Улаанбаатар хотод ковид19 вирусийн халдвар илэрсний дараа Засгийн Газар хатуу хөл хорио тогтоов. \2020.11.12 \ Би энэ үеийг түүхэн цаг үе гэж бодож байна. Учир нь хүн төрөлхтөн хэт хэрэглээ, чамирхал, мөнгөний төлөөх худалдааны дайн, эдийн засаг суурьтай хөгжилд улайрч оршихуун үндэс эх байгалиа хаясан байсан. Оршихуй руугаа нулимах аваас төлөөс нь дэндүү их гэдгийг сануулав. Болох ёстой зүйл болсон шиг санагдана. Дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна. Хүн төрөлхтөний өсөлт энэ хэвээр үргэлжилвэл 2050 он гэхэд 9 тэрбум болох тухай олон улсын судлаачид сануулсаар байна. Гэтэл бидэнд ганц л дэлхий бий. Тэгэхээр хатуухан хэлэхэд, хүмүүс цөөрөх ёстой ажээ. Үгүй бол, хэрэглээгээ хянаж ганц дэлхий дээрээ түмэн зүйлийн амьтан ургамалынхаа хамтаар зэрэгцэн, хүндэтгэлтэй орших ёстойгоо ухаарах ёстой. Бид мөнгө, техникээр бярдаж баярхаж байсан бол амьдралын улбаа нь байгаль дэлхий ажээ. Үүнийг л ойлгуулах гэж өнөө цагт нэгэн шинэ вирус илэрсэн гэж санан талархана. Ингээд байгалиа хайрлахын эх улбаа нь хог бага гаргах, гаргасан хогоо ангилж хаяхаас эхлэхийн мөнийг танисан гэж ухаглахын хувьд өөрийн амьдралын хэв маягаасаа хуваалцсу.

Хогоо ангилаад гурван жил болжээ. Энэ хугацаанд хэд хэдэн зүйлийг хэвшүүлэхээр хичээсэн болно.
1. Хүнс ахуйн хэрэглээний зүйлсээ худалдаж авахдаа цаасан дээр бичиж гарах
2. Хүнсний захаас том савалгаатай болон дахиж ашигладаг ууттай бүтээгдэхүүн сонгох
3. Олон дахин хэрэглэдэг уутаа байнга цүнхэлж явах
4. Хатуу саван, шампунь хэрэглэж дадах
5. Брэнд, трэнд дагахгүй байх
6. Усны хэрэглээгээ багасгах
7. Зорилгоо гүн бат ухах

Хогоо яаж ангилдаг вэ?

Манайх гурван хогийн савтай байлаа. Харин одоо нэг байна. Учир нь хогийн сав олон байх тусам хүн их хог хаядгийг анзаарсан. Тиймээс гал тогооныхоо өрөөнд нэгийг үлдээгээд бусдыг нь дахиварын цэгт тушаасан болно.
-Хамгийн түрүүнд манай улсын хэмжээнд ямар ямар дахиварыг түүхий эд болгодог дахин боловсруулах үйлдвэр байдгийг мэдэж байх шаардлагатай. Учир нь наандаж ийм дайны мэдээлэлтэй байж ангилж эхлэх юм. Доорх холбоосоор нэвтэрч мэдээлэл аваарай. https://fb.watch/21XxKaiOVQ/
-Ахуйгаас гардаг хаягдлын 36%-41% нь хүнсний хаягдал байна.\Азийн сан-2018 он\  Тиймээс энэ хаягдлаа л ялгаж эхлэхэд маш том үр дүн гарна. Би хүнсний хаягдлаа яаж ангилдаг болон ангилснаа хэрхэн ашигладаг талаараа энд https://www.facebook.com/NoPlasticMongolia/posts/1169381036792966 бичсэн байгаа.
-Хог бага гаргах гэж хичээх тусам химийн бодистой зүйлсээс татгалзаж эхэлдэг. Энэ нь хэрэглэсэн ус маань ч байгальд хал багатай байгаасай гэсэн хүслээс үүдэлтэй билээ. Тиймээс аяга таваг болон плита, жорлон, банн угаадаг шингэнийг өөрөө хийдэг болсон. Хийх арга: https://www.youtube.com/watch?v=RtO3_AQbS3Q&t=4s
Түүнчлэн шингэн шампунь саван худалдаж авахгүй болжээ. Учир нь энд бий.  https://www.youtube.com/watch?v=UvuAxv9edUQ&t=21s

Өнөөгийн хүн төрөлхтөний нэг асуудал бол цэвэр усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт юм.
Тиймээс ахуйн хүрээнд усны хэрэглээгээ багасгах тал дээр маш хянамгай анхаардаг. Хүүхдээ усанд оруулчихаад баннтай усыг нь хадгалж почкиндоо хийнэ. Хувцас болон шалаа угаана. Аяга тавгаа саванд ус хийж угаана. Нойлынхоо почкинд хүндрүүлэгч хийнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлсний дараа манай усны хэрэглээ, төлбөр 3 дахин буурсан юм шүү. Холбоосоор нэвтрээрэй.

https://www.facebook.com/NoPlasticMongolia/photos/a.365811320483279/991993857865019/

Брэнд, трэнд дагахгүй байх буюу зорилгоо гүн бат ухах
Би урд нь маш олон хувцастай байсан. Болдоогийн эхнэрийн булган шубийг хараад атаархдаг л байлаа. Тэр болгонд стрэссддэг, нэг л дутуу амьдарч байгаа юм шиг санагддаг байжээ. Харин одоо хоёр дээл, хоёр өмд, цөөн хэдэн цамцаа ээлжилж өмсдөг. Би аз жаргалтай байна. Учир нь би өөрийгөө бүрэн биш ч бүтээж байна.