2019 оны 10-р сарын байдлаар манай улсад дахин боловсруулах 32 үйлдвэр байна. Эдгээр үйлдвэр нь 15 төрлийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулдаг бөгөөд хамгийн анхны, тасралтгүй ажиллаж байгаа үйлдвэрүүдийн нэг бол Сан-Оргиу ХХК юм. Тус компани нь 2005 оноос эхлэн Монгол улсдаа анх удаа хаягдал гялгар уут, хуванцар хайлуулж зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн билээ. Бид энэ дугаартаа Сан-Оргиу ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбарын менежер Д.Болортунгалагтай ярилцлаа. Эршүүд, эрч хүнтэй, ажлаараа үргэлж бахархах түүнтэй ярилцахад тун сайхан байв. “Ганц хог ч болов хаяхгүй байх юмсан” гэж хэлж байна билээ. Зарим нэг нь бүр бодох, ойлгох ч сөхөөгүй явахад энэ эмэгтэй эх дэлхийгээ энэрч хайрлахыг үйл ажлаараа үлгэрлэж явна.
Зарим хүн манай улсад хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байдаг эсэхийг ч мэддэггүй. Гэтэл танай үйлдвэр үйл ажлаа тасралтгүй явуулаад бараг 15 жил болох гэж байна. Зузаан нимгэнээсээ хамаараад 100-500 хүртлэх жил хөрс, усанд хадгалагдаж хордуулдаг гялгар уутыг төрөл, шинж чанар харгалзахгүйгээр дахин боловсруулдаг гэхээр та бүгдээр бахархаад барахгүй нь ээ. Бүх төрлийн гялгар уутыг дахин боловсруулж байна уу?
- Манайх хатуу зөөлөн гэж ялгахгүйгээр бүх төрлийн гялгар уутыг авч дахин боловсруулж байна. Будаа, гоймон, талх, боорцог гээд бүгдийнх нь гялгар уут ордог. Ганцхан төрлийн гялгар уутыг авдаггүй. Тэр нь гадна эсвэл дотор талдаа мөнгөлөг цаастай байх юм бол авч чадахгүй байна. Ихэнхдээ амттаны цаас мөнгөлөг дотор, гадартай байдаг. Зузаан мөнгөлөг орсон гялгар уут хайлахгүй байна. Гэхдээ бид аль болох хог хаягдлыг бууруулахын тулд хичээдэг. Зарим нэг удаагийн найруулдаг кофены уутны мөнгөлөг нь нимгэн байдаг. Тухайлбал, еэеэ зэрэг кофеныхыг цуглуулаад өгвөл бусад гялгар болон хуванцруудтай хольж хайлуулаад бүтээгдэхүүн хийж байна.
Зөвхөн гялгар уут дахин боловсрууж байна уу? Эсвэл хуванцар авч байна уу?
- Хуванцар бас авч боловсруулдаг. Ундаа, усны сав, бөглөө, саван, шампунь, кетчупний сав, хуванцар авдарнууд, нэг удаагийн хуванцар сав, халбага сэрээ \PET, PP, HTPE\ гээд хайлдаг хуванцруудыг бүгдийг хайлуулж байна.
Хаягдал гялгар уут, хуванцар хайлуулаад хэдэн төрлийн бүтээгдэхүүн хийж байна вэ?
- Өнөөдрийн байдлаар 17 төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Жишээлбэл: сандал, траншейны таг, хашаа, авто замын хайс, бүх төрлийн шон, том машины ивүүр, бохирын усны хаялага, цэцгийн сав гээд… Бас компаниудын захиалгаар бүтээгдэхүүн хийдэг.
Танай компани арвандолоон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дотоодынхоо зах зээлд нийлүүлж 15 дахь жилдээ ажиллаж байна. Мэдэх нэг нь мэдэж үйлчлүүлээд дадсан байна. Гэтэл, Монголчууд бид өөрсдөө хаягдал гялгар уут дахиж боловсруулаад бүтээгдэхүүн хийж чаддаг эсэх талаар ямар ч ойлголтгүй хүмүүс манайд байдаг. Манай Монголчууд чадахгүй. Хийсэн нь наранд халаад хайлчих байх гэдэг ч юм уу? Та үйлдвэрийн технологийнхоо талаар ярьж өгч болох уу?
- Бид эхлээд хаягдал уут, дахиваруудаа хатуу зөөлөн шинж чанараар нь ангилдаг. Жишээлбэл, нэг траншейны тагийг 100-ны 40%-д нь хатуу шажигнадаг, 60%-д нь зөөлөн гялгар уут хийж хайлуулна. Ингэснээр хайлах машинд орж барьцалдаад чанартай бүтээгдэхүүн болдог. Бүтээгдэхүүнийхээ хэвийг Монголчууддаа захиалж хийлгэнэ. Нэг хэвний үнэ доод тал нь 1сая 500.000 төгрөг байдаг. Бүтээгдэхүүнээсээ хамаараад будаг хийдэг.
Гялгар уут маш хөнгөн. Нэг сандал хийхэд хэдэн кг гялгар уут ордог вэ?
- Нэг сандал 80-100 орчим кг болдог. Хатуу гялгар уут жин багатай, зөөлөн гялгар уут хүнд. Ийм учраас хольж хийдэг. Тэгээд дунджаар ийм жинтэй гардаг юм. Траншейны таг бол 40-80 кг жинтэй гардаг. Анх бүтээгдэхүүнээ хийхдээ хатуу, зөөлөн уутны орцны хэмжээг бодохоос гадна өнгө оруулагчийн хэмжээг ч нарийн төлөвлөдөг.
Танай нийслэл дэх үйлдвэр байгуулагдаад зургаан жил болж байна. Дарханы салбар 15 дахь жилдээ үйл ажлаа явуулж байна. Технологио шинэчлэхэд анхаарч хөрөнгө оруулалт хийж чадаж байна уу?
- Технологио шинэчлэхийн тулд зайлшгүй хөрөнгө оруулалт шаардагдана. Наанадаж л бидний хийсэн бүтээгдэхүүний борлуулалт сайн байх ёстой. Гэтэл бид ажилчдын цалин, ажил үйлийн зардлаасаа илүү гарч чадахгүй байна. 15 жилийн туршлага бидэнд бий. Олон ч тендрт оролцож материалаа өгдөг. Харамсалтай нь авч чаддаггүй. Яг бодит ажил хийж байгаа хүмүүст хөнгөлттэй зээл болон бусад дэмжлэгүүд хүрч чаддаггүй юм болов уу гэж боддог. Тэрнээс биш манай үйлдвэрийг хог хаягдлын салбарт ажилладаг бүх л хүн мэддэг. Яг энэ чиглэлд гаршиж, тасралтгүй үйл ажил явуулж байгаа үйлдвэр манай улсын хэмжээнд цөөхөн бий шүү дээ. Манай бүтээгдэхүүнүүд маш чанартай.
Танайх жилдээ хэдэн тонн гялгар уут, хуванцрыг дахин боловсруулж чадаж байна вэ?
- 20-30 тонн хуванцар, 100 гаруй тонн гялгар уут дахин боловсруулж байна. Энэ нь үйлдвэр 70-80%-ийн хүчин чадлаараа ажиллаж байна гэсэн үг. Бид бас Дарханы үйлдвэрт түүхий эд нийлүүлдэг. Жилдээ 20 гаруй тонн хаягдал гялгар уут явуулдаг.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад юу саад болж байна вэ?
- Тасралтгүй ажиллаж 100% хүчин чадлаараа ажиллах боломж бидэнд бий. Гэтэл өвөлдөө заавал зогсолт хийж байна. Учир нь захиалга бага байдаг. Мөн томоохон бүтээгдэхүүний захиалга орж ирэхэд түүхий эдээр дутдаг. Тиймээс өвөлдөө үйлдэрлэлээ зогсоож түүхий эдээ цуглуулдаг юм.
Манай улс түүхэндээ анх удаа л хог ангилах талаар анхаарч ажил хэрэг болгож эхэлж байна. Хогоо ангилдаггүй болохоор дахин боловсруулах үйлдвэрүүд үргэлж түүхий эдийн дутагдалтай байдаг . Танай хувьд түүхий эдээ яаж цуглуулж байна вэ?
- Манайх компаниудтай гэрээ хийсэн. Тухайлбал талх, нарийн боовны, гоймонгийн гэх мэт үйлдвэрүүдийн хаягдал гялгар уутыг очиж авдаг. \АПУ, ЖЕМ, ТЭССО болон зарим ундаа усны үйлдвэрүүд\ Тэдэнд бүтээгдэхүүнээ хямдралтай нийлүүлэх гэх мэт харилцан ашигтай нөхцөлтэйгөөр хамтарч ажилладаг. Бас Царцаа Ногоон дахивар тээврийн үйлчилгээнийхэн түүхий эд нийлүүлдэг. Хувь хүмүүс ч өгч байна. Бид түүхий эдээ нэг кг-ыг нь 100 төгрөгөөр худалдаж авдаг. Нийлүүлэгчид манай бүтээгдэхүүгийг хөнгөлттэй авдаг. Үнэндээ хатуу, шажигнасан гялгар уутыг манайхаас өөр ямар ч газар дахиж боловсруулахгүй байна шүү дээ. Байгаль дэлхийдээ аль болох бага хог хаях юмсан гэсэн сэтгэлээр бид ажиллаж манай хамтрагчид ч энэ сэтгэлээр бидэнд ханддаг даа. Гялгар уутаа битгий хая. Цэвэрхнээр нь манай үйлдвэрч өгчихөө. Бид дахиж боловсруулаад бүтээгдэхүүн хийж чаднаа л гэж харилцагчиддаа хэлж ойлгуулдаг даа.
Дэлхий дахин гялгар уут, хуванцрын хор нөлөөг ярьж байна. Хэрэглэээнээсээ хасахыг уриалахын зэрэгцээ яалт үгүй хэрэглэснээ дахиж ашиглах, ангилж хаяад дахин боловсруулахад тус дэм болооч гэж уриалж байна. Та энэ салбарт багагүй хугацаанд ажиллаа. Манай улсын хэмжээнд гялгар уут, хуванцрын хаягдлыг бууруулах ямар санаа танд байдаг бол?
- Жишээлбэл: Өрх бүр ангилдаг болчихоосой. ТҮК-ийнхэн үйлдвэрүүддээ хүргээд өгчихдөг болчихвол цэвэрхнээрээ үйлдвэрт ирж бидний ажилд ч нэмэртэй юм. Тэгэхгүй холиод хаячихаар бидэнд ирэхдээ өмхийрсөн байх нь ч бий. Гар аргаар угааж цэвэрлэнэ шүү дээ. Тэгэхээр улс орон даяараа хогоо ангилдаг л болчихвол маш бага хэмжээний хог хаягдал хөрсөнд булагдана.
Та сая дахивар буюу түүхий эд \гялгар уут, хуванцар\ цэвэрхэн байх ёстой гэлээ. Яг ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
- Айл өрхүүд гялгар уутан дээрх шошгыг нь хуулчихсан, дотрох нь цэвэрхэн байвал манай нэг ч гэсэн дамжлага халагдах юм. Үйлдвэрийн ихэнх дамжлага гар ажиллагаатай учраас хэцүү байдаг. Гэхдээ иргэд, аж ахуй нэгж нэг үеэ бодвол хогоо ангилдаг болсон байна. Хамгийн гол нь ангилсныг тээвэрлэх үйл явц бүрэн гүйцэд шийдэгдээгүй байна л даа. Тээвэрлэлтийг шийдчихвэл иргэдийн үйлдэл улам л жигдэрч дадал болох юм шиг байгаа юм.
Тийм ээ. Хогоо ангилдаг аж ахуй нэгж, өрх олон болсон. Дахивараа ангилаад танай үйлдвэрийн түүхий эд буюу гялгар уут хуванцрыг хэр их хэмжээнд цуглуулсан тохиолдолд танайхан очиж авах боломжтой вэ?
- Манайх наандаж л 400-500 кг болсон тохиолдолд очиж авдаг. Учир нь манай машинууд хотын төвөөр явж болохгүй. Тиймээс бага хэмжээтэй цугласан түүхий эдийг авахын тулд их наранд байх үйлдвэрээсээ том машинаа унаад явах тун хүндрэлтэй байдаг юм. Цагдаад торгуулахаас эхлээд л хүндрэл их шүү дээ. Зардал өндөр болдог. Тэгэхээр болдогсон бол, булах хогийг нэг, дахин ашиглаж болохыг нэг тусад нь ангилж тээвэрлэдэг болчихвол болохоор санагддаг. Гурван тортой гялгар уут цуглуулчихаад биднийг дууддаг. Хаана вэ гэхээр их дэлгүүрийн арын байр гэх жишээтэй. Ангилж байгаад нь баярладаг ч үйлдвэрийн бид тийм хэмжээтэйг очиж авах боломжгүй байдгийг ойлгоорой…
Танайх хуванцар дахин боловсруулдаг. Гэтэл манайхан хуванцраа цэвэрлэхгүй хаях нь их. Тухайлбал гарын шингэн саван, шампунь, кетчупний үлдэгдэлтэй байвал яах вэ?
Бид цуглуулна. Цуглуулснаа үйлдвэрийнхээ байранд авч ирээд дахиж гар аргаар цэвэрлэдэг. Бохир хэвээр нь хайлуулах машинд хийвэл нэгдүгээрт ажилчдын эрүүл мэндэд хортойгоос гадна бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлнө.
Танай үйлдвэрийн үйл ажиллагааг мэргэжилийн байгууллагуудаас шалгадаг байх… Тэд ямар шаардлага тавьдаг вэ?
- Мэргэжилийн хяналтаас ирж шалгаж шаардлагууд тавьдаг. Гэхдээ манай үйлдэрийн хувьд тэдний тавьсан шаардлагыг бүрэн гүйцэлдүүлж чаддаггүй. Манай үйлдвэр Их нарангийн хогийн цэгтэй ойрхон байрладаг учраас салхинд туугдсан хогнууд үйлдвэрийн байр луу үргэлж хийсэж ирнэ. Бид чинь гялгар уут, хуванцар дахиж боловсруулдаг үйлдвэр шүү дээ. Улсын хэмжээнд ангилах тухай одооноос л ярьж хийж эхэлж байна. Маш хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс төр засгаас бидний үйл ажиллагааг ойлгож таниад тодорхой байдлаар дэмжих юм бол үйлдвэр хөл дээрээ бат зогсож тасралтгүй үйл ажиллагаа явуулаад өргөжих цаашлаад холбогдох стандарт шаардлагуудыг хангах боломж бүрдэх байх. Одоо бол маш хүнд нөхцөлд ажилладаг гэдгээ л хэлье.
Тухайлбал төр засгийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ?
- Бид захиалга ихтэй үед бол сардаа цахилгааны төлбөрт 2-3 сая төгрөг төлдөг. Ажилчдын нийгмийн даатгал, цалин, 10%-ийн татвар төлнө. Энэ бүхэн өнөөдрийн нөхцөлд үйл ажил явуулахад үнэхээр хүнд байдаг. Хог дахин боловсруулж байгальд ээлтэй үйл ажил явуулдаг гэдэг тухайд дэлхийн бусад улс орнуудын адил татвараас чөлөөлөх, цахилгааны төлбөрийг хөнгөлөх зэрэг дэмжлэгүүд их хэрэгтэй байдаг. Ер нь бодлогын дэмжлэг маш хэрэгтэй байна манай салбарт… Жаахан юм хийх гэхээр л элдэв шалгалт, татвар гээд дарамт ихтэй. Энэ бүгдийг нь давж хөл дээрээ босно гэдэг үнэхээр хүнд. Харин юу ч хийхгүй суугаад байвал ямар ч шалгалт, татварын дарамтгүй амьдарч болдог. Нэмээд халамж өгөх шинжтэй… Энэ их хогийг устгаж, байгаль орчинд ээлтэй үйл ажил явуулж байна. Дэмжихийн оронд татвараа төл л гэж шаардах юм даа.
Их наранд байгаа үйлдвэр чинь хэр хэмжээний талбайд үйл ажил явуулж байна вэ?
- 12\12 харьцаатай газарт үйл ажил явуулж байна. Газраа түрээсэлдэг. Түрээсийн мөнгийг яаж төлдөг юм бүү мэд. Манай Дархан дахь салбарын захирал илүү мэдэх байх. Уг нь улсаас Эко Парк байгуулна гээд газраа өгөөд л дэмжих гээд л байх шиг байгаа юм. Гэхдээ том дарга нараас гадна доогуур нь байх жижиг албан тушаалтнууд бас л хэцүү шүү дээ. Тэр бүхнийг би тоохгүйг хичээж ажлаа л сайн хийхийг чармайдаг даа. Бид “ХОГИЙГ БАЯЛАГ БОЛГОЖ БАЙНА” гэж шууд хэлдэг.
Танай үйлдвэр хэдэн ажилчинтай вэ?
- Нийт зургаан ажилчин бий. Нэг өрхөд 3-4 хүн байдаг гэж бодоход гуч гаруй хүнийг ажилтай орлоготой байлгаж байна аа гэсэн үг юм. Манайд групптэй нэг хүн бий. 35-45 насныхан ажиллаж байна. Өрх толгойлсон эрэгтэйчүүд ч ажиллаж байна. Энэ хогийг чинь нэг их сайхан хүн ирээд л ангилж ялгаад ажиллаад өгөхгүй шүү дээ. Ажилчдын маань 60% нь эмэгтэйчүүд байдаг. Тэд их дайчин. Эрчүүд маань ч гэсэн сэтгэлээрээ. Их зүтгэлтэй ажилладаг.
Зөвхөн хог хаягдлын салбарт ч гэлтгүй Монгол улсын хэмжээнд мэргэжилтний дутагдалтай, ажилтны хомсдолтой байх шиг анзаарагдах юм. Ажилчид олдохгүй байна гэх хүмүүстэй олон таарч байна.
- Ер нь манай Монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ хэт их болсон юм болов уу гэж ойлгож байгаа. Ажил хийх сонирхолтой хүн тун ховор байх шиг… Ажил нь байхад ажилчид олдохгүй тохиолдол их. Ажилчид улам л олдохгүй болж байна. Гадагшаа явах нь их байдаг юм болов уу ч гэж хааяа боддог.
Тогтвортой ажиллаж байгаа хүн байна уу?
- Байна. Манай дөрвөн ажилчин бол тогтмол ажилдаг. Захиалга ихтэй үед гаднаас ажилчин авч өдрөөр цалинжуулдаг. Олон жил хамт ажиллаж байгаа дөрөв маань хийж байгаа ажлаараа бахархдаг. Гэхдээ зарим компани ажилчиддаа ямар ч дэмжлэг үзүүлдэггүй юм шиг билээ. Тэгэхээр нөгөө залуучууд нь амархан няцчихдаг нь ажиглагддаг.
Танай үйлдвэрийн цалин хэд байдаг вэ?
- Манай ажилчдын цалин 700.000-1.300.000 төгрөгийн хооронд байдаг. Өдрийн хоолоо үйлдвэрийнхээ байранд хийгээд идчихнэ. Завтай үедээ би өөрөө ч хоолоо хийдэг. Ер нь хүн ажил хөдөлмөр хийж байгаа л бол орлоготой байна шүү дээ. Манай компани ажилчдаа маш сайн дэмждэг. Ажлаа сайн хийж байвал жилдээ нэг удаа 500.000 орчмын мөнгөн шагнал өгнө. Хөдөө орон нутгуудаар аялана. ОХУ,БНХАУ руу ч аялуулах тохиолдол бий. Тэгж л хүнээ тогтоохгүй бол манай салбарын ажил хүнд, нийгмийн хандлага сайнгүй учраас ажилчид бүр ч цөөхөн олддог. Манай үйлдвэр Их нарангийн хогийн цэгийн урд талд байрладаг шүү дээ. Захиалга ихтэй үед тэр хавийнхаа залуусыг авч ажиллуулахаар цалингаа аваад л архи уучих юм. Өдөр хоногийг арай хийж бардаг хүмүүс байх нь бий. Өдөртөө үйлдвэрээ орхиод түүхий эдээ цуглуулах гэх мэт ажилдаа явахад ч хааяа хэцүү байдаг. Учир нь нөгөө ажилчид маань нэг бол назгайраад суучихна. Эсвэл архи уучихсан байдаг. Тиймээс байнга л өөрөө хянаж шахаж шаардаж байх хэрэг гардаг. Би орой 18.00 цаг хүртэл ажилчдаа манах тохиолдол зөндөө гардаг. Гэхдээ манай үндсэн ажилчид бол итгэлтэй.
Танай компани ажилчдынхаа эрүүл мэндэд яаж анхаардаг бол? Бүрэн үзлэгт хамруулах ч юм уу, үйл ажил зохион байгуулдаг уу?
- Зургаан жилд нэг удаа бүгдийг нь аваад эмнэлэг явсан. Гэсэн ч манай ажилчид “ юу хийсэн гэж эмнэлэгт үзүүлэх вэ” гээд өөрсдөө явдаггүй. Намайг дагаад л эмнэлэг яваад байх хүн олдоогүй. Нэг өдөр ч гэсэн ажиллаж өдрийнхөө мөнгийн авах юмсан гэдэг.
Танай үйлдэрт очиход орчин тойрноо их цэвэрлэдэг юм билээ. Гэтэл салхин дээр чинь хогийн цэг байгаа болохоор хог хийсч орж ирдэг юм билээ… Та ч дурдаж байна…
- Тийм ээ. Бид сардаа нэг удаа түүдэг байсан. Хавар намартаа бол бүр хэцүү. Гэхдээ сүүлийн гурван сар бид түүж янзлаагүй. Хогийн цэгээ хашаатай болгох хэрэгтэй шүү дээ. Үгүй бол хотын хог салхин дээрээ байгаа тохиолдолд ганц бид түүгээд бүх хогийг цэгцэлж чадахгүй. Манай ажилчид ч гэсэн үйлдвэрийнхээ ажлын хажуугаар хог цэвэрлэхийг таашаадаггүй. Мэргэжилийн байгууллагаас түү гэсэн шаардлага тавьдаг ч бидэнд тийм боломж бололцоо байхгүй. Хот энэ мэт асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Үйлдвэрээ тойруулаад хашаа барьчихья гэхээр хэзээ ч хөөж магад. Манайхан чинь хэцүү шүү дээ. Нэг дарга нь солигдоод л өмнөх шийдвэрүүд хүчингүй болдог. Тогтвортой үйл ажил явуулахад маш эрсдэлтэй. Хэн ч, хэзээ ч, хаанаас ч ирээд хөөж магадгүй тийм нөхцөлд ажилладаг. Гэхдээ ирэх хавраас бид хашаа барина гэж төлөвлөж л байна. Ойрхон сургууль, цэцэрлэг байгуулагдсан учраас хашаатай байх нь зүйтэй гэж бодож байгаа. Хогийн цэгээсээ 300 орчим метрт л байдаг байх.
Саяхан би хөнгөн үйлвдэрийн салбарынхны уулзалтанд очсон юм. Манай улсын татварын тогтолцоог олон хүн хөндөж байсан. Дөнгөж үйл ажил явуулах гэхээр л орлогын 10% татвар шууд авдаг нь хүнд байна гэж байсан. Тэгэхээр манай улсын татварын тогтолцоо зөвхөн хог хаягдлын салбарт биш нийгмийн бүх салбарт хүнд тусч байх шиг…?
- Татвар, нийгмийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг ч болоосой гэж боддог. Хэн ч тэтгэвэрт гарна л даа. Гэсэн ч ажилчид маань нийгмийн даатгалд мөнгө төлөх сонирхолгүй байдаг. Өө тэгсэнээс хэдэн төгрөгөө ч гэсэн бэлэн аваад гэр орондоо хүнс авч очьё гэцгээдэг. Татвар болон цахилгааны төлбөртөө хамаг мөнгөө өгөөд, зарим сардаа бүр хов хоосон байдаг. Зээл тавьж ажилчдын цалингаа өгөх тохиолдол олон гарна шүү дээ.
Гялгар уут хуванцар чинь хөрс усанд 500-гаас ч дээш жил хадгалагддаг. Тэгэхээр ийм эдээр хийсэн бүтээгдэхүүн чанартай байхаас аргагүй санагдана. Үнийн хувьд ямар байдаг вэ
- Манай бүтээгдэхүүн маш чанартай. Драгоны өмнө байрлуулсан сандал бараг 10 орчим жил болж байна. Саппород байрлуулсан сандал 10-аас ч дээш жил болсон. Будаг нь л жаахан халцарсан харагдана лээ. Манай түшлэгтэй сандал 150.000, түшлэггүй нь 90.000 төгрөг шүү дээ. Гэтэл хятадаас оруулж ирээд гудамж талбайд байршуулаад байгаа сандлууд 320.000 төгрөгөөр худалдаалагддаг юм билээ. Хэдхэн жил болоод л эвдэрчихнэ. Эргээд л хог болж байгаа юм. Манай бүтээгдэхүүнийг авсны дараа хэрвээ эвдрэл гарах юм бол бид солиод засаад өгчихдөг шүү дээ. Маш их ялгаатай юм даа уг нь… Олон жил хэлж ярьж байна. Хэлээд хэлээд ойлгохгүй юм. Зарим хүн “энэ сандлыг чинь авахаар доороос хог үнэртээд байхгүй биз дээ?” гэж хүртэл асуудаг \ инээв\ 250 хэмд халаагаад хайлуулаад хэвэнд цутгаад гэх мэтээр бүхэл бүтэн үйлдвэрлэл явчихаад байхад тийм юм асуухаар сонин санагддаг. Тийм өндөр хэмд халааж хайлуулахад ямар ч нян бактери үхнэ биз дээ? Хог л гэж ойлгоод байх шиг байгаа юм. Хэрвээ аюултай бол бид ч үхнэ биз дээ? Зарим хүн “хогоо үнэгүй авчихаад эргээд бидэнд бүтээгдэхүүнээ үнэгүй өг” гэж хэлдэг. Гэтэл тэр хогийг цуглуулж хайлуулж бүтээгдэхүүн хийж байна. Ингэхийн тулд цахилгаанаас эхлээд хүний хөдөлмөр орно. Зарим хүний толгойд маш сонин сонин бодол орж ирдэг шиг байгаа юм. Загнадаг тохиолдол ч бий…. Харахад хачин сайхан хувцасласан сэхээтэн хүн байх нь ч бий. Заримдаа манай ажилчдаас бүр нэг доромжилж байгаа юм шиг сонин асуулт асуусан байдаг. Тэд чинь тэнэг мангар хүмүүс биш биз дээ.
Манай хотхон хогоо ангилдаг. Гэхдээ СӨХ шажигнадаг гялгар уут үнэ багатай гээд ангилахгүй байх тохиолдол гарч байна. Эдийн засгийн хувьд жаахан хөшүүрэг байхгүй бол үнэлгээ багатай дахиварыг цуглуулахгүй тохиолдол байна л даа. Яасан нь дээр вэ?
- Аль ч үйлдвэр авахгүй байгаа гялгар уутаа ангилаад манайд өгчих. Бид кг-ыг нь 100 төгрөгөөр худалдаж авья. Хамгийн гол нь цэвэрхэн л байх хэрэгтэй. Эргээд манайхаас бүтээгдэхүүн аваарай. Бид 30-40% хямдруулж өгнө гэж хэлээрэй. Манай бүтээгдэхүүн хямдхан учраас түүхий эдээ үнэтэй авч чаддаггүй юмаа.
Та хог хаягдлын салбарт ажиллаад зургаан жил болжээ. Энэ бол манай улсад шинээр хөгжиж байгаа салбар. Нийгэм ойлгохоосоо ойлгохгүй нь их юм. Энэ салбарт орж ажилласнаас хойш танд юу мэдрэгдэж өөртөө ямар бодол тээх болсон бэ?
- Би улс эх орныхоо төлөө ихийг биш ч өөрийн хэмжээнд хийж чадах зүйлээ хийж байна гэж боддог. Бид яагаад заавал бүх бараагаа гадны улс орнуудаас худалдаж авах ёстой гэж…? Чадах зүйлээ өөрсдөө хийж бүтээе л дээ. Гялгар уут, хуванцрыг бид дахиж боловсруулаад бүтээгдэхүүн хийж чадаж байна шүү дээ. Тэгэхээр бидэнд өөр олон боломж бололцоо байна гэж боддог. Хойч үедээ суурийг нь бэлдэж өгье. Тэд маань цааш технологийг нь хөгжүүлээд аваад яваасай. Хогийг хог гэж битгий хар. Зүй зохистой ашиглаж чадвал баялаг болдог гэдгийг ойлгуулах юмсан гэж хичээж явна. Бид бэлдэц хийгээд урагшаа гаргахад буцаад наанадаж куртка, борооны цув болоод л орж ирнэ. Нэг кг бэлдэцийг 500 төгрөгөөр урагшаа гаргалаа гэхэд дунджаар 50.000 төгрөгний үнэтэй куртка болоод орж ирдэг. Энэ байдлыг л зогсоох хэрэгтэй гэж боддог. Өөрсдөө л бүтээдэг болох юмсан. Манай үйлдвэрт зундаа гурван хүү ирдэг. Оюутан гэсэн. Манай үйлдвэрийг судалж байна гэдэг. Бид нарт туслаад шинэ санаа оноо ч хэлж байдаг. Би “миний дүү нар илүү сайн технологи нэвтрүүлж чанаржуулж улс эх орондоо их зүйл хийгээрэй. Энэ бол хог биш баялаг шүү” гэж хэлдэг. Манай үйлдвэрийг гадныхан их сонирхдог. Гарсан бүтээгдэхүүнийг хараад гайхах нь ч бий. Учир нь тэдний ангилалт болоод бүх шат дамжлага их өндөр түвшинд байдаг юм билээ. Тэд “ танай улс яаж дэмждэг вэ” гэж асуудаг. Гадныхан хүртэл сонирхож дэмжих гээд байхад, бид ганц тендр ч авч чадахгүй л байна.
Та ямар мэргэжилтэй вэ? Яаж яваад энэ салбарт орчихоо вэ?
- Би Энержи Ресурс-ын барилгын компанид ажилладаг байсан. Тэр үедээ Сан-Оргиу компанийн ах эгч хоёртой танилцсан юм. Тэгээд л энэ ажилдаа орсон юм. Эхний үед ч нэг оффист суудаг байлаа. Нэг сар суусан. Гэтэл ажил явдаггүй. Тэнд суугаад байвал бүтэхгүй юм байна лээ. Тэгээд л үйлдвэртээ ирж өөрөө ажиллаж эхэлсэн дээ. Эхний үед учраа мэдэхгүй, байгууллагуудтай холбогдож чадахгүй учраас өөрсдөө хогруу очиж түүхий эдээ түүдэг байлаа шүү дээ. Ажилчдаа аваад л явдаг байсан. Түүснээ ачиж ирээд үйлдвэртээ дахиж боловсруулдаг байсан. Сүүлдээ хог үүсгэгчидтэй нь шууд харилцаж гэрээ байгуулаад түүхий эдээ авах нь зөв гэдгийг ойлгосон л доо. Зарим нь ч нэгэнтээ л хог руу ачуулах учраас манайхан очиод авья гэхэд шууд зөвшөөрнө. Зарим нь ч худалдаж ав гэж хэлэх нь бий. Эхний үед манай хүүхдүүд дургуй байсан. Сүүлд нэг телевизийн ярилцлаганд орох үеэр хийсэн бүтээгдэхүүнээ харуулсан юм. Түүнийг хараад хүүхдүүд маань маш их баярласан. Одоо хааяа надад тусалдаг
Анх Сан-Оргиу компани яаж байгуулагдаж байсан юм бол оо? Тоног төхөөрөмжөө өөрсдөө хийсэн юм уу?
- Анх Дархан дахь үйлдвэр ашиглалтанд орж байсан. Тухайн үед гялгар уутыг гал дээр хайлуулж туршиж үзэж байсан гэдэг юм билээ. Тэгж туршиж үзээд болох юм байна гэсэн шийдэлд хүрч БНХАУ-аас анхны хайлуулах төхөөрөмжөө оруулж ирсэн гэсэн. Гэхдээ тэр төрөөрөмжөө Монголынхоо нөхцөлд тааруулж Монголчилсон байгаа юм.
Бидний яриа хөөрөө өндөрлөх тийшээ хандаж байна.Таны цаашдын зорилгоор энэ удаагийнхаа ярилцааг дуусгая даа?
- Улсаас ЭКО ПАРК төслийн хүрээнд газар өгч байгаа гэсэн. Дахиад тэндр зарлах юм бол үйлдвэрийнхээ байрыг л барьмаар байна. 100% компанийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн барилга барьж чадахгүй байна л даа. Ядаж байнга захиалгатай, тасралтгүй ажилладагсан бол заавал улсаас дэм хүсэх шаардалга алга. Гэсэн ч зүтгэж байгаад үйлдвэрийн байртай болж технологио улам сайжруулна аа.
Баярлалаа танд