2018 оны 12-р сарын 24-ний өдрийн байдлаар дэлхийн 80 гаруй орон гялгар уут, хуванцрын хэрэглээнд хориг тавиад байна. Долдугаар сард Австрали улс нэг удаагийн гялгар уутыг хорьсон бөгөөд ингэснээр 4 сарын дотор хэрэглээгээ 80%-иар бууруулж чадсан гэж ОУ-ын хэвлэлээр дамжуулан мэдээллээ. Мөн есдүгээр сард Гүрж улс хорьсон. Тэгвэл манай улсын ЗГ 2019 оны 03-р сарын 1-ний өдрөөс хорих тухайгаа мэдэгдсэн. Хугацаа улам л ойртсоор байна. Энэ шийдвэрийн хэрэгжилтийг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүсийн нэг нь мэдээж би билээ. Учир нь 2009 онд тухайн үеийн УИХ хэт нимгэн буюу 0,025 миллимертээс нимгэн гялгар уутыг хорьж байсан ч гаалийн шалган болон бусад газруудад гялгар уутны нимгэн зузааныг хэмжих багаж ч байгаагүй нь хууль цаасан дээр үлдэхэд нөлөөлсөн байдаг. Харин энэ удаагийн шийдвэр хэрэгжинэ гэж найдаж байна. Цаг үе өөрчлөгдөж, дэлхий нийтээрээ л нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж байхад бид өнгөрсөн зууныхаа муу муухайтай зууралдаад байж боломгүй шүү дээ.

Манай хүүхэд багачууд хогийг хогийн саванд хаях ёстой л гэж хэлэхээс, хог ангилах талаар ямар ч ойлголтгүй байгаа нь үнэхээр эмгэнэлтэй юм. Хогийн саванд хаях, огт хог хаяхгүй байхыг хичээх, ангилах гэдэг алд дэлэм зөрүүтэй ойлголт шүү дээ. Ирээдүйн Монголоо хоггүй, цэвэр болгоё гэвэл эзэнд нь л зааж ойлгуулах ёстой. Чухам яг үүний л төлөө ажиллаж байна. Ганцхан удаа хогны талаар яриад өнгөрөх биш сургалтын системд оруулах юм сан даа. Гэсэн ч бид хичээсээр…

Хоггүй Монголын төлөө хамтдаа…

#ГялгарУутгүйМонгол хөдөлгөөн үргэлжилсээр…

#No Plasticbag Mongolia

Миний хамгийн их хүсдэг зүйл бол Монгол улсынхаа ирээдүйн эздийг бэлтгэх юм. Юунд вэ гэж үү? Үр хүүхдээ ямар нийгэмд, ямар орчинд амьдруулахыг хүсэж байна яг тэр орчинд амьдрах иргэнийг бэлдэх тухай болно. Тухайлбал бид эрүүл, цэвэр, хоггүй орчинд амьдрахыг хүсдэг шүү дээ. Тэгвэл хогоо ангилж чаддаг, хог биш баялаг гэдгийг ойлгосон, холиод хаявал хөрс, ус, агаар бохирдож хүн өөрөө хорддог тухай мэдлэгтэй иргэнийг өнөөдрөөс бэлдэж байж ирээдүйд цэвэр орчин бүрдэх юм. Хогоо ялгахад олон төрлийн хогийн сав цуглуулах шаардлагагүй ээ. Зүгээр л өнөөдрийн байдаар манай улсад юу юуг дахин ашглаж байгаа талаар мэдлэгтэй байхад л болох юм. Тэрийг л мэдчихвэл дахиж ашиглаж болох зүйлсийг шууд булагдах хогтой холих ямар ч утгагүй гэдгийг ойлгочихно.

Олны хүч оломгүй далай гэсэн үг байдаг билээ. Энэ үгийн утга, мөнийг эрхгүй ойлгон сууна би. Учир нь гялгар уут хувацрын буруу хэрэглээ, замбараагүй хаях зэргээс болж өөрсөддөө болон ирээдүйдээ ямар их зовлон дуудаж байгаагаа өмнө нь анзаардаггүй байсан цаг саяхан. Гэсэн ч цаг хугацааны үзүүрт юмс өөрчлөгддөгийн адилаар би ч өөрчлөгдсөн. Одоогоос яг жилийн өмнө нүүр номын хуудсаараа дамжуулан гялгар уутны буруу хэрэглээ хүн, байгальд хэрхэн хор учруулж байгаа талаар бичлэг түгээж эхэлжээ. Гайхалтай нь маш олон хүн дэмжиж хуваалцсан нь өнөөдрийг хүрэхэд минь хөшүүрэг болсон билээ. Бүтэн жилийн турш FB- buje Myagmarsuren, twitter-buje2,
fb page- гялгар уутгүй монгол хөдөлгөөн сувгуудаар дамжуулсан бичлэгүүдийг санаанд оромгүй олон хүн хуваалцаж байлаа. Чухам яг үүний ачаар л хэвлэл мэдээллийн байгууллагууд хог хаягдлын асуудалд анхаарч мэдээ сурвалжлага бэлдэх тоо нэмэгдсэн нь үнэн. Тэд анхаарч эхэлсэн. Ингэж давалгаалж чадсанаар бид бүгдийн хүрч чадсан хамгийн том үр дүн бол МУ-ын ЗГ-аас хэт нимгэн, нэг удаагийн буюу 0,035 мм-ээс нимгэн уутыг хорих тухай шийдвэр байлаа.