Миний хамгийн их хүсдэг зүйл бол Монгол улсынхаа ирээдүйн эздийг бэлтгэх юм. Юунд вэ гэж үү? Үр хүүхдээ ямар нийгэмд, ямар орчинд амьдруулахыг хүсэж байна яг тэр орчинд амьдрах иргэнийг бэлдэх тухай болно. Тухайлбал бид эрүүл, цэвэр, хоггүй орчинд амьдрахыг хүсдэг шүү дээ. Тэгвэл хогоо ангилж чаддаг, хог биш баялаг гэдгийг ойлгосон, холиод хаявал хөрс, ус, агаар бохирдож хүн өөрөө хорддог тухай мэдлэгтэй иргэнийг өнөөдрөөс бэлдэж байж ирээдүйд цэвэр орчин бүрдэх юм. Хогоо ялгахад олон төрлийн хогийн сав цуглуулах шаардлагагүй ээ. Зүгээр л өнөөдрийн байдаар манай улсад юу юуг дахин ашглаж байгаа талаар мэдлэгтэй байхад л болох юм. Тэрийг л мэдчихвэл дахиж ашиглаж болох зүйлсийг шууд булагдах хогтой холих ямар ч утгагүй гэдгийг ойлгочихно.

Олны хүч оломгүй далай гэсэн үг байдаг билээ. Энэ үгийн утга, мөнийг эрхгүй ойлгон сууна би. Учир нь гялгар уут хувацрын буруу хэрэглээ, замбараагүй хаях зэргээс болж өөрсөддөө болон ирээдүйдээ ямар их зовлон дуудаж байгаагаа өмнө нь анзаардаггүй байсан цаг саяхан. Гэсэн ч цаг хугацааны үзүүрт юмс өөрчлөгддөгийн адилаар би ч өөрчлөгдсөн. Одоогоос яг жилийн өмнө нүүр номын хуудсаараа дамжуулан гялгар уутны буруу хэрэглээ хүн, байгальд хэрхэн хор учруулж байгаа талаар бичлэг түгээж эхэлжээ. Гайхалтай нь маш олон хүн дэмжиж хуваалцсан нь өнөөдрийг хүрэхэд минь хөшүүрэг болсон билээ. Бүтэн жилийн турш FB- buje Myagmarsuren, twitter-buje2,
fb page- гялгар уутгүй монгол хөдөлгөөн сувгуудаар дамжуулсан бичлэгүүдийг санаанд оромгүй олон хүн хуваалцаж байлаа. Чухам яг үүний ачаар л хэвлэл мэдээллийн байгууллагууд хог хаягдлын асуудалд анхаарч мэдээ сурвалжлага бэлдэх тоо нэмэгдсэн нь үнэн. Тэд анхаарч эхэлсэн. Ингэж давалгаалж чадсанаар бид бүгдийн хүрч чадсан хамгийн том үр дүн бол МУ-ын ЗГ-аас хэт нимгэн, нэг удаагийн буюу 0,035 мм-ээс нимгэн уутыг хорих тухай шийдвэр байлаа.