорхноо л ойлголцож билээ бид. Удахгүй Канад руугаа буцах ажилтай гэсэн тул цаг тохирон холбогдож интернэтээр ярилцлага хийхээр тохироод салсан юм.

2018.12 10-ны өдөр. Өвлийн эхэн сар гарсан тул өглөө 7 цагт гэгээ ороогүй харанхуй байлаа. Харин Канадад орой болж байв. Жулия бид хоёрын цахим дахь ярилцлага бүрэнхийд эхлээд шинэ өглөөний нар мандаж байх үед дууссан билээ. Ярилцлагын дараа би Монголчууд бид тэр жаахан үрсийн талаар огтхон ч сэтгэлээ чилээж хуруугаа ч хөдөлгөөгүй байхад харь эмэгтэйн хийж чадсан бүхнээр бахдаж түүнийг ихээр хүндлэн хайрласан билээ. “Хогийн цэгт өссөн ч тэд бол хүүхэд. Хүүхэд бүрт хайрлуулах, боловсрол эзэмших тэгш боломж л өгөх ёстой. Амьдрал богинохон” гэж Жулия Велүү хэлсэн юм.

-Таны нас жаран нас шүргэж байна. Гэтэл Индонез, Энэтхэг, Монгол орны ядуу зүдүү амьдралтай хүүхдүүдэд туслах хандивын ажил хийдэг. Манай Улаанбаатар хотын хогийн цэгийн хажууханд цэцэрлэг барьчихсан. Яаж энэ их ажлыг амжуулдаг вэ? Ажлын арга барилаас чинь ярилцлагаа эхлэх үү?

-Би Канадад бол суурин газраас нэлээд хол амьдардаг болохоор ихэнх ажлаа гэрээсээ, компьютерийнхээ ширээний араас амжуулдаг. Харин Монголд бол сэрээд л цэцэрлэг рүүгээ явна. Хамтрагчидтайгаа утсаар холбогдож “ Заа юу болж байна” \Монголоор хэлэв\ гээд л уулзалддаг даа. Энэ үгээр л миний өглөө эхэлдэг юм байна. \инээв\ Өдрийн 8-10 цагийг би төсөлд зайлшгүй шаардлагатай мөнгийг хэрхэн босгоход анхаарч ажилладаг. Учир нь Монголд хэрэгжүүлж байгаа нийт төслийн  сарын зардал 15000 орчим америк доллар болдог юм. Энэ бүх мөнгийг хандиваар олдог. Тиймээс наанадаж цэцэрлэгийн хүүхдүүдээ хоолтой, цахилгаантай, дулаан байлгах, багш ажилчид болох 40 хүнийхээ цалинг таслахгүй байлгах эсэх нь  шууд надаас хамаардаг тул мөнгө босгоход төвлөрч ажилладаг даа. Бас нэг чухал ажил бол Монголчууд өөрсдөө бие биедээ тусалдаг, анхаардаг, түүндээ зориулж хөрөнгө босгож сурах явдал тул хамтрагчдаа энэ тал дээр сургахыг хичээдэг юм. Та мэднэ дээ, би мөнгө босгохын тулд “Gobi Gallop” нэртэй хамгийн хол замыг мориор туулах аялал хүртэл хийдэг.

-Сарын 15000 доллар гэдэг бол чамгүй их мөнгө. Ихэнх мөнгө танай нөхрийн халааснаас гардаг гэж байсан. Өөрт ашиггүй ийм ажил хийх ямар хэрэгтэй юм бэ?

-Хүмүүс гайхдаг л даа… Veloo сан Канад улсын татварын байгууллагад бүртгэлтэй тул ихэнх мөнгийг сангийн үйл ажиллагаанд зарцуулсан нь ил харагддаг болохоор тэр байх… Хувийнхаа амьдралыг яаж зохицуулдаг юм бэ гэж асуудаг. Тийм ээ… \санаа алдав\ манайх ядруухан гэр бүл. Гэхдээ нөхөр бид хоёр олон жилийн өмнө орлогынхоо тодорхой хувийг ядуу өрхөд, өнчин хүүхдүүдэд зориулна гэж их том шийдвэр гаргаж байсан. Үүнийхээ дараа олон хүнд хандив өгч байлаа. Дараа нь 2007 онд Veloo сангаа байгуулсан. Гэхдээ эхний ажлууд маань санхүүгийн хувьд өөрсдөө хянаж шийдэж болохоор жижиг төслүүд байлаа. Учир нь хэт ихийг мөрөөдөөд эхлүүлчихвэл санхүүг нь зохицуулж чадахгүй байх эрсдэл байсан учраас тэр юм. Нөхөр бид хоёр одоо тэтгэвэрт гарсан. Зарим хүмүүс олсон мөнгөөрөө тансаг байшин, сүүлийн үеийн үнэтэй машин худалдаж авч үнэтэй амралт зугаалганд зарцуулдаг. Харин бид хоёрт тийм амьдрал байхгүй ээ. Бид тэр тансаглах мөнгөө л хүүхдүүдэд зориулчихдаг юм. Гэхдээ битгий буруу ойлгоорой. \ инээв\ Бид сайхан амьдралтай шүү. \nice life\ Зүгээр л орлогынхоо тодорхой хувийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулдаг юм.

-Хүмүүс тансаг амьдрал, үнэтэй амралт зугаалганд дуртай шүү дээ. Нэг талаар энэ бол амьдралаас авах нэг таашаал гэж харж болно. Тэгвэл таныг юу аз жаргалтай болгодог юм бэ?


-Аз жаргалтай хүүхдүүд л биднийг аз жаргалтай болгодог. \ Happy kids makes us happy\ Манай цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдүүдийг анх ямар байсан, одоо яаж өөрчлөгдсөнийг хараад л та ойлгоно доо. Тэдний амьдардаг газарт очвол ямар ч халаалтгүй овоохой шиг юманд, өлөн зэлмүүн, талхны үйрмэг ч байдаггүй. Аав, ээж нь хогийн цэгт ажиллахаар явсан. Өвлийн -25 хэмийн тэсгим хүйтэнд хүүхдүүд гэртээ аав ээжийгээ хүлээгээд, өвдөж халуурч, өлсөж цангаад сууж байдаг юм. Энэ бол буруу \ Its wrong !!! we have to change it\  Бид өөрчлөх ёстой. Юу гэхээр Канадад ч гэсэн ядуу айл, өнчин хүүхдүүд бий. Канад ч хүйтэн орон. Гэхдээ дийлэнх нь амьдрах орон байртай. Тэд өвлийн хүйтэнд даарахын зовлонг азаар мэдэхгүй. Төвийн дулаанаар хангагдсан байранд амьдарч Засгийн Газраас хэрэгжүүлдэг ядуусыг дэмжих хөтөлбөрүүдэд хамрагддаг. Тэдний зовлон бол хоол болон хангалттай мөнгөгүй байх л байдаг. Гэтэл бид анх Монголд ирээд, зургаан настай хүү, хоёр настай охин дүүгээ хараад өвлийн хүйтэнд галгүй цэл мөсөн ноорхой гэртээ сууж байхтай таарсан. Ах нь бага зэрэг халуурч байсан ч дайлах зүйлгүйдээ санаа зовж байгаа нь мэдэгдэж байлаа. Гадаа дүн өвөл байсан юм шүү дээ. Хоёр хүүхэд гутал ч үгүй байсан. Энэ бүхэн надад үнэхээр байж боломгүй санагдсан. Монголд ирэхээсээ өмнө олон газар амьдарч, тусалж байсан болохоор ядуу зүдүү амьдралыг мэднэ. Гэтэл Монгол хүүхдүүд идэх хоол, унтах гэргүйгээс гадна хүйтэнд амьдарч байна. Ядуу байх, ядуу дээрээ хүйтэнд амьдарна гэдэг огт өөр нөхцөл шүү. Манай сан Индонез улсад хандивын үйл ажил хийдэг. Тэнд хэцүү амьдралтай олон хүүхэд бий. Гэхдээ тэд даарахгүй. Монголын хогийн цэг дээр ажиллаж амьдардаг хүмүүс өвлийн улиралд ихэнх цагаа гал түлж дулаацах зүйл хайж өнгөрүүлдэг бол бусад улс оронд хогноос түүж олноо зарж мөнгө олоход зарцуулдаг.

-Тийм ээ… энэ бүхнийг огт анзааралгүй хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийхгүй байгаа бүх Монголчуудынхаа өмнөөс танд чин сэтгэлээсээ талархаж байна… Ер нь хүний амьдралд ямар газар өсөж төрсөн бэ гэдэг ихээхэн нөлөөлдөг шиг санагддаг. Монголчууд зовж үзсэн хүн л бусдын зовлонг ойлгодог гэж хэлдэг юм л даа.

-Магадгүй л юм. \санаа алдав\ Би бас ядруухан гэр бүлд өссөн. Би ядуу амьдралыг мэднэ. Гэхдээ бидэнд үргэлж идэх хоол, өмсөх хувцас, гэр бүлээрээ байх орон байр байсан. Дулаан газар унтаж, сургуульд сурах боломж олддог байлаа. Гэтэл бидний тусалдаг хүүхдүүдэд юу ч байхгүй. Аав ээж байхгүй. Хоол байхгүй. Хүйтэн байна. Даарч байна. Хувцас, гутал, куртка байхгүй. Юу ч байхгүй \ Монголоор хэлэв\ Энэ байдлыг бид засах ёстой. Зарим нь ингэж зовж амьдарч байгаа нь үнэхээр буруу. Тиймээс л бид туслах гэж хичээсээр байна.

Таны гэр бүлийн хүн Chelvan Veloo гурван настайдаа ааваасаа, арван настайдаа ээжээсээ өнчирсөн гэдэг. Нөхөр тань сангийн ажилд хамгийн их тус болдог хүн шүү дээ…

– Тийм ээ, манай нөхөр багадаа ээж, ааваасаа өнчирсөн. Авга ах нь өсгөсөн юм. Нөхөр минь Индонез аав, Сингапур ээжтэй. Тиймээс л бид хоёр Индонезийн өнчин ядуу хүүхдүүдээс эхлээд Энэтхэг, Монгол улсад хандивын ажил хийгээд явж байна. Бид хоёр 2007 онд Veloo  сангаа байгуулж албан ёсоор хандивын ажил хийж эхэлсэн ч гэлээ өмнө нь ч хүүхдүүдэд тусалдаг байсан. Индонезд өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чадлынхаа хэрээр тусалсаар ирсэн. Энэтхэг улсад ядуу айлын хүүхдүүдэд боловсрол эзэмших боломж олгохын тулд сургууль байгуулсан. Гэхдээ “Нарны хүүхдүүд” бол хамгийн том нь…  Би гурван настайдаа хүнд өвчин туссан. Бүтэн хоёр жил эмнэлэгт хэвтэж билээ. Эмнэлэг манай гэрээс 500 кмийн зайтай байсан учраас тэр хоёр жилийн хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ ганцхан л удаа уулзсан. Тиймээс би хүүхэд гав ганцаараа байхын зовлонг маш сайн мэднэ. Мэдээж би тухайн үеийн талаар бүгдийг санадаггүй ч ганцаараа, идэх хоолгүй үлддэг эдгээр хүүхдүүдэд туслах болсон нэг шалтгаан мөн.

-Таны TED TALK  ярилцлагыг үзсэн. “Power of decision” \Шийдвэрийн хүч\ нэртэй илтгэл байна билээ. Үнэхээр л хүний амьдралд шийдвэр их хүчтэй нөлөөтэй нь таны амьдралаас ч харагдаад л байна. Танай гэр бүлийнхэн орлогынхоо тодорхой хувийг хандив тусламжинд зориулна гэж тухайн үед шийдээгүй байсан бол “Нарны хүүхдүүд” танай цэцэрлэгт явж байгаа 120 хүүхэд яах байсан бол гэж бодогдож байна.

– Анх манай нөхөр Оюу толгой компанид ажиллахаар Монголд ирэхдээ ядуу иргэдэд хандивлах зорилгоор 4,5 тонн контейнэр дүүрэн хувцас хэрэглэлтэй ирсэн. Бид хоёр эхлээд авч ирсэн бүхнээ хэрэгтэй хүнд нь өгөхийг хүсэж байлаа. Цэцэрлэг байгуулах төлөвлөгөөгүй байсан юм. Гэтэл дээр хэлсэн шиг, хүүхдүүд аймшигтай нөхцөлд амьдарч байгааг хараад бүх зүйл өөрчлөгдсөн. Өдөр өнжүүлэх ч болтугай барих хэрэгтэй юм байна гэж шийдсэн юм. Энэ бол үнэхээр хүнд хэцүү ч маш том шийдвэр байсан юм шүү. Тэгээд л зүтгэсээр байгаад цэцэрлэг болгосон л доо. “Нарны хүүхдүүд” цэцэрлэг маань одоо Улаанчулуутын хогийн цэгийн зүүн урд байрлаж байгаа. Тэр хавийн айл өрхүүдийн 120 хүүхэд манай цэцэрлэгт бүртгэлтэй байдаг. Гэсэн ч хогийн цэгийн баруун хэсгийн айлуудын хүүхдүүд манайд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс бид МУ-ын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хоёр дахь цэцэрлэгээ байгуулж байна. Удахгүй ашиглалтанд орно. Шинэ цэцэрлэг маань 125 хүүхдийн орон тоотой байх юм. Одоо манайд бараг 40 орчим хүн ажиллаж байна. Арван багш, зургаан оёдолчин, гурван хамгаалагч, нэг нягтлан, хоёр үйлчлэгч, нэг номын санч  бас цэцэрлэгийн гүйцэтгэх захирал, зуны зуслангийн ажилчид зохицуулагчид гэх мэт…

Аав ээж нар нь хүүхдээ цэцэрлэгт нь явуулахгүй байх тохиолдол байдаг уу?

– Тийм ээ байдаг. Энэ бол бас нэг хэцүү асуудал. Заримдаа ээж аав нар хүүхдээ цэцэрлэгт нь явуулдаггүй. Энэ үед бид бүртгэлтэй хүүхдүүдийнхээ гэрээр орж асууж сурагладаг. “Яагаад хүүхдээ цэцэрлэгт нь явуулахгүй байна вэ” \Монголоор хэлэв\ гэж асуудаг. Заримдаа маш энгийн шалтгаан буюу өмсөх хувцасгүйгээс болоод явуулаагүй байдаг. Энэ үед нь “Зүгээр ээ, бид хүүхдэд хувцас өгнө” гэж хэлдэг. Заримдаа бол их хэцүү, асуудал төвөгтэй байдаг. Аав ээж нь дэндүү их цагийг хогийн цэг дээр ажиллаж өнгөрүүлэх, архи уусан байх тохиолдол гарна. Бид чадлаараа тусалж асуудлыг нь шийдэх гэж хичээдэг ээ.

– Цэцэрлэг бол хүүхдэд боловсрол олгох анхны шат юм. Танайх Канад, Монгол аль улсын боловсрол хүмүүжлийн стандартыг баримталдаг вэ?

– Аль альныг нь хэрэгжүүлнэ. 50, 50 хувьтай гэсэн үг. Цэцэрлэгт ирсэн хүүхдүүдийг хэзээ ч шахаж шаарддаггүй. Багш хүүхдүүдрүү хашхирах, чанга дуугарах, гар хүрэх хориотой. Шууд хөөгдөнө. Хүүхдүүд зурах хэсэг, бүтээх хэсэг, тоглох хэсгүүдээс сонгоод өдрийг өнгөрүүлдэг. Хэсэг тус бүрт хүссэн хугацаагаараа байж болно. Нойр нь хүрвэл унтаж ч болно. Монгол цэцэрлэгийг бодвол илүү уян хатан гэсэн үг юм уу даа. Бид хүүхдийг өөрөөр нь нээж, хөгжүүлэх талд анхаардаг. Гэхдээ цэцэрлэгээ төгсөөд тэдний ихэнх нь Монгол сургуульд суралцана. Тиймээс унших, тоо бодох, бичих анхны ойлголтыг өгдөг. Бас хүүхдүүдээ бусад Монгол цэцэрлэг шиг томоотой суулгаад, багш самбарын урд зогсож хичээл заадаг аргыг ойлгуулж хэвшүүлдэг. Учир нь манай хүүхдүүд төгсөөд Монгол сургуульд сурах болохоор бусад цэцэрлэгт сурсан хүүхдүүд шигээ бэлтгэгдээгүй байвал шударга биш шүү дээ. Гэхдээ манай цэцэрлэгт явдаг хүүхдүүдийн ар гэрийн байдал хэцүү учраас хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн байдал болоод сэтгэл хөдлөлд хамгийн их анхаардаг юм. Яг л мэргэжлийн байгууллага шиг…

– Цэцэрлэгийн нас 2-5 шүү дээ. Тэд төгсөнө. Ирээдүйд нь санаа зовдог уу? Наад зах нь сургуульд орж чадахгүй байх вий гэдэг ч юм уу? Сургууль байхгүй шүү дээ.

– Сургууль байна. Байхгүй бол барина. \ инээв\ Энэ жил болон ноднингийн төгсөгчид бүгд сургуульд явсан шүү дээ. МУ-ын Засгийн Газраас цэцэрлэгийн ойролцоо шинэ сургууль барьсан юм. Гурван жилийн өмнө байх. Цэцэрлэгтэй их ойрхон. Нэг бэрхшээл нь хүүхдүүд их тул сургуулийн ачаалал маш их. 2-3 ээлжээр хичээллэдэг юм билээ. Багтдаггүй. Би бага зэрэг санаа зовдог. Гэхдээ, яг одоогоор миний хамгийн их анхаардаг асуудал бол бага насны хүүхдүүдийг хангалттай хооллох, дулаан байранд байлгах юм. Учир нь бага насны хүүхдэд хүнс тэжээл маш чухал. Тэдний тархины хөгжил хоол тэжээлийн байдлаас маш их шалтгаалдаг. Одоохондоо байдал гайгүй байна. Манай цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн зарим нь энэ жил нэгдүгээр ангид орсон бол зарим нь хоёрдугаар ангид элсэж орсон. Тиймээс одоо гайгүй. Нэг үеэ бодвол гайгүй шүү, гайгүй. \ инээв\

– Та цэцэрлэгийнхээ багш нарт юуг ойлгуулахыг хичээдэг вэ? Учир нь багш бол хүүхдийн хүмүүжил төлөвшилд хамгийн их нөлөөлдөг хүмүүс шүү дээ.

– Багш нар хамгийн түрүүнд хүүхдийг аюулгүй, тайван байлгах ёстой. Хүүхдүүд аюулгүй орчинд байгаагаа мэдэрч хөгжилтэй л байх ёстой. Манай хүүхдүүд энгийн айлын хүүхдүүдтэй харьцуулахад их иддэг. Маш их унтдаг. Учир нь тэд гэртээ хангалттай идэж, тухтай байж чаддаггүй. Ихэнх нь маш олуулаа нэг гэрт амьдардаг. Тиймээс нэн тэргүүнд цэцэрлэгийн орчин хүүхдэд аюулгүй, тухтай байх ёстой. Зарим Монгол цэцэрлэгийн багш нар хүүхдэд хатуу \straight\ байдаг бол манайд \gentle\ байх ёстой гэж үздэг. Мэдээж хүүхэд суралцах ёстой. Биеэ зөв авч явахад суралцах ёстой. Хүний амьдралд итгэл өгдөг анхны хүн бол багш шүү дээ. Энэ л миний багш нартаа ойлгуулахыг хичээдэг гол чиг минь юм даа. \main messege\  Хамгийн чухал, чухлаас чухал зүйл бол хүүхдийг хайрлах бас аюулгүй орчинд байлгах юм. \ loving and save place\ Боловсрол бол хоёрдугаарт шүү. Магадгүй гуравдугаарт байх. Хүүхдэд хамгийн чухал нь хооллох, дулаан байлгах, хайрлах юмаа. Хэрвээ энэ хүүхдүүд хайр халамж мэдрэхгүй өсвөл ямар хүмүүс болох бол? Та мэдэж байгаа шүү дээ. Хэлэхэд ч хэцүү юм.

– Хогийн цэг орчим бол дээд зэргийн бохирдолтой газар. Ийм орчин хүний сэтгэцэд нөлөөлдөг гэж ОУ-д ч үздэг. Та л хамгийн бодитой хариултыг хэлэх байх…

– Энэ бол буруу.  \That is wrong\  Мэргэжлийн эмчийн тусламж авах шаардлагатай хүүхэд байдаг л даа. Гэхдээ дийлэнх нь бусадтай л адил хүүхдүүд байдаг. Тэднийг хайрлаж, боловсрол эзэмших боломж олгох юм бол бусадтай л адил өсөж, хөгжиж чаддаг. Тэд чинь ердөө л \ just\ хүүхдүүд шүү дээ. Тэдний зарим нь зурах, будахдаа дуртай байдаг бол нөгөө хэсэг нь тоо бодох, тоглоом эвлүүлэх сонирхолтой. Би нэг зүйлийг үргэлж гайхдаг. Энэ хүүхдүүд ямар ухаантай юм бэ гэж? Тэд маш ухаантай. Бид хувийн сургуулиудтай хамтарч ажилладаг юм. Цэцэрлэг төгссөн хүүхдүүдээс тэдгээр сургуулийн захиргаа шалгалт авч сонгон шалгаруулалт хийдэг. Яг өнөөдрийн байдлаар English School of Mongolia, Мон Ген, Эрдэм Төгс, Хос-Уянга, Орхон Хасу зэрэг сургуулиудад манай цэцэрлэгийн төгсөгчид суралцаж байна. Төгсөгчид маань бүгд дээрх сургуулиудад шалгалт өгч тэнцээд төгстлөө 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрх авсан юм шүү. Зарим сургуулиуд хол байдаг учраас бид хүүхдүүдийг сургуульд нь хүргэж өгөөд буцааж авч ирдэг. Зарим хүүхдийн хувьд эхийнхээ хэвлийд байхдаа эсвэл төрснийхөө дараа хангалттай хоол тэжээл авч чадаагүйгээс өсөлт удаан, жижиг биетэй гэх мэт асуудалтай байдаг ч энэ  их цөөн тохиолдолд шүү. \ инээв\

– Та нэг цэцэрлэг барьсан. Дахиад нэгийг ашиглалтанд оруулах гэж байна. Гэтэл манай улс хогныхоо асуудалд өнөөдрийнх шиг хайнга хандсан хэвээрээ байх юм бол хэчнээн ч цэцэрлэг бариад тэнд амьдардаг хүүхдүүдийг багтааж чадахгүй. Тиймээс бид хогоо л ойлгож шийдэх хэрэгтэй гэж боддог. Манай улсын хогны менежментийг яаж хийвэл хурдан шийдэгдэх бол? Та олон оронд ажиллаж байсан хүн ямар нэг шийдэл хардаг байх…?

– Хамгийн нэгдүгээрт хогийн цэг орчимд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг бүртгэлжүүлж, хууль ёсны болгох хэрэгтэй. Тэд МУ-ын иргэн гэдгийг мартаж болохгүй. Хоёрдугаарт Монголчууд хогоо ангилж, дахин боловсруулж эхлэх ёстой. Дахин боловсруулах, дахин боловсруулах, дахин боловсруулах, \5 удаа давтаж хэлэв\ Хэрвээ хогоо ангилаад дахин боловсруулаад эхэлбэл хогийн цэгт ажиллаж байгаа хүмүүсийг ажлын байраар хангах боломжтой гэж боддог. Тэд өөр ажилд тэнцэхгүй байж болох ч дахин боловсруулах төвд ажиллаж чадна. Тэгэхээр тэдний ажлын байр аюулгүй, дулаан бас нэр хүндтэй болно. Энэ л миний зорилго доо. Хогоо 100% дахин боловсруулдаг болчихвол түүн шиг сайхан зүйл алга. Гэхдээ энэ Монголчуудын хувьд шийдэж боломгүй том асуудал биш. Маш жижигхэн шүү дээ. Хүсэх л юм бол бид маргааш ч эхлүүлж чадна. \ инээв\

– Манай улсын шийдвэр гаргах түвшний хүмүүсийг бодвол та олон жил Улаанчулуутын хогийн цэг орчимд ажилласан. Ямар төрлийн хог их байдаг вэ?

– Пластик… Намайг хамгийн их гайхшруулдаг нэг зүйл бол Монголчууд одоо хүртэл шилээ ч дахин боловсруулахгүй байгаа явдал. Уг нь шил боловсруулах маш амархан технологи шүү дээ. Ядаж шилээ дахин боловсруулдаг байх хэрэгтэй байна. Бас энэ муухай хуванцар байна. Та бас энэ пластикийн эсрэг ажилладаг хүн юм чинь мэднэ дээ.  Би хандив цуглуулахын тулд  “Gobi Gallop” морин аялал зохион байгуулдаг. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан газруудаар бид морьтой аялдаг юм. Гэтэл тийм сайхан, байгалийн үзэсгэлэнтэй газруудад гялгар уут хийсч, хуванцар хаясан байхыг хараад халаглаж харамсдаг. Эмгэнэлтэй санагддаг. Монгол Улс ойн сан багатай шүү дээ. Зарим салхи ихтэй өдрүүдэд нөгөө муухай гялгар уутнууд агаарт хөөрөөд л нисэж орчныг бохирдуулж байна. Энэ бол ёстой аймшиг. \terrible\ Дэлхийн улс орнууд хуванцраа дахин боловсруулаад баялаг бүтээж эдийн засгийн эргэлтэнд оруулж байхад Монгол Улсын иргэд гэрээ дулаацуулах гэж шатааж байна. Үнэхээр эмгэнэлтэй…

 – Бидэнд яаралтай засаж залруулах, хийж бүтээх олон ажил байна. Ядаж л Монгол Улсынхаа ирээдүйг хогийн цэг дээр төрүүлж өсгөмөөргүй байна. Улаанчулуутын хогийн цэгт хэр олон хүүхэд байх шиг байна?

– Ихэнх хүүхдүүд яг хогийн цэг дээр биш ойр орчимд нь амьдардаг айлын хүүхдүүд байдаг юм. Гэхдээ тэд аав ээж, ахуй амьдралын байдлаасаа болоод бүр багаасаа л хогийн цэг дээр ажиллаж эхэлсэн байдаг. Тэдэнд хогийн цэг дээр ажиллахаас өөр сонголт байгаагүй болоод л тэр шүү дээ. Одоо ч хичээлдээ явахаасаа өмнө эсвэл хичээлээ тарсныхаа дараа хогын цэгт ажилладаг хүүхдүүд бий. Бага багаар цөөрч байгаа л гэж найдаж байна. Улирлаас хамаараад хог дээр ажиллах хүмүүс болон хүүхдийн тоо өөр байдаг. Миний ажигласнаар, яг хогийн цэгт төрөөд тэндээ өсөж байгаа хүүхэд цөөн. Тиймээс үе дамжин хог түүдэг, хог дээр амьдардаг хүмүүс бий болохоос  өмнө зогсоох нь миний бас нэг зорилго. Үе дамжина гэдэг өөр шүү. Одоохондоо Монгол Улсад үе дамжин хог түүж байгаа хүн байхгүй. Удахгүй хоёр дахь цэцэрлэг ашиглалтанд орно. Бид зургаагаас доош настай хүүхдүүдийг хогийн цэг дээр байлгах ёсгүй гэж үздэг. Тиймээс одоо байгаа бага насны хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэгтээ авна. Тэгж л найдаж байна.

– Хэрвээ та санаачилж цэцэрлэг байгуулаагүй байсан бол энэ хүүхдүүд яах байсан бол гэж боддог уу?

– Тэд гэртээ ганцаараа, хүйтэн гэртээ л байх байсан байх. Мэдэхгүй юм. \ санаа алдав\

– Хүүхдүүд цэцэрлэгт яваад өөрчлөгддөг үү?

– Өөрчлөгдөлгүй яах вэ… Эхлээд хүүхдүүд маш бохир ирдэг байсан. Бид цэвэрлээд л гэрт нь буцаана. Маргааш нь дахиад л нүүр гарнаасаа эхлээд л бохир болсон байна. Цэвэрлэж өгөөд л явуулна. Сүүлдээ аав, ээж нь ойлгодог. Бохир байх нь хүүхэд халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэйг анхааруулж хэлдэг. Бас хүүхдүүд анх цэцэрлэгт ирэхдээ нэрээ ч мэдэхгүй байх тохиолдол байдаг. Харин хэсэг хугацааны дараа өөрийгөө илэрхийлэхээс эхлээд өөрчлөгдөнө шүү өөрчлөгдөнө.\инээв\

– Өдрийн цагаар хүүхдүүдийг нь цэцэрлэгт асарч халамжилна. Гэтэл аав ээжүүд нь хогийн цэг дээрээ ажиллаад л байх юм бол хүүхэд бүрэн аюулгүй, тайван байж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс  ч та цэцэрлэгийнхээ хажууд оёдлын цэг байгуулж зургаан ч эмэгтэйн амьдралыг өөрчилж байна. Эмэгтэйчүүдийн хамгийн сайн оёдог зүйл бол даавуун тор юм билээ. Анх тантай уулзаж танилцах үед ч эмэгтэйчүүдийнхээ хийсэн тороо зарж хандив цуглуулж байсан нь сэтгэл хөдөлгөж ярилцах хүслийг минь улам өдөөж билээ.

– Би гялгар уут хуванцарт үнэн голоосоо дургуй. Хүмүүс бидний хэрэглээд хаясан гялгар уут, хуванцарт үзэсгэлэнтэй сайхан дэлхий маань живж байна. Тиймээс би байгаль дэлхийг бас нэг бохирдуулагч нь баймааргүй байна шүү дээ. Намайг анх 2010 онд Монголд ирэхэд хүнсний дэлгүүр байтугай томоохон супер маркетуудад ч даавуун тор зардаггүй байсан. Би бүр гайхаж байж билээ. “Яагаад даавуун тор зардаггүй юм болоо” \ Монголоор хэлэв\ гээд л гайхсан. Тэгээд л даавуун тор оюулж эхэлсэн дээ.  Нэгдүгээрт даавуун тор оюулж эхлэхэд надад хэцүү байгаагүй. Нарийн мэргэжил хэрэггүй. Эмэгтэй хүн бүр л хичээвэл хийж чадна. Хоёрдугаарт орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулж манлайлагч эмэгтэйчүүдийг төрүүлэхийн тулд хогийн цэгээс амьдралаа залгуулдаг, хүүхдүүд нь манай цэцэрлэгт явдаг эмэгтэйчүүдэд санал тавьж тэднийг цалинжуулаад ажиллуулж эхэлсэн дээ.

– Одоо хоёулаа Морин аяллын тухай ярих уу? Дэлхий дээрх хамгийн урт хугацаатай морин аялал байх аа \инээв\ Арав хоногийн дотор 700 км мориор аялна гэдэг амаргүй. Хэцүү гээд, биеийн амрыг хараад сууж болох ч энэ аялал орлогынхоо 20 хувийг цэцэрлэгт хандивладаг тул орхиж болдоггүй байх тийм үү? Хаашаа аялдаг вэ?

– Хаа сайгүй аялна. \инээв\ Жил бүр өөр өөр чиглэлд аялал зохион байгуулагддаг. Хэнтий, Завхан, Архангай, Өвөрхангай, Өмнөговь гээд олон газраар аялсан. Яагаад энэ аялалд жил бүр оролцдог вэ гэвэл би Монголд ирээд морь унаж сурсан. Монголын хөдөө нутаг, нүүдэлчин ахуй, соёл, малчин түмэнд хайртай. Үнэхээр өвөрмөц гайхалтай соёл юм шүү дээ. Энэ бүх гайхалтай сайхныг дэлхийн бусад улс орны хүмүүстэй хуваалцах нь миний үүрэг байсан. Нөгөөтэйгүүр аялалд явахыг хүссэн хүмүүс мөнгө төлнө. Тэдний төлсөн мөнгөний тодорхой хувь нь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг. Би тэр мөнгийг хүүхдэд туслахад зарцуулж чадна. Аялагчид ч үүнд дуртай байдаг. Морин аяллыг “Содон Морин аялал”-ын залуус зохион байгуулдаг. Тэд бол үнэхээр гайхалтай сайн залуус. Аялал бүр өөрийн түүхтэй байхаас гадна цааш аялах тусам байгалийн үзэсгэлэн цогцолсон шинэ шинэ газруудыг нээж байдаг.

– Нэг аялагч хэдэн төгрөг төлдөг вэ?

– Хаашаа яаж явах, ямар үйлчилгээ авахаас хамаараад өөр өөр үнэ төлнө. Хамгийн хямд нь 500$ байсан. Заа тэгээд үүнээс дээш үнэтэй байсан даа. Жил бүр үнэ өөрчлөгддөг. Ер нь бол өндөр үнэтэй байж л тодорхой хувь нь хандиваар цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулагдаж чадна. “Содон морин аялал”-ын залуус аяллынхаа нийт орлогын 20%-ийг бидэнд хандивладаг юмаа.

– Нэг удаагийн аялал хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явдаг вэ?

– Дээд тал нь арван хүн явдаг. Би сүүлийн зургаан жил энэ морин аялалд оролцож байна.

– Та үргэлж явдаг уу? Уучлаарай, гэхдээ таны насны хүнд морьтой аялах амар биш байх даа.

– \инээв\ Тийм ээ. Би морь унах их дуртай. Аяллын төгсгөлд мэдээж их ядардаг л даа. Гэхдээ энэ муу зүйл биш. Бие чангарна. Та ч чадна. Чадна. Чадна \Монголоор хэлээд инээв\

– Би морь унаж чадна л даа. Гэхдээ 700 км санаанд багтахгүй байна.

– Би чадаж байхад та чадалгүй яах вээ. \ инээв\ Аялагчид маань Монгол дуу сураад дуулна. Байгалийн сайхныг бахдан биширч ярилцана. Заримдаа өөрсдөө Монгол гэр барьдаг. Хорхог хийж иднэ. Нүүдэлчдийн хэл, соёл ахуйтай танилцах нь аялагчдын хувьд маш сонирхолтой, гайхамшигтай түүх болж үлддэг.

Аялал хэцүү байна гээд дуусгаж чадалгүй буцсан тохиолдол байдаг уу?

– \инээв\ Ганцхан тохиолдол гарсан.

– Ямар орны хүн байсан бэ?

– \инээв\ Тэрийг хэлж чадахгүй ээ… Гэхдээ олон аялагчид дараа жил нь эсвэл дараагийн дараа жил нь ч юм уу морин аялалд оролцохоор дахиад ирдэг.

– Морин аялал бол хандив цуглуулах ажлын зөвхөн нэг л хэсэг юм билээ. Танай сангийн санхүүгийн тайлан интернэтэд нээлттэй байдаг болохоор би олон талын мэдээлэлтэй болсон юм. \инээв\ Танай цэцэрлэгт дандаа л Монголд үйл ажил явуулдаг гадны хөрөнгө оруулалттай компаниуд хандив өгсөн байдаг юм билээ. Гэтэл Монголын үндэсний тодотголтой олон томоохон компаниуд байдаг. АПУ, Талх Чихэр, Өгөөж гээд л урт цуваа гарна. Та бүхэн тэдэнд хандаж байсан уу?

– Байгаа. Байдаг \Монголоор хэлэв\ Монгол компаниуд бага багаар оролцож эхэлж байгаа. Бид ч гэсэн татан оролцуулах тал дээр хичээж байна. \hard working\ Монгол компаниуд нийгмийн хариуцлагатай байх ёстой. Тэд компаний хариуцлага, нийгмийн хариуцлагаа салгадаг болж байна. Тухайлбал Maxam Exposive гэдэг уул уурхайн компани их хариуцлагатай ажилладаг юм болов уу гэж боддог. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сүүлийн жилүүдэд бидэнтэй хамтарч нэлээд ажилласан. Өөр ч олон Монгол компаниуд биднийг дэмждэг. Гацуурт компани л гэхэд манайд их хэмжээний төмс хандивлаж байсан. Зарим нь мөнгө хандивлаж байхад зарим нь эд зүйлээр туслаж байдаг юм.

– Таны санаачилж хийж байгаа ажлаар баримтат кино хийсэн. Тэр кино АНУ-д болдог Equus кино наадамд оролцож “Урам зориг өгсөн баримтат кино” \Inpirational documentary\  төрөлд шалгарсан гэж сонссон. Энэ талаараа ярьж өгөөч?

– Энэ бол их нэр хүндтэй, үнэ цэнтэй кино фестивал юм. АНУ-ын Нью- Йорк хотод зохион байгуулагддаг. Энэ жил тус наадамд дэлхийн 80 гаруй кино компани бүтээлээ илгээсэн байсан. Манай морин аялал болон цэцэрлэг бусад төслүүдийн үйл ажиллагаагаар хийсэн кино “Урам зориг өгсөн баримтат кино” төрөлд шалгарсан юм аа. Энэ бол үнэхээр гэнэтийн баяртай мэдээ байж билээ. Дэлхийн олон орноос олон хүн цуглаж морьтой аялал хийж мөнгө босгоод түүнийгээ ядуу хүүхдүүдэд зориулж байгаа нь бахархалтай байна гэж тэд тодотгосон.

– Бараг үүр цайжээ. Миний ч ажлын цаг дөхөж байна. Таны цагаас ч чамгүй хумсаллаа. Тиймээс би хоёрхон л асуулт асуугаад ярилцлагаа дуусгая даа. Та хүүхэдтэй юу?

– Нөхөр бид хоёр хүүтэй байсан. Харамсалтай нь том хүү минь зургаан жилийн өмнө бурхан болсон. Бага хүү минь хөгжмийн зохиолч Японд амьдардаг. Киноны хөгжим зохиодог юм.

– Намайг уучлаарай. Би мэдсэнгүй ээ. Та хүмүүст юу ойлгуулахыг, хэлэхийг хүсдэг вэ?

– Бид хүүхдүүдэд хүүхдээрээ байх боломжийг нь олгож баймаар байна. Амьдралд хөл тавих, сонголт хийх боломжийг адил өгөх ёстой. Хөгжилдөж, хайрлуулах боломж өгөх  ёстой юм. Учир нь амьдрал дэндүү богинохон шүү дээ.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply to Anonymous Cancel reply