“Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн, “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөний санаачлагч М.Бүжинлхамыг “Манай үеийн баатар” буландаа урилаа.
-Хүмүүс телевизийн сэтгүүлч гэдгээр нь мэддэг М.Бүжинлхам нэг хэсэг зурагтаар үзэгдэхээ байсан. Ээж болсны дараа харах өнцөг, ертөнцийг үзэх үзэлд маш том өөрчлөлт гардаг шүү дээ. Ийм шалтгаанаар “мэргэжлээ сольсон” юм болов уу?
-Сэтгүүлчээр ажиллаж байхдаа хаана малчид, ан амьтан хохирч байна, байгаль дэлхий сүйдэж байна гэдэг чиглэлээр түлхүү мэдээлэл бэлтгэдэг байсан. Дотроо үүнд илүү санаа зовдог болоод ч тэр юм уу ийм сэдэвт илүү анхаардаг байсан. Телевизээс гараад, WWF-д ажиллах, гадагшаа явах боломж олдсон юм. Буцаж ирээд телевизэд ажиллаж болох байсан л даа. Тэр үед хүүхэд төрүүлсэн. Дахиад нэг хүн тээж төрүүлэхээр бие сэтгэл зүйн хувьд өөрийгөө бүрэн шинэчлэх боломж гардаг юм билээ. Хамгийн их санаа зовж байгаа юм маань хог хаягдал, орчны бохирдол байв. Би хүүхдээ сургаад байдаг. Гэтэл хоёр хүүхэд маань хогоо ангилдаг ч үгүй, тэр талаар юу ч мэддэггүй хүмүүс дунд амьдарна шүү дээ. Тэгэхээр бүгдийг нь цуг сургах ёстой юм байна.Хог хаягдал, орчны бохирдол хамгийн их санаа зовох ёстой, өөрчлөх ёстой зүйл гэж бодоод энэ ажлыг хийж эхэлсэн юм. 2017 оны өвлөөс эхлээд би сургалт хийлээ. Одоо миний тооцоолж байгаагаар 7000 орчим хүнд яаж хог бага гаргах вэ, яалт ч үгүй гарч байгаа хогоо дахин боловсруулах үйлдвэрт хэрхэн хүргэх вэ гэдэг сургалт хийдэг. Тэр дундаа өдөр тутам хаягдаж байдаг гялгар уут бидэнд ямар аюултайгаар нөлөөлж байгааг ярьдаг. Хүний хандлагыг өөрчлөхийн тулд байнга ярих хэрэгтэй. Цаг үетэйгээ холбогдуулаад маш сонирхолтой мэдээллийг өгөх ёстой. Тэгж бодож л ямар нэгэн мөнгө, эдийн засгийн сонирхолгүйгээр энэ ажлыг эхлүүлсэн.
-Сэтгүүлчид харилцаа сүлжээ сайтай болоод ч тэрүү дэмжлэг сайн авдаг. Таны хувьд хүмүүст танигдсан нүүр царай давуу тал болсон байх?
-Сэтгүүлчид нийгмийн ажилд оролцвол үр дүнтэй байдаг жишээ олон. Сэтгүүлчид ямар давуу тал байдаг гэхээр төрийн ордонд ч орно, хогийн цэгт ч очно. Малчидтай ч очиж уулзана. Бид маш их мэдээлэлтэй, түүнээсээ болоод эмзэглэж байдаг, олон талаас мэдээлэл авахаар шийдэл бас гарч ирнэ. Тийм учраас бусад улсад ч нийгмийн өөрчлөлтөд уриалах тал дээр сэтгүүлчид үр дүнтэй ажилладаг. Хамгийн анх энэ чиглэлээр ажиллах нь зүйтэй юм байна гээд өөртөө шийдээд,мэргэжлийн хүнээс ярилцлага аваад, өөрийнхөө аккаунтаар дамжуулаад фэйсбүүкээр түгээхэд хүмүүс үзээгүй. Тэгэхээр нь би бусдаас авсан мэдээллээ боловсруулаад, энгийн болгоод, өөрөө гараад ярьсан. Тэгсэн чинь олон хүн ойлгоод дэмжээд, түгээж эхэлсэн. 2017 оны аравдугаар сараас эхлээд, ярьж эхэлсэн. Тухайн үедээ хог ярьдаг сэтгүүлч эрэмбэ доогуур гэж үздэг байсан. “Хүүе ээ, Бүжээ чи диктор байх ёстой хүн, яагаад хог яриад байгаа юм бэ гэж хэлсэн хүн ч бий. Үгүй л юм билээ. Одоо манай телевизийнхэн маш их хог, дахивар ярьдаг болсон. Сэтгүүлчид өөрөө хүсвэл нийгэмдээ зөв хандлага түгээхэд маш их нөлөөтэй байж чадахаар мэргэжил.
-Эргэлтийн цэг юу байсан бэ?
-Гадныхан хогоо ангилж ялгадаг байхад бид хогоо ойлгохгүй, мэдэхгүй, хог заваан, би хогонд ойртохгүй гэдэг хоосон ноён зан байдаг. Түүнээсээ болоод бид хохироод байгааг гадныхны жишгээс харж авсан. Жилдээ л 2600 хүн хавдраар нас барж байдаг. Үүнд орчны бохирдол шууд хамаатай. Яагаад гэвэл хог хөрс, ус, агаарыг тэр чигт нь бохирдуулдаг. Гялгар уут, хуванцар 500-1000 жилд хөрсөнд хадгалагддаг. Гадаадад сурч байхад япон оюутнууд надад их нөлөөлсөн. Хамгийн анх хүүхдийнхээ сургууль дээр очиж хичээл заасан юм.
-Танд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн бэ. Ертөнцийг үзэх үзэлд тань нөлөөлсөн гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Аав, ээж хоёрыгоо л хэлнэ. Гэр бүлийн хүмүүжил байж магадгүй. Тэр хоёр маань хогоо ангилах ёстой гэж хэлдэг хүмүүс биш л дээ. Аав маань яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн гэж хүн бий. Ээж маань хүүхдийн эмч. Тухайн үед ханандаа хивсгүй айл ховор байсан. Стенк сервантгүй л бол ядуу айл гэж тооцогддог байсан. Харин манайд шалнаасаа тааз хүртлээ дүүрэн ном л байлаа. Тэр номыг бүгдийг нь уншаагүй ч номууд дунд өсөхөөр төлөвшил өөр. Аав “Та нар номоор тоглож болохгүй, урж болохгүй” гээд бор цаасаар наагаад сууж байдаг. Цагаан будаа, элсэн чихэр гол хэрэглээ байхад ээж маань эрүүл хоол, бясалгал хийдэг байсан. Тэр бүхэн надад нөлөөлсөн. Их зөөлөн хүмүүс. Аав бол дорхноо нулимс нь гоождог. Гадныхнаас ч сурсан юм их. Япон оюутнуудтай нэг өрөөнд байсан. Хэрэглэж байсан шампунь савангаа хүртэл уутанд хийгээд хавчаад, дараагийн япон оюутанд үлдээдэг. Хог хаяж болохгүй гэдэг ойлголтыг хүүхдэд багаас нь өгөх ёстой. Хэрэв зөв төлөвшвөл насан туршид нь хадгалагддаг юм байна гэдгийг тэднээс ойлгосон.
-Гэртээ хог хаягдлын талаар ямар зарчим баримталдаг вэ?
-Нэгдүгээрт миний худалдан авалт эрс багассан. Ер нь би хувцас хэрэглэлдээ гамтай хүн юм шиг байна лээ. Надад есөн жил өмссөн пальто бий. Долоо, найман жил өмссөн гутлаа одоо ч өмсдөг. Янз бүрийн хэрэгтэй хэрэггүй зүйлс худалдаж авах сонирхол багатай. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа аль улсад үйлдвэрлэгдсэн, хугацаа нь хэзээ дуусахыг харахаас гадна сав баглаа боодол нь дахин боловсрогдох билүү гэдгийг харгалздаг. Гялгар уут, хувцанцар, пиццаны бор цаас, шил зэргийг тусад нь ангилдаг. Нэг сар болоод дахивраа тушаадаг байсан бол одоо хоёр сар түүнээс ч илүү хугацаанд дахивраа цуглуулдаг. Би ингэж ангилаад байхаар хүүхдэд нөлөөлдөг. Манай аавынх бас дүүгийнх хогоо ангилдаг болсон. Энэ хавраас СӨХ-тойгоо хамтраад, айлуудаар явж, хэдэн жоншны том уут тавиад, ядаж орцоороо хогоо ангилдаг болъё гэж байгаа. Савтай шампунь авдаггүй. Шахмал шампунь гэж сүүлийн үед гарсан. Тэрийг авдаг. Салфетка бараг хэрэглэдэггүй. Нусны алчууртайгаа, усны савтайгаа явдаг. Машин унах дуртай биш. Манай гэрийнхэн нэг машинтай. Гэхдээ нөхөр маань унадаг. Байгаль орчныг бохирдуулж байгаа нэг юм машин шүү дээ. Алхахад жин нэмэгдэхгүй. Байгаль орчинд ээлтэй амьдарна гэх мэт давуу талтай. Саяхнаас би чийгийн улаан тэжээж байгаа. Ээж “Нийгэм өөрчлөгдөнө гэж сонин юм аа. Бидний үед хонь, хурга гэж ярьдаг байлаа. Сүүлд нохой, муур тэжээдэг болсон. Одоо бүр чийгийн улаан тэжээж байна” гэдэг. Ногоо, жимсний хальсыг бордоо болгохын тулд чийгийн улаан тэжээж байгаа. Хогоо багасгаж байгаа хэлбэр юм. Азийн сангийнхан надад гоё том сав өгсөн. Тэнд нь чийгийн улаанаа амьдруулдаг. 500 ширхэг чийгийн улаан бий. Хар шороо бордоогоо хүмүүст өгчихдөг.
-Хогоо ангилж хаях гэхээр хаана тушаах гэдэг асуудал үүсдэг?
-Хогоо ангилж хаядаг болоод хоёр жил болж байна. Зарим хүн “Та ганцаараа хогоо ангилдаг байж болно. Бусад нь ангилахгүй болохоор гадаа гараад холилдчихно шүү дээ” гэдэг. Өнөөдөр болохгүй бүтэхгүй гээд суувал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Монгол Улс энэ хэвээрээ 30-40 жил болно. Гуравхан сая хүнтэй юм чинь хэрэв та эрүүл Монгол Улсад амьдрахыг хүсч байвал би ганцаараа гэлтгүйгээр эхлэх ёстой. Хийе гэвэл гарц зөндөө. Сүүлийн үед “Хогоо багасгая” группынхны байгуулсан “Home Plaza”-гийн дэргэдэх давхиврын цэгт аваачаад тушаадаг болсон. Олон айл хогоо ангилдаг болсон учраас “Царцаа ногоон” гэж дахивар ялгаад, цуглуулчихвал хүрч ирээд авчихдаг үйлчилгээ хүртэл байна шүү дээ. Хөршөөрөө, орцоороо, байраараа хогоо ангилвал дахиврыг чинь ирээд авчихдаг Түвшин сайхан гэж төв бий. Улаанбаатарын хэмжээнд 200 гаруй дахиврын цэг байдаг. Хүн өөрөө л хогоо ангилж ялгая гэж хүсвэл маш олон гарц бий.
Хог дахин боловсруулах 23 үйлдвэр ажилладаг гэсэн тоог Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах холбооныхон хэлдэг. Хог хаягдлын менежментэд оролцож байгаа 20.000 орчим хүн байдаг гэсэн судалгаа байдаг. Хүн хогоо ангилж ялгаад ирэхээр өөрийгөө юу хэрэглэж байгааг хянах боломжтой болдог.
-Монголчууд хуучин хувцсаа хүнд өгөх дургүй, шатааж устгадаг нь агаарын бохирдолд нөлөөлдөг. Хуучин хувцас авах дэлгүүр сүлжээ байхгүйтэй ч холбоотой байж магадгүй?
-Хуучин хувцсаа бусдад өгчихөөр буян барагдана гэсэн ойлголт монголчуудад бий. Энэ бол мухар сүсэг. Танд хэрэггүй зүйл бусад хүнд хэрэгтэй байх нь бий. Саяхан бас Хэрэггүй зүйлсээ бусдад түгээе гэдэг том дэлгүүр нээгдсэн байна лээ. Хуучин хувцсаа засч сэлбэх, илүү моодны болгож өмсөх, чиг хандлагууд загварын ертөнцөд ч гарч ирсэн. Бид барууны амьдралын хэв маягийг даган дуурайдаг. Гэтэл одоо барууныхан ч эд баялаг хүнд сэтгэлийн дарамт болдог юм байна. Үүнээс хүн хэзээ ч бүрэн аз жаргалыг мэдэрдэггүй юм байна гээд эргээд нүүдэлчин буюу минималист амьдралын хэв маягийг шүтдэг болж байна. Монголчууд угаасаа минималистууд байсан.
-Сургалт явуулахад хүмүүс хэр хүлээж авдаг вэ. Тодорхой хэмжээний санхүүжилт босгох шаардлагатай болдог байх?
-Эхний нэг жил ямар ч үнэ төлбөргүй сургалт явуулж байсан. Тодорхой хэмжээний зардал надаас гарч байсан учраас төсөл бичсэн. Баянзүрх дүүргийн Залуучуудын холбооныхон, тус дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийнхөн дэмжиж тэдний санхүүжилтээр 97-р сургуулийн 3000 гаруй хүүхдэд сургалт хийсэн. Капитрон банкны дэмжлэгтэйгээр “Жорлонгоо өөрчилье” багийнхантай хамтраад, Өмнөговь аймгийн есөн сумын иргэдэд сургалт хийлээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхантай хамтарч зүүн аймгийн 400 орчим хүнд хог хаягдлаа хэрхэн багасгах талаар ярьж өгсөн.
-Хэдийгээр нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж байгаа ч хүн мөнгө олох ёстой. Гол орлого чинь яаж бүрддэг вэ?
-Яг үнэндээ эхний нэг жил ямар ч орлогогүй явсан. Одоо төсөл хөтөлбөрт хамрагдаад, хүмүүс мэддэг болж байгаа учраас төлбөртэй сургалт хийж байна. Би бас “Богцхон” гээд брэнд гаргасан. Нэг удаагийн гялгар уутыг яаж орлуулж болох вэ гэж судалж байгаад, олон улсад ашиглаж байгаа нейлон материалаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтраад уут гаргасан. Тэр маань нэлээд эрэлттэй байдаг. Судалгаа хийгээд хоёр удаа загвараа өөрчилсөн. Одоо хоёр ширхэг уут 6000 төгрөгөөр борлогдож байгаа. Нэг ийм уут мянган гялгар ууттай тэнцэнэ гэсэн судалгаа бий. Би ийм уутыг сүүлийн хоёр жил хэрэглэж байгаа учраас 1000-аас илүү гэж хэлнэ. Цүнхэндээ ууттай явдаг. Ногоо жимс үр тариа бүгдийг энэ уутандаа авч явна.
-Хог хаягдлаас өөр цагаа зарцуулдаг зүйл юу вэ. Ямар хоббитой вэ?
-Би энэ орчинд шинэхэн орсон учраас надад маш их судлах зүйл байдаг. Хоёрдугаарт би контент хийдэг. Хог хаягдалтай холбоотой, танин мэдэхүйн чиглэлээр контент хийдэг. Олон улсад хог хаягдлыг хэрхэн шийдэж байна гэдэг мэдээллийг хүмүүст хүргэж байна. Аав маань зохиолч гэж хэлсэн. Аав, ээж хоёр маань ном их уншдаг хүмүүс. Яагаад ч юм би бас бичдэг болсон. “Дотураас ану” гэдэг ном арваад жилийн өмнө гаргаж байсан. Өнгөрсөн хавар “Зүрхнээс ину” гэдэг ном гаргасан. Астрал аяллын тэмдэглэл, сэтгэлгээний өгүүллүүд юм. Сүүлийн үеийн залуус астрал аяллыг их сонирхдог. Зүүдээрээ дамжаад өөр ертөнцтэй холбогдоно. Бид өөрсдийгөө л амьд байгаа гэж бодоод байдаг. Бидэнтэй зэргэлдээ оршдог ертөнц бас байна. Зүүдээ зөв залах ёстой. Бясалгал хийж, бага идэх гэм мэт зарчим баримталдаг. Хүний сэтгэлгээний төвшин, бие хэр зэрэг эрүүл, оюун санааны хувьд хэр цэвэр байна гэдгээс шалтгаалаад, ямар түвшинд аялах нь шалтгаалдаг.
Би ингэж боддог. Хүн энэ амьдралд ямар нэгэн мессеж, даалгавартай ирдэг. Тэр даалгавар юу вэ гэдгийг хүн өөрөө өөрийгөө таньснаар сайн мэдэж авдаг. Өөрийгөө танихын тулд хүн зарим үед ганцаараа байж, өөрийгөө сонсч, бясалгал хийх учиртай. Оюун санаа сэтгэл зүрхээ чөлөөлөх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хүн хэн нэгнээс хамааралгүйгээр өөрийгөө нээх боломжтой. Өөрийгээ таньж нээсэн хүн аз жаргалтай байж чаддаг. Хог хаягдал гэдэг зөвхөн заваан юмны тухай яриад байгаа юм биш. Байгаль орчноо, ирээдүйгээ хайрлах, хүүхдүүдэд энэ талаар сургах бол миний хийж чадах ажил.
-Ирээдүйгээ төлөвлөдөг үү?
-Төлөвлөлгүй яах вэ. Гэхдээ яг үнэндээ би өнөөдрөөрөө байх дуртай. Яг тэдэн жилийн дараа тийм түвшинд хүрсэн байна гэх мэтээр яг таг төлөвлөдөггүй.
-Сүүлийн үед хүмүүст мэдлэг түгээгээд явдаг хүмүүс олширч байна. Түүнийг нь хүлээж авч сонсох дуртай хүмүүс ч байна. Нэг үеэ бодвол сургалт гэдгийг хүмүүс өөрөөр хүлээж авдаг болжээ?
-Нийгмийн хөгжил, эдийн засгийн түвшин бүх юмтай холбоотой. Бид талхандаа санаа зовдог байсан бол одоо тархиныхаа талханд санаа тавьж байна. Зөвхөн монголчууд бус дэлхий нийтээрээ сэрж байгаа. Бид гуравхан саяулаа. Бүр хурдан ойлгож сэрэх ард түмэн. Хоёрхон жилийн өмнө би гялгар уут хог хаягдал гээд ярихад найзууд маань ч тоогоогүй. Гэтэл одоо хүмүүсийн хандлага огт өөр болсон. Ямар нэг юмыг өөрчлөхийг хүсч байвал өөрөөсөө эхэл. Зөв юм дороо түгж дэлгэрдэг юм байна. Түүнийг хүлээж авах нийгэм бүрэлдсэн байна.
-Нэг удаагийн нийлэг гялгар уутыг хориглох Засгийн газрын тогтоолын талаар юу хэлэх вэ?
-Засгийн газраас гаргасан тогтоол шүү дээ. Тогтоолын хэрэгжилт ямар байгааг бүгдээрээ л харж байгаа. Олон нийтийн хяналт, оролцоо хаана байна, тэр нийгэм илүү хөгжиж байна. Засгийн газраас тогтоол гарахад “Даавуун тороо түгээ л дээ“ гэх мэтээр зарим хүн шаардаад байх юм. Засаг зөв шийдвэр гаргахад хүмүүс дэмжих ёстой шүү дээ. Энэ чинь зөвхөн Засгийн газрын ажил биш. Аж ахуйн нэгжүүд, компаниуд, иргэд хамтарч хэрэгжүүлэх ёстой. Зөвхөн Засгийн газар хэрэгжүүлэх ёстой гээд өөрөө зөвхөн хүлээгээд, шүүмжлээд суувал өөрчлөгдөхгүй л дээ.
Ардчилал таймс сонинын сэтгүүлч Б.Янжмаа