Хүүхдийн балчир багад сурч хэвшсэн зөв дадал насан туршид нь мөрдөгдөж улмаар үр хойчид нь уламжлагдан тухайн үндэстний ахуйн соёл болдог.
Манай улс өнөөдрийг хүртэл хог хаягдлаа ангилж чадахгүй байгаа нь бидний багад зааж сургаагүйтэй холбоотой. Боловсролын агуулгат энэ талын сургалт байхгүй, аав ээж нар хэлж өгөөгүй л гэсэн үг юм.
Манай байгууллагынхан олон хүүхдүүдэд хичээл заасан. Тэд “хогоо хогийн саванд хийх ёстой” гэсэн аль өнгөрсөн зууны ойлголттойгоо л байдаг юм билээ. Хаясан хог нь хаана очиж байгаль орчныг хэрхэн бохирдлуулдаг, гараа угаасан ус нь хаашаа хүрдэг талаар юу ч мэддэггүй нь үнэхээр харамсалтай санагдсан. Тиймээс манай “Хоггүй Монгол” ТББ бага насныханд зориулаад хогоо ангилж байгаль дэлхийгээ энэрч хайрлах тухай “Хогон Мангас” цуврал үлгэрийн номыг бүтээж эхэлсэн юм.

Анхны хэвлэл маань хоёр ч удаа хэвлэгдсэн бөгөөд сүүлд “Бүтээлч Бамбуу” хүүхдийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгосонд чин сэтгэлээсээ талархдаг билээ. “Хогон Мангас” жүжгийг НЗАА дэмжиж цэцэрлэг болон ЕБС-ийн бага ангийнхны сургалтын хөтөлбөрт оруулж түгээн дэлгэрүүлэн хүүхэд бүхэнд үзүүлэх зорилго тавин ажиллаж буйг дуулагахад таатай байна. Чин сэтгэлээсээ талархаж байна. 

Тэгвэл бид “Хогон Мангас” цуврал үлгэрийн номныхоо үргэлжлэлийг удахгүй хэвлэлтээс авах гэж байна. Энэ цуврал нь өмнөх номонд орсон мэдлэгийг бататгахаас гадна үйл явдал нь илүү сонирхолтой болсон. Номын дизайнер Дэлхийн хүнд талархаж байна. Та Хогон мангас номыг хүүхдүүддээ бэлэглэхийг хүсвэл 9510-4373 дугаарт залгаарай.