С.Алдархишиг: 2080 он гэхэд “Алтай таван богд”-ын мөсөн гол байхгүй болно.

Өнөөгийн бид өөрсдийгөө түүхийн өвөрмөц тохиолд амьдарч байгаагаа мэддэг болов уу? Хүн хүссэн цаг үедээ амьдрах боломжгүй шүү дээ. Тиймээс ямартай ч хувьтай үед төржээ гэдгээ ойлгож мэдрэх нь эрхэм юм. Бид 20-р зууны сүүлийг дарж 21-р зууны эхийг барьж байна. Хүн төрөлхтөний хөгжил бүхий л талаараа нэгэн шинэ шатанд гарч байх шиг… Салхи эргэчихэж… Бүх салбарт энэ салхи нэвтэрчээ. Хорьдугаар зуунд хүн төрөлхтөний таашаал эд хөрөнгө, үйлвэржилтэд суурилж байсан бол шинэ зуунд бие, сэтгэлийн боловсрол, мэдлэг, дэлхий ээжтэй амь, хүйн хамааралтайгаа эрхэмд бодож урагшилж байна. Ганцхан жишээ дурьдъя.
Саяхан л дэлхий нийтээрээ зөвхөн жуулчдын ая тухад анхаарч хөхүүлдэг байлаа. Гэтэл одоо байгальдаа ээлтэй аялах, орон нутгийн иргэдийн амжиргаатай уялдуулан дэмжих гэх мэтээр илүү хариуцлагатай болж байна. Иймд Монголын аялал жуулчлалын салбарт 20 гаруй жил ажиллаж яваа “Mongolia Expeditions” компаний үүсгэн байгуулагч, захирал Сүхээгийн Алдархишигтэй ярилцлаа.

“Жорлон”-гоо үүрээд хогоо ангилж ялгаад аялдаг

Танай аялалын баг жорлонгоо үүрээд явдаг гэж сонссон. Үнэн үү? Эко аялал гэж аялалын ямар хэлбэрийг хэлэх вэ?
Жорлонгоо үүрээд л явж байгаа. Жишээ нь: уулын аялал, “Алтай таван богд”-ын бүс нутгийг аваад үзье л дээ. Тэнд баз лагер бий. Баз лагерт нийтийн нэг жорлон байдаг. Заа тэгээд дээшээгээ авирахын тулд “Хоног толгой” гээд дундын буудал хийдэг газар бий. Тэр маань цас мөсөн дунд байгаа ганц хар толгой юм. Маш бага талбай, жижиг орон зайд байдаг. Тэнд жилдээ 400-500 хүн очиж байна. Зарим жилд бараг 1000 хүн очдог болжээ. 1000 хүн очиод нэгээс хоёр хононо. Мэдээж биеэ засах шаардлага гарна. Гэтэл “Хоног толгой” бол усны эх ундарга газар юм л даа. Ийм газрыг бохирдуулж болохгүй шүү дээ. Манай Монголын хамгийн өндөр мөсөн голын нэг Потанианы мөсөн гол дээр байрладаг газар шүү дээ. Тэр голынх нь эхэнд биеэ засвал нутгийн иргэд ч тун дургуй. Тиймээс бид сүүлийн гурван жилд АНУ-аас байгальд задардаг уут захиалж авчруулаад жуулчиддаа тарааж өгдөг болсон. 13-35 ам долларын үнэтэй байдаг юм. “Та нар ялгадсаа энэ уутанд хийгээд үүрээд бууна шүү” гэж хэлдэг. Тэгээд тэр ууттай ялгадасаа буцаж буухдаа баз лагерт үүрээд авч ирнэ. Ингээд л суурин том нойлд хийнэ дээ. Байгальд задардаг уутанд хийсэн тул хор хөнөөлгүй гэсэн үг юм. Энэ бол жорлонгоо үүрч яваа нэг хэлбэр юм даа.

Би саяхан нэг хүнд “Манай аялал жуулчлалын салбар хөгжиж байна. Жорлонгоо хүртэл үүрээд явдаг болжээ” гээд л хөөрч ярилаа л даа. Тэгсэн нөгөө хүн: Манайхан хэтэрхий туулиширах юмаа. Хүний ялгадас байгальдаа шингээд л бордоо болдог шүү дээ” гээд тун дургуй байж билээ. Гэтэл ялгадас бүхэн хөрсөнд бордоо болдоггүй юм байна. Газар нутгийн онцлог, тогтоц зэргээс хамаардаг юм байна шүү дээ.

Тийм ээ. Жижигхэн газарт олуулаа очиод усны эхэд нь бааж шээгээд байвал яагаад ч бордоо болохгүй. Даац болон газар нутгийн онцлог гэж юм бий… Сүүлийн жилүүдэд “Алтай таван богд” уул аялагчдын очих дуртай газар болсон. Бараг моод шахуу… Хүн бүр л “Алтай таван богд”-д гарлаа гээд олон нийтийн сүлжээнд зургаа тавьдаг болсон байна шүү дээ. Гэтэл тэр жаахан газарт хэдэн зуугаараа очиод шээж баагаад байвал тун удахгүй эвгүй байдалд орно. Тиймээс бид нар өнгөрсөн жил “Аялал жуулчлалын шийдэл” ТББ-тай хамтраад хэдэн аялал жуулчлалын компаниуд нийлж гурван жорлон барьсан. Засаг энэ тал дээр дорвитой хөдлөхгүй байна. Жорлон барих гэх мэт асуудалд хойрго байна л даа. Яг бодлого гаргаж байгаа хүмүүсээс очиж үзсэн нь ч цөөхөн байдаг юм уу…? Бид нар тэнд үйл ажил явуулж байгаа болохоор засаг хөдлөхгүй байна гээд хүлээгээд сууж болохгүй. Энэ чинь нэг талаар бизнесийн гол баталгаа биз дээ? Тэр орчин бохир заваан бол хүн очих нь багасна шүү дээ. Тиймээс бизнесийн хамгаалалт гэдэг үүднээсээ ч тэр, байгальдаа ээлтэй байхаа ч бодож, гурван жорлон барьсан. 27 сая төгрөг босгосон санагдаж байна. Жорлонгоо нутгийн иргэдэд хариуцуулж байгаа юм. Доороо савтай, сав нь дүүрэхээр үртэс хийж ялгадасыг задалдаг. Байгальд шингэдэг технологиор ажилладаг жорлон гэсэн үг л дээ. Энэ технологийг “Аялал жуулчлалын шийдэл” гээд нутгийн ТББ танилцуулсан учраас дэмжиж хөрөнгө босгож оролцсон. Гэхдээ аялалын хэд хэдэн хэлбэр бий. Уулын аялалд жорлонгийн асуудлыг дээрх байдлаар шийдсэн бол машинтай гэр базуудад хоноглож явдаг аялалд суурин буюу гэр базын жорлон ашиглаж байна. Бас нэг шийдэл бол нүхэн жорлон ашигладаг. Хүрзтэй явна гэсэн үг. Байгальд ил ялгадас үлдээхгүйн тулд хүрзээ ашиглана. Энэ бол хамгийн шалгарсан арга. Дэлхий нийтийрээ ийм л жорлонгийн системийг ашиглаж байгаа. Дэлхийн томоохон зарим цэцэрлэгт хүрээлэнгүүд \national park\ яг энэ аргыг санал болгодог юм билээ. Тэрнээс ил задгай бие засаад байвал наандаж л энд тэндгүй нойлын цаас хийсээд л хачин юм болдог л доо.

Хүмүүсийн ухамсар хандлага өөрчлөгдөж байна. Байгальдаа ямар ч хор нөлөөгүй \ул мөргүй \ аялахыг хичээдэг болсон. Гэхдээ л аялахад жорлонгоос гадна хог их гардаг. Хогоо яаж шийдэж байна вэ?

Хогоо байгальд задрах, задрахгүй гэж хоёр ангилна. Байгальд задрах буюу хоол хүнсний үйлдэгдлийг үлдээгээд, задардаггүйг нь буцаан ачиж төв суурин газруудын хогийн цэгт хаядаг. Монголын аялал жуулчлалын компаниуд бараг бүгд ингэж шийдэж байна. Аялагчид, аялал жуулчлалын компанийн хооронд их том ялгаа бий шүү. Зарим хүмүүс энийг сайн ойлгодоггүй юм шиг байгаа юм. Аялаж явахдаа хог хаялаа гэж ярьдаг. Энэ бол буруу ойлголт. Зохион байгуулалтай, компанийн хөтөлбөрт хамрагдаж байгаа аялагчид болон жуулчид хог хаягдлын системтэй. Хогоо ангилж л хаяна. Жишээлбэл: Дархан цаазтай газрын үүдэнд төр нэг хогийн цэг байгуулсан байдаг. Гэтэл бид тэнд хэзээ ч, ямар ч тохиолдолд хог хаядаггүй. Заавал суурин газарт авч ирж төвлөрсөн хогийн цэгт хаядаг. 10 гаруй аялагчтай хоёр долоо хоног орчмын аялалаас 100-200 кг байгальд задардаггүй хог гардаг. Байгальд задардаг буюу хүнсний ногооны хаягдлаа багахан газар ухаад бордоо болгох зорилгоор хаядаг. Тэр жаахан газарт хүн бүр ногооныхоо хаягдлыг ил хаяад байх юм бол мэдээж бас сүйд болно л доо. Түүнчлэн аялагчдыг өөрийн усны савтайгаа ирэхийг хүсдэг. Нэгдсэн уснаасаа л ундаална. Тэрнээс биш жижиг савалгаатай цэвэр уснууд авч явдаггүй.

Аялж яваа хүн мэдээж бага ачаатай, зайлшгүй шаардлагатай зүйлсээ л авдаг. Гэтэл 14 хоногийн аялалаас дунджаар 100-200 кг орчим байгальд шингэдэггүй хог гардаг гэхээр хүн хамгийн их хог таридаг, байгальд их халтай амьтан юм. Хогоо багасгаад, ангилаад байхад л ийм их хог гардаг гэхээр харамсалтай. Та бүгд бүх талаараа л байгальд ээлтэй аялахыг хичээдэг гэж байна. Гэтэл дотоод гадаадын аялагчдын хамгийн их очдог газрууд маш их хогтой байх юм байна шүү дээ. Зун Архангай аймагт очсон. “Тайхар чулуу”, “Тэрхийн цагаан нуур”, “Хоргын тогоо” орох зам нил хог байсан. Хэн, ямар улс хаяад байдаг юм бол оо?

Манай Монголчуудын хамгийн их хаядаг, очсон газар бүртээ үлдээдэг хогийг төрлөөр нь авч үзвэл архины шил, шар айрагны лааз. Нөгөө дархан газруудын чинь гол асуудал энэ. Жишээ нь манайд Замын үүдээс “Цагаан нуур”-аар гардаг “Торгоны замын дугуйн аялал” бий. Монголын маань нутгаар бараг 2500 км дугуйтай явж байгаа юм л даа. Хөдөө нутгийн зам чинь маш олон салдаг шүү дээ. 100 кмт бараг арав, хорин удаа салдаг. Тиймээс бид нар салж байгаа талдаа шон зоож тэмдэглээд хамгийн арын машин пайзаа хурааж явдаг юм. Тэгсэн нэг удаагийн аялалын үеэр манайхан “Өө шон хатгах ямар ч хэрэггүй болчихож ээ. Аялагчид замын салж байгаа талд нэг архины шил босгож тавиад байна.” гэсэн. Хөдөө хээрийн зам маш олон сална гэж хэлсэн дээ… Зөвхөн салж байгаа талд нь нэг архины шил босгоод явахад л 2500 кмийг архины шилээр тэмдэглэчихэж байна гэдэг чинь хичнээн их архины шил хаягддаг нь тодорхой байгаа биз…? Нутгийн иргэд нэг үеэ бодвол ойлгодог болсон. Ахуйн хаягдлаа л гэхэд булдаг, тодорхой цэгт аваачиж хаядаг болж байна. Би “Алтай таван богд” чиглэлийг л илүү мэдэж байгаа учраас тэр хавиа ярьж байгаа юм шүү. Том чиглэл, аялал жуулчлалын гол бүс нутаг болчихсон. Нутгийн иргэдийн жуулчдаас олдог орлого нь их болсон болохоор нутгаа хайрлах сэтгэл өндөр болчихоод байгаа юм. Анхандаа бол айлууд хогоо шууд гаднаа хаяад, нөгөөх нь шатаад уугиж байдаг байсан. Аялал жуулчлал хөгжсөнөөр энэ байдал нь харьцангуй гайгүй болчихоод байгаа юм.

Хөдөө хээр хаягдаж байгаа хог хаягдлын ихэнх нь архины шил, шар айрагны лааз гэж хэллээ. Хүмүүс бид мэдэхгүйгээсээ болоод олон буруу зүйл хийдэг. Жишээ нь: Хог хаягдлын хор хөнөөлийг ойлгохгүй, мэдэхгүй байгаа юм болов уу? Та байгальд шил хэр удаан задардаг, хор хөнөөл нь ямар байдгийг хэлнэ үү?

Яг хог нэг бүрийн байгальд хэрхэн задардаг талаарх мэдээлэл, нарийн тоо баримтыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ салбарт олон жил ажиллахдаа хог хаяхгүй байх ёстой гэсэн нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Анх ажиллаж эхэлж байхад хогтой холбоотой, огт мартагддаггүй нэг үйл явдал болсон юм. Явган аялалд явдаг байлаа. Манай компанийн захирал Австрали нөхөр байв. Би кэмпээ хураачихаад араас нь яваад ирлээ л дээ… 20 орчин км алхаад дараагийн кэмпдээ ирж буй хэрэг. Тэгсэн нөгөө нөхөр чинь
-Алдар аа, хог хаана байна аа? гэлээ.
-Орхичихсон гэсэн чинь
-Буцаж очиод аваад ир. Чи яахаараа байгальд хог хаядаг юм бэ? гэсэн \инээв\ 1999 онд шүү дээ. 20 гаруй жилийн өмнө гэсэн үг. Хогны талаар ямар ч ойлголтгүй л байж. Тийм ээ…? Хаяад явдаг л гэсэн ойлголттой байсан. Харин тэр явдлаас хойш хог хаях ёсгүй юм байна гэсэн ойлголттой болсон доо. Түүнээс хойш яг тэр хандлага зарчмаараа ажилласан. Хүн ер нь бас их зүйл ойлгодог болдог юм байна.

НҮБ-аас гаргасан судалгаанд, шил хөрсөнд 4000 жил хадгалагддаг. Түймэр гарах магадлалыг нэмдэг гэсэн байсан. 2019 онд Сибир, дэлхийн уушиг Амазон бас Австрали шатлаа. Тэгэхээр шил бол маш аюултай хаягдал юм. Аялж байхдаа архи уугаад л шилээ үлдээгээд байх юм бол түймэрт нэрвэгдсээр л байх нь …?

Өмнө нь бол аялж зугаална гэхээр шууд л архидалт болдог байлаа шүү дээ. Хамт олноороо салхинд гарах энэ тэр чинь ядартлаа архидаад буцаж ирээд сувилалд хэвтдэг ийм л концевцтэй байлаа. Одоо бол аялж сурч байна. Архидалт арай гайгүй болж байна. Өөрчлөгдөөд байгаа юм. Үе солигдож байна тээ…? Байгалийн сайхныг таашааж аялдаг хүмүүс олон болж байна. Нэг машинд бөөнөөрөө чихэж аваад энд тэнд очиж хорхог боодог иддэг нь багасаж байна л даа. Аль болох идэвхтэй хөдөлгөөнтэй амрах, зураг авах, мориор аялах, завиар явах гээд манай Монголчуудын дунд эерэг хандлага өргөн дэлгэрч байна гэж хардаг.

Архи уугаад хорхог, боодог идэж салхилдаг байсан бол одоо хөдөлгөөнтэй, идэвхтэй амардаг болсон гэхээр хүн өөрчлөгдөж байна гэсэн үг шүү дээ. Ер нь хүнийг юу
өөрчилдөг юм бол…?

Нэгдүгээрт мэдээлэл нөлөөлнө. Орлого маш их нөлөөлж байна. Тэрнээс гадна хотжилт хүнийг идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг шаардаж байна л даа. Хөдөлгөөн хийцгээе, эрүүл амьдаръя гээд дэлхий нийтээрээ ярьж байгаа тул энэ хандлага руу сайн явж байна. Хотын амьдрал хүнийг байгалиас тасалдаг. Хот хэдий ногоон байгууламжтай байлаа ч байгалиас авах мэдрэмжийг өгдөггүй. Энэ мэдрэмжийг авахын тулд хүн цагаа гаргаж, амралтаа зохицуулж аялалд явдаг болоод байна л даа. Хамгийн гол нь энэ л юм. Хотжих хөдөлгөөн эерэг сөрөг талтай. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байна. Тэгэхээр ирээдүйд идэвхтэй хөдөлгөөн хийдэг аялал \advanture\ болон бизнесүүд нэлээд сайн хөгжих байх. Байгалд гарах, идэвхтэй байх чинь хүний хэрэгцээ болоод байна гэсэн үг. Улаанбаатарт фитнес олноор байгуулагдаж байна. Тэгсэн хэрнээ хүнгүй фитнес бараг байхгүй байгаа биз дээ…? Нийгмийн хандлага өөрчлөгдөөд, идэвхтэй, эрүүл байхыг хүмүүс өөрсдөө хүсдэг болж байна. Тэгэхээр хотжих үйл явцаасаа болж өөрчлөгдөж байгаа юм болов уу гэж бодож байна. Би судлаач эсвэл гүн ухаантан биш болохоор яг яагаад өөрчлөгдөөд байгааг баталгаа нотолгоотой хэлж мэдэхгүй шүү дээ. \инээв\

Манай улс жилдээ 530.000 жуулчин авдаг юм байна. 2030 он гэхэд энэ тоог хоёр саяд хүргэнэ гээд яам тамгын газрынхан, салбарын сайд нь яриад байна. Гэтэл жуулчдыг хүлээж авахын тулд наанадаж л жорлон, хогны асуудлыг шийдсэн байх ёстой. Дэлхий нийтээрээ байгальд ээлтэй аялалыг \ул мөргүй аялал\ хүсэж байна. Гэтэл манайхан дэд бүтцийг биш тоо нэмэхэд л анхаараад байдаг. Ингэхээр л аялал жуулчлалын салбараас орлого олохыг зорьж байгаа манай зорилго бүтэшгүй юм шиг санагдах юм. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Гадны жуулчин гэлтгүй ерөөсөө хүн ийш тийшээ явахад хамгийн анхан шатны хэрэгцээ нь хангагдсан байх ёстой шүү дээ. Биеэ засах болон хоол хүнсний аюулгүй байдал бол хамгийн анхан шатны хэрэгцээ. Манай улс төв зам дагуу, бараг 100 км тутамд нийтийн жорлон барина гээд л олон жил ярьж байна. Яг хэрэгжүүлэхдээ их удаан байгаа юм. Уг нь эднийгээ л нэн тэргүүнд шийдэж өгч байж жуулчид ирнэ. Нутагтаа очиод бусаддаа санал болгоно. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл энэ дэд бүтэц нэн тэргүүнд хэрэгтэй. Мөн жуулчин тухайн улсын нийтийн тээврээр аюулгүй зорчих боломжтой бол аялал жуулчлал нь хөгжжээ гэсэн нэгдсэн ойлголт, шалгуур байдаг. Энэ манайд бас их хэцүү. Нэг жуулчин ирээд Улаанбаатараас Баян-Өлгий хүрэх автобусны тасалбар захиалъя гэхэд л чадахгүй. Хаанаас яаж захиалах вэ, яаж явах вэ, хэд зогсох вэ, ямар хоол унд идэж болох вэ гээд ямар ч мэдээлэл байхгүй. Бараг хотын нийтийн тээврийг ч ашиглаж чадахгүй дээ… Тийм үү…? Гэтэл Бээжинд очвол нийтийн тээврийн картыг нь ашиглаад маршрутыг нь хараад л хаашаа бол хаашаа явчихна. Нийтийн тээврийг дагаад хооллох газар, жорлон нь хөгждөг. Хамгийн ойрын жишээ гэвэл, Орос жолооч нар зөвхөн жорлонтой газар л зогсдог. Хэзээ ч жорлонгүй газар зогсдоггүй. Гэтэл манайд эсэргээрээ. Дуртай газраа зогсоод, замын хоёр талаар тарааж байгаад л биеийг нь засуулдаг шүү дээ. Жорлон үнэхээр хүрэлцээгүй байна. Монгол хүн байна даа… Бид нутгаараа аялмаар байдаг. Гэтэл ялангуяа эмэгтэйчүүд хаана биеэ засах нь тодорхойгүй, хамгийн хэцүү… Монголчууд өөрсдөө нойлдоо жорлондоо тодорхой шалгуур тавиад байхад гадны жуулчдын талаар ярилтгүй болчихоод байгаа юм. Бие засах газар, жорлонтой холбоотой онигоо их шүү дээ.

Нээрээ жорлонтой холбоотой болсон явдал яриач…? Ичиж үхмээр олон явдал болдог байх даа…?

Нэг жуулчин модон жорлонд орж л дээ. Бид бол явган суухыг мэднэ. Гэтэл нөгөө жуулчин хоёр хөлөө тэлээд суусан байсан гэсэн. \инээв\ Компаний журмаар ирж байгаа жуулчиддаа бол бид хэлдэг. Монголын хөдөө орон нутгийн жорлон хамгийн анхан шатны хэлбэртэй. Ус татдаг боловсон жорлон байхгүй ээ. Суухдаа явган сууна шүү гэж зааж өгнө. Амьдралдаа явган сууж үзээгүй хүмүүс ч ирдэг. Хэдэн жилийн өмнө “Баз лагер”-т манай Гангаамаа гавъяат нийтийн жорлон барих санал гаргаад байгуулж байсан юм. Тэгсэн нэг жуулчин ороод, “Би анх удаа хүний ийм их ялгадас харлаа” гэж хэлсэн байсан.\ инээв\ Тэрнээс өмнө бол очсон хүн бүр багахан нүх ухаад бааж шээж байлаа. Тэр газар нь их бага болохоор үнэхээр хэцүүхэн байсан. Буудаллахаар нөгөө ялгадас нь үнэртээд байдаг болсон байсан. Жорлонтой болсноос хойш нөгөө муухай үнэр танар байхгүй болсон. Унтаж байхад л шээс үнэртдэг байв. Эмэгтэйчүүд бол төвлөрсөн жорлон руу очиж биеэ засдаг. Гэтэл эрчүүд бол буруу хараад л биеэ засах гээд байдаг. Гадна дотно ялгаагүй дээ. Бид “Тэр нийтийн жорлонд оч” гэж хэлдэг. Тэрнээс болж эрчүүдтэй муудалдцаг.

Наад асуудал чинь миний ч гайхшийг бардаг. Эмэгтэйчүүд бидэнд бас хэрэгцээ гарна. Тэглээ гээд нэг буланд очиод л биеэ хөнгөлчихдөггүй шүү дээ. Бид нар тэвчдэг. Эрчүүд жаахан тэвчиж болно биз дээ…?

\инээв\ Болно болно. Саяхан хотоос, “Иргэдэд жорлонгоо ашиглуулахгүй байгаа үйлчилгээний газруудыг торгоно” гэсэн шийдвэр гарсан байсан. Энэ их зөв шийдвэр. Урд нь жорлондоо оруулдаг газар ховор байлаа шүү дээ. Одоо талбай тойроод буюу хотын А бүсдээ байдал гайгүй л болж байх шиг байна. Энэ асуудлаа л төр шийдчихвэл бусад зүйлийг хувийн хэвшлийнхэн хамтраад шийдэх боломжтой л доо. Төр засаг дэд бүтцээ л шийдэж өгөх ёстой. Тэрнээс нэг компани орж ирээд энд тэнд жорлон барьж өгөөд байвал сүйрдэг юм байгаа биз дээ тээ…? Бид бол үүргээ биелүүлээд буудалласан газраа цэв цэвэрхэн үлдээдэг. Нутгийн иргэд энд хүн буудалласан юмуу гэж эргэлзтэл нь цэвэрхэн үлдээдэг. Ямар ч хог саг байхгүй. Манай жорлонг хайгаад ч олохгүй. Хөрс хуулах арга технологи хүртэл өөр шүү дээ. 5-10 см-ийн зузаантай дөрвөлжилж аваад таглаа хийдэг юм. Хөрсгүй хэсгээ ухаж ялгадсаа хийгээд дараа нь нөгөө таглаагаараа дарчихдаг юм. Дайны үед тэсрэх бөмбөг яаж булдаг байлаа даа…? Гаднаас нь харахад юу ч мэдэгдэхгүй хэрнээ гишгэмэгц дэлбэрдэг шиг тэр зарчмаар л булдаг юмаа. \ инээв\ Талын аялалын тухай ярьж байгаа юм шүү. Ууланд аялахдаа бол дээр хэлсэн шиг жорлонгоо үүрээд явна.

Бэлчээрийн даац биш Жуулчны даац

Бид бэлчээрийн даац гэж их ярьдаг. Харин жуулчны даац гэж ярихыг бараг сонсоогүй. 2030 онд жуулчны тоог хоёр саяд хүргэх зорилготой. Ийм даац байна уу?

Өнгөрсөн жил “Алтай таван богд”-д дотоодын жуулчид өдөрт хэдэн зуугаараа ирлээ шүү дээ. “Алтай таван богд” руу очиход “Цагаан голын хаалга”, “Ойгорын хаалга” гэж хоёр хаалга байдаг юм. “Ойгорын хаалга” талаас нь машин очдог. Өнгөрсөн жил төрийн их тахилга болсон. Та нар харсан л байх. Тэр тахилгатай овоо руу машин хүрдэг юм л даа. Зөвхөн Монголчууд л явна. Жуулчид болохоор бүх ачаагаа тэмээнд ачаад явган явдаг. Тэгэхээр хүн л болсон хойно жуулчид барьцана л даа. Яагаад машинаар яваад байгааг асуухаар нь:
-Та нар бол өндөрт гарах хүмүүс. Эд бол зөвхөн тэр овоонд гарчихаад л буцах учраас ингэж байгаа юм гэж тайлбарладаг даа. Хамгийн гол нь тийшээ олноороо техникийн хүч ашиглаж гарахаар хайран сайхан уулынхаа хөрсийг эвдэж байгаа юм. Тэрнээс гадна Таван богд 10 гаруй мөсөн голтой. Ил харагддаг нь гурван гол юм. Энэ гурван голд мөс судлалын станц ажилладаг. Мөс хайлалтыг хэмждэг, дэлхийн дулаарлыг хэмждэг станц индикатор байрладаг гэсэн үг. Интикатороос ирж байгаа мэдээллээр, манай “Алтай таван богд”-ын эртний цэвэр мөс сардаа 5-6 метр хайлдаг. Машинаар өгсөх, жуулчны даацыг хэтрүүлэх чинь их нөлөөлдөг юм. Ер нь “Алтай таван богд”-ын мөс энэ эрчээрээ хайлах юм бол 80 жилийн дотор хайлж дуусна гэж үздэг. 2080 он гэхэд “Алтай таван богд”-ын мөсөн гол байхгүй болно. Хайлалт 5-р сарын сүүлээс 8-р сарын сүүл хүртэл болно. Энэ бол гурван сар гэсэн үг. Тэгэхээр жилдээ л арав гаруй метр хайлж байна шүү дээ. Намайг 2000-д оны эхээр “Алтай таван богд”-д очиход мөсөн гол их урт байсан. Одоо их богиноссон. Харамсалтай. Энэ нь хүний үйл ажлаас их шалтгаалж байна. Тиймээс аялал жуулчлалын компаниуд, нутгийн иргэд, мөсөн гол судлалын станциуд, төр засаг гээд бүгд анхаарч ажиллахгүй бол болохгүй болчихоод байгаа юм. Бас жуулчдын урсгал жил бүрд өөр байна. Эхнийх нь Хөвсгөл байсан бол дараагийнх нь Завханы “Улаагчины хар нуур” байлаа. Одоо ч хэвээр байна. Энэ жилээс “Алтай таван богд” болсон шиг байгаа юм. Энэ том давалгаа чинь улам л томорно, үргэлжилнэ. Одоо зам сайжирч байна шүү дээ.

Харин тийм ээ… Сүүлдээ ч бүр битгий зам тавиасай гэж хүсэх боллоо…

Үгүй үгүй. Тэгж болохгүй. Зам тавьж өгснөөрөө байгалийг маш сайн хамгаалж байна. Нэг зурваст оруулж байна. Хаа хамаагүй, тал талаар давхидагийг болиулж байна. Түрүүн бэлчээрийн даацын талаар дурьдаж байсан даа… Манай улс малаа 70,80 сая хүргэх ямар ч шаардлага алга. Энэ нь зэрлэг амьтны амьдрал тархцад маш хүчтэй сөргөөр нөлөөлж байна шүү дээ. Малын тоо нэмэгдэхээр бэлчээрлэх нутаг өргөн болно гэсэн үг. Нэгэнт амьдрах орчинд нь мал ойртмогц нөгөө зэрлэг амьтад барьчихаж л байгаа юм. Тэгэхээр л малчин ирвэсийг намнаж эхэлж байна. Хувь хүн талдаа малын гарлагатай учир уучилж боломгүй санагдана л даа. Хамгийн гол нь төр засаг энэ байдлыг өөгшүүлээд байгаа нь харамсалтай. Хаа сайгүй мянгат малчин шалгаруулж шагнаад л… Гэтэл тэр их мал нь бэлчээрийг талхлаж зэрлэг ан амьтдын тархцыг хумиж байна. Сүүлдээ ч бүр малчин, зэрлэг амьтдын хооронд дайн болж байх шиг… Засаг төр энэ байдлаа мэдэж байгаа ч юм уу? Үгүй ч юм уу… Одоо бол мянгат малчин гэхээсээ илүү улс эх оронд оруулж байгаа малын ашиг шим, чанарт анхаарахгүй хэрэгтэй үе. Ингээд л бүх зүйл төр засгийн бодлоготой холбогдоод байх юм. Цөөхүүлээ болохоор мэдрэмтгий байдаг байх….

Аялал жуулчлалын компаниуд ашигтай болоод л ажиллаж буй. Хариуцлагатай аялалын нэг шалгуур бол нутгийн иргэдийн амжиргааг дэмжих. Танай компани энэ талаар хангалттай ажиллаж чадаж байна уу?

Алтай таван богд бол төр засгаас гаргасан аялалын маршрут, бүс биш. Нутгийн иргэдийн нөлөө, жуулчны компаниудын ажил, жуулчдын цахимд түгээдэг сэтгэгдэл гээд олон зүйлээс хамаарч сүүлийн хорь гаруй жилийн үр дүнд бий болсон шинэ чиглэл юм. Говь, Хөвсгөл хоёрыг бол угаасаа социализмийн үеэс мэддэг байсан. Ихэнх компаниуд анх гарч ирэхдээ л энэ чиглэлүүдийг зорьж эхэлсэн болохоор засгаас ч гэсэн дэмжлэг их ордог. Хувийн хөрөнгө оруулалт ч орно. Гэтэл “Алтай таван богд”-д хүрч ажиллаж чадахгүй байгаа юмаа. Тиймээс л аялал жуулчлалын компаниуд нутгийн иргэдтэй хамтраад нутгаа хамгаалах болон байгалиа хайрлах, сайхнаар нь хадгалахад анхаарч байна. Нэг талаараа бизнесийн хамгаалалт юм л даа. Тухайн нутаг орны байгалийг хамгаалах нь хэн хэнийхээ л амьжиргаанд хэрэгтэй болчихоод байгаа юм шүү дээ. Зөвхөн өөрийн компанийхаа жишээг дурьдахад, нутгийн айлаас тэмээ малыг нь аваад хөтөч буюу ачаа зөөгч хийлгэхэд зуны гурван сард нэг айлд л гэхэд 30 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Яг тэр голын хөндийд 40 гаруй айл бий. Ганц манай компани очихгүй шүү дээ. Тэгэхээр 30 сая төгрөг бол тухайн өрхөд боломжийн дэмжлэг болж байгаа юм л даа. Гэх мэтээр аялал жуулчлалыг зөв хөгжүүлэх юм бол нийтээрээ орлого олох боломж нээгддэг. Зарим хүн жуулчны комданиуд жуулчдыг шулдаг гэж ойлгодог. Гэтэл дээрх мэтээр зардал гарна. Ашгийн марж 15-20% л байдаг. Уулын мухарт байгаа малчдад шууд бэлэн мөнгө тарааж байгаа нь хэдэн жуулчны компаниуд. Тиймээс нутгийн иргэдэд маш их дэмжлэг болдог. Гэтэл хэт олон хүн тэнд очиод байгалийг нь сүйтгээд тэмээ мал нь ч хүрэлцэхгүй болохоор нутгийн иргэд жуулчдад дургуй болж эхэлдэг. Жуулчны даац хэтэрч байгааг мэдэж болох хамгийн эхний хэмжүүр бол нутгийн иргэдийн хандлага. Тэд жуулчдад дуруй болоод эхэлбэл жуулчны даац хэтэрчихлээ гэж ойлгоход гэмгүй. Олон жил ажилласан, найдвартай, хариуцлагатай компаниудтай л найрсаг харилцана. Шууд давхиж очиод л айлуудаас нь унаа малыг нь гуйхад өгөх ч үгүй шүү…

Бодлого хэрэгтэй байна. Дэлхийн зарим орнуудад жуулчдын очих дуртай газрыг орон нутагт нь бүрэн хариуцуулдаг. Ингэснээр тухайн нутаг хамгаалагдана, байнга арчилах эзэнтэй болдог, жуулчдаас олсон орлогоо цаашдын үйл ажилдаа зарцуулдаг болохоор илүү хариуцлагатай байдаг юм билээ. Манайд иймэрхүү менежмент сайтай газар байна уу?

Байгаль хамгаалал болоод аялал жуулчлалын зохистой харьцааг тэнцүүлж чадаж яваа дархан цаазат байгалийн цогцолборт газар бол “Хустайн нуруу” байна шүү дээ. Эдний менежмент бол дэлхийд шалгарсан менежмент. Ховордсон ан амьтдыг байгальд эргээж нутагшуулах талаар хамгийн амжилттай яваа цөөхөн төслүүдийн нэг нь юм билээ. Тэгэхээр эдний ажил үйлийн туршлагыг дархан цаазат газрууд хуулах л хэрэгтэй. Дархан цаазат газрын захиргаа гээд л яамны хэдэн нөхөр холоос захирч, хүчээр нэг зүйл шахаад байна. Манай дархан цаазат газрууд болохоор ингэж л ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам гээд яамдын нэг салбар байна. Нэг байшинд, нэг сайдын удирдлагатай. Байгаль орчныхон нь хамгаалж байгаа нэрээр шууд хааж хорьдог. Гэтэл нөгөө талд аялал жуулчлал нь угаасаа байгалийн цогцолборт, дархан цаазат газарт явагддаг. Тэгэхээр манай нэг яамны хоёр салбар үргэлж зөрчилддөг гэсэн үг. Эхлээд үүнийг зангидах ёстой. Дотроо ойлголцдоггүй яам байж болохгүй биз дээ? Гэтэл гадны дархан цаазат газрууд жуулчдад зориулсан тодорхой зам гаргаж өгөөд жуулчдыг оруулна. Аялал жуулчлалаас олж байгаа орлогоороо тухайн газар санхүүждэг. Ингэж байж тэд амжилттай яваа юм. Хустай нуруу бол яг тийм жишээгээр явдаг. Сонгодог жишээ ердөө хажууд нь байхад энийг л бүх дархан цаазат газруудад хэрэгжүүлэх ёстой. Тэгэх юм бол огт өөр болно л доо. Говийн дархан газар мазаалайг хамгаалж байгаа байх. Тодорхой бичиг авч байж л шинжилгээ судалгааны баг ордог. Гэтэл аялал жуулчлалынхан нь мазаалайг дэлхий нийтэд таниулна гэж яриад байгаа шүү дээ. Байгаль орчны салбар нь нөгөө амьтнаа хаагаад хаячихаар хэн мэдэх юм бэ…? Угтаа тэр амьтны чинь мэдээлэл гадагшаа тарж байж, хүмүүс очиж байж хамгаалагдана. Тэгж байж л амьтанд хайртай хүмүүс хөрөнгө оруулалт хийж хамгаална шүү дээ. Гэтэл тэнд нэг байвгайны тухай яриад л байдаг. Хэн ч мэдэхгүй байна. Мазаалай нэртэй шоколод гараад яах юм бэ…? Гоё шоколад байна шүү гээд л идээд дуусчихна биз…! \инээв\

Шоколадны цаасан дээрх зургийг нь харсан хүмүүс мазаалайг хайрлаж хамгаалах сэтгэл сэтгэгдэл төрж болохгүй юу?\инээв\

\инээв\ Ядаж л тэр амьтныг харж болох, зураг авах боломжийг бүрдүүлж өгөх ёстой шүү дээ. Тэр амьтныг харж, мэддэг болж байж л хайрлана. Тэрнээс хааж боож, далдлаад ямар ч хэрэггүй… Заа 26 байна уу…? 27 мазаалай байгаа даа… гэж бодоод л сууж болохгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ нэг ч удаа зургийг нь хараагүй… ! \инээв\ Идэш тэжээлийг нь тарааж өгч байгаа, бамбаруушаа дагуулаад явж байгаа, хоорондоо тоглож байгаа гэх мэтээр нууц камераар авсан бичлэгүүдийг сайн цацах ёстой. Тэгж байж хүний хайр татаж хамгаалах сэдэл төрнө. Зөвхөн мазаалайн тухайд ийм байна.

    Жуулчид бол мөнгө биш “ХҮН”

Би өнгөрсөн хавар хот хоорондын автобусанд суугаад Хөвсгөл руу явсан юм. Автобусанд залуухан хоёр Европ охидтой танилцлаа л даа. Тэд ганц ганцаараа аялж яваа юм байна. Хөвсгөлийн гэр базын эзэдтэй интернетээр холбогдоод амралтаараа тухайн газрын ажилд тус болохоор явж байсан. Гэтэл холбоо барьсан хүмүүс нь утсаа авдаггүй ээ. Нөгөө хоёр чинь сандраад намайг, утасны дугаарт залгаад, зөв машин суулгаад өгөөч гэж гуйсан юм л даа. Би ч зөвшөөрлөө. Тэгсэн, Мөрөн хотод дөнгөж зогсмогц л жолооч нар нөгөө хоёр луу чинь дайрчих нь тэр… Би авч явах хүн нь байна, үгүй би байна гээд… Гадаад хүн байтугай би ойлгохгүй айчихсан. Хүргэж өгөхөд 20.000 болно гээд мөнгө л яриад байх юм. Ёстой аймаар байсан. Яг ийм хандлагыг олон газар анзаарч байлаа.

Харьцангуй гайгүй болж байгаа. Ноднин БОАЖЯ 21 аймагт аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа бүх хүнд сургалт хийсэн гэсэн. Зохих үр дүнд хүрсэн байх гэж бодож байна. Ер нь бол тухайн орон нутагт ажиллаж байгаа компаниуд нутгийн иргэдэд жуулчинтай яаж харилцах ёстойг заадаг. Ядаж л соёлтойгоор бэлэг авч сургаж байна. \инээв\ Нэг нүдний шил байлаа гэхэд, шууд л надад өгчих гээд зангаад байвал бүдүүлэг хэрэг болно. Нүдний шил өөрт нь таалагдаж байгааг жуулчинд яаж ойлгуулах талаар хэлж өгдөг. \инээв\ Их нарийн юм байдаг.

Заа тэгвэл жуулчнаас бэлэг авах хамгийн энгийн ямар арга байна вэ? Энэ бол үнэхээр бүдүүлэг асуулт юм. Гэсэн ч ямар нэг юм авч үлдэх ёстой гэсэн хандлага байгаа болохоор аль алинаа гомдоохгүйн тулд арга хэлж өгөх хэрэгтэй байх… Манайхан чинь нэг аяга цай чулуудчихаад л гар тосоод, халаасандаа гараа хийхэд нь л дагуулж хараад, бүр дургуй хүрч юу ч өгмөөргүй санагдтал үйлчлэх юм байна шүү дээ. Ийм жишээ харж л байлаа.

Угаасаа аялал жуулчлал нутгийн иргэдийн занг эвддэг л дээ. Ийм занг олон жуулчин очдог аймгийн иргэд гаргадаг. Жуулчдыг мөнгө л гэж хараад байна. Тиймээс нутгийн иргэдийг мэдээллээр хангаж, сургалтууд хийх ёстой. Жуулчдаас бэлэгтэй үлдэх аргыг хөтөч, тогооч болон багийнхандаа зааж өгдөг. Нүдний шил нь таалагдаад байгаа бол зүгээр л сонирх. Өөрийнхтэйгөө харьцуулж хар. Энэ хүн миний шилийг сонирхож байгаа юм байна гэсэн сэтгэгдэл л үлдээчих. Аялал дуусаад, жуулчид сэтгэл өндөр байж, бидний үйлчилгээг үнэлж байвал чамд бэлэглэнэ гэж хэлдэг. Хамгийн гол нь аялалын турш жуулчиддаа сайн үйлчил, үүргээ сайн биелүүл. Дараа нь болно гэж л заадаг даа… Жуулчдыг мөнгө биш хүн гэж харах ёстой. Угаасаа аялал жуулчлалын бизнес бол харилцаа шүү дээ. Бид нар чинь аялалын бүтээгдэхүүн гээд нэг юм зарж байна. Тэр нь тавьчихсан аяга биш юм. Биетэй бодитой талх ч биш. Гэрэл зураг л гэж ойлгож болох байх. Гэхдээ гэрэл зургийг ч гэсэн болгоомжтой ашиглах ёстой юм шиг байгаа юм. Гэрэл зурганд хууртагдаж ирсэн жуулчид зөндөө байдаг. Зураг хараад ирдэг. Гэтэл нөгөө харсан байгаль нь биш… \инээв\ Гэрэл зурагчид маань бодит амьдралаас хэтэрхий тасарсан зураг авах хэрэггүй л гэж байгаа юм. Аялалаа зарж байгаа компаниуд ч гэсэн уран сайхны зургаар жуулчдыг татах нь хулхидаж байгаа хэрэг гэж би боддог. Мэдээж бага зэргийн засвар орно. Дэлхий дээр хэдэн сая аялал жуулчлалын компани байгаа болохоор тэдэнтэй өрсөлдөж жуулчдыг татах хэрэгтэй. Үүний тулд онгон дагшин байгалийн зураг, бичлэг ашиглах нь зайлшгүй. Гэхдээ өнцгөө л зөв харуулах ёстой болохоос, бодит байдлаас зөрж болохгүй ээ л гэж … Нэгэнт манай улсыг зориод ирсэн жуулчдад бодит мэдээллээ л өгөх ёстой. Тэрнээс давуулж, хэтийдүүлсэн мэдээлэл, гэрэл зургаар хуурах шаардлагагүй. Өмнөговийн “Хонгорын элс”-ний зураг авчихаад Дорноговьт аялуулаад байж болохгүй биз дээ…? Энийг л яриад байгаа юм.

Аялал жуулчлал гэхээр манайхан гаднаас жуулчин авах эсвэл гэр бүл найз нөхөдтэйгөө нутаг орноороо аялах гэж ойлгодог. Гэтэл амралтын өдрүүдэд хүмүүс хүүхдүүдээ аваад хотын ойр орчимд салхинд гардаг болсон. Даанч тэдэнд зориулсан зам, үйлчилгээ байдаггүй болохоор дур дураараа машинтайгаа нэг уулын аманд очиод сууцгаадаг. Энэ нь эргээд байгальдаа сөрөг нөлөө үзүүлээд байна. Энэ талаар та ямар гарц шийдэл хардаг вэ?

Аялах чинь хүний хэрэгцээ болчихоод байна. Тиймээс аялал жуулчлалын бүх төрөл байх ёстой. Гэр бүл, найз нөхдөөрөө аялж болно. Гэхдээ дотоодын аялал жуулчлал, тэр дундаа Улаанбаатарын иргэдийн цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх тал дээр аялал жуулчлалын компаниуд жаахан хойрго байна. Дотоодын зах зээл рүүгээ орж ажиллахгүй байна л даа. Тиймээс л наад асуудал чинь үүсээд байгаа юм. Бэлэн зарж байгаа бүтээгдэхүүн алга. Долоо хоногийн амралтын өдөр ууланд алхах, дугуйгаар аялах, усаар явах гэх мэт олон ажил ажил болж байх ёстой. Энэ мэдээлэл хотынхонд хүрч байх ёстой. Улаанбаатар хотын аялал жуулчлалын газар гээд нийслэлийн иргэдийн аялалыг хариуцсан том газар байдаг. Тэдний хийх ёстой ажил л даа. Компаниудыг татаж оролцуулах, бүтээгдэхүүн гаргуулах гэх мэт бодлогыг зангидах ёстой. Гэтэл тэд маань арай өөр зүйл хийгээд байна. Гэхдээ яахав янз бүрийн зүйл хийх гээд л байх шиг… Сүхбаатарын талбайгаас Зайсангийн ам хүртэл иргэдийг зөөдөг болж байгаа юм билээ. Энэ бол нэг бодлын давуу тал. Гэхдээ эднийхэн автобус гаргаж байхаар аялал жуулчлалын компаниудын бтээгдэхүүнүүдийг нэгтгээд, танилцуулга хэлбэрээр хэвлэж, хүнсний дэлгүүрүүдийн касс дээр ч юм уу тарааж, танилцуулж байх ёстой байхгүй юу. Зүгээр зорилгогүй нэг уулын аманд очиж зүлгэн дээр хэвтээд хүүхдүүдээ тоглуулахаас илүү тусгай хөтөлбөрүүд байх юм бол хүмүүс хамрагдах сонирхол нэмэгдэх юм. Гэтэл бидэнд ямар ч мэдээлэл алга. Энэ хагас бүтэнсайн өдөр салхинд гаръя гэхээр уулын энгэрээс өөр сонголт алга. Уг нь аялал жуулчлалын мэдээллийн төвүүд байдаг. Хаана байдгийг нь мэдэж байна уу? Бараг байхгүй биз дээ? Энэ л манай аялал жуулчлалын бодлого, хөгжил ямар хэмжээнд байгаагийн жишээ. Аялал жуулчлалын мэдээлийн төв, цэг гэх мэтийг байгуулж зардаг чирэгдэл болж байхаар зүгээр л хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн лангуун дээр бүтээгдэхүүнээ санал болгосон танилцуулгуудаа өрж тавьдаг болчих юм бол Улаанбаатарын нэг сая хүнийг ямар л бол ямар хөдөлгөөнд байлгаж чадна. Энэ бол цэвэр аялал жуулчлалын салбарын хөгжилтэй холбоотой л даа. Таны ярианаас манай улсын аялал жуулчлалын салбар хаягдсан юм болов уу гэж ойлгогдож байна. Жуулчны компаниуд л салбараа үүрч яваа ажээ. Угаасаа хаа газар тийм байдаг л даа. Төр дэд бүтэц бодлогоо л зөв гаргаж өгөх хэрэгтэй байна.

Хотжилт ба Хөдөлгөөний дутагдал

Та дугуйтай аялах, ууланд авирах гээд идэвхтэй хөдөлгөөнтэй аялалыг санал болгодог. Өөрөө ч сонирхож оролцдог юм билээ. Сая Байгаль нуурын мөсөн дээр дугуйтай аялсан. Ер нь энэ төрлийн аялалыг жуулчид хэр сонирхдог юм бол?

Экстрим гэдэг нь өөрөө харилцан адилгүй болж л дээ. Хүн бүрийн мэдрэмж өөр болохоор тэр. Хүн бүрт экстрим хэрэгцээ байдаг. Хамгийн энгийнээр ойлгуулъя гэвэл, таван км дугуйгаар аялдаг хүнийг 20 км аялуулахад энэ нь тухайн хүндээ экстрим шүү дээ. Миний хувьд армид офицер байхдаа шүхэрчин байлаа. Тэр үеэс эхлээд чөлөөт уналт гэх мэт цусны адарналин ихсэх мэдрэмжийг авч таашааж эхэлсэн. Хотод амьдардаг хүмүүсд энэ хэрэгцээ маш их дутагддаг. Тиймээс тэр хэрэгцээг нөхөх гээд энэ төрлийн аялалуудыг хийгээд байгаа юм. \инээв\ Манай компаниас ууланд алхах, цанаар явах, авирах аялал санал болгодог. Адал явдалт аялалын төрлүүд л дээ.

Манайхны санал болгож байгаа адал явдалт аялалыг гадныхан хэр сонирхдог юм бэ?

Маш их сонирхож байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа компаниуд ч цөөхөн байна л даа. Энэ аялалыг хийхийн тулд цаана нь мэргэжилийн хүмүүс байх ёстой. Тухайн спортоо маш сайн мэддэг мэргэжилийн тамирчид хөтөч байх ёстой. Учир нь экстрим аялал амь настай холбоотой, эрсдэлтэй учраас мэргэжилийн хүмүүс сайн төлөвлөж ажиллахгүй бол юу юугүй Монголын таван зуун компани бүгд экстрим аялал санал болгох юм бол ёстой хяаруулна. Ядаж байхад осол гэмтэл нь маш хүнд шүү дээ. Мэргэжилийн багтай болоод хүмүүсээ сайн бэлдэж байж энэ төрөлд орохгүй бол ёстой болохгүй. Манай улс өргөн уудам газар нутагтай. Тиймээс ийм газарт экстрим аялал хийж олон нийтийн сүлжээнд цацах сонирхол жуулчдад их байдаг. Тиймээс цаашдаа энэ төрлийн аялал маш эрчимтэй хөгжинө. Дэлхийн аялал жуулчлалын бүтцийг харахаар соёлын аялал жуулчлал жаахан давамгай буюу 70% орчим байгаа байх. Тэгээд адал явдалт аялал орж байна. Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийн чиг хандлага гэж бий. Тэнд адал явдалт аялал хөгжих нь давуу байна лээ. Манай Монгол энэ хэрэгцээг хамгийн сайн хангах улс юм л даа. Дэд бүтэцгүй, өргөн уудам нутагтай, хүн амын нягтаршил бага. Энэ бүгд чинь адал явдалт аялалын гол суурь болдог юм. Тиймээс манайх руу ирэх боломжтой гэж хардаг. Соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг мэдээж компаниуд санал болгож зарж л байна. Тэгэхдээ цаашид адал явдалт аялал давамгайлах учраас манай бодлого зангилагчид анхаараасай. Энэ төрлийн аялал жуулчлалын тоног хэрэгслийн гаалийн татварыг чөлөөлөх эсвэл тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх юм бол бүтээгдэхүүн болгох компаниуд аяндаа гараад ирнэ. Сууриа л хийж байх ёстой. Тэгж л боддог.

Та адал явдалт аялалын төрлүүдийг жуулчдад санал болгохын зэрэгцээ өөрийгөө сорьж , ийм аялалд оролцдог. Гэтэл хүний хүсэл хязгааргүй шүү дээ. ХҮн нэг давааг давчихаад илүү өндөр даваа руу тэмүүлдэг. Таны хувьд мөрөөдлийн экстрим аялал гэж байна уу?

Адал явдалт аялалын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж хөгжүүлэхийн тулд хэрэгжүүлж, санал болгож байгаа хүн нь олонд танигдсан, туршлагатай, итгэл төрүүлэхүйц байх ёстой юм. Нэг жаахан хүүхдэд итгэх хэцүү. Таны амийг авч яваа хүн шүү дээ. Жишээ нь: нэг ууланд авирах гээд ирэхдээ тухайн аялаг нэн тэргүүн хөтчийнхөө туршлагыг харна. Шинэхэн бацаан, олонд танигдсан хөтөч хоёрын туршлагатай олонд танигдсаныг нь л сонгодог. Тиймээс өөрсдөө байнгын бэлтгэлтэй байх ёстой. Бид нар олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг гол шалтгаан ердөө энэ. Үйл ажиллагаа нь хэтэрхий галзуу биш, хэтэрхий замбараагүй биш. Яг л тогтсон хязгаартай байна. Миний эн тэргүүний хүсэл бол адал явдалт аялалын төрөл болоод өвлийн аялалыг Монголдоо хөгжүүлэх юм. Тэрнээс өөрийнхөө хэрэгцээг дагаад Эверест эсвэл Ка-2-т авираад, Хойд туйл яваад л байх шаардлага алга. Миний одоогийн ажил хэрэгцээ, хүсэл сонирхолтой нийцэж байна. Гадынханд Монгол улсаа өөр өнцгөөс харуулах зорилготой. Одоо бол нийтлэг “Нүүдэлчдийн ахуй соёл” гэсэн ойлголт байна. Манайх аялал жуулчлалаа хэтэрхий соёлын талдаа нь анхаарч сурталчилахаар гадныхан тэр талын л ойлголтой болчихдог. Захын онигоонууд байна шүү дээ. Монголд чинь морио унаад, зэр зэвсэгтэйгээ явж байдаг юм байна гэсэн… Ийм ойлголттой байна гэдэг чинь тэр талын сурталчилгаа сайн хүрсэн байна аа л гэсэн үг. Бараг баатрын хувцастайгаа, морио унаад, нум сумаа агсаад ажилдаа явдаг гэж ойлгодог. Тиймээс бид улсаа арай өөр өнцгөөс нь таниулах зорилготой байгаа юм. Агуйд биш, яг л барууны та нартай адил утас хэрэглэж, орон сууцанд амьдарч, кофешопоор үйлчлүүлдэг гэдгийг таниулмаар байна. \инээв\