НОМЫН ТУХАЙ
ДОТРООС МИНЬ УРГАХ ИНУ
Номыг уншиж дуусаад сүүрс алдлаа. Сүүрс алдахын учир нь надад тунчиг олныг эргэцүүлэн бодох ажил үлдсэнд байгаа юм. Аль ч үед миний хувьд ном гурван янз л байсан. Туучаад гарах, тухлан ханьсах, сүүрслэн эргэцүүлэх. Сүүлийн жилүүдэд сүүрслэн эргэцүүлэх хэд хэдэн ном уншсаны минь дотор М. Бүжинлхамын “Дотураас ану” нэрт ном зүрхэнд минь байр сууриа огт алдалгүй суурьшсан билээ. Номыг уншсанаас хойш бас ч хэдэн жил улирчээ. Их ч баярласан. Баярлахын учир бид хөрш амьдарч ажлын өрөөний минь цонхон дор хүүхдүүдтэй минь шуугин тоглож явсан жаахан охин зохиолчийн хүнд хөдөлмөр нирхийж байдаг ширээнд бодол зангидан суусанд байгаа юм. Тэр номд бүсгүй хүний нямбай чанар нэвт шингэсэн байсан. Яг л дээлийн сампин нямбайлан зангидсан лугаа. Төсөрхөн М. Бүжинлхам маань хоёрдох номоо
-Үүнийг уншаад өгнө үү хэмээн алган дээр тавьлаа.
ЗҮРХНЭЭС ИНУ номыг уншчихаад яг одоо ийнхүү бодлогоширон сууж байнам. Энэ ном тэр чигээрээ л хайр юм. ХАЙР хэлэхэд хамгийн амархан, хамгийн ойр, бичихэд хамгийн энгийн үг ч байж мэднэ. Гэтэл бас эрэлхийлэх тусам цааш хөтөлдөг зам шиг алс, далай шиг гүн, уулын гол шиг ширүүн урсгал аж. Чухам энэ эрлийн замыг М. Бүжинлхам маань сонгон аялсан байна. Эрлээ ч олж. Хайр муруй тахир байхыг, бас эгц шулуун байхыг, санаанд огт оромгүй цөлд цэцэглэн дэлгэрч байхыг тэр харжээ. Уншигч та хэдхэн хормын дараа л хайрын энэхүү олон өнгө төрх зан араншинтай танилцаж эхлэх тул олон тайлбар хиймээргүй байна. Зүрх эзлээд, сэтгэлд тод үлдэж байгаа М. Бүжинлхамын нээсэн ХАЙР-ын өвөрмөц араншингаас ганц хоёрыг дурьдалгүй орхивол алдас болох тул зориуд ярьж байна. Энд бурхан болооч аав, бурхан болооч ээжийн хүү хоёр бий. Нэг нь тахийж муруйсан хайрыг тэгшлэх гэж өөрийгөө хувирган ирсэн аав. Гэвч муруйж одсон хайрын эзэн бүсгүй эцсийн бүлэгт аавыг хэн бэ гэдгийг таньж байна. Хөөрхий минь тэгшилж чадсангүй тэр муу аав. Болохгүй нь ээ, болдоггүй юм гэдэг болдоггүй л юм байна.
Удаах жишээ: Нэгэн сайхан ээж бурханд одож тийн одоход түүнд хоёр сонголт байж. Аль нь ч байж болно. Харин хүүд нь нэг л зүйл үлдсэн тэр нь ХАЙР. Хүүгийн хайр тэр ээжийн үлдээсэн үндэс юм. Ургамал юм. Тэгээд ч тэгшхэн ургаж байна. Энэ бүхнийг хараад уншаад надад юү бодогдов гэвэл М.Бүжинлхам ертөнцийн энэ олон өнгө төрх дотроос өөрт оногдсон чухам тэр өнгө төрх, замаар явж байна. Тэр түүнийг цардмал юм уу чулуун зам болгоё гэж хичээсэнгүй яг ямар байх ёстой юм түүгээр нь л явж байна. Энэ нь түүний бичлэгийн хэлбэр, агуулгын нэгдлээр нэгэн цогц болж илэрч байгаа юм. Ерөөсөө зохиолчийг илэрхийлдэг, харуулдаг нэг л зүйл бий. Энэ бол найруулга. Чухамхүү ийм өөрийн өнгө төрхтэй илэрхийлэх аргатай найруулга түүнд байгаа нь хамгийн гол өмч нь юм. Түүнийг бурхан л илгээдэг гэж боддог юм даа миний хувьд. Өөрт тань энэ бүхэн байна. Одоо дүү минь, охин минь алсыг зорих цаг чинь иржээ. Өгүүллэгт найргийн амин сүнс, тууж, романы уртын урт сүлд нэвчиж шингэсэн байдаг. Нэг үгээр хар цагаан түүдэг хошиж томдог дээс юм. Энэ дээсийг тэр бүр хүн томдоггүйг, томлоо ч тэр бүр ХАЙР бугуйлдаж чаддаггүйг бахархан хэлээд ах нь дахиад нэг сүүрслэе дээ. НОМ БОЛГОН ИЙМ ХАЙР Ч БАС БИШ ШҮҮ.
Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Энхболд
Уншдаг хүн сэтгэдэг. Бичдэг хүн уншдаг
Сэтгүүлч зохиолчийн гэр бүлд өссөн болохоор тансаг эд хогшил гэхээсээ илүү ном дунд л өсжээ. Ном дунд өсөж хүмүүжсэн хүн заавал бичдэг юм билээ. Би ч гэсэн уншихын зэрэгцээ бичих дуртай.
- Дотураас ану (сэтгэлгээний өгүүллэг)-2004 он
- Зүрхнээс ину (астрал аялал, сэтгэлгээний өгүүллэг)
гэх хоёр номоо хэвлүүлээд байна.