Манай Хоггүй Монгол ТББ нь 2017 оны 10-р сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Энэ хугацаанд үүсгэн байгуулагчид, хамтрагчдынхаа тус дэмээр олон ажил эхлүүлсэн юм. Нэн тэргүүнд хийсэн ажил бол хог хаягдлын менежментд иргэдийн оролцоо ямар байж болох талаар видео болон зурган контент бэлдэж түгээсэн явдал байлаа. Үүний дараа “Хогон Мангас” нэртэй сургалтын хөтөлбөр боловсруулж сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд зааж эхлэв. Сургалтаа тодорхой хэмжээнд үнэлж байсан ч байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх, гишүүдийг урамшуулах гээд олон асуудал орхигдож байлаа. Тиймээс ТББ-ын УЗГ байсан Д.Төмөрхуягийн санаачлагаар “Богцхон” брэндийг санаачилж \нэг удаагийн гялгар уутыг орлох даавуун уут\ зах зээлд нэвтрүүлсэн ч амжилттай явж чадаагүй юм. Учир нь оёдол болон энэ салбартай холбоотой ямар ч мэдлэг бидэнд байгаагүй ээ. Хамгийн гол нь, миний хувьд оёдлоос илүүтэй үлгэр ном зохиох нь сайхан байлаа. Тиймээс “Хогон Мангас” сургалтын хөтөлбөрөө үлгэрийн ном болгож хэвлүүлэх ажлыг мөн л Д.Төмөрхуягийн санаачлагаар эхлүүлсэн нь өнөөдрийг хүртэл амжиллтай үргэлжилж байна. Энэ төсөл анхнаасаа дардан байгаагүй ээ. Хэвлэлтийн зардал олдохгүйгээс эхлээд олон бэрхшээл тулгарч байсан. Ингэж явсаар jungle kids тоглоомын төвийн захирал Б.Бүрэнжаргалын 100% дэмжлэгтэйгээр анхны номоо хэвлүүлж байсан билээ. Хоёр дахь цувралыг хэвлүүлэхэд “Хоггүй Бор-Өндөр” группийн админ Г.Одгэрэл тусласан юм. Олон хүний тус дэмээр бидний ажил урагшилсаар л байна. Тиймээс энэ төслийг эхлүүлсэн, өнөөдрийг хүртэл хамтран ажилласаар байгаа бүх хүнд талархаж байна.
Хогон Мангас үлгэрийн номын онцлог:
• Хогоо ангилж, байгаль дэлхийгээ энэрч хайрлан зохистой амьдрах тухай хүүхдэд зориулсан Монголын анхны цуврал үлгэрийн ном юм
• Нийслэлээс хэрэгжүүлж буй “Хогоо ангилах хөдөлгөөн”-өөс СӨБ болон ЕБС-ийн бага ангийнханд хог ангилах агуулгыг бүрэн багтаасан гэж үзэн сургалтын хөтөлбөрт оруулсан болно.
• Бүтээлч бамбүү театрын удирдлагуудын санаачлагаар тайзны бүтээл болсон бөгөөд орчин цагийн Монголчууд хогоо хэрхэн ангилдаг, байгалиа яаж хайрладаг, үр хүүхэддээ хэрхэн заадаг зэрэг агуулгыг багтаасан болно. Бүтээлийг гадны томоохон уралдаан тэмцээнүүдэд сойхоор бэлдэж байна.
• НҮБ -ийн ЖЕФ төслийн хүрээнд Хогон Мангас үлгэрийн номын хоёр дахь цуврал дахин хэвлэгдсэн бөгөөд үлгэрийн агуулгыг видео контент болох боломжтой болсон.
Хогон Мангас төслийн талаар видео контентийг https://www.youtube.com/watch?v=SQ0nPL-EtnU
Эко Соёл Сан-Eco Culture Foundation хоёр жилд нэг удаа Eco women summit чуулга уулзалтыг зохион байгуулдаг ажээ. Энэ үйл ажлаараа байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах нь трэнд биш, хүн төрөлхтөний орших уу? эс орших уу тай холбоотой асуудал гэдгийг олон түмэнд таниулахаар зорьдог байна. Энэ жилийн чуулга уулзалтанд байгальд ээлтэй хувцас урлаач, дизайнер Urangoo Ider, Монгол нутагт 1 сая тод тавьж ургуулсан My club, ногоон ирээдүй бүлхэмийн зохицуулагч А.Амармэнд, Гялгар уут дахин боловсруулах үйлдвэрийн захирал \Plastic center\ С.Цэвэгсүрэн, эко уламжлал судлаач, доктор Ц.Минжин, “Ойм ногоон урлан”-ийн үүсгэн байгуулагч Б.Одгэрэл, “Ногоон амьсгал”-ын З.Чулуунцэцэг, “Өнгө нэм” төслийн санаачлагч Н.Амгалан-Эрдэнэ, “Нэг хашаа, нэг мод төсөл” Т.Саруул нар оролцлоо.
Охид нь өнгөжин жавхаажаад, эмэгтэйчүүдийн дуу хоолой нийгэмд хүчтэй болох нь улс орон хөгжихийн дохио гэж уншиж байсан санагдана. Учир нь эмэгтэйчүүд хамгийн хэцүү цагт үр хүүхдийнхээ төлөө зоригжин босдог ажээ. Тиймээс байгальдаа ээлтэй амьдрахыг өөр өөрийн салбартаа түгээн дэлгэрүүлж яваа сайхан бүсгүйчүүдийн туршлагыг бусдад түгээсэн, нийхэмд гэрэл асаасан Эко соёл сан- Eco Culture Foundation-ы залуусд талархаж байна.
Чуулганы үеэр оролцогчид өөр өөрсдийн мэдсэн сурсанаа хуваалцаж илтгэл тавьсан бөгөөд та сонсохыг хүсвэл Эко соёл сан- Eco Culture Foundation фэйсбүүк хуудсанд зочлоорой. Миний хувьд “Эко боловсрол буюу Хогон Мангас” илтгэл тавьсан юм. Илтгэлийн хэсгийг https://www.youtube.com/watch?v=RXg33GEfpxQ&t=9s холбоосоор орж үзэх боломжтой юм.