Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд хөгжих үндсээ хүнээ бэлдэхээс эхэлдэг нь хөдлөшгүй үнэн. Бид Япон гүрний тухай биширч хүндэтгэн хэлэлцдэг. Тэд улс орныхоо эздийг багаас нь гэрийн хүмүүжлээс эхлээд цэцэрлэг, сургуулийн чамбай, бодит амьдралд хэрэгтэй боловсролоор хүн болгодог учраас л тэр юм. Наандаж л хэрэглээгээ хянах, олон дахин ашиглах, хог бага гаргахын ач тусыг өгүүлэх, ангилж хаявал мөнгө болдог тухай насанд нь тохирсон аргаар ухаан суулгадаг ажээ. Гэтэл манай улсад хог хаягдлын талаар хүүхэд багачуудад цогц ойлголт өгсөн, ангилах ач тусыг таниулсан ганц ч ном байдаггүй нь харамсалтай. Бид өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд бүх насныханд тохирсон олон сургалт хийсэн. Хүүхдүүд маань “Хогоо хогийн саванд хийх ёстой” л гэж хариулахаас биш ангилах тухай огт мэдэхгүй байна. Чухам ийм учраас л Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн, Хоггүй Монгол ТББ-с Монголдоо анх удаа “Нэг чихэр Нэг хог” ойлголтыг таниулах “Хогон Мангас” үлгэрийн зурагт ном хэвлүүлсэн болно.
ХОГОО АНГИЛЖ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ЭНЭРЧ ХАЙРЛАН ЗОХИСТОЙ АМЬДРАХ ТУХАЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН МОНГОЛЫН АНХНЫ ҮЛГЭРИЙН НОМ
Тус номыг өнгөрсөн жилүүдэд хийсэн сургалтын туршлагатаа тулгуурлан үлгэрчилж бүтээсэн бөгөөд олон хүүхдэд ярьж өгч саналыг нь сонссоны дараа хэвлүүлсэн юм. Номын зургийг 7-р ангийн сурагч Т.Эрдэнэсувд охиноор зуруулсан нь хамгийн оновчтой шийдэл болсон гэдэгтээ итгэдэг. Учир нь хүүхдийн ертөнц томчуудынхаас огт өөр бөгөөд тэд бүхнийг өөрийн ертөнцөөрөө хардаг нь ном бүтэх, зураг зурах үйл явцаас тодхон харагдаж байсан болно.
Ганцхан орой үрдээ ном уншиж өгөөд унтуулахад насан туршид нь нандин дурсамж болж үлддэг. Тиймээс үрстэйгээ хамт сайхан дурсамж бүтээхэд ч, номоороо дамжуулаад эх орондоо хэрэгтэй хүн бэлдэж өгөхөд ч “Хогон Мангас” ном тус болно гэдэгт бид итгэлтэй байна.
Хогон Мангас номыг хэвлүүлэхэд тусалсан “Jungle Kids” тоглоомын газрын хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна. Удахгүй “Хогон Мангас” үлгэрийн ном хүүхдийн жүжиг болох бөгөөд дээрх ажлыг “Creative Bamboo” хүүхдийн театрынхан сэтгэл зүтгэлтэйгээр бүтээж байгаа болно.