ГЯЛГАР УУТНЫ ХОР НӨЛӨӨ
Ээ бурхан минь… Дөнгөж сая би толгойдоо гялгар уут углаж үзлээ. Агаар оруулахгүйн тулд гялгар уутныхаа амыг дараад хүзүүгээрээ ороочихсон юм. Үнэнийг хэрэхэд, бүтэн ч ороож амжаагүй байхад л дотор давчдаад, айдас хургаж байсныгаа нуух юун. Аргагүй шүү дээ. Ядаж л амьсгал боогдоод ухаан алдаж унахдаа ширээний булан мөргөөд үхчихвэл дуусаа. Бурхны оронд эсвэл тамруугаа талийх байв, би. Гэсэн ч би тэслээ. Яагаад гэвэл цаг хором бүр хөрсөнд, далайд хаягдаж байгаа гялгар уут, хуванцар тэдэнд яаж нөлөөлдгийг мэдрэх чин зорилготой байв шүү… Тэсээд л үргэлжлүүлсэн юм. Хором өнгөрөх тусам амьсгал минь уртсаж илүү агаар амьсгалах гэсэндээ гүн сорж байна. Уутан дотрох агаар маш халуун болох ажээ. Хамраараа амьсгалж байсан би амаа том ангайгааж байгаа жаахан агаарыг сорох гэж байдгаараа хичээнэ. \ цаанаасаа л амаараа амьсгалж эхэлсэн\ Бөгчим, чийгтэй нэг тийм төсөөлөхийн аргагүй хүнд мэдрэмж төрж эхэлсэн тул цаашаа тэссэнгүй ээ. Гялгар уутыг сандчин урж тасчсаар жижиг нүх гаргаж аваад сая нэг санаа амарч, түргэн түргэн амьсгалж, үхлээс аврагдсандаа баярлан тавирав. Толгойгоо гялгар уутанд угласан надад их л удах шиг санагдсан юм. Гэтэл ердөө л минут орчим болсон байлаа. Гялгар уут дотор амьдрах ийм л хэцүү ажээ. Гэтэл бид дээр хэлсэнчлэн цаг хором бүр гялгар уут, хуванцрыг ухаан сөхөөгүй хэрэглэн, хэрэглэснээ юман чинээнд ч бодолгүй хаясаар байдаг. Нөгөөдүүл нь хөрсөнд эсвэл далайд 500-1000 жил хадгалагдана. Хөрс амьсгалахын тулд яаж тэлчилж, амьтад хэрхэн бүтэж үхдгийг өөрийн биеэр мэдрэв шүү би. Манай улс гялгар уутныхаа 8%-ийг л дахин боловсруулдаг. \МХХДБҮХ\ Тэгэхээр үлдсэн 92% нь шууд л хөрсөнд хаягдаж өнөө хөөрхий дэлхий минь гялгар уутанд толгойгоо хийчихсэн над шиг шаналан тарчиж байгаа гэсэн үг. Азаар би гялгар уутыг тасар татсан л даа. Гэтэл дэлхий ээж гаргүй болохоороо хүлцэнгүйгээр, шингэхийг нь шүд зуун тэсвэрлэж 1000 гаруй жил болдог байх нь…
Гялгар уут, хуванцрыг химийн \ полиэтилейн, полимер\ бүтээгдэхүүнээр хийдэг учраас ил хаягдсан тохиолдолд байгальд задарч шингэлгүй зарим тохиолдолд 1000 жил болдог
Заа дэлхий ээж ч яахав тэнүүн юм болохоор тэсээд байдаг юм байж. Гэтэл хүмүүс бид өөрсдөө хаясан хог, гялгар уут, хуванцраасаа хордож эхлэв. Би энд зөвхөн монголынхоо жишээг л сонгож дурдая л даа. Бараг айл бүрт, жаахан томруулбал хамаатан бүрт л сүүдэр нь тусаж байгаа болохоор ингэж шийдсэн юм.
Нагац эгч минь насаараа л хорт хавдраар шаналсан даа хөөрхий. Ухаан ороход минь л хор хавдартай гээд эм тарианы боол болсон ядруу эмэгтэй байлаа. Зай завсаргүй химийн эмчилгээнд орж, эмийг хоолноосоо илүү хэрэглэнэ. Турж эцээд сүүлдээ сэтгэлзүй нь ч өөрчлөгдөж заримдаа тачигнатал хөхрөн эсвэл хачин муухай уурладаг болсон тухай хүн бүр л өрөвдөн ярьдаг байлаа. Сүүлдээ үр хүүхдээ ч танихгүй болсон тул ах дүү хамаатан садан, аав ээжийн ажлын газрын дэмжлэгтэйгээр 200 сая төгрөг цуглуулаад Энэтхэг улсад элгийг нь солиулж санаа амарсан. Одоо эгч минь эдгэсэн ч эмчилгээнд хэрэглэсэн зардлыг өнөө ч үр хүүхэд, хань ижил нь төлсөөр л байгаа. Гэтэл саяхан, хамаатны бас нэг ах хавдартай гэж оношлогдсон дуулдав. Анзаараад байсан, аавын найз, найзын хүргэн ах, эгчийн ажлын газрын хүний 5 настай охин гээд л бараг надаас бусад нь л хорт хавдартай юм шиг аймшигтай мэдээнүүд чих дэлсэж эхэллээ. Удахгүй би ч хавдраар өвдөж үхэх байх гэсэн бодол төрөв. Бүр гайхлаа… Яагаад бид энэ өвчнөөр өвдөөд хайртай хүмүүсээ цаг бусаар алдаад байгаа юм болоо гэж… Ингээд өвчний шалтгааныг хайв. Тэгсэн хорт хавдрын өвчний үндсэн шалтгаануудын нэг нь гялгар уут, хуванцрын замбараагүй хэрэглээ, ил задгай хаягдаж байгаа байдал , томоор харвал орчны бохирдол ажээ.
Гялгар уут, хуванцар нь орчны бохирдолд хамгийн сөргөөр нөлөөлдөг. Шатаасан тохиолдолд агаарт хар тугалга, фромалин ялгаруулдаг байна. Хар тугалга нь хүний сэтгэц, оюуныг гэмтээдэг бол фромалин нь хорт хавдар болон ургийн гажиг үүсэхэд үндэс болдог. \ Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 2012 он, https://www.patreon.com/sustainablehuman\ Түүнчлэн хавдар судлалын үндэсний төвийн статистка мэдээнд, Манай улсын хүн амын нас баралтын 40% нь хорт хавдраас шалтгаалдаг. Жилд дунджаар 2600 хүн энэ өвчнөөр нас бардаг гэж онцолжээ.
Тэгэхээр нимгэн, хямдхан, хөнгхөнөөрөө гайхуулдаг гялгар уут, хуванцар чинь наанаа сайхан инээчихээд араар хутга шаагаад байдаг салдаггүй найз, хумсаа нуусан муурнаас ч долоон дор байх нь… !!! Тэгсэн бид чинь хотоо тойруулаад Их наран, Цагаан даваа гэх мэт гоё нэрнүүдтэй дөрвөн ч том хогийн цэгтэй. \Хот дотор байгаа жижгүүдийг тоолохын аргагүй\ Уншиж судалсанаар бол, тэр хогийн цэгт өвөө эмээгийн минь хэрэглээд хаясан гялгар уут, хуванцар одоо ч байгаа. Жижиг хэсгүүдэд хуваагдаж орчноо шүлтлэгжүүлэн хөрсийг үхжүүлж доош хөрснийхөө усанд судлаар дамжин нэвтэрч хордуулсаар байдаг гэнэ. Энийг би зохиож бичээд байгаа юм биш шүү нөхөд минь ээ! Энд тэндэхийн судалгаанаас уншсанаа бичиж байгаа юм. Тэгэхээр бид, өвөө эмээ нараасаа хогийг нь хортой юутай хээтэй нь өвлөж авсан болж таарч байна. Өнөөдрийн бид ч үр хүүхэддээ хогоо, хороо үлдээгээд талийх нь байна шүү дээ. Ёстой бүү үзэгд… Үүн шиг нүгэл гэж хаа байх билээ.
Хөгжил дэвшил сайхан л даа. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л галаас эхлээд төмөр, зэвсэг, цахилгаан гээд л хэчнээн ч сайн сайхан зүйлийг нээж амьдрал ахуйгаа өргөв дөө. Гэхдээ үүний нөгөө талд оршихуйн үндэс байгаль орчин дахин сэргэхгүйгээр мөхөж байна. Гялгар уутныхаа түүхээс сөхье.
Гялгар уутыг анх 1950-иад оноос дэлхий дахинд хэрэглэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийд хаягдсан хог хаягдлын яг хэдэн хувь нь гялгар уут, хуванцар болохыг ямар ч олон улсын шилдэг байгууллага яг таг гаргаж чадаагүй байна. Тэртээ 1950-иад онд 9.2 тэрбум тонныг үйлдвэрлэсэн ч тухайн үедээ 6,9 тэрбум тонн нь шууд хаягдаж байжээ. Гэтэл одоо дэлхийн хэмжээнд жилд 8 сая тонн орчим нийлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг бөгөөд үүний 90% нь далайд хаягдддаг гэнэ. Далайн гүний нэг кмкв талбай тутамд 46.000 хуванцар хаягдал байдаг. Жил бүр нэг сая орчим далайн шувууд, усны амьтад хуванцрын хаягдлаас болж үхдэг. 2014 онд халимны ходоодноос жижиг хэсгүүдэд хуваагдсан олон тооны хуванцар олдсон бөгөөд энэ нь хаяглыг далайн болон бусад амьтад хоол тэжээлтэй андууран иддэг гэдгийн баталгаа болжээ. Далай тэнгис дэх амьтдын 56% нь пластик хаягдлыг иддэг гэсэн баримт байна. \Science Nature Page\ Гэтэл далайд амьдрал бий…
Ocean clean up сайн дурын байгууллагаас хийсэн саяхны судалгаанд Калифорни болон Хавайн хооронд 79.000 тонн гялгар уут, хуванцар байна гэж зарлалаа.
Дэлхийн улс орнууд хогоо далайд хаядаг. Харин манай улс хөрсөнд булдаг учраас далайн амьтад бидэнд ямар хамаа байх билээ гэж бодох хүн гарч магадгүй л юм. Гэтэл бидний хувьд байдал бүр ч дор… Ил задгай хаягдсан хог хаягдал, гялгар уутыг үхэр идэж байхыг хараагүй хүн бараг үгүй биз ээ. Харин бид үхрийн махандаа дуртай билээ. Америкчуудын хийсэн нэгэн бичлэгт, хөл хүнд эмэгтэй хуванцар идсэн загасны мах идээд ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа талаар гардаг юм. Тэд энэ мэтээр судлаад ард иргэдээ ухааруулж сэнхрүүлээд байна.
Гэтэл бидэнд гялгар уут идсэн үхрийн махны талаар ямар ч судалгаа байдаггүй. Гэхдээ хог идсэн үхрийн сүү ногоон өнгөтэй гардаг гэдгийг захын хорооллын малтай айлууд баталдаг юм.
Заа тэгээд энэ бүхнээс ойлгож бас хараад байхад худлаа хэлж хүн хуурахгүй, суварга босгож буян үйлдэнэ энэ тэр гэж дөвчигнөснөөс ГЯЛГАР УУТ, ХУВАНЦРААС ТАТГАЛЗАХ НЬ Л ТОМООС ТОМ БУЯН БОЛЖ таарч байна. Татгалзах хэцүү хэцүү. Ойлгож байна. талх, боов, чихэр бүгд л бүр нойтон салфетка хүртэл гялгар уутан савалгаатай, хуванцрын хольцтой. Гэхдээ хүсвэл болдог л байхгүй юу. Ядаж манай улсын хэмжээнд ажиллаж байгаа дахин боловсруулах үйлдвэрүүдийн талаар мэдээлэлтэй бол…!!! \ www.recycling.mn, www.zerowaste.mn – гялгар уут, хуванцар, авто машины дугуй, вакум цонхны хүрээ, авто машины тос, аккумулиатор, өөхөн тос, шил, цаас дахин боловсруулдаг 24 үйлдвэр байдаг\ Мэдээд авчихвал хаялгүй тушаачихмаар санагдаад эхэлдэг юм. Хог бол хаягдал гэсэн хандлагаа өөрчил…! Дэлхийн улс орнууд ХОГ БИШ БАЯЛАГ гэж байна.
#ГялгарУут, #ХуванцраасТатгалзах, #ХогБагаГаргах хамгийн энгийн зөвлөгөөгөөр нийтлэлээ дуусгая даа.
Хог бага гаргах, гялгар уут хуванцраас татагалзах хамгийн энгийн 13 арга \ Sean Hammond, Deputy Policy Director of the Michigan Environmental Council \
- Шинээр эд зүйл худалдаж авахаа зогсоох
- Нийлэг хальсан уутнаас татгалзах
- Өөрийн даавуун торнуудтай болох
- Хүнсний эд зүйлсийг жижиглэнгээр бус бөөндөж авах
- Нэг удаагийн хэрэглээнээс татгалзах
- Өөрийн усны савтай болох \ олон ашиглагдах\
- Нэг удаагийн хуванцар соруулыг хэрэглэхгүй байх
- Ширхэг тус бүрээр нь савласан цайнаас татгалах
- Эд зүйлсээ хэмнэх
- Моод, трэнд дагахгүй байх
- Шинэ бараа гарах бүрт цахилгаан хэрэглэлээ солихгүй байх
- Хүнсээ, хэрэглээндээ тааруулж бэлдэх \ хаяхгүй байх\
- Эвдэрсэн эд зүйлсээ засаж хэрэглэх
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!