Тагт дүүрэн дахивар… “Энэ хогоо хэзээ хаях вэ? Ангилаад, ангилаад яах юм…? Тус тусд нь ачаад явчихдаггүй биз дээ…? Хаяач ээ… Хаяач!” Хогоо ангилдаг хүмүүсийг ингэж загнах хүн олоон. Юуны төлөө ангилдгийг мэддэггүй болохоор аргагүй биз…

Гэтэл, нэг футболкийг 2500л усаар хийдэг, нэг жинсэн өмд хийх үйлдвэрлэлийн явцад 7800л ус шаардагддаг. Энэ мэтээр бидний хэрэглэж байгаа бүхэн байгалийн нөөцөөс бүрддэг юм. Тиймээс л байгалийн нөөцийг ирээдүйдээ үлдээхийн тулд бага хэрэглэж хэрэглэснээ байгальд хал багатайгаар дахиж ашиглах эсвэл дахиж боловсруулах гэж хичээдэг юм.

“Дахивар авах явуулын станц#09” /ДАЯС09/ эвент

Зорилго: Хэрэглээгээ бууруулж, хог ангилах соёлыг түгээх, ангилагчдыг алдаршуулах, ангилах  дадлыг хэвшүүлэх, бусдаддаа нөлөөлөх, дахин боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэх

Хэлбэр: Тодорхой өдөр, цаг, байршил товлож иргэд, аж ахуй нэгжийн ангилсан дахиврыг урамшуулалтай авах

2022.04.23-ны өдөр Earthday 2022-г угтан зохион байгуулсан /ДАЯС09/ эвентийг ЧД-ийн Ялалтын талбай, ХУД, Миний дэлгүүрийн урд талбайд нэгэн зэрэг зохион байгуулсан билээ. Өдөрлөгт давхардсан тоогоор 800 гаруй хүн оролцлоо.

“Дахивар авах явуулын станц09”-ийн үеэр 8.21 тонн CO2 ялгаруулах байсан дахивар цуглуулж үйлдвэрүүдэд тушаажээ. МУ-ын Засгийн газар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22,7 хувиар бууруулах амлалт өгсөн. Ингэхийн тулд үе шаттай олон ажил хийх ёстой. Мэдээж мод тарих  нь зөв. Гэхдээ хүлэмжийн хийг бүрдүүлэгч, үүсгэгч нүүрстөрөгчийн хий /CO2/-ыг бууруулахгүйгээр том үр дүнд хүрэхгүй юм.