Би шагнал урамшууллын талаар ингэж боддог байсан. “Байгууллагын удирдлагууд нь  ажилтнаа тодорхойлдог” гэж. Гэтэл үгүй байлаа. Учир нь би өчигдөр гэнэт шагнуулсан юм. Сэтгүүлчдийн хамгийн том байгуулага буюу МСНН, Монголын ууган  хэвлэлийн байгууллагуудын нэг буюу МОНЦАМЭ агентлагаас “Нийгмийн оюун санаанд нөлөөлөхүйц” мэдээ мэдээлэл түгээж ажиллаж байна гээд шагналаа. Шагналд дургуй хүн гэж байхгүй шүү дээ. Би баяртай л байна. Гэхдээ айдастай баяр. Учир нь би илүү хариуцлагатай, шургуу ажиллах хэрэгтэй болов. Одоо өөртөө,  “хэцүү байсан ч буцах тухай бодож ч болохгүй шүү” гэж анхааруулаад сууж байна.  Мэдээж миний хийж буй ажил үр дүнтэй байгаа бол сэтгүүлч мэргэжилийн минь л ач тус. Тэд хийж бүтээж буйг минь ажиглаад л, дэмжээд л байсан байх нь… Гэтэл өмнө нь надад гав ганцаараа мэт санагддаг байснаа нуух юун. Харин одоо бол, “Үгүй ээ!!! Бүжээ минь чамтай хамт бүх сэтгүүлчид, хэвлэлийнхэн чинь байгаа шүү” гэж бодогдож сууна. БАЯРЛАЛАА Түүнчлэн, эдийн засгийн, улс төрийн, нийгмийн, урлаг уран сайхны, спортын сэтгүүлч гэвэл хэн ч төвөггүй ойлгоно. Ийм ангилал хэзээд л байсан. Гэтэл би хог хаягдлын тухай л ярьдаг. Тэгэхээр би яах аргагүй ХОГНЫ СЭТГҮҮЛЧ М.БҮЖИНЛХАМ болжээ. Өчигдрийн үйл явдлын талаар www.control.mn сайтынхан онцолсон байсныг энд орууллаа.  

Монгол улсад сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 106 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын мэдээ, мэдээллийн ууган байгууллага  “Монцамэ” агентлаг МСНЭ-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2016 оноос эхлэн жил бүрийн энэ өдөр Сэтгүүлзүйн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай болсон.

 “Алтан дүрмийн эзэн” цол тэмдэг, мөнгөн шагнал дагалддаг “Мэдээний шилдэг сурвалжлагч”-ийн шагналыг энэ жил “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийг санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхам, “ТВ5” телевизийн сурвалжлагч Г.Бадамлянхуа нар хүртэж, өнөөдөр үндэсний сэтгүүлзүйн 106 жилийн ойн баярын хурал дээр шагналаа гардаж авсан юм.

4 дэх жилдээ шилдгүүдээ шалгаруулж буй дээрх уралдааны энэ удаагийн шагналын эзнийг тодруулах шалгаруулалт ихээхэн өвөрмөц байсныг Үндэсний мэдээллийн “Монцамэ” агентлагийн орлогч дарга Ш.Батболд дурьдлаа. Тодруулбал цахим ертөнцөд нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүнлэгийн чиглэлээр дуу хоолойгоо хүргэж, бодит үр дүнд хүрсэн, цаашид өвч дэвжих, ирээдүйтэй, залуу үеийн сэтгүүлчдэд урам зориг өгөхийг зорьжээ. Тиймээс бэлтгэсэн мэдээ, сурвалжлага нь олон нийтийн анхаарлын төвд орж, зохих шийдэлд хүрч, эерэг өөрчлөлт авчирч, нийгэмд манлайлал үзүүлсэн дээрх 2 сэтгүүлчийг ийнхүү шилдгээр шалгаруулснаа тэрээр онцлов.

“Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөний санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхамын хувьд 2 жилийн өмнөөс дээрх ТББ-аа байгуулан, цахим ертөнцөөр гялгар уут, хог хаягдлын хор хөнөөлийг таниулсан мэдээ, сурвалжлагуудыг тогтмол хүргэж байсны дүнд МУ-ын Засгийн газар нэг удаагийн гялгар уутыг хориглох тогтоол, шийдвэрийг гаргасан нь хүн ардын эрүүл мэнд, байгал орчинд ээлтэй шийдвэр болсон юм. Сэтгүүлчид өөрсдийн ажил мэргэжлийн онцлог, боломжийг ашиглан нийгэмд ээлтэй зүйл хийж чаддагийн бас нэгэн жишээ гэдгийг тэрээр онцолсон. Тэрээр “Гялгар уутгүй Монгол” фэйсбүүк хуудас, өөрийн хувийн хаяг, зарим хэвлэл мэдээллийн байгууллага, www.ecobujin.mn вэбсайтаар хог хаягдлын менежменттэй холбоотой бүр төрлийн мэдээллийг видео, зураг, текст хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаа юм.